Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ2020/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-д холбогдох,

Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 9 сарын 08-ны өдрийн 0172804 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор Я.Д, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан С.Б-т холбогдох 68 дугаартай хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь холбогдогч С.Б-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Уушиг гэх газраас 2020 оны 08 дугаар сард агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан зөрчил үйлдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад материалд авагдсан гэрч Г.Цэцэгсүрэн, холбогдогч С.Б нарын мэдүүлгээр холбогдогч С.Б нь 4 тарвагыг агнасан болох нь тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтан Б.А нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Холбогдогч С.Б-ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 09 сарын 08-ны өдөр 0172804 шийтгэлийн хуудсаар холбогдогч С.Б-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 9 сарын 08-ны өдөр 0172804 шийтгэлийн хуудсаар холбогдогч С.Б-т зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иргэн С.Б-ын хэргийг дахин эхнээс хянаж шийдвэрлэж болох талаар хариу өгнө үү. Хууль бусаар тарвага агнасан. Тухайн тарвагыг худалдан авсан мөн худалдан борлуулах зорилгоор бэлдсэн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 гэж бичих гэж байгаад шийтгэлийн хуудас дээрээ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг гэж андуурч бичсэн байсан гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 9 сарын 08-ны өдрийн 0172804 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч прокурор, хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0172804 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, С.Б-ын 4 тарвага агнасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 0172804 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж оролцов.

Хариуцагчийн зүгээс Миний бие Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. Иргэн С.Бын хэргийг дахин эхнээс хянаж шийдвэрлүүлэх саналтай байна гэх тайлбар гаргав.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь 2020 оны 9 сарын 08-ны өдрийн 0172804 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Б-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Уушиг гэх газраас 2020 оны 8 дугаар сард агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан зөрчил үйлдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Улсын байцаагч Б.А нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Г.Цэцэгсүрэн, холбогдогч С.Б нараас авсан мэдүүлэг, улсын байцаагчийн акт зэргээр С.Б-ыг 4 тарвага агнасан болохыг тогтоосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0172804 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд байгаль орчны хяналтын байцаагчийн үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг хангаж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 сарын 08-ны өдрийн 0172804 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2020 оны 9 сарын 25-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0172804 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.ОЮУНГЭРЭЛ