| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0412/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/424 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/424
2023 11 29 2023/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Төгөлдөр,
Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын П-ад холбогдох эрүүгийн 2325002450556 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн, С овогт Г-ын П- /хх0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн гадна хохирогч Ч.А-этэй үл ялих шалгааны улмаас маргалдан зодолдож, улмаар хохирогч Ч.А-ий нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд “зүүн нэг дүгээр шүдний хугарал” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.П- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
- Хохирогч Ч.А-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг нилээн өнгөрч дэлгүүр хаасан байхад найз Ө-ы хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн гаднаас 1 шил архи худалдаж авсан. Үүний дараа Ө-ыг гадаа үлдээгээд би ганцаараа Төгөлийн СU руу орж 1 сав ундаа худалдаж аваад гарч ирсэн. Намайг гарч иртэл Ө- сая надтай нэг залуу маргалдсан гэж хэлэхээр нь би аль залуу юм бэ, яагаад маргалдсан юм гэхэд Ө- овоороод зогсчихсон залуучууд дундаас цээж нүцгэн жижиг биетэй эрэгтэйг заасан. Би тэр эрэгтэй дээр явж очоод чи яагаад манай найзтай маргалдаж байгаа юм бэ, юу болсон бэ гэж асуухад цээж нүцгэн эрэгтэй над руу чи юу гээд байгаа юм бэ, чамд ямар хамаатай юм бэ, гөлөг нохой мэтээр доромжлоод байсан. Энэ үед би цээж нүцгэн эрэгтэйн хоолойноос хоёр гараараа бариад чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл саарал өнгийн цамц, 2 үүргэвчтэй цүнх үүрсэн эрэгтэй намайг цохих гэхээр нь би доошоо тонгойсон. Энэ үед хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна толгойн дээрээс 2-3 удаа хүн цохисон. Дараа нь би цээж нүцгэн эрэгтэй зайрмаг зардаг түц рүү чиглээд явж байхаар нь араас нь гүйж очоод ноцолдсон. Ингэж ноцолдож байхад цээж нүцгэн эрэгтэй гараа саваад миний шүд рүү нэг удаа цохисон. Би шүд рүүгээ цохиулаад дээрээс нь дарж газар хэвтсэн. Удалгүй дээшээ боссон ба амнаас цус гараад байсан учраас фудволкоо тайлсан. Миний шүдийг тухайн үед цээж нүцгэн байсан эрэгтэй гараараа цохиж хугалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 20х/,
- Гэрч М.Е мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 2 найзтайгаа 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хуваан уучихаад 2 найзыгаа хороолол явах унаанд Согоот багт байрлах Хаан банкны зүүн талын зогсоол дээрээс таксинд суулгаж өгчихөөд Зэст багийн 0-0 тоот хаягтай гэр лүүгээ алхан Уурхайчин багийн Чандмань төвийн хойд талын явган хүний замаар ганцаараа алхан явж байхад яг Чандмань төв рүү орох, гарах хаалганы аркны хойд талын явган хүнийн зам дээр цагаан өнгийн подвалкатай залуугийн дээр дээгүүрээ нүцгэн нэг залуу гарсан байдалтай, хажуу талд нь долоо найман залуучууд бужигналдаад орилдоод байж байсан. Харилцан бол зодолдож байгаа юм харагдаагүй бөгөөд очих хооронд цагаан өнгийн подвалкатай залуу дээгүүрээ нүцгэн залуутай харилцан ноцолдож нэг нэгнийхээ дээр доор гараад байхаар нь салгах санаатай алхан очиж нүцгэн залууг татаж босгон хажуу тийш нь болгоход гэнэт тэнд байсан залуучууд гүйгээд алга болчихсон чинь цагаан өнгийн подвалкатай залуу, шар өнгийн подвалкатай залуу хоёр үлдчихсэн, намайг чи найзуудтайгаа нийлж зодлоо гээд байхаар нь юу яриад байгаа юм бэ харин ч хүн салгаж байхад гэж хэлэхэд хүн рүү дайраад байхаар нь би өөрөө Цагдаад дуудлага өгсөн. Цагаан өнгийн подвалкатай залуу, шар өнгийн подвалкатай залуу хоёр хамт явж байгаад л уг долоо найман залуучуудтай маргалдаж муудалцах болсон юм шиг байсан. Яг хэдэн залуучууд байсанг үнэхээр тоолоогүй учраас мэдэхгүй байна. Тэр олон залуучууд дунд миний зүс харж байсан болон таньж мэдэх нэг ч хүн байгаагүй. Ойролцоогоор 20 гаруй насны залуучууд л харагдаж байх шиг байсан, яг содон шинж тэмдэгтэй гээд хэлчих хүн байгаагүй, хар цагаан хувцастай хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
- Гэрч М.Ө- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Ийм учраас би төрсөн өдрөө тэмдэглэхээр 06 дугаар сарын 10-ны орой Булган аймгаас Орхон аймагт ирсэн. Ингээд 00 цагийн үед Уурхайчин баг Төгөл худалдааны тевийн гадна найз А-этэй бараг л архи уугаад тасарсан байдалтай байхдаа уулзсан. А-э надтай уулзхаасаа өмнө ажлын газрынхаа хүмүүстэй архи уугаад согтсон байсан. Бид хоёр уулзаад Төгөл худалдааны төвийн гаднаас 1 шил архи худалдаж авсан ба А-э Төгөлийн CU рүү даруулга болгож ундаа авахаар орсон. Намайг Төгөлийн гадна байхад 17-18 орчим насны хэсэг залуучууд тойрч зогсчихсон байсан ба цээж нүцгэн жижиг биетэй залуу нэг залууг загнаад байх шиг байхаар нь би ахын дүү чи болиоч гэж хэлтэл цээж нүцгэн жижиг биетэй залуу над руу уурлаж бид хоёр заамдалцсан. Тэр залуу дээгүүрээ цээж нүцгэн байсан учраас би хоолойноос нь барьсан. Энэ үед миний өмсөж явсан цамцны зах урагдаад байхаар нь би гараараа тавьж тэр залуутай заамдалцхаа больсон. Удалгүй дэлгүүрээс А-э гарч ирэхээр нь би энд нэг цээж нүцгэн бацаан надтай маргалдаад байна гэж хэлтэл А-э аль залуу юм гээд надтай маргалдсан цээж нүцгэн залууг дуудсан. А-э цээж нүцгэн эрэгтэйтэй маргалдаж байтал хажуугаас нь саарал өнгийн цамц, үүргэвчтэй цүнх үүрсэн эрэгтэй орж ирээд А-ий толгой руу цохисон. Намайг харж байхад А-э доошоо тонгойчихоод дээрээсээ цохиулаад байсан. Энэ үед би нэг залуутай зууралцсан санагдаж байна. Хэсэг хугацааны дараа зайрмагны түцний хажууханд А-э цээж нүцгэн залуугийн дээр хэвтэж байсан ба намайг очих үед А-э босож ирсэн. Ингээд цээж нүцгэн залуу хамт явсан найзтайгаа яваад өгсөн. А-э газраас босож ирээд саяны жижиг биетэй залуу зууралцаж байхдаа миний шүд рүү цохиод хугалчихлаа гэж хэлсэн ба А-ий амнаас цус гараад байсан. Тухайн үед миний эрүүл мэндэд хохирол учраагүй. Цамцны зах бага зэрэг урагдчихсан байхаар нь оёод өмчихсөн. Надад бэртэл гэмтэл учраагүй учраас цагдаад өргөдөл бичиж өгөөгүй. Харин А-ийн шүд хугарсан учраас цагдаад өргөдөл бичиж өгсөн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
- Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз Е, Б нарын хамт Уурхайчин баг Төгөл худалдааны төвийн гаднаас ширхэгийн тамхи худалдаж авахаар очсон. Энэ үед би хуурай дүү Б-тэй таарсан. Батмөнхтэй юм яриад зогсож байтал зүүн талд цагаан өнгийн фудволк өмссөн махлаг эрэгтэй жижиг биетэй цээж нүцгэн эрэгтэйн хоолойг боож байхаар нь би явж очоод цагаан өнгийн фудволк өмссөн эрэгтэйн толгой руу цохитол доошоо тонгойгоод бултчихсан. Үүний дараа үргэлжлүүлэн доошоо тонгойсон эрэгтэйн ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохитол хамт явж байсан манай найз Е- миний гарнаас татаж тэврээд явъя гэсэн. Үүнээс хойш би дахин цагаан өнгийн фудволк өмссөн эрэгтэй дээр очоогүй холоос хараад зогсож байсан. Намайг харж байхад цээж нүцгэн жижиг биетэй эрэгтэй, хар өнгийн цамц өмссөн эрэгтэй 2 цагаан өнгийн фудволк өмссөн эрэгтэйтэй зууралдаад зайрмаг зардаг түцны ойролцоо очсон. Би Ч.А-э гэдэг хүний толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Шүд рүү нь огт цохиогүй... Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зодооныг нэг нэгэнгүй санахгүй байна. Миний санаж байгаагаар Ч.А-э гэх эрэгтэйн нүүр рүү цээж нүцгэн, жижиг биетэй эрэгтэй цохисон санагдаж байна...Зодооны үед би Ч.А-э гэх эрэгтэйн ар дагз руу 2-3 удаа цохисон. Харин жижиг биетэй цээж нүцгэн эрэгтэй Ч.А-ийн нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Мөн цээж нүцгэн эрэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй Ч.А-ийн ар дагз руу хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 42х/,
- Э.Г- мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед П-ыг таксинд суулгаж өгөх гээд Уурхайчин баг Төгөл худалдааны төвийн гадна очсон. Төгөл худалдааны төвийн гадна зогсож байтал П- зүс таних найздаа чи гэртээ хариач, орой болчихсон байна гэсэн утгатай зүйл хэлээд инээтэл дэргэд алхаж явсан шар өнгийн фудволк өмссөн эрэгтэй П- руу чи яасан атаман юм бэ гэж уурласан. Үүний дараа шар өнгийн фудволк өмссөн эрэгтэй П-тай заамдалцаж байснаа яваад өгсөн. Ингээд П-ыг таксинд суулгах санаатай зүс таних 2 найзтайгаа юм яриад унадаг дугуй унаад зогсож байтал шар өнгийн фудволк өмссөн эрэгтэй цагаан өнгийн фудволк өмссөн, махлаг 30 гаран насны ахыг дагуулаад ирсэн. Цагаан өнгийн фудволк өмссөн ах П-ыг чи нааш ир гэснээ хоёр гараараа хоолойг нь боож, чи найзыг яадаг гэнээ гэж уурласан. П-ыг хоолойгоо боолгож байхад танихгүй саарал өнгийн цамц өмссөн ах гүйж ирээд цагаан өнгийн фудволк өмссөн ахыг цохисон. Энэ үед цагаан өнгийн фудволк өмссөн ах доошоо тонгойж бултаад П-ыг тавьсан. Саарал өнгийн цамц өмссөн ах цагаан өнгийн фудволк өмссөн ахыг цохих үетэй зэрэгцээд би цагаан өнгийн фудволк өмссөн ахын дагз хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед бид нарын ойролцоо танихгүй нэлээн олон хүмүүс байсан. Мөн цагаан өнгийн фудволк өмссөн ах намайг зодох гэхээр нь би ухарч зугтаасан. Тэгтэл тэр ах П- рүү гүйсэн. Араас нь алхаад очтол цагаан өнгийн фудволк өмссөн ах П-ын дээр гарчихсан ноцолдоод хэвтэж байсан. Энийг харсан тэр хавийн танихгүй хүн цагаан өнгийн фудволк өмссөн ахыг татаж П-ын дээрээс босгосон. П-ыг боссоны дараа бид хоёр Уурхайчин соёлын ордон руу чиглээд гарцаар гарч гүйсэн... зодоон дууссаны дараа П-тай хамт явж байхад П- надад цагаан өнгийн фудволк өмссөн ахын нүүр рүү гараараа цохисон гэж хэлж байсан. Манай найз П- цохичихсон юм шиг байна лээ. Гэхдээ би яг цохиж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,
- Г.П- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Төгөл худалдааны төвийн гадна цагаан өнгийн фудволк өмссөн байсан Ч.А-э гэх ахтай маргалдаж улмаар шүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед бага зэргийн согтуу байсан. Тийм учраас юм бодолгүй хүрээд ирэхээр над руу нь нэг удаа цохисон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч Ч.А-э ахад өнөө өглөө 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид шаардлагатай бол эмчилгээний мөнгийг нэмж өгөх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 534 дугаартай “1. Ч.А-ийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.
3. Дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-40х/,
- “Их ивээлт очир” ХХК-ийн “Эмчийн магадлагаа гаргах нь” гэсэн албан бичиг, /хх-ийн 35х/,
- Хохирогч Ч.А-ээс гаргаж өгсөн камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-11х/,
- Г.П-ын насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, /ххх-ийн 64х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.П-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.П- нь хохирогч Ч.А-этэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нэгдүгээр шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.А-этэй маргалдаж, түүний эрүүл мэндэд зүүн нэгдүгээр шүдний хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.П-ын үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.А-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл,
- Хохирогч Ч.А-ийн “...саарал өнгийн цамц, 2 үүргэвчтэй цүнх үүрсэн эрэгтэй намайг цохих гэхээр нь би доошоо тонгойсон. Энэ үед хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна толгойн дээрээс 2-3 удаа хүн цохисон. Дараа нь би цээж нүцгэн эрэгтэй зайрмаг зардаг түц рүү чиглээд явж байхаар нь араас нь гүйж очоод ноцолдсон. Ингэж ноцолдож байхад цээж нүцгэн эрэгтэй гараа саваад миний шүд рүү нэг удаа цохисон. Би шүд рүүгээ цохиулаад дээрээс нь дарж газар хэвтсэн. Удалгүй дээшээ боссон ба амнаас цус гараад байсан учраас фудволкоо тайлсан. Миний шүдийг тухайн үед цээж нүцгэн байсан эрэгтэй гараараа цохиж хугалсан...” гэсэн,
- Гэрч М.Е-ийн: “...явган хүнийн зам дээр цагаан өнгийн подвалкатай залуугийн дээр дээгүүрээ нүцгэн нэг залуу гарсан байдалтай, хажуу талд нь долоо найман залуучууд бужигналдаад орилдоод байж байсан. Харилцан бол зодолдож байгаа юм харагдаагүй бөгөөд очих хооронд цагаан өнгийн подвалкатай залуу дээгүүрээ нүцгэн залуутай харилцан ноцолдож нэг нэгнийхээ дээр доор гараад байхаар нь салгах санаатай алхан очиж нүцгэн залууг татаж босгон хажуу тийш нь болгоход гэнэт тэнд байсан залуучууд гүйгээд алга болчихсон чинь цагаан өнгийн подвалкатай залуу, шар өнгийн подвалкатай залуу хоёр үлдчихсэн,...” гэсэн,
- Гэрч М.Ө-ы “...Хэсэг хугацааны дараа зайрмагны түцний хажууханд А-э цээж нүцгэн залуугийн дээр хэвтэж байсан ба намайг очих үед А-э босож ирсэн. Ингээд цээж нүцгэн залуу хамт явсан найзтайгаа яваад өгсөн. А-э газраас босож ирээд саяны жижиг биетэй залуу зууралцаж байхдаа миний шүд рүү цохиод хугалчихлаа гэж хэлсэн ба А-ий амнаас цус гараад байсан...” гэсэн мэдүүлгүүд,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 534 дугаартай дүгнэлт,
- “Их ивээлт очир” ХХК-ийн “Эмчийн магадлагаа гаргах нь” гэсэн албан бичиг,
- Хохирогч Ч.А-ээс гаргаж өгсөн камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.П- нь хохирогч Ч.А-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.П- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Ч.А-э нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Г.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ад 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийг 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчээс: “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.П-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.П-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.П-ад Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.П- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул хуульд заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Г.П-ад ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ад 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.П-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.П- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди бичлэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Г-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын П-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /сарын/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ