Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0558

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ж******* нарын 6 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Ж*******

Нэхэмжлэгч: Н.Е*******

Нэхэмжлэгч: Х.Б*******

Нэхэмжлэгч: Т.Э*******

Нэхэмжлэгч: М.Д*******

Нэхэмжлэгч: С.Н*******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 4ий өдрийн 110/ШШ2026/0018 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ж*******, Х.Б*******, Т.Э*******, М.Д*******, Н.Е*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 110/2025/0070

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Ж******* нарын нэр бүхий 6 иргэнээс Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 4ий өдрийн 110/ШШ2026/0018 дугаар шийдвэрээр: 

“Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ж******* нарын 6 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/713 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Аймгийн Засаг даргын А/713 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 1-01/1199 дүгээр албан бичгээр төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах, бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосныг анхан шатны шүүх харгалзаагүй.

Аймгийн Засаг даргын дээд шатны байгууллагын шийдвэр, төсвийн тухай хууль тогтоомж болон чиг үүргийн давхардлыг арилгах бодлогод нийцүүлсэн хууль ёсны шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүх дутуу үнэлж нэхэмжлэгч талын шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

1.Баян-Өлгий аймгийн орон нутгийн Өмчийн газрын бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын 2024 оны А/431 дүгээр захирамжаар 16 байхаар, харин маргаан бүхий 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/713 дугаар захирамжаар 6 байхаар шинэчлэн тогтоосны дагуу нэр бүхий 6 нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захирамжийг хүчингүй болгох бус хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, хариуцагчаас дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байна.

Тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1-д Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” тогтоол болон Ерөнхий сайдын мөн оны 4 дүгээр албан даалгаврын агуулга, зорилгыг “…төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулж, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн…” гэж зөв дүгнэсэн, иймд энэ хүрээнд хариуцагчаас аймгийн Орон нутгийн өмчийн газрын орон тоог цомхотгох асуудлыг 16-гаас 6 болгож, өөрөөр хэлбэл 62.5 хувиар бус харин 9 хувиар буюу 1-2 орон тооны хүрээнд шийдвэрлэх боломжтой байжээ.

2.Цаг хугацааны хувьд дээрх захирамжийг гарсны дараа Орон нутгийн Өмчийн газрын 2025 онд зарцуулахаар батлагдсан 554.070,9 сая төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор тодотгол хийхдээ 52.650.0 сая төгрөгөөр багасгаж, 501.420,9 төгрөг болгосон,

Сангийн сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01/9130 дугаар албан бичигт “…орон нутгийн 2026 оны суурь зарлагыг хянахдаа нийт орон тоог 2025 оны төсвийн тодотголоор бүх шатны төсвийн байгууллагуудын багш, эмчээс бусад орон тоог 9 хувь бууруулсан түвшнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан холбогдох тооцооллыг хийж, төсвийн төсөлд тусгасан. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах явцад аймгууд төсвийн суурь зарлагын саналаа ирүүлэхдээ …орон нутаг дахь өмчийн газрын орон тоог Засаг даргын баталсан буюу 12-15 орон тоотой ажиллуулах саналыг ирүүлсэн. …Иймд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудын чиг үүрэгт дүн шинжилгээ хийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, нэгтгэн зохион байгуулах замаар удирдах болон захиргааны албан хаагчдын тоог бууруулах шаардлагатай байх тул асуудлыг судлан үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн аймгуудын суурь зарлагад туссан төсөв, цалингийн сан, орон тооны хязгаартай уялдуулан шинэчлэн тогтоох”-ыг хүссэн, 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хариуцагчид хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ХЭГ/3360 дугаар албан бичигт “…Засгийн газрын 2021 оны 377, 2023 оны 312, 2025 оны 37 дугаар тогтоолуудын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Орон нутгийн өмчийн газар болон Худалдан авах ажиллагааны газар нь 6 орон тоотойгоор салбарын хууль тогтоомж, байгууллагын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй байх тул тухайн байгууллагуудад зайлшгүй байх ёстой зарим орон тоог хадгалан үлдээж, орон нутгийн төсвөөс цалинжуулахад анхаарах”-ыг,

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгавар, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулахаас гадна цомхотголд орсон албан хаагчдыг өөр ажилд шилжүүлэх, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгох”-ыг тус тус чиглэл болгосон байна.

3.Гэтэл маргаан бүхий захирамжаар нийт 16 албан хаагчдаас ТЗ-5, ТҮ-5, нийт 10 албан хаагчдыг, түүний дотор нэр бүхий нэхэмжлэгчдийг орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч, нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийг нь багасгаж, Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхий сайдаас албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах чиглэл өгсөн энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлыг үл харгалзан зөвхөн Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан тус байгууллагад албан тушаалын давхардал байгаа эсэх, хасагдах албан тушаалын жагсаалт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гаргасан “…16 албан хаагчдын хувьд чиг үүргийн давхардалгүй…” гэсэн дүгнэлт,

энэхүү дүгнэлтийн дагуу бүтэц, орон тоог хуучнаар нь тогтоож, цалингийн зардлыг төсөвт тусган батлуулах тухай тус газрын даргын хүсэлт,

түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй зэрэг үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож болохгүй.

Иймд орон тоог 9 хувиар бууруулах чиглэлийн хүрээнд хариуцагчаас аймгийн Орон нутгийн өмчийн газарт зайлшгүй байх ёстой орон тоог иргэдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд дахин тогтоож, мөн цомхтгогдох албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, хуульд заасны дагуу тэтгэмж олгох зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамжийг дахин шинээр гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлүүлсүгэй, 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА

 

                       ШҮҮГЧ                                            Л.ОДБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН