Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 01468

 

 

 

 

 

 

       С.М-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэртэй, С.М-ын нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох

      Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

      Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “А” ХХК-ийн Дөчин мянгат дахь салбарт манлай халамжлагч салбарын захирлаар 3 жил гаруй ажиллаж байгаад ажлаас халагдлаа. Би банкны салбарт 20 орчим жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргалгүй ажилласан. Гэтэл манай салбараас зээл авсан зээлдэгч Ц.Мөнхсүхийн хууль бус үйлдлээс болж, үндэслэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдсан. Зээлдэгч Ц.Мөнхсүх манай салбараас зээл хүсч, зээлийн эдийн засагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаярт хандсан бөгөөд зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлдэгч Ц.Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэн, гэрчилгээ шалгадаг неон гэрэлтэй машинаар шалгаж үзэхэд гэрчилгээн дээрх 2 соёмбо тэмдэг тод харагдаж байсан учраас гэрчилгээг хуурамч гэж мэдэх боломжгүй. Зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлийн эдийн засагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаяр, зээлийн эрсдэлийн мэргэжилтэн н.Арсланбаатар нар хамт явж, Ц.Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгө болон бизнесийг нь үзсэн. Ингээд манай салбарын зээлийн хорооны хурлаар зээлдэгч Ц.Мөнхсүхийн материал танилцуулахад тэрээр хүүхдийн 100-д байрлах “Beer house”-ыг ажиллуулдаг тогтсон бизнестэй хүн байсан. Манай салбарын зээлийн хорооны хурлаар орсны дараа түүний бүх материал зээлийн эрсдэлийн мэргэжилтэн н.Арсланбаатар болон хуулийн мэргэжилтэн нарт танилцуулагдсан бөгөөд тэд гэрчилгээ хуурамч байсныг мэдэлгүй дүгнэлтээ гаргасан. Үүний дараа зээлдэгч н.Мөнхсүхийн материал манай банкны төвийн зээлийн хорооны хурлаар орсон бөгөөд мөн л гэрчилгээ хуурамч байсныг мэдээгүй байсан. Манай банктай байгуулсан Ц.Мөнхсүхийн зээлийн болон барьцааны гэрээг баталсан нотариатч хүртэл гэрчилгээ хуурамч гэдгийг мэдэлгүй батлаад явуулсан. Намайг энэ хүнд санаатайгаар зээл олгож, банкинд эрсдэл үүсгэсэн гэж ажлаас халсанд гомдолтой байна. Хэрвээ зээлийн эдийн засагч Б.Энхбаяр нь энэ хүн манай банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хамт очиж бүртгүүлэн, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 6.1.15-д заасан үүргээ биелүүлсэн бол гэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын тамга болон барьцаалбар хуурамч гэдгийг мэдэж, банкнаас зээл олгогдохгүй байсан. Энэ хүн зээл авахдаа “Nuclear steak” брэнд ресторан бий болгоно. Түүний франчайзингд хөрөнгө оруулагч болж орох гэж байгаа гэж байсан бөгөөд зээл авсны дараа энэ рестораны үйл ажиллагаа, зар сурталчилгаа хүчтэй явагдаж эхэлсэн энэ үед зээлдэгч Ц.Мөнхсүх “миний хамтарч ажиллаж байгаа хүмүүст зээл хэрэгтэй байна хамтарч ажиллаач” гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед манай салбар шинэ үйлчилгээ нэвтрүүлдэг маш сайн зээлдэгчтэй болсон байна гэсэн итгэл төрсний үндсэн дээр Ц.Мөнхсүхийн тавьсан хүсэлтийг “А” ХХК-ийн манлай дэмжигч-гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү болон бизнес дэмжих нэгдлийн захирал Б.Амаржаргал нарт танилцуулан, түүний ажил дээр 2 захирлынтай очиж ажил хэргийн уулзалт хийж, пос машин тавьж өгөх, фрайнчайзинг авч буй хүмүүст хуримтлал үүсгэх тал дээр хамтарч ажиллах, хөнгөлөлтийн карт гаргах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ уулзалтаас болж намайг зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчиллээ, түүнтэй холбоотой гэж үзэж ажлаас халсан. Би түүнийг хуурамч гэрчилгээ ашиглан зээл авсныг мэдсэн бол уулзалт хийхгүй байх байсан. Энэ уулзалтыг би ажлын байрны тодорхойлолтонд заасан харилцагчийн тоог өгсөх, тухайн зах зээл мөн харилцагч руу чиглэсэн маркетингийн ажлыг санаачлах үүргээ хэрэгжүүлэхийн тулд хийсэн ажил юм.

      Намайг ажлаас халсан үндэслэлээ банкнаас зээл хүсэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй, хуурамч үл хөдлөх эд хөрөнийн гэрчилгээг барьцаалбар үйлдэж, улмаар улсын бүртгэгчийн тэмдгийг хэвлэх төхөөрөмжөөр гэрээ болон барьцаалбар дээр хэвлэж гаргасан байхад зээл олгож, банкинд эрдсэл үүсгэсэн бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ, барьцаалбар болон улсын бүртгэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж зээл олгосон, эрсдэл үүсгэсэн мэтээр дүгнэж, ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.   

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь тус банкийг “Э” нэртэй байхад 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон ба бизнес хөгжлийн нэгжид бүтээгдэхүүн хөгжлийн менежер албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Дөчинмянгат харилцагчийн өргөө /банкны салбар/-ний манлай халамжлагч /салбарын захирал/-ийн албан тушаалд ажиллаж байсан болно. “А” ХХК нь С.М-ыг ажлаас халах үндэслэлээ манлай дэмжигч /гүйцэтгэгч захирал/-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 415 тоот тушаалд дурдсан болно. Гэтэл С.М ажлаас халсан тушаалын үндэслэлийг хэсэгчлэн авч өөрийнхөөрөө тайлбарласан ба уг тушаалд дурдагдаагүй өөр үндэслэл /өөрийг нь зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж банк үзсэн гэсэн /-ийг банк түүнийг ажлаас халах гол үндэслэл, шалтгаанаа болгосон гэж тайлбарлажээ. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар няцааж байна.

     1. Зээлдэгч Ц.Мөнхсүхийн хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамч болохыг түүний хувьд мэдэх боломжгүй байсан бөгөөд тэрээр үүрэгт ажлаа журмын дагуу хийж гүйцэтгэсээр байтал ажлаас халсан /гэрчилгээ хуурамч гэдгийг банкны бусад ажилтнууд, нотариатч хүртэл мэдээгүй/

       2. Банк С.М-ыг зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж үзэж ажлаас халсан гэж тодорхойлж болохоор байна. Нэхэмжлэгч С.М-ыг ажлаас халах тушаалын 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан зөвхөн түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн байсныг мэдээгүй гэж буруутгаагүй харин зээлдэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байсныг мэдээгүй буюу зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас барьцаагүйгээр их хэмжээний зээл олгогдох нөхцлийг бүрдүүлсэн зээл олгож банкинд эрсдэл учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

     Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х овогт С.М-ыг “А” ХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд ажилд эгүүлэн тогтоож,

       Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар А ХХК-иас С.М-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 360 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 

     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 754 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлүүд нь нотлогдож байхад шүүх хариуцагчаас маргаагүй өөр үндэслэлүүдийг дурдан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх С.М-ыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг биеэр очиж бүртгүүлэх байсан мэтээр дүгнэн шийдвэрийн гол үндэслэл болгосон. Хариуцагчаас биеэр очиж бүртгүүлэх байсан талаар дурдаагүй энэ талаар маргаагүй. Мөн шийдвэрт бичигдсэн тайлбарыг хариуцагч гаргаагүй байхад илтэд нэг талыг барин шийдвэр бичсэн байна. Дээрх ажилтны гаргасан сахилгын зөрчил болон ноцтой зөрчлүүдийг дурдвал:

          1. Зээлдэгчийн материалын бүрдэлд хяналт тавих ёстой байсан. Зээлдэгчийн материалд барьцаа хөрөнгийн лавлагаа авагдаагүй зээл шийдэгдсэн байна. Энэ лавлагаа авагдахын ач холбогдол нь тухайн барьцааны зүйл гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлд байгаа, хуурамч эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай. Уг үйлдэлд манлай халамжлагч хяналт тавих үүрэгтэй байсан. Энэ нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.8-д "...Өөрийн хариуцаж буй ажлын чиглэлээр холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй, түүний үнэн зөвийг нягталж шалгаагүй...", Зээлийн барьцаа хөрөнгө үнэлэх журмын 8.3-д "...Барьцаа хөрөнгийн мэдээллийг... Манлай халамжлагч зээлийн гэрээг батлахаас өмнө үнэн зөв байдлыг баталгаажуулан хяналт тавина..." гэсэн заалтыг зөрчсөн. Уг хуурамчаар олголт хийгдсэн 470 000 000 төгрөгийн зээл нь жижиг банкны хувьд онцгой хяналт тогтоож сайтар шалгах ёстой том дүнтэй зээлд хамрагдана.

          2. Уг хуурамч үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч С.М шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурддаг бөгөөд би уг гэрчилгээнүүдийг ажил дээр байдаг неон гэрлээр хардаг төхөөрөмжөөр харсан гэрчилгээ ямар нэг зөрчилгүй байсан хэмээн илтэд худал тайлбар гаргадаг. “Ариг банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2011/07/01 тоот "Гарын авлага батлах тухай" тушаалаар батлагдсан xaвсралт банкны нийт ажилтангууд өдөр тутамдаа мөрдлөг болгон ажиллах ёстой тус гарын авлагын 20 дугаар нүүрний 5 дугаар хэсэгт зааснаар үл хөдлөх эд херөнгийн гэрчилгээний улсын бүртгэлийн дугаарын өнгө нь хувирч харагдах ёстой байсан. Гэрчилгээг шалгаагүйн улмаас банкинд болон банкны хадгаламж эзэмшигчдэд 470 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүний бодит хохирол учирсан. Уг зээлийг олголтын явцад гэрчилгээний дугааруудыг неон гэрлээр нэг ч удаа хараагүй харсан ч энэ талаар эсвэл нуун дарагдуулсан байж болзошгүй үйлдэлд ажилтан хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.5, 4.1.8 дугаар зүйлд заасан "...бусад ажилтнуудын хууль бус буруутай үйлдлийг нуун дарагдуулсан..." мөн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.2 дугаар зүйл "...банкны дотоод дүрэм, журам, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааг зохицуулах талаар мөрдөж байгаа бүх заавар, журам, гарын авлагыг зөрчсөн”, 10.8-д “Өөрийн хариуцаж буй ажлын чиглэлээр холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй, түүний үнэн зөвийг нягталж шалгаагүй... ", хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил үүргээ огт хийгээгүй зөрчил гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “эрүүгийн цагдаагийн газраас ирсэн шинжилгээний хэсгийн гол гэрчилгааг хуурамч хэмээн үзэх үндэслэл болсон гэрчилгээний дугаарууд неон гэрэлд өдөөгдөхгүй байна” гэсэн үндэслэлийг авч үзээгүй зөвхөн хэвлэсэн цаасны хэсэг дэх дүгнэлтийг хэсэгчлэн дурдсан. Хариуцагчаас дээрх гарын авллагын дагуу шалгах боломжтой байсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгүүлэх зорилгоор салбар дээрх неон гэрлийн төхөөрөмжийг авчруулж гэрчилгээг яаж шалгах ёстой байсан талаар үзлэг хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан хэдий ч огт шийдээгүй процессын алдаа гаргасан.

    3. Ажилтан С.М зээлийн судалгааг хийх явцад барьцаа хөрөнгийн үнэлгээнд оролцоогүй /2017.06.12-ны өдрийн зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тодорхойлох/ мөн зээлийн олголтыг хийхийн өмнө үл хөдлөхийн гэрчилгээг нягтлан харж бөглөдөг хүснэгтийг бөглөөгүй /2017.06.20-ны өдрийн тэнцлийн гадуур орлого бүртгэх жагсаалт/ зэрэг нь ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаныг нотлоно. Дээрх үл хөдлөхийн гэрчилгээг хуурамч эсэхийг хянаагүй, мөн барьцаа хөрөнгийн лавлагаа аваагүй үнэлгээ хийгээгүй үйлдлүүд нь А-ны барьцаа хөрөнгө үнэлэх журмын 8.3-д заасныг зөрчсөн. Уг зээлийг судалсан шинэ ажилтан зөвлөн халамжлагч /зээлийн эдийн засагч/-д ажилтан С.М хөдөлмөрийн гэрээний ажлын байрны тодорхойлолтын 10 дугаар хэсэгт заасны дагуу сургалт заавар чиглэлийг өгөөгүй гэж үзэхээр байна. Хуурамч бичиг баримт үйлдэн банкнаас зээл авдаг үйлдэл цөөнгүй гардаг болсонтой холбогдуулан банкнаас нийт ажилтануудад сургалт заавар зөвлөгөөг өгсөөр байхад салбарыг удирдан чиглүүлж зааж мөн хянаж байх үүрэгтэй С.М шинэ  ажилтантай биечлэн явж зааж сургаагүй болох нь харагдаж байна.

         5. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг зээлийн хорооны шийдвэр гарсны дараа буюу зээл олголт хийгдэхийн өмнө авч үзэх ёстой бөгөөд мөн өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээдийн үүрэг гүйцэтгэлд бүртгэгдсэн эсэхийг зээлдэгч нарыг байлцуулан харилцагчийн өргөөнд /буюу банкны салбар/ бүрт байршуулсан ТҮЦ машинаас лавлагааг аваад асуудалгүй байх тохиолдолд зээл олголтыг хийх үүрэгтэй байсныг зөрчсөн. Уг өдөр лавлагааг авах үүргээ зөрчсөн төдийгүй зээл олголт 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн байтал материалд авагдсан лавлагаа 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу олголт хийгдсэнээс 1 cap 06 хоногийн дараа лавлагааг зээлийн материалд хавсаргасан ноцтой үйлдэлд тогтоогддог. Дээрх үйлдлүүд нь ажилтан С.М хөдөлмөрийн гэрээний ажил үүргийн тодорхойлолтын 10 дугаар зүйлийи 12 дахь хэсгийн Манлай халамжлагч ажилтны ажил үүргээ зөрчсөн байна.

        6. Зээлийн бүх шатанд хяналт хийгээгүй зээлийн олголтыг хийхийн өмнө Манлай халамжлагч буюу салбарын захирал нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан Зээлийн хорооны ерөнхий журмын 5.3.2 дугаар зүйлд заасны дагуу бүх бичиг баримтыг шалгаад бүрэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Энэхүү заалтыг зөрчсөн бичиг баримтын үнэн зөвийг бүрэн эсэхийг хянаж, лавлагаа авагдсан эсэхийг шалгалгүйгээр зээлийн олголт хийсэн байна.

        7. Зээл олгосноос хойш хийгдэх хяналтыг хийгээгүй уг зээлийн материалд хяналтын хуудас байхгүй байдаг. Манлай халамжлагч ажил үүргээ санаатай болон санамсаргүй байдлаар биелүүлээгүй нь Зээлийн хорооны ерөнхий журмын 7.2.3, 7.2.3.1 дүгээр зүйлд заасан ”...200-аас 500 сая төгрөг хүртэлх зээлийг өргөөний манлай халамжлагч, зөвлөн халамжлагчийн хамт хяналтыг сар бүр хийж зээлийн явцын хяналтын хуудсыг бөглөж ЖДЖ зээл цэгнэх баг цахим шууданар илгээнэ...” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

       Дээрх ажилтаны зөрчилтэй үйлдлүүд гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 247 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.3, 11.7.4-д тус тус заасан зөрчил гаргасан тул 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гэрээг цуцалсан байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн асуудлын хууль ёсны үндэслэлийг дутуу орхигдуулан шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэв.

       Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаацны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт нийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

        Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас халах тухай тушаал, зохигчдын тайлбараар,  ажил олгогч  “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” №415 тоот  тушаалаар,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэл болгон Дөчинмянгат харилцагчийн өртөөний манлай халамжлагч С.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд талууд хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан эсэх талаар маргасан байна.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар албан тушаал, ажил үүргийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчил ямар эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлээ тухайлан зааж, гэрээгээр тохиролцсон байх ёстой. Ийнхүү ноцтой зөрчлийг нарийвчлан заагаагүй, ерөнхийлөн заасан тохиолдолд  ажилтанг ажлаас чөлөөлсөн бол хууль бус үндэслэлд хамаарна.

         Нэхэмжлэгч С.М-ыг ажлаас халсан тушаалд “банкнаас зээл хүсэгчийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүтгүүлэлгүй, хуурамч барьцаалбар үйлдсэн байхад зээл олгож, банкинд эрсдэл үүсгэсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.5 дахь заалтыг зөрчсөн” гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

      Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах ноцтой зөрчил гэж үзнэ” гэж заасан агуулга нь тушаалын дээрх заалтын агуулгатай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх асуудал нь нэг удаагийн зөрчлийн тухай яригдаж байгаа учраас энэ заалтад хамаарахгүй.

         Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Ажилтан банкны дотоод журам, зааварт ...харш үйлдэл, эс үйлдэл гаргаж, банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан” гэжээ. Байгууллагын дотоод журам, дүрэмд заасан зөрчлүүд дотроос аль нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй буюу ерөнхийлөн заасан тохиолдлыг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Мөн тушаалд дурдсанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлах үүрэг нь манлай халамжлагчийн ажил үүрэгт хамааралгүй, зөвлөн халамжлагч буюу зээлийн эдийн засагчийн ажил үүрэгт хамааралтай болох нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаар тогтоогдсон бөгөөд ажилтан тушаалд дурдсан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч С.М-ыг “А” ХХК-ийн Дөчинмянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 360 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЭНХТӨР

                                                        ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ                     

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА