Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 75

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Л.Мажигсүрэн, шүүгдэгч Ц.Уранчимэг, Э.Цогзолмаа, Т.Загдцэсэм, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/, хохирогч О.Цоморлиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Шавь цогцолбор сургуульд номын санч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 20 дугаар байр 3 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ЦВ65041761/ Боржигон овогт Цэцэнгийн Уранчимэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Шавь цогцолбор сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, аав, ээж, хүү, охины хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 50 дугаар гудамж 20 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ИС89090808/ Боржигон овогт Эрдэнэцогтын Цогзолмаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Шавь цогцолбор сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 1 дүгээр гудамж, 6 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: СМ94092901/ Тангуу овогт Төмөрдаваагийн Загдцэсэмд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар тус тус сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201625022849 дугаар 185/2017/0087/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Уранчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг Т.Загдцэсэмд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч багшлах эрхийн үнэмлэхтэй болоход нь зааж зөвлөж, бусдаас авч өгч хамжсан, мөн охин Г.Заяадаа Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж, урьдчилгаа 125.000 төгрөг, цээж зургийг нь өгч хуурамч үнэмлэх захиалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Цогзолмаа нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг Т.Загдцэсэмд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч үнэмлэх ашиглуулахаар тусалж, ятгаж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, мөн Т.Загдцэсэмийг хуурамч багшлах эрхийн үнэмлэх ашиглахад нь зааж, зөвлөж, үнэмлэхийг нь авчирч өгч хамжсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Загдцэсэм нь 2016 оны 10 сарын 11-ний өдөр хамт ажилладаг багш Э.Цогзолмаа, номын санч Ц.Уранчимэг нараар дамжуулан хуурамч багшлах эрхийн үнэмлэх захиалж хийлгэн, ашиглаж гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уранчимэгийн: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цогзолмаагийн: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Загдцэсэмийн: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Цоморлигийн: Манай байгууллагын хувьд үндэсний хэмжээний мэргэжил дээшлүүлэх, багшлах эрх олгодог байгууллага юм. Тодорхой шалгуур хангаж шалгалтанд тэнцсэн иргэнд дунд сургууль, цэцэрлэгт багшлах эрхийг баталгаажуулсан үнэмлэхийг олгодог. Манай байгууллагын нэрийг ашиглаад хуурамч баримт бичиг хийсэн гэдгийг мэдээд энэ байдлыг таслан зогсоох үүднээс хуулийн байгууллагад хандсан. Загдцэсэмийн хувьд уг баримтыг хуурамч гэдгийг мэдээгүй байсан. Бидний хувьд Загдцэсэмийг буруутгах гээгүй. Хамгийн гол нь энэ хуурамч баримтыг хийж өгсөн цаад хүнийг зааж өгөхийг хүссэн. Загдцэсэм уг хүнийг олж өгөөгүй тул бид цагдаагийн байгууллагад хандсан. Бид хавтаст хэрэгтэй танилцсан. Уг хуурамч баримтыг хийсэн хүнийг олж тогтоох хүсэлтэй байна. Цаашид олон хүнд хуурамч баримт хийж өгсөн байхыг үгүйсгэхгүй байна. Цаашид бид холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч сургууль, цэцэрлэгт шалгалт хийх ёстой гэдгийг ойлгосон байсан. Манай байгууллагын хувьд шүүгдэгч нарыг буруутгахгүй байгаа,нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Үүрцайхын: ...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ очих үед манай ажлын багш Батхүү надад “чи энэ охины үнэмлэхний бүртгэлийн дугаарыг шалгаадах” гэсэн. Тэгээд би өөрийн компьютер дээрээс Төмөрдаваа овогтой Загдцэсэмийн үнэмлэхийг шалгах үзэхэд манай бүртгэлийн санд байгаагүй. Үнэмлэхэн дээр байсан захирлын тушаалын дугаар нь буруу байсан. Он сар өдөр дугаар нь буруу байсан. Мөн бүртгэлийн дугаар нь буруу байсан. Загдцэсэм нь бага ангийн багш хирнээ мэргэжлийн индекс нь буруу байсан. …Тамга нь бас сайн ажиглаж харах юм бол өөр байсан. Мэргэжлийн индекс нь бүртгэлийн дугаарын эхний үсэгнүүд нь А, В, С, Е гэж байдаг. А гэдэг нь эхний жилдээ ажиллаж байгаа багш нарынх, В гэдэг нь олон жил багшлаад материал бүрдүүлээд багшлах эрх авсан, эхний хоёр тоо нь он, 3,4 дэх цифр нь мэргэжлийн индексийг хэлж байгаа юм. Сүүлийн цифрүүд нь дэс дугаарыг зааж байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Р.Төгссайханы: ...2016 оны 10 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шавь цогцолбор сургуулийн ажлын байрандаа байх үед Уранчимэг эгч манай өрөөнд орж ирээд “та хоёр манай өрөөнд ороод ирээч” гэсэн. Би тэр үед багш Цогзолмаатай хамт байсан болохоор бид хоёр хамт Уранчимэг эгчийн өрөөнд орсон. Өрөөнд нь ороход Уранчимэг эгч “энэ багшлах эрхийн үнэмлэх та нарынхтай адилхан байна уу, энэ мөн үү” гэж асуусан. ...би “төстэй юм байна” гэсэн чинь Уранчимэг эгч “манай сургууль дээр нэг залуу ирээд багшлах эрхийн үнэмлэх хэрэгтэй хүн байна уу гээд байна” гэж ярьсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн №6716 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Төмөрдаваа овогтой Загдцэсэмийн “Багшлах эрхийн үнэмлэх” гэсэн бичиглэлтэй баримт нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд хүргүүлж байгаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс /жинхэнэ багшлах эрхийн үнэмлэх гэх/ ирүүлсэн Пүрэвдорж овогтой Золжаргалын “Багшлах эрхийн үнэмлэх” гэсэн бичиглэлтэй баримт шинжилгээнд тэнцэнэ.
  3. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь хоорондоо шинж тэмдгээрээ тохирохгүй байна.
  4. Шинжилгээнд ирүүлсэн №1603603 дугаартай Төмөрдаваагийн Загдцэсэмийн “Багшлах эрхийн үнэмлэх” гэх баримт нь хуурамч байна. Шинжээч, цагдаагийн ахмад Б.Номин гэсэн дүгнэлт /хх-26-31/,

           

Шүүгдэгч Т.Загдцэсэмийн хувийн байдлын талаарх: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-60/, бакалаврын дипломны хуулбар /хх-61/, Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хх-63-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81/, хүү З.Анхбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-96/,

            Шүүгдэгч Ц.Уранчимэгийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хх-71-72/, тусгай дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-73/,

Шүүгдэгч Э.Цогзолмаагийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-76/, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хх-77-78/, бакалаврын дипломны хуулбар /хх-79/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-99-100/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүгдэгч Ц.Уранчимэг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг Т.Загдцэсэмд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч багшлах эрхийн үнэмлэхтэй болоход нь зааж зөвлөж, бусдаас авч өгч хамжсан, мөн охин Г.Заяадаа Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж, урьдчилгаа 125.000 төгрөг, цээж зургийг нь өгч хуурамч үнэмлэх захиалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Э.Цогзолмаа 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг Т.Загдцэсэмд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч үнэмлэхийг ашиглуулахаар тусалж, ятгаж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, мөн Т.Загдцэсэмийг хуурамч багшлах эрхийн үнэмлэх ашиглахад нь зааж, зөвлөж, үнэмлэхийг нь авчирч өгч хамжсан гэмт хэргийг,

шүүгдэгч Т.Загдцэсэм 2016 оны 10 сарын 11-ний өдөр хамт ажилладаг багш Э.Цогзолмаа, номын санч Ц.Уранчимэг нараар дамжуулан хуурамч багшлах эрхийн үнэмлэх захиалж хийлгэн, ашиглаж гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн нотлох баримтууд,эд мөрийн баримтад үзлэг хийснээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Уранчимэг, шүүгдэгч Т.Загдцэсэм, шүүгдэгч Э.Цогзолмаа нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар /хх-81, 67, 74/ тус тус нотлогдов.

Шүүгдэгч Ц.Уранчимэг, шүүгдэгч Т.Загдцэсэм, шүүгдэгч Э.Цогзолмаа нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Цоморлиг шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн үнэмлэхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Цэцэнгийн Уранчимэгийг хуурамч баримт бичгийг ашигласан гэмт хэрэгт хамжигч, захиалагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрдэнэцогтын Цогзолмааг хуурамч баримт бичгийг ашигласан гэмт хэрэгт хатгагч, хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Төмөрдаваагийн Загдцэсэмийг хуурамч баримт бичгийг ашигласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Цэцэнгийн Уранчимэг, Эрдэнэцогтын Цогзолмаа, Төмөрдаваагийн Загдцэсэм нарт холбогдох эрүүгийн 201625022849 дугаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Цэцэнгийн Уранчимэг, Эрдэнэцогтын Цогзолмаа, Төмөрдаваагийн Загдцэсэм нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.    
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  5. Ц.Уранчимэг, Э.Цогзолмаа, Т.Загдцэсэм нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Уранчимэг, Э.Цогзолмаа, Т.Загдцэсэм нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ү.ТҮМЭНЖАРГАЛ