Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/409

 

 

 

 

2023     11          21                                          2023/ШЦТ/409

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

хохирогчийн өмгөөлөгч Д.Наранхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б-ад холбогдох эрүүгийн 2325000000337 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 0-р ангид селесарь, гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Г-ын Б- /РД:хх0000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Тоёота Приус 20 загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам  тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 6-16 дугаар байрны арын асфалтан зам дээр явган хүний зохицуулдаггүй гарц дээр зам хөндлөн гарч явсан хохирогч Д.А-г мөргөж, эрүүл мэндэл нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Д.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би яг юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6х/,

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/,

 

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16х/,

 

- Мөрдөгчийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 05 дугаартай “Жолооч Г-ын Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам  тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 24-25х/, 

 

- Д.А-гийн өвчний түүх /хх-ийн 28-131 дугаар тал/,

 

- Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д.А- нь 2023 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,387,650 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143х/,

 

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 05 сарын 31-ний орой барагцаагаар 22 цаг 40-50 минутын үед эхнэр А-гийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-2 дугаар байранд байх хадам эгч Д-гийн гэрээс гарч гэр лүүгээ явсан юм. Тэгэхдээ эхнэр бид хоёр Боззоло худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөдлөн гарсан юм. Би тэгэхдээ эхнэрийн жаахан урд нь алхаж явсан бөгөөд эхнэр араас явсан.  Тэгээд би гарцаар гараад яг гарцны төгсгөл дээр ирээд хойшоо эргэх үед ард түс хийх чимээ гарсан. Тэгээд хойшоо хартал манай эхнэр нэг машины урд кобудан дээр тохогдчихсон явж байсан бөгөөд тэгээд шидэгдчихсэн. Тухайн машин нь Тоёота приус-20 загварын машин байсан бөгөөд явган хүний гарцаар барагцаагаар 2 мерт өнгөрөөд зогссон. Харин эхнэр урагшаа шидэгдэж газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145х/,

 

- Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Машин юм мөргөсөн бөгөөд нэг эгч машины урд хамар дээр нь гарч ирээд тэгээд цаашаа газар руу нь өнхөрчихсөн. Тэгээд машин зогссон бөгөөд би өөрийнхөө 0000000 дугаараас түргэн болон цагдаа дуудсан. Машинаас буухад тэр эгчийн хажууд нөхөр нь гээд нэг ах оччихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147х/,

 

-  Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06- ны өдрийн 334 дугаартай: “...тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 350,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 156-157х/,

 

- Орхон аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “...Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандарт шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэлд эвдэрсэн эд анги байхгүй... багаж тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны систем, шил арчигч, гэрэлтүүлэх систем хэвийн ажиллагаатай стандарт шаадлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 164-168х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 497 дугаартай 1.2. Д.А-гийн биед гавлын хүнхрээ ясны хугарал /баруун чамархай, зулай, зүүн чамархай хүрсэн шугаман хугарал/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсан доорх цусан хурааг авч тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, хуйхны дор цус хуралдалт, баруун талын чихний ар хэсэг, хуйх, баруун хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

3.4. Гавлын хүнхрээ ясны хугарал /баруун чамархай, зулай, зүүн чамархай хүрсэн шугаман хугарал/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсан доорх цусан хурааг авч тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, хуйхны дор цус хуралдалт, баруун талын чихний ар хэсэг, хуйх, баруун хөлийн гуянд цус хуралт нь хатуу зүйлийн /авто ослын улмаас/, магадлуулагчийн баруун талаас цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба хозээ үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Гавлын хүнхрээ ясны хугарал /баруун чамархай, зулай, зүүн чамархай хүрсэн шугаман хугарал/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсан доорх цусан хурааг авч тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйхны дор цус хуралдалт, баруун талын чихний ар хэсэг, хуйх, баруун хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 173-176х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай “...Г.Б-ын биеэс авсан гэх цусанд 0,55 промилл процент этилийн спирт илэрсэн.

2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 181-182х/,

           

- Орхон аймаг дахт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 237х/,

-  Хохирлын баримт /2-р хх-ийн 40-47х/,

 

- Д.А-гийн эмчлүүлсэн үеийн эмнэлгийн баримтууд /2-р хх-ийн 48-61/,

 

- Д.А-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 62х/,

 

- Д.А-гийн цалин хөлсний тодорхойлолт /2-р хх-ийн 63х/,

 

- Д.А-гийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 65-68х/,

 

- Д.А-гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /2-р хх-ийн 70-75х/

- Хохирол төлсөн талаарх баримт /1-р хх-ийн 133х, 2-р хх-ийн 81х/,

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101 дугаартай “...Д.А- нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэмтлээс үүдэлтэй DS:Субдурал цус харвалт S06.5. Эрүүл мэндэд хүнд гэмтэл авсан нь DS тархины доргилтын дараах хам шинж /F07.2/ бүхий сэтгэцийн эмгэг оношлогдож байна.

2. DS тархины доргилтын дараах хам шинж /F07.2/ бүхий сэтгэцийн эмгэг оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч болон сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай” гэх дүгнэлт /2-р хх-ийн 117-119х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Тоёота Приус 20 загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 6-16 дугаар байрны арын асфалтан замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Д.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Энэ үйл баримт нь шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э-ы “...эхнэрийн жаахан урд алхаж явсан бөгөөд эхнэр араас явсан. Тэгээд би гарцаар гараад яг гарцны төгсгөл дээр ирээд хойшоо эргэх үед ард түс хийх чимээ гарсан. Тэгээд хойшоо хартал манай эхнэр нэг машины урд кобудан дээр тохогдчихсон явж байсан бөгөөд тэгээд шидигдчихсэн. Тухайн машин нь Тоёота приус-20 загварын машин байсан бөгөөд явган хүний гарцаар барагцаагаар 2 метр өнгөрөөд зогссон. Харин эхнэр урагшаа шидэгдэж газар унасан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Т.О-ийн “...Машин юм мөргөсөн бөгөөд нэг эгч машины урд хамар дээр нь гарч ирээд тэгээд цаашаа газар руу нь өнхөрчихсөн. Тэгээд машин зогссоэ... Машинаас буухад тэр эгчийн хажууд нөхөр нь гээд нэг ах оччихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

мөрдөгчийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 05 дугаартай “Жолооч Г-ын Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам  тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа,

хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 497 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт хохирлын баримтууд, Д.А-гийн эмчлүүлсэн үеийн эмнэлгийн баримтууд, Д.А-гийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат “согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь эргэлзээтэй. Г.Б- нь хэрэг болсон өдрийн өглөө эрт Завхан аймгийн Их-Уул сумаас ирсэн байдаг. Архи дарс уугаагүй гэдэг гэтэл цусанд 0,55 промилл процент этилийн спирт илэрсэн байдаг. Өдөржин машины кондишн ажиллуулаад ирсэн учраас энэ нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам  тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглсэн болох нь өөрийнх нь өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай “...Г.Б-ын биеэс авсан гэх цусанд 0,55 промилл процент этилийн спирт илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр батлагдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглээгүй...” гэх боловч энэ нь 116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.А-гийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Б-ын буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.Б-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Г.Б-ыг “согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Б- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, хохирогч Д.А- шаардах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.А-гийн биед хүнд хохирол учирсан бөгөөд, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...эм эмнэлэгийн хэрэгсэл, амралтанд сувилуулсан төлбөр 4,306,010 төгрөг, эмнэлэгт хоол унд зөөх, хот хооронд зорчих зэрэг тээврийн зардал 967,294 төгрөг, Д.А-гийн ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин орлого нийт 2,191,525 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин Д.А-г нөхөр Б.Э- нь асарч 3 сар ажилдаа яваагүй. Иймд түүний цалин гэж 3,000,000 төгрөг нэхэмжилснээс 1,650,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,350,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан бөгөөд уг тогтоолын дагуу хохирогч Д.А-д уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоогдсон, дүгнэлтийн дагуу 25,294,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүх хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд хэрэгт хохирогч Д.А-гийн нөхөр Б.Э- нь 3 сар ажилгүй байсан болон хэдэн төгрөгний цалин хөлс авдаг болох нь хангалттай тогтоогдохгүй байна. /Жич: 3 сар цалинтай болон цалингүй чөлөө авсан эсэх, нийгмийн даатгал төлдөг эсэх энэ талаарх баримтгүй/.  Мөн Шүүх шинжилгээний тухай хууль шинжлэн батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон, Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хууль нь 2023 оны 07  сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж, энэ өдрөөс хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

Тухайн гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийг буцааж хэрэглэхгүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролыг гаргуулах боломжгүй, харин 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойшхи гарсан хэрэгт хууль үйлчилэхээр байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага  1,350,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол 25,294,500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогчид учирсан хор уршиг арилаагүй тул хохирогч Д.А- нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбаяр нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөр 5,387,650 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг төлсөн байна. Иймд шүүгдэгч Г.Б-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,   

Хохирогчийн өмгөөлөгч “...эрүүгийн хариуцлагын талаар саналгүй...” гэсэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Г.Б- “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

    Шүүгдэгч Г.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

    Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс  гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

       Бусад асуудлаар:

       Шүүгдэгч Г.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, болохыг дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн  жолоочийн 615302 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г-ын Б-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн Г.Б-ын 00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Болдбаярт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, 25,294,500 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Д.А- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Б-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ