Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар   2024/ШЦТ/05

 

 

 

2024         01            03                                   2024/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн 2315000000269 дугаартай, 163/2024/0001/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овoгт Жүгдэрийн *******, Говь-Алтай аймгийн Дарив суманд 1977 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Энх-Хөгжил хороололд оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,

Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 45 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг Энх-хөгжил хороолол 11-1132 тоотод 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Г.А*******г хайчаар 8 удаа хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000269 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг Энх-хөгжил хороолол 11-1132 тоотод 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Г.А*******г хайчаар 8 удаа хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.А*******гийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг Энххөгжил хороолол 11-1132 тоотод гэртээ өдөр 11 цагийн үед би нөхөр *******гийн хамт нэг шил хараа архи хувааж уучихаад танил ******* гэдэг айлд 13 цагийн үед очиж ******* ах, ******* бид гурав нэг шил 0.5 литрийн хараа архи хувааж уусан.Тэгээд архиа хувааж ууж дуусаад тэдний гэрт байж байгаад орой 20 цагийн үед гэртээ харьсан юм.Тэгээд ******* өлсөөд байна хоол хийгээд өг гэж хэлсэн тэгэхээр нь би тоггүй харанхуй байна.Маргааш өглөө хийж өгье гэсэн.Тэгээд хоолноос болж маргалдаад манай нөхөр ******* намайг хайчаар олон удаа хатгахаар нь би гэрээсээ гарч гүйгээд сумын цагдаа руу 99668665 гэсэн дугаараас манай нөхөр намайг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн.Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд оёдол тавиулаад эмчилгээ хийлгэсэн.Манай нөхөр ******* намайг хайчаар хатгаад баруун хөхөн дээр 1, баруун гарын шуу хэсэгт 1, баруун гуяны урд хэсэгт 3, баруун гуяны ард талд 3, баруун хөлийн ард булчин хэсэгт нийт 8 удаа хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

3. Гэрч Б.*******йгийн өгсөн: “...Намайг гэртээ байж байтал 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Булган аймгийн Баянуур сумын Өлзийт 1 дүгээр багт хутгалуулсан эмэгтэй хүн эмнэлэг дээр ирлээ гэх дуудлага ирсэн уг дуудлагын дагуу эмнэлэг дээр иртэл манай сумын зүс таних Г.А******* гэх хүн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, хувцас болон цамцны зарим хэсэгт цус нэвтэрсэн байдалтай байсан ингээд Г.А*******гийн биед үзлэг хийхэд олон тооны зүсэгдсэн мэт ил шарх шинээр үүссэн байх ба уг шархнуудаас цус гарч нэвтэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

4. Гэрч Г.*******ийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг Булган аймгийн ******* сумын төвд гэртээ байж байтал манай том ах Базаррагчаагийн эхнэр Соёлмаа манай эхнэр рүү утсаар залгаад Г.А******* эмнэлэг дээр хүнд хутгалуулчихсан байна гэхээр нь би эмнэлэг дээр очсон чинь эмч нар таны дүү зүгээрээ амь наснаас нь хол юм байна гэж хэлсэн тэгээд байж байтал А*******гийн охин Б.Батцэцэг бас ирчихсэн байсан.Би Г.А*******г эмчид үзүүлээд биед нь оёдол тавиад байж байхаар нь харсан чинь Г.Аптантуяагийн биеийн нэлээн олон газарт цус гарчихсан зүсчихсэн байсан тэгээд юу болсон талаар асуухад нөхөр ******* нь хайчаар хатгачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

5. Гэрч З.*******ийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед намайг Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг Энххөгжил хороололд гэртээ байж байтал Г.Аптантуяа, Ж.******* нар 0.5 литрийн хараа архи авчихсан манай гэрт орж ирсэн.Тэгээд авч ирсэн архийг нь бид нар хувааж уугаад дуусаад орой манай гэрээс гарсан тухайн үед гэгээ тасраагүй байсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...,уг шүүгээний баруун талд цэнхэр өнгийн бариултай гадна хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ахуйн хэрэглээний хайч байх ба уг хайчаар Ж.******* эхнэр Г.Аптантуяаг хатгасан гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

7.Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт: “...Магадлуулагч Г.А*******гийн биед баруун хөхний дээр, баруун гарын шуу, баруун хөлийн гуяны урд, баруун хөлийн шилбэний ард шарх гэмтэл тогтоогдлоо .Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр 2-оос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Уг шарх гэмтэл нь сорви тогтож үлдэц өгнө...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69- дэх тал/

8. Яллагдагч Ж.*******гийн өгсөн: “...Би 1989 онд Булган аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг 4 дүгээр ангид сурч төгссөн. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгч аваагүй байгаа, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би уг тогтоолыг зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80- 81 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.А*******, гэрч Б.*******й, Г.*******, З.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн ******* сумын Өлзийт 1 дүгээр баг Энх-хөгжил хороолол 11-1132 тоот өөрийн гэртээ  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Г.А*******тай “хоол хийж өг” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хайчаар түүний биеийн баруун хөх, баруун гарын шуу, баруун гуя, баруун шилбэ хэсэгт 8 удаа хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Маргалдах явцдаа Ж.******* нь хохирогч Г.А*******гийн  биед хайчаар 8 удаа хатгаж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч Б.*******й, Г.*******, З.******* нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтээр  хохирогч Г.А*******гийн биед баруун хөхний дээр, баруун гарын шуу, баруун хөлийн гуяны урд, баруун хөлийн шилбэний ард шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ж.*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёроос дээш удаагийн үйлдлээр буюу хайчаар хатгах үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

           Мөн Ж.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Г.А******* нь шүүгдэгч Ж.*******тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд урьд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Г.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохироол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэгдсэн байх ба түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.*******гийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.А******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд илэрхийлсэн байна.

 

Шүүх шүүгдэгч Ж.*******г улсын яллагчийн санал гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 62-66 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, ******* сумын 1 дүгээр багийн Энххөгжил тоотод амьдардаг, малчин зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох  Булган аймгийн *******  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай, металл хийцтэй, 25 см урттай, бариул нь 10 см урттай, 12 см өргөнтэй, ажлын хэсэг 15 см урттай хайч нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Жүгдэрийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, металл хийцтэй, 25 см урттай, бариул нь 10 см урттай, 12 см өргөнтэй, ажлын хэсэг 15 см урттай хайч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ