| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/03114/И |
| Дугаар | 181/ШШ2020/00211 |
| Огноо | 2020-01-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2020/00211
| 2020 он 01 сар 17 өдөр | 181/ШШ2020/00211 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: хаягт оршин суух Б.Б/РД:ЙР88091100/-ийн
хариуцагч: сургууль өөрийн байранд байрлах Сургуульд холбогдох,
Сургуульийн захирлын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Сургуульийн захирал Т.Т, хариуцагч талын гэрч Ж.Д, М.Б, О.Т, Ш.Ц, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхардсан тул өөрийн эзгүйд хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 02 дугаар сараас эхлэн Сургуульд ээлжийн жижүүрээр орсон ба ажилд орсон өдрөөсөө хойш ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргасан зүйл огт байхгүй бөгөөд шинээр ажлаа хүлээн авсан захирал Т.Т нь ямар нэгэн шалтаг хайж ажлаа хүлээлгэж өг, өгөхгүй бол цалин, ээлжийн амралтын болон урамшууллын мөнгийг чинь өгөхгүй хэмээн янз бүрээр дарамталж байгаад хууль зөрчин 2019 оны 09 сарын 30-ны өдрийн захирлын Б/51 дүгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс Сургуульийн захирлын 2019.09.30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сургуульийн захирал шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Б.Б ажлын байраа орхиж явдаг дотоод журам зөрчсөн асуудал удаа дараа гаргасан тул хөдөлмөрийн сахилгын зөрчилд нь тохирсон хууль журмын дагуу арга хэмжээ авсан. Сургууль эзэнгүй үлдсэн байна гэсэн мэдээллийн дагуу би өөрөө очиход жижүүр байхгүй цоожлоод орхисон байсан. Бас жижүүрийн ээлж дээрээ эрэгтэй хүн дагуулж өрөөндөө оруулан, эрэгтэй хүний малгайгаар хяналтын камерийг таглаж, өглөө болтол нэг ч удаа сургуулийг эргэж шалгаагүй болох нь камерийн бичлэгээр гарсан. Бтэй өөртэй нь уулзахад ямар ч тайлбар хийгээгүй, миний буруу гэж хэлсэн. Ажилтнуудын үр дүнгийн үнэлгээ гаргахаар ажил байдлын шалгахад илэрсэн зөрчлүүдийг хэлэлцэхээр 2019 оны 9 сарын 30-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар жижүүрүүдийн зөрчлийн талаар хэлэлцсэн ба Бг удаа дараа ажлын байраа хаяж сургууль эзэнгүй орхиж явсан шалтгаан байдлыг асууж ярилцах гэсэн боловч Б.Б хэлэх тайлбар байхгүй гээд зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн. Хурлаас Б.Бг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас халах шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулиа баримталж, уг ажилтныг өөрийг нь байлцуулж зөвлөлийн хурлаар хэлэлцсэн,гаргасан зөрчил нь ноцтой зөрчил болохыг дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан.Би өөрөө сургууль дээр 20 цаг 22 цагт 2 удаа ирэхэд цоожлоод явсан утсаа авахгүй байсан. Камерийн бичлэгээр 2 удаа сургууль дээр эрэгтэй хүн авчирч хоносон болох нь нотлогдсон.Сургуулиас зохиогдсон нийтийн цэвэрлэгээнд ирдэггүй, тухай тухайн үед нь өөрт нь хэлж сануулж байсан. Иймд ажлаас чөлөөлсөн асуудал хуульд заасан үндэслэлтэй гэв.
Хариуцагч талаас шүүх хуралдаанд ороглуулсан гэрч Ш.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Б.Бгээс ээлж хүлээж авдаг байсан. Ээлж хүлээж авахад өглөө сургууль орчим архи уудаг хүмүүс ихээр цугларч архи ууж, архины шил, хог их хаясан байдаг. Түүнийг жижүүрүүд цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл Б.Б нь эмэгтэй болохоор шөнө орой тухайн хүмүүст шаардлага тавьж чаддаггүй. Өглөө нь ээлж хүлээлцэхэд сургуулийн гадна орчим хог ихээр бөөгнөрсөн байдаг байсан. Сургуулиа эргэдэггүй, тойрч хардаггүй. Ийм зөрчлүүдийг тухай бүр нь хэлж шаардаж байсан. Б.Б 2019 оны хавар, намар, зун ажилласан гэв.
Гэрч Ж.Д шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Б.Б нь өмнөх захирлын үед ч гэсэн зөрчил их гаргадаг байсан. Гадны хүн авчирч хонож, шалтгаангүйгээр ажлын байрыг орхиод явчихдаг. Гаргасан зөрчлийн талаар шаардлага тавихад хүлээж авдаггүй, тайлбар тавьдаг байсан. Сургуулиас явуулсан олон нийтийн арга хэмжээнд ирдэггүй. Жижүүрт гарч байх үедээ хийгдэх ёстой ажлаа хийдэггүй, зохих ёсоор хүлээлцдэггүй байсан. 2019 оны 09 сарын 27-ны өдөр захирлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 9 сарын 05-наас 25-ны өдрүүдийн камер шүүхэд, 2019 оны 09 сарын 11 болон 09 сарын 17-ны өдрийн камерын бичлэг, 2019 оны 09 сарын 20-ны өдрийн камерын бичлэгээр удаа дараа сургууль дээр эрэгтэй хүн авчирч хоносон байсан, сүүлийн бичлэгээр 20 цаг 50 минутад гадны хүн дагуулж орж ирээд, шөнө 03 цагийн үед камерыг өөрөө хааж, 08 цаг өнгөрч байхад камерын бүтээлгийг авч байсан гэв.
Гэрч М.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2019 оны 09 сарын 20-ны өдөр улирлын баланс гаргах гэж ажил дээр 19 цаг 20 минутад ирэхэд ажлын байран дээрээ байхгүй, би ажил ихтэй орж чадахгүй хүлээсэн, 20 цаг 55 минутад ирсэн. Яагаад ажлын байран дээрээ байдаггүй юм бэ? гэж асуухад 7 буудалд очиж хоол идээд ирлээ гэж хэлсэн. Камерын бичлэгийг үзэхэд янз бүрийн алдаа дутагдлууд гарч ирсэн. Ажлын байрыг орхиж явсан, ажлын байранд гадны хүн авчирч хонуулсан дутагдал зөрчлүүдийг удаа дараа гаргасан байсан гэв.
Гэрч О.Т шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:Би 2019 оны 09 сарын 30-ны өдрийн ажилчдын хурлын тэмдэглэлийг хөтлөсөн.Б жижүүрийн ээлж дээрээ өрөөнийхөө камерийг бүтээж хаасан,ажлын байраа удаа дараа орхин явсан, гадны хүн авчирч хонуулдаг асуудлууд яригдсан. Хурал дээр Б өөрийнхөө буруу үйлдлүүдээ хүлээн зөвшөөрнө гээд ажлаас халах шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ өөрөө зурсан гэв.
Хэрэгт талуудын мэтгэлцээнээр хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Бг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий гомдлыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөр шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар өөрийн эзгүйд хуралдааныг хэлэлцүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагч тал хүсэлтийг хүлээн авч байх тул түүний эзгүйд хэргийг талуудын мэтгэлцээнээр цугларсан баримтууд, тайлбаруудыг үндэслэн хэлэлцсэн болно.
Хариуцагч Сургуульийн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрч, Б.Б хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хууль журамд нийцсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж бүхэлд нь үл зөвшөөрч маргасан тайлбараа дэмжин оролцсон.
Нэхэмжлэгч тал 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 10 сарын 28-ы өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцсэн болно.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэлэлцэн, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлд хавсарган ирүүлсэнд хариуцагч тал маргалгүй, адил ирүүлсэн Сургууль-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаал/хэргийн 3,17дахь тал/-д, Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 .2., Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.ажил олгогч санаачилсан., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.гэсэн,
мөн тус сургуулийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2.8.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3-с дээш удаа хангалтгүй биелүүлсэн, 6.2.2.10ажлын байраа хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явсан, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3.ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архидалтыг зохион байгуулж, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол,
4.2.3.10.ёс зүйн ноцтой алдаа гаргасан, 4.2.3.11.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэнгэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Б.Б 2019 оны 2 сарын 18-ы өдөр Сургууль-ийн үйлчлэгчийн ажил албан тушаалд орж, мөн өдөр тус сургуультай нэг жилийн хугацаатай сургуулийн үйлчлэгчийн ажил албан тушаалд ажиллах тухай 28 дугаар хөдөлмөрийн гэрээ/хэргийн 22-25дахь тал/ байгуулан, ажил үүрэг гүйцэтгэж эхлэсэн ба 2019 оны 04-р сарын 03-ны өдрийн тус сургуулийн захирлын Б/20 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон үндэслэлээр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрийн захирлын Б/22 дугаар тушаалаар 2019 оны 4 сарын 01-ий өдрөөс ээлжийн жижүүрээр томилогдон ТҮ-1 дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалын дагуу 432754 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлсэн байна.
Б.Б ээлжийн жижүүрээр томилогдон 2019 оны 4 сарын 01-ий өдрөөс ажиллаж байсан хугацаандаа жижүүрийн ээлжин дээрээ захирал Т.Т, санхүүгийн ажилтан М.Б нарыг ирэхэд удаа дараа ажлын байраа орхин сургуулийн байрыг цоожлон явсан, сургуулийн хаврын засварын ажил, 2019 оны 9 сарын 13-ны өдрийн их цэвэрлэгээнд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй оролцоогүй, 2019 оны 09 сарын 11, 2019 оны 09 сарын 17, 2019 оны 09 сарын 20-ны өдрүүдэд жижүүрийн ээлжтэй байхдаа ажлын байранд шөнө гадны эрэгтэй хүн авчирч хонуулсан ба 2019 оны 9 сарын 30-ны өдөр сургуулийн ажилтнуудын үр дүнгийн үнэлгээ тогтоох ажиллагааны явцад илэрсэн зөрчлүүдийг хэлэлцсэн хурлаар Б.Бгийн өмнө гаргасан зөрчлүүдийг хэлэлцсэн, Б.Б камерийн бичлэгт байгаа болон өмнө дурдсан зөрчлүүдийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь захирал Т.Тын тайлбар, жижүүрүүдийг хариуцан ажиллаж байсан ажилтан болох гэрч Ж.Д, гэрч М.Б, Ш.Ц, хурлын тэмдэглэл хөтлөсөн гэрч О.Т нарын мэдүүлэг, Сургууль-ийн 2018 оны 9 сарын 06-ны өдөр нээн, 2019 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны хурлын тэмдэглэл бичсэн дэвтэр, 2019 оны 9 сарын 13-ны өдрийн их цэвэрлэгээнд оролцсон ажилтнуудын гарын үсэг бүхий тайлан, Б.Бгийн ажлаас халах шийдвэр гаргасан хурлын шийдвэрийг зөвшөөрч гарын үсэг зурсан 2019 оны 9 сарын 30-ны өдрийн сургуулийн ажилтнуудын хурлын тэмдэглэл баримтуудаар нотлогдоно.
Б.Бгийн энэ үйлдлүүд нь тус сургуулийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.Ажилтныг ажлаас чөлөөлөх хэсгийн 6.2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож, ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцалж ажлаас чөлөөлнө, 6.2.2.8.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3-с дээш удаа хангалтгүй биелүүлсэн, 6.2.2.10ажлын байраа хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явсан, мөн Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.Гэрээг дуусгавар болгох,цуцлаххэсгийн 4.2.3.3.ажлын байранд ажлын цагаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй,.. 4.2.3.10.ёс зүйн ноцтой алдаа гаргасан, 4.2.3.11.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэнгэж тус тус зохицуулсныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж тохиролцсон ноцтой зөрчил гаргасан буруутай байх тул ажил олгогчийн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.ажил олгогч санаачилсан., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., мөн тус сургуулийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2.8.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3-с дээш удаа хангалтгүй биелүүлсэн, 6.2.2.10ажлын байраа хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явсан, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3.ажлын байранд ажлын цагаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй,.. 4.2.3.10.ёс зүйн ноцтой алдаа гаргасан, 4.2.3.11.удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэнгэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаал/хэргийн 3,17дахь тал/ хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсонгэсэн заалт үндэслэлгүй, ажилтны сахилгын зөрчилд хамааралгүй заалт болох ба энэ нь тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болхгүй.
Иймд ажилтан Б.Бг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэн, нэхэмжлэгч Б.Бгийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг тус тус баримтлан Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Бгийн нэхэмжлэл бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ