Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2315002040235 дугаартай, 163/2024/0002/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Баяраагийн *******, ******* аймгийн Ханх суманд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, ******* аймгийн Ханх 2 дугаар багт оршин бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,

Урьд 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,

-2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

-2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 80/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

-2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 37 настай, РД:*******.

 

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний үед Булган аймгийн ******* сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Хаг” нэртэй газраас хохирогч У.*******ын эзэмшлийн 3 тооны буюу олон тооны адууг хулгайлж 1.500.000 (нэг сая таван зуун мянга)төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2315002040235 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний үед Булган аймгийн ******* сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Хаг” нэртэй газраас хохирогч У.*******ын эзэмшлийн 3 тооны буюу олон тооны адууг хулгайлж 1500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: 2023 оны 05 дугаар сарын сүүлээр Б.******* гэх хүнд У.*******ын эзэмшлийн адууг би өгсөн. Тэр адууг би манай адуутай адилхан байсан болохоор нь хүний адуу гэж танилгүй андуурч өгсөн. Зүс адилхан, им адилхан байсан. Би 2023 оны 02 дугаар сарын сүүлээр 6, 7 адуу алдсан байсан. Тэр адуу маань эргээд адуундаа нийлсэн байна гэж бодсон. Тэр адуутай зүс, тамга зэргээрээ адилхан байсан. Сүүлд ******* цагдаа нартай очоод адуугаа авахад нь мэдсэн. Гэхдээ би тухайн үед нь байгаагүй. ******* аймгийн шүүх дээр асуудалтай байсан. 2023 оны 05 дугар сарын 7, 8-ны үеэр эхнэр над руу утасдаад ******* гэх хүн цагдаа нартай хамт ирээд адуугаа авлаа. Тэгээд Булган аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Бямбадорж гэдэг цагдаа чамайг дуудаж байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж уулзахад *******ын 3 тооны адуу танай адуунаас гарч ирлээ. Энэ ямар учиртай юм бэ гэж асуусан. Хариуд нь би 3 тооны адуу нийлээгүй байсан, 2 тооны адуу нийлсэн байсан гэж хэлэхэд тэгвэл чи ямар ч байсан энэ хүний 2 тооны адууны хохирлыг барагдуулчихвал энэд нь зохицуулаад цаашлаад шүүх, прокурор орох шаардлагагүй болгоод өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******тай яриад та яг хэдэн тооны адуу алдсан бэ? гэж асуухад 3 тооны адуу алдсан, үүнд 2 даага, 1 шүдлэн байдас алдсан гэж хэлсэн. Тэгэхээр би та одоо аль адуугаа олохгүй байгаа юм бэ гэхэд нэг даага олохгүй байна гэхээр нь та тэр адуугаа хэдээр үнэлээд байгаа юм бэ гэхэд 1 сая төгрөг гэсэн. Тэр үед надад ийм мөнгө байхгүй байсан болохоор гэртээ харьж хоночихоод өглөө гараад ******* гуайг хонины бэлчээрт байхад нь очиж уулзаад адуу өгч авалцахаар тохиролцоод гомдол саналгүй болгосон. Энэ тухайгаа цагдаад хэлэхэд за одоо асуудалгүй гэж хэлсэн. Ерөнхийдөө ийм үйл явдал болсон гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2315002040235 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

2. Малд үзлэг хийсэн тэмдэглэл “...******* аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт Рашаант булаг гэх газарт Б.******* гэх айлын адууны хашаанд халтар шүдлэн байдсанд үзлэг хийв...” /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

3. Малд үзлэг хийсэн тэмдэглэл “...Булган аймгийн ******* сумын Хонгор багийн Тасархай гэх газарт Б.******* гэх айлын хаваржааны хашаанд улаан хээр дааганд үзлэг хийхээр тогтов..” гэх / хавтаст хэргийн 12 дугаар тал/,

4.Хохирогч У.*******ын өгсөн: “...Би ******* сум Тээл 4 дүгээр баг Шивэрт гэх газарт мал маллаж амьдардаг. 2023 оны 04 дүгээр сарын 13-нд Тээл багийн Хаг гэх газарт очиж адуугаа харахад манай 18 тооны адуу бүрэн байсан. Тэгээд би 04 сарын 14-ны өдрийн 15 цагийн орчимд адуугаа харсан чинь манай адуун дундаас 3 тооны адуу дутсан байсан. Би ойр хавийн айлуудаас сураглаж явсаар байгаад 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  ******* аймгийн Тариалан сумын “Ар тархи” гэх газарт адуугаа хайж явсан чинь миний алдсан нэг халтар байдастай ойролцоо зүсмийн адуу Туяа гэх хүний адуун дунд явж байсан. Тэгэхээр нь би сайн ойртоод харсан миний халтар байдсыг буруу талд нь “Арвай” тамгаар тамгалсан, баруун чихийг нь шинээр имнэсэн байсан.Тэгээд би тухайн үед Туяа гэх хүнтэй уулзалгүйгээр цагдаад мэдэгдэж байгаад морио авсан зөв байх гэж бодоод буцаад шууд гэртээ ирсэн. Миний алдсан Халтар шүдлэн байдас нь 2 чих цуулбар имтэй байсан.Улаан хээр охин даага им тамга байхгүй.Сартай хүрэн охин даага им тамга байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар тал\,

5. Хохирогч У.******* дахин өгсөн “.... Булган аймгийн ******* сумын Хонгор багийн Тасархай гэх газарт мал маллаж амьдардаг ******* гэх залуу 2023 оны 05 дугаар сарын 18-ны орчим миний гар утас руу залгаад би таны 3 адууг авсан.Та үлдсэн нэг адуугаа хэдэн төгрөгөөр үнэлж байгаа юм гэхээр би 1.000.000 гээд хэлсэн юм.Тэгсэн чинь маргааш нь цагаан өнгийн  машинтай эхнэртэйгээ ирээд би таны адууг авсан.Тэгэхдээ би таньд оронд нь шүдлэн байдас авчирч өгнө.Машин дээр ачиж ирэхээр малын мялзан өвчин гарсан учраас хүн харвал дургүй байна.Тийм болохоор таньд мориор хөтлөөд авч ирж өгнө гэж хэлсэн. ******* надад та цагдаад хохирол гомдолгүй гээд хэлчих гэхээр нь чи миний адууг өгөх юм бол биеэрээ ороод бичиг хийгээд өгч болно гэж хэлсэн. Би 3 тооны адуунаасаа 2 тооны адууг нь олж авсан. Нэгийг нь Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хонгор багийн Тасархай гэдэг газарт ******* гэх хүний адуу нь дотроос авсан дахиад нэгийг нь ******* аймгийн Тариалан сумын Архи тархи 4-р багийн Рашаан булаг гэх газраас ******* гэдэг хүний адуун дотроос авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

6.Гэрч Ц.*******ийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр ******* манайд байдаг залуу *******э хоёр ******* хонгор багт байдаг Мандах гэдэг залуугаас халтар зүсмийн шүдлэн байдас авсан.Түүнийгээ авчирсан гэхдээ би тэр авчирсан байдсыг хараагүй нөгөө авчирсан байдсаа маргааш нь нөхөр, *******э хоёр өөрийнхөө Арвай тамгаар тамгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

7. Гэрч Н.*******ийн өгсөн: “...******* ах намайг ногт аваад ******* гэдэг айлд хүрээд ир гэж гар утсаар залгаад би очиж нэг адуу гэртээ авч ирсэн.Зүүн талын чихний нь үзүүр хайчлаад авсан имтэй байсан.Яг ямар им гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хээр халтар зүсмийн байдас байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

8. Гэрч Б.гийн дахин өгсөн: “... Манай нөхөр байгаа юм. Бид 2019 оноос хойш гэр бүл болж амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон.Надад ******* гэдэг хүн адуу авах гэж ирвэл даага өгөөрэй гэж шийтгэл эдлэхээсээ өмнө хэлсэн.Манай адуунд байсан хээр зүсмийн даага, мөн манай нөхөр ******* ******* гэдэг айлд өгсөн адууг ******* ирж авсан. Одоо дахиад нэг даага өгөх ёстой байгаа. ******* надад хэлэхдээ ******* хүнээс мөнгө авсан байсан тэрэндээ оронд нь даага өгсөн гэж хэлсэн. Манай даага байх гэж би бодсон. Би адуундаа яваад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байсан. Дараа нь өөр хүний эзэмшлийн даага байсан гэдгийг ******* гэдэг хүн манай гэрт ирэх үед би мэдсэн. 2023 оны 03 дугаар сарын орчим манай нөхөр ******* 3 үрээ байхгүй байна гэж байх шиг байсан. Би яг ямар зүсмийн үрээ байсныг нь сайн мэдэхгүй байна. Цагдаад бүртгүүлж байгаагүй. гэх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

9. Гэрч Б.*******гийн өгсөн: “... Манай адуун дунд байгаа. Би уг байдсыг Булган аймгийн ******* сумын Хонгор багийн Тасархайн даваа гэх газарт оршин суудаг Мандах гэх хүнээс 2023 оны 04 дүгээр сарын 20-нд авсан. Мандах гэх хүн надаас 2022 оны 10 сард 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг аваад 2 шүдлэн адуу өгнө гэж бид хоёр тохирсон.Тэгээд 2022 оны намар адуугаа авах гээд гэрт нь очсон чинь адуу нь олдохгүй байна гээд авч чадаагүй юм. 2023 оны 04 дүгээр сарын 19-нд манай ойрхон байдаг Отгонбаатар гэдэг хүний өвөлжөө галд шатаад би унтраахад нь туслах гээд очсон чинь Мандах тэнд байсан. Би Мандахад нөгөө адуугаа авах гэсэн юм гэж хэлсэн чинь маргааш манай гэрт хүрээд ир гэж надад хэлсэн. Маргааш нь би өөрийнхөө мотоцикльтой Мандахын гэрт очисон чинь Мандах түүний эхнэр Пүүжээ нар гэртээ байсан. Тэгээд Мандах бид 2 гэрээс нь гараад хойд талын үхрийн хашаандаа хашсан адуун дээр очсон. Хашаатай адуун дунд тамга байхгүй, буруу талын чих нь гадна талаасаа ухам имтэй, имнээд удаагүй бололтой цус нь хатаж яршсан Халтар байдас толгойдоо ногттой байсан. Тэр байдсыг намайг авчих гээд би гэрээсээ *******э гэдэг хүүхдийг морьтой хүрээд ир гээд гар утсаар дуудсан. Тэгээд *******э ирээд нөгөө байдсыг хөтлөөд гэртээ авч ирээд адууны хашаан дотроо өвсөлж хонуулаад маргааш нь буруу талын гуяны хонхорт нь өөрийн адууны тамга болох “Арвай” тамгаар тамгалаад адуундаа нийлүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

10. Ялын тооцоо бодсон тодорхойлолт “ 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон бодоход биеэр 05 сар 16 хоног, шагналын 24 хоног, бүгд 06 сар 10 хоног, үлдэж байгаа 02 жил 05 сар 20 хоног болно...” гэх зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч  Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний үед Булган аймгийн ******* сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Хаг” нэртэй газраас хохирогч У.*******ын эзэмшлийн 3 тооны буюу олон тооны адууг хулгайлсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч У.*******ын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ц.*******, Н.*******э, Б., Б.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч У.*******т хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

        Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

       “Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Хэргийн зүйлчлэл тохироогүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгчээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон, шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.*******: Мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэх дүгнэлт тайлбарыг тус тус шүүхэд илэрхийлж оролцсон болно.

            Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотлож тогтоогоогүй, шүүгдэгч Б.******* нь урьд адуугаа алдсан тул өөрийн адуутайгаа андуурч бусдад зарж борлуулсан үйл баримт тогтоогдсон тул алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг тус тус  хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  хохирогч У.******* нь гурван удаа хэргийн үйл баримт, хохирол, хор уршгийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогчийн мэдүүлэг тогтвортой байна.

          Хохирогч У.******* нь  “2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Тээл багийн Хаг гэх газарт адуугаа харахад манай 18 тооны адуу бүрэн байсан, тэгээд би 04 дүгээр сарын 14-ны өдрийн 15 цагт адуугаа харсан чинь 3 тооны адуу дутсан, ... 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн Тариалан сумын Ар тархи гэх газар миний алдсан нэг халтар байдастай ойролцоо зүсмийн адуу Туяа гэх хүний адуунд явж байсан, Арвай тамгаар тамгалсан,  чихийг нь шинээр  имнэсэн байсан, нөгөөг нь Булган аймгийн ******* сумын Хонгор багийн тасархай гэх газар ******* гэх хүний адуун дотроос авсан гэх мэдүүлгийг өгчээ.

           

Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг

            Гэрч Б.*******гийн ... “Хашаатай адуун дунд тамга байхгүй, буруу талын чих нь гадна талаасаа ухна имтэй, имнээд удаагүй бололтой цус нь хатаж яршсан байсан гэх,

Гэрч Н.*******ийн ... “Зүүн талын чихний үзүүрийг нь хайчлаад авсан имтэй байсан гэх мэдүүлгүүд нь давхар гэрчлэн мэдүүлдэг бөгөөд  мал үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр батлагджээ.

Алдуул мал завших гэмт хэрэг нь Мал хулгайлах гэмт хэргээс үйлдлийн аргаараа ялгагддаг.

Өөрөөр хэлбэл алдуул мал завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч У.*******ын алдагдсан адуунууд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Б.*******ад шилжсэн гэх нотлох баримт цуглараагүй, харин шүүгдэгч Б.******* нь хулгайн гэмт үйлдлээ нуун далдлах, шунахайн зорилгоор хохирогчийн алдагдсан адуунуудын зүсийг нь хувиргаж, урьдны өрийн асуудлаа шийдэх зорилгоор Б.*******д 1 тооны адууг шилжүүлсэн өгсөн болох нь тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “ Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.*******аас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 437 дугаар нээлттэй хорих ангид мэдүүлэг авчээ.

Мэдүүлэгтээ  шүүгдэгч Б.******* нь бүрэн дунд боловсролтой, уншиж бичиж чадна, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж хүсэл зоригоо илэрхийлэн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь уншиж  чаддаг талаар мэдүүлэг өгсөн болохыг дуръяа.

Мөн шүүгдэгч Б.******* урьд авлагандаа тооцож Б.*******д өгсөн гэх 1 тооны байдсыг 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр  мөрдөгч хохирогч У.*******т  хүлээлгэн өгсөн байна.

Б.*******г 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авсан нь хуульд заасан эрхийг нь хангасан, хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Алдагдсан 3 тооны адууны үнэлгээг хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох Ашид билгүүн ХХК-нь зах зээлийн хандлагаар үнэ ханшийн мэдээ, судалгааны материалд үндэслэн дундаж үнээр тооцон гаргасан бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Б.******* нь бусдын 3 тооны буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй хэргийн үйл баримтын эх сурвалжийг заан мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь давхар гэрч нарын мэдүүлгээр батлагдсан тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь  бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.******* нь 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тооны адууг биет байдлаар хүлээлгэн өгсөн, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогч У.******* нь үлдсэн 1 тооны адууны хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас : Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал:Эрүүгийн хариуцлагын санал гаргахгүй гэж тус тус байр сууриа илэрхийлсэн байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.******* нь хавтаст хэргийн 85-112 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоол, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* аймгийн сум дундын шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоол, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* аймгийн сум дундын шүүхийн 80А дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.*******ын хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар, 20 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 5 /таван /сар, 20 /хорин/ хоногоор тогтоож оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь 28 хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Баяраагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 5 /таван /сар, 20 /хорин/ хоногийн хугацаагаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 4 /дөрөв/ жил, 5 /таван /сар, 20 /хорин/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

          7. Шүүгдэгч Б.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ