| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2020/0028/З |
| Дугаар | 124/ШШ2020/0022 |
| Огноо | 2020-12-09 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 124/ШШ2020/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... суманд оршин суух иргэн М овгийн Т А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, ... дүүрэгт оршин суух Д-ийн Б нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,
“Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсэг, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох “ тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Э.Н, гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох 2020 оны 10 сарын 15-ны өдрийн сонгуульд МАН-аас Увс аймгийн сонгуулийн 9-р тойрогт АН-аас нэр дэвшсэн Д-тай өрсөлдсөн. Гэтэл нэр дэвшигч Л.Д нь сонгуулийн жил эхэлсэн байхад 2020.01.18-19-ний өдрүүдэд Өлгий суманд сурын харвааны тэмцээнийг ивээн тэтгэсэн,2020.09.05-ны өдөр мөн л Өлгий суманд битүү дааганы уралдааныг зохион байгуулж иргэд,сонгогчдын эрхэнд халдан хууль бусаар нөлөөлж,сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн болно.
Иймд АНаас нэр дэвшигч Л.Д-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн болон Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсэг, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ Увс аймгийн Сонгуулийн 9-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Д нь 2020 оны 2 сарын 19-20-ны өдрүүдэд Өлгий суманд сур харвааны тэмцээн зохион байгуулж,ивээн тэтгэн,оролцсон хүмүүсийг дайлж,бай шагнал гардуулсан байна.Уг тэмцээний талаар мэдээлэл баримтыг 2020.10.21-нд өгсөн болно.Сонгууль болж дууссаны дараа 2020.09.05-ны өдөр Л.Д битүү дааганы уралдаан зохион байгуулсан байна.
Л.Д-ыг АНаас сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т.А нь аймгийн Сонгуулийн хороонд хандаж нэхэмжлэлдээ дурдсан асуудлаар өмнө нь гомдол гаргаж байгаагүй,энэ талаар ямар нэгэн мэдээлэл сонгуулийн хороонд байхгүй учраас АНаас нэрийг нь дэвшүүлсэн Л.Д-д холбогдох материалыг хянан үзэж Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир хуралдаанаараа хэлэлцэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг гаргаж хуулийн хүрээнд ажлаа зохион байгуулж ажилласан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.А нь аймгийн Сонгуулийн хороонд хандаж нэхэмжлэлдээ дурдсан асуудлаар өмнө нь гомдол гаргаж байгаагүй бөгөөд АНаас нэрийг нь дэвшүүлсэн Л.Д-д холбогдох материалыг аймгийн Сонгуулийн хороо хянан үзэж Аймаг, нийслэл, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй учир нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Д нь ... хотод оршин суудаг. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Шүүхээс дуудсан хугацаанд тогтмол ирээд байх боломжгүй учраас надад итгэмжлэл олгосны дагуу би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байна. нэхэмжлэгч А нь шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 22-нд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Тэрнээс өмнө аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Нэр дэвшигчийг сонгогдсонд тооцсон тогтоол 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан энэ тогтоолтой маргаж сонгуулийн хороонд гомдол гаргаагүй. Төлөөлөгчийн бүрэн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрч бүрэн эрхийг нь баталгаажуулсан. Маргаж байгаа сонгуулийн хорооны энэ хоёр тогтоол нь эрх зүйн үйлчлэлийн хувьд хэрэгжээд дууссан тул одоо хөндөх боломжгүй. Хэрэв зөрчил гаргасан талаар зохих эрх бүхий байгууллага нь шалгаад эрүүгийн хэргийн шүүх нь хянан шийдвэрлээд, шийдвэр нь хүчин төгөлдөр болсны дараа төлөөлөгчөөс эргүүлэн татах дараагийн асуудлыг ярьж болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд 2020 оны 10 сарын 22-ны өдөр Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2020 оны 10 сарын 23-ны өдөр “Л.Д-ыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг буюу Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зөрчлийн хэргийн материалыг хэрэгт хавсаргуулах,зөрчлийн хэргийг шалгаж байгаа мөрдөгчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах,шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан ба шүүхээс уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй талаар танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох боломжийг олгохгүй байгаа гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргав.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн зүгээс өмнө нь үүнтэй адил үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 2020 оны 11 сарын 03-ны өдөр шүүгчийг, 2020 оны 11 сарын 04-ний өдөр тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн шүүгч болон бүх шүүгчдийг татгалзан гаргах уг хүсэлтүүдийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 25 дугаартай захирамж, 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаанд шүүгчийг урьд татгалзан гаргах үндэслэлтэй адил үндэслэлээр татгалзаж буй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх үндэслэлгүй гэж үзэн шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн болно.
Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзсан байр суурийг илэрхийлж цахим холболтоос салгагдсан ба шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ нэр дэвшигч Л.Д-тай холбогдох зөрчил гарсныг 2020 оны 10 сарын 21-ний өдөр мэдсэн талаар дурдсан ба шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн захиргааны хэргийг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “нэр дэвшигч Л.Д нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж сонгуулийн жил эхэлсэн байхад Өлгий суманд сур харваа болон битүү дааганы уралдааныг зохион байгуулж,ивээн тэтгэсэн зөрчил гаргасан тул аймгийн Сонгуулийн хорооны тогтоол хууль бус” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар сонгуулийн хороонд хандаж байгаагүй ба энэ талаар ямар нэг мэдээлэлгүй тул аймгийн сонгуулийн хороо нь Л.Д-ыг нэр дэвшигчээр бүртгэж хуулийн хүрээнд ажилласан” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.
Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн байх ба 9-р тойрогт МАН-аас Т.А, АН-аас Л.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.
Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар 9-р тойргийн нэг мандатад АНаас нэр дэвшигч Л.Д-ыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-д “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн бол торгох шийтгэл ногдуулахаар заасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д дээрх зөрчлийг эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож өгсөн тул сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.3-д заасан үүргийг аймгийн Сонгуулийн хороо хүлээхээр байна.
Нэхэмжлэгчээс Л.Д-ыг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан талаарх гомдлыг 2020 оны 10 сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан байх ба уг гомдол нь цагдаагийн газрын зөрчлийн бүртгэлийн 2023 дугаарт бүртгэгдэн шалгагдаж байгаа талаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2020.11.03-ны өдрийн 45/1659 дугаартай албан бичигт дурджээ.
Иймд нэр дэвшигчид холбогдох зөрчлийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэгдсэний дараа буюу зөрчил гаргасан нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчээс аймгийн Сонгуулийн хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр байх ба сонгуулийн хорооны холбогдох шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заажээ.
Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагч захиргааны байгууллагын ямар буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Увс аймгийн Сонгуулийн хороог ямар хуулийн зохицуулалтыг зөрчиж хууль бус маргаан бүхий захиргааны акт гаргасан талаар буруутгаж буй үндэслэлээ тодорхойлоогүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд тухайн маргаж буй акт нь эрх зүйн хувьд үйлчлэлтэй байх шаардлагатай ба аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын хувьд хэрэгжиж эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна.
Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолд үндэслэн сонгууль явагдаж сонгуулийн үр дүнг үндэслэн нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гарсан байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Л.Д-ыг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн фото зураг, зарим хэвлэмэл материал, CD бичлэг зэргийг хавсаргаж ирүүлсэн байх ба захиргааны хэргийн шүүхээс Л.Д нь зөрчлийн тухай хуульд заасан сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх эрх хэмжээ байхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэр дэвшигч Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагаанд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.
Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсэг, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтын 11-рт бүртгэгдсэн Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох “ тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ