Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.М

Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Л

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн төлөөлөгч Ж.А*******, гуравдагч этгээд Э.А*******, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.У****

Гуравдагч этгээд: “М*******” ХХК

Гуравдагч этгээд: Д.А*******, Ц.А*******, Б.Б, Ж.Д, Ц.Б, О.Б, Д.Л, Б.О, Х.Ө, Ж.О, М.Б, Э.А*******, Н.З, М.Х, Н.М, С.Д, Б.М, Р.О, М.Б, Ш.Б, Б.Л, Б.Б, Д.А, Д.Т, Б.Я, Л.Л, М.А, Р.М

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч Ц.О*******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай 850 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээд М******* ХХК-ийн бие даасан шаардлага: С******* ХХК-д эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047209 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх олгосон 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О***,

Хариуцагч Ц.О*******, М.У***,

Гуравдагч этгээд Д.А*******,

Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн төлөөлөгч Ж.А*******,

Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б****,

Гуравдагч этгээд Б.Л, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д****,

Гуравдагч этгээд Б.Б, Ж.Д, Ц.Б, М.Х, М.Б, У.О, Д.Л, Ц.А*******, Н.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0401/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О*******, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.Уянга нарт холбогдуулан “улсын байцаагч Ц.О*******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай 850 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийн:

1 дэх заалтаар “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.О*******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай 850 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Мэргэн девелопмент ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047209 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С******* ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.17-д “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглохоор заасан ба нэгэнт бүртгэх үндэслэл болсон дээрх тогтоол нь маргаантай байх тул хариуцагчаас бүртгэлд өөрчлөлт оруулахаас сэргийлж, бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүрэн эрхэд нийцнэ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчиж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал нэхэмжлэгч “С*******” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож, үүргийн гүйцэтгэлд хураагдсан гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047209 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгыг газрын хамт бүхэлд нь анхны албадан дуудлага худалдаанд оролцож ялагч болсон.

“С*******” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох дансанд дуудлага худалдааны төлбөр болох нийт 5,860,000,000 төгрөгийг байршуулж Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 /Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно/-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэх эрх үүссэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”, тус газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/180/24766 тоот “Хөрөнгийн эрх сэргээж, гэрчилгээ гаргуулах тухай” албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-180/27076 дугаартай албан бичгээр Дуудлага худалдааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн 30 иргэдийн хамт “С*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх тухай тогтоолуудыг холбогдох баримтуудын хамт Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хууль, журмын дагуу хүргүүлсний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн “С*******” ХХК-ийн нэр дээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх хориглоно” гэж тус тус заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараах ажиллагаа явуулна” гэж, мөн зүйлийн 1.2-т “Үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл... бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах” гэж тус тус заасан.

Дуудлага худалдааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг "С*******" ХХК-ийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлэн бүртгэсэн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар болон бүртгэснээс хойш эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газар болон Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай хуульд заасан хэлбэрээр ямар ч албан мэдэгдэл хүргүүлээгүй байхад хариуцагч Улсын ахлах байцаагч Ц.О******* нь Авлигатай тэмцэх газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06/3406 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" хариу албан бичгийг /1-хх-ийн 103 талд/ үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1-д заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн "Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай" 850 дугаартай дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь эрх хэмжээний асуудал биш харин эрх хэмжээг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл дутуу байсны илэрхийлэл байсан.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина", 18.7-д "Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна, 18.7.1-д "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж улсын байцаагчийн эрх хэмжээг тодорхойлсон бөгөөд хариуцагч улсын байцаагч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд "улсын бүртгэгчийн бүртгэл нь зохих хууль, журамд нийцэж буйд хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгах үүргийг хүлээсэн болохоос "үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгүүлэх ажиллагаа дууссанаас хойш" Авлигатай тэмцэх газраас "мэдээллийн шинжтэй" ирүүлсэн хариу албан бичгийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлсэн үйлдлийг анхан шатны шүүхээс хариуцагч улсын байцаагч Ц.О*******ийг Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий" байх шаардлагыг хангаагүй гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хуулийн зохицуулалтаас үзвэл прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дуудлага худалдааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгасан буюу үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийг түдгэлзүүлэх агуулгатай байтал анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газраас 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06/3406 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон" гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг шалгаж байгаа тухай Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэл нь өмчлөх эрхийг түдгэлзүүлэх эрхийг шууд хязгаарлах эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд ийм нөхцөлд бүртгэлийг түдгэлзүүлэх нь бий болоогүй нөхцөл байдлыг бий болсон гэж урьдчилан дур мэдэж, таамгаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа юм.

Дүгнэвэл, хариуцагч улсын байцаагч Ц.О*******ээс болон анхан шатны шүүхээс "С*******" ХХК-ийг өмчлөх эрх олж авсантай холбоотой Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл "С*******" ХХК нь тухайн хэрэг бүртгэлтийн хэргийн оролцогч биш, мөн Авлигатай тэмцэх газарт шалгаж буй асуудал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдааны зартай холбоотой асуудал болохоос дуудлага худалдааны ялагч буюу өмчлөгчөөр тооцож, тогтоосон шийдвэртэй холбоотой маргаан биш, тухайн асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад хариуцагч нь дээрх байдлаар хууль зөрчиж өөрийн таамаглалдаа тулгуурлан улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0079 дугаар шийдвэрийн 1-т заасныг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Б, Ж.Д, Ц.Б, М.Х, М.Б, У.О, Д.Л, Ц.А*******, Н.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж 128/ШШ2026/0079 дугаартай шийдвэрээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйл болох хариуцагч Ц.О*******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 850 дугаартай дүгнэлт нь дараах үндэслэлүүдээс бүрдсэн байна. Үүнд:

“Улсын бүртгэгч Б.Төвшинтөр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасан үүргээ биелүүлээгүй, улсын бүртгэгч М.Уянга нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг тус тус зөрчсөн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06/3406 дугаар албан бичигт хэрэг бүртгэлийн 240200670 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэр бүхий иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэх үндэслэлүүд байх ба хариуцагчаас дээрх үндэслэлүүдийн нэг болох Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх тул хууль хяналтын байгууллагаас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс маргаан бүхий 850 дугаартай дүгнэлтийн үндэслэл бүрийг хэрхэн яаж няцааж байгаа талаараа дурдаж, мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгтээ 850 дугаартай дүгнэлттэй холбоотой дараах хууль зүйн дүгнэлтүүдийг хийсэн байна.

Улсын бүртгэгч Б.Төвшинтөр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлд "нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжүүлэн бүртгэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2271 дүгээр шийдвэрийн дагуу явагдсан байх тул тухайн шийдвэрийг хувийн хэрэгт хавсаргаж баяжилт хийхээр тусгасныг буруутгах үндэслэлгүй" гэж, улсын бүртгэгч М.Уянга нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлд "энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийн шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхээр тогтоосон үл хөдлөх хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэх буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар өмчлөх эрх шилжсэн тул өмчлөгчид мэдэгдэх шаардлагагүй, өмчлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдээс зөвшөөрөл авах агуулга нь албадлагын арга хэмжээ авч байгаа тохиолдолд хамаарахгүй. Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдээс зөвшөөрөл аваагүй, тэдний эрхийг зөрчсөн талаар гаргасан дүгнэлтийн холбогдох хэсэг үндэслэлгүй байна" гэж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06/3406 дугаар албан бичигт хэрэг бүртгэлийн 240200670 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх үндэслэлд "Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоолоор зарлагдсан албадан дуудлага худалдаагаар өмчлөгч болсон, гэвч тус тогтоолтой холбогдуулан эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа нь Авлигатай тэмцэх газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06/3406 тоот албан бичгээр тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасны дагуу нэгэнт бүртгэх үндэслэл болсон тогтоол нь маргаантай байх тул мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүрэн эрхэд нийцнэ. Өөрөөр хэлбэл "эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэх мэдэгдэл ирээгүй байхад түдгэлзүүлсэн үндэслэлгүй" гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагчийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан түдгэлзүүлэх эрхийг үгүйсгэсэн агуулгатай байх тул хүлээн авах боломжгүй" гэж  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэр бүхий иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна гэх үндэслэлд тайлбар дүгнэлт өгөөгүй байна.

Мөн сонсох ажиллагааны тухайд “хариуцагч нь маргаан бүхий дүгнэлтийг  гаргахдаа эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч, гомдол гаргасан этгээд болох өмнөх өмчлөгч “М*******” ХХК-ийг оролцуулж сонсох ажиллагаа хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд нийцсэн гэж үзлээ” гэжээ.

Анхан шатны шүүхээс дээрх байдлаар үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйлийг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тодруулбал,

1.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...хариуцагчийн 850 дугаартай дүгнэлтийн зарим үндэслэл болох улсын бүртгэгч М.Уянга нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг тус тус зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар өмчлөх эрх шилжсэн тул өмчлөгчид мэдэгдэх шаардлагагүй...” зэргээр Ц.О*******ийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөр хоорондоо зөрчилтэй байх тул шүүхийн шийдвэр "хууль ёсны байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагч Ц.О******* нь маргаан бүхий 850 дугаартай дүгнэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн этгээдүүдэд мэдэгдээгүй, тэдний эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн атлаа өөрөө 850 дугаартай дүгнэлтийг гаргахдаа тухайн этгээдүүддээ мэдэгдээгүй, тэднийг сонсох ажиллагаа хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөхдөө нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийг оролцуулан сонсох ажиллагаа хийсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчөөгүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" гэж заасны дагуу Ц.О******* нь өөрөө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээ тодорхойлохдоо урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэд, цаашлаад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй ч тухайн бүртгэлтэй холбоотой гомдол гаргасан иргэдийг оролцуулан тодорхойлсон атлаа өөрөө маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа тухайн этгээдүүддээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй байтал анхан шатны шүүхээс хариуцагчийн шийдвэрийг зөвтгөхдөө дээрх байдлаар үндэслэлгүй тайлбар хийсэнд гомдолтой байна. Мөн 850 дугаар дүгнэлтэд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн болон хийлгээгүй нэр бүхий иргэдийн гомдлын талаар дурдсан байдаг ба анхан шатны шүүхээс тухайн үндэслэлд эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан.

3.Хариуцагч Ц.О*******ийн маргаан бүхий 850 дугаар дүгнэлтийн гол үндэслэл болох Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэлийг анхан шатны шүүхээс зөвтгөж тайлбарлахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч улсын бүртгэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхийг үгүйсгээгүй. Гагцхүү хариуцагч улсын бүртгэгч нь Захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх", 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай гэж маргасан.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй, хоёрдугаарт улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч нь тухайн гомдлыг чиг үүргийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй, гуравдугаарт хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагааны явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйл ажиллагаа тогтоогдсон тохиолдолд бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эрхтэй байна. Гэтэл хариуцагч Ц.О******* нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М*******” ХХК-иас гаргасан хариуцагч М.Уянгын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэх явцдаа өөрийн санаачилгаар Авлигатай тэмцэх газраас тодруулга албан бичиг хүсэж, түүний хариу Авлигатай тэмцэх газрын албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэснийг үндэслэж бүртгэлийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Зүй нь хяналт шалгалтын ажиллагааны явцад улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа баримтаар тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийг түдгэлзүүлэх агуулгатай зохицуулалт болохоос хариуцагч Ц.О*******ийн анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн “...хүний 150.000.000.000 төгрөгийн хөрөнгийг 5.000.000.000 төгрөгөөр үнэгүйдүүлж авсан... хүн хохирох эрсдэлтэй байна..." гэх зөвхөн өөрийн субьектив таамаглалдаа тулгуурлан өөрийн дур зоргоор улсын бүртгэлийг түдгэлзүүлэх хэмжээгүй, бүрэн эрхтэй гэж үзэхгүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч М.Уянгын бүртгэл нь хууль зөрчсөн гэх Ц.О*******ийн тайлбарыг үгүйсгэж М.Уянгын бүртгэл хууль ёсны гэж дүгнэсэн атлаа бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хуульд нийцсэн хэмээн, хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг баримталсан, хэргийн оролцогч нарын зүгээс ч тус зохицуулалтыг хэрхэн яаж ойлгож, тайлбарлах талаар маргаж, мэтгэлцсэн байхад анхан шатны шүүхээс тухайн үндэслэлд хангалттай, тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн" гэдэгт хамааруулсан эсэх эсхүл тухайн заалтад хамаарахгүй ч бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй гэж үзсэн эсэх нь тодорхойгүй.

Авлигатай тэмцэх газрын албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн гэдэгт хамааруулсан ч энэ нь улсын бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Учир нь хуулийн тус зохицуулалт нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зохицуулалт бөгөөд хариуцагч улсын бүртгэгч М.Уянгыг бүртгэл хийх үед хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хэрэг, түүнтэй холбоотой аливаа мэдээлэл байгаагүй тул бүртгэл хууль бус гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр эд хөрөнгийн эрхтэй холбоотой иргэний, захиргааны, эрүүгийн хэргүүд зохих байгууллагуудаар өдөр тутамд хянан шийдвэрлэгдэж байдаг ч тэр болгонд бүртгэл бүрийг түдгэлзүүлдэггүй. Гагцхүү эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн тохиолдолд л бүртгэлд өөрчлөлт оруулж, түдгэлзүүлэх арга хэмжээ авах эрхтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллага болох хяналтын улсын байцаагчийг хэмжээгүй дархан эрхтэй буюу өөрөө түдгэлзүүлэх, үндэслэлтэй гэж үзвэл түдгэлзүүлэх эрхтэй гэх байдлаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Тодруулбал маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь "улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох" бүрэн эрхтэй байхаар, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т зааснаар улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд "улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх” бүрэн эрхтэй байхаар хуульчилсан. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу улсын байцаагч нь "Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах"-аар зохицуулжээ. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл, хариуцагч хяналтын улсын байцаагчид эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдсон ч хэрэглэх ёсгүй тохиолдолд тухайн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх ба хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд "хуульд үндэслэх", "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бидний эцсийн чин хүсэл зориг бол 10 гаруй жил хүлээсэн урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн талбайгаа аль болох боломжит хурдан хугацаанд олж аван энэ олон жилийн сэтгэл санаа, хөрөнгө мөнгөний хохирлоо арилгуулах бөгөөд хариуцагч Ц.О******* нь энэ олон иргэдийн эрх ашгийг үл тоож, шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх хууль ёсны зарчимд саад хийж буй ганц “М*******” ХХК-ийн эрх ашгийг урьтал болгож, хууль хяналтын байгууллагаас түдгэлзүүлэх шийдвэр ч албан ёсоор ирээгүй байгаа энэ тохиолдолд улсын бүртгэлийг өөрийн санаачилгаар түдгэлзүүлснээр иргэд бид дахин хохирсоор үлдлээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0079 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Э.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1.“...Миний бие Э.А******* 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “М*******” ХХК-тай 15/35 тоот “Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 53 тоот хаягт байршилтай “Мэргэн” худалдаа үйлчилгээний төвийн барилгын 4 дүгээр давхарын 44-55 тоот 6,57 м.кв талбайг худалдан авч, төлбөр тооцоог бүрэн төлж, худалдан авсан талбайгаа Улсын бүртгэлийн ерөнхий газар очиж урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн тул хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан.

Миний бие 2026 оны 1 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2026/0079 дүгээр шийдвэрийн зарим хэсэг нь гуравдагч этгээд миний эрх, бүртгэлээр баталгаажсан хөрөнгийн хууль зүйн баталгааг үгүйсгэж байгаа тул эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох нөхцөл байгааг харгалзан үзсэнгүй. Маргаан бүхий үл хөлдөх хөрөнгөд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байсан миний хувьд "С*******" ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, тохиролцоогүй болно. Гэвч улсын бүртгэгч үл хөдлөх хөрөнгийг "С*******" ХХК-тай шилжүүлэн бүртгэхдээ надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй буюу шийдвэр гаргах үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар намайг оролцуулаагүй, мэдэгдээгүй шийдвэр гаргаснаар миний өмчлөх эрхийг зөрчсөн.

Энэ талаар шүүх хуралдааны үеэр улсын бүртгэгч урьдчилсан тэмдэглэл хийлгэх иргэд "С*******" ХХК-тай гэрээ байгуулж шинээр бүртгүүлэх шаардлага үүснэ гэж тодорхой тайлбар хэлсэн байна. Дээр дурдсаны дагуу миний бие "С*******" ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул энэхүү дахиад урьдчилсан тэмдэглэл хийлгэх, худалдаж авсан талбайгаа авах ямар ч бодит баталгаа байхгүй байна. Хэдийгээр үнэ төлбөргүй өгнө гэж хэлж байгаа ч албан ёсоор үүрэг хүлээгээгүй тул надад талбайгаа шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж хохироож байна. Би зөвхөн “М*******” ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байсан атал гэрээнд огт өөрчлөлт ороогүй, надад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр барилгын өмчлөлийг бүхэлд өөр этгээдэд шилжүүлэн миний эрхийг зөрчсөн байх тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Маргаан бүхий үйлчилгээний зориулалттай барилга анх 30 хувийн гүйцэтгэлтэйгээр “М*******” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг компаниас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан, зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсч шүүхээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай маргасан, уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, улмаар нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн талаарх үйл баримтыг цаг хугацааны дарааллаар шийдвэрт дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасны дагуу “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлүүд тогтоогдож байна.

1.Гуравдагч этгээд “Мэргэн девелопмент” ХХК-ийн гаргасан “тус компанийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2202047209 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “С*******” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах бус харин түүнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “…шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр, үйл ажиллагаанд уг хууль хэрэглэгдэхгүй гэсэн агуулгаар ойлгогдохоос бус энэ тохиолдолд бие даасан шаардлагад хамаарах дээрх бүртгэл нь хэдийгээр шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан байх ч энэ нь уг бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэж, хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Тэр тусмаа гуравдагч этгээд “Мэргэн девелопмент” ХХК-иас хуульд заасан журмыг зөрчиж дээрх бүртгэлийг хийсэн талаар маргаж байхад энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.14-т “…шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл болох нь нэгэнт тогтоогдсон учир улсын бүртгэгч нь хуульд заасан журам зөрчсөн зэрэг үндэслэлд …тайлбар өгөх шаардлагагүй…” гэснийг бие даасан шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй гэж үзнэ. 

2.“С*******” ХХК-ийн 2023 онд гаргасан анхны мэдүүлгээр улсын бүртгэгч Б.Төвшинтөр “…29 иргэний урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн байна…” гэсэн үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан, улмаар тус компаниас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20-20/24 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “…2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн албадан дуудлага худалдааны ялагч болсон тул тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэдийн бүртгэлтэй хамт манай компанийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг шинээр гаргаж өгнө үү…” гэснээс,

-улсын байцаагчийн дүгнэлтийн Тодорхойлох хэсгийн 6-д “…“С*******” ХХК-ийн …урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 17 иргэнтэй хийсэн үүрэг хүлээх хэлцэл зэрэг нотлох баримтыг үндэслэн 2024 /2023 гэж андуурч бичсэн байсан/ оны 12 дугаар сарын 4-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна…, 10-т “Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт дээрх албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар тус барилгын захиалагч иргэн Д.Дашням, Б.Я, С.Д, Д.А, А.Нарангоо, Д.Т, Э.А*******, А.Дөлгөөн, Н.М нарын гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна…” гэснээс;

-мөн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэр бүхий 30 иргэнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татахаар шийдвэрлэсэн захирамж гарч байгаа талаар тэмдэглэлд тусгагдсан байх боловч шүүгчийн мөн өдрийн бус харин 6 дугаар сарын 30-ны өдрийн 4304 дүгээр захирамжаар 23, үүнээс хойш 10 дугаар сарын 22-ны өдрийн 7031 дүгээр захирамжаар 6, нийт 29 нэр бүхий иргэнийг гуравдагч этгээдээр тус тус татсан, мөн нэхэмжлэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “…эдгээрийн 22 иргэнээс урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай мэдүүлэг гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, харин бусад иргэдийн энэ талаарх баримт авагдаагүй байх тул тэднийг хэрхэн ямар баримт бичгийг үндэслэн бүртгэсэн талаарх баримтыг шүүхийн журмаар цуглуулах…” хүсэлттэй холбогдуулан ямар ч ажиллагаа хийгдээгүй, энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй;

-үүнээс гадна “С*******” ХХК-иас дээр дурдсанчилан нэр бүхий 30 иргэний урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлтэй хамтад нь өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хүссэн боловч хэрэгт тус компанийн иргэн Б.М, Н.З, Б.Б, М.Б, М.Б, Б.Мөнхбаярын өв залгамжлагчид, Х.Ө, Ц.Б, Б.О, Р.О, Б.М, М.Х, Д.А*******, Ц.А*******, Ж.О, Д.Лхагвабаяр, Б.Б, Ж.Д нарын нэр бүхий 18 иргэнтэй байгуулсан “Үүрэг хүлээх хэлцэл” тус тус авагдсан,

-гэтэл үлдсэн бусад иргэдтэй энэхүү хэлцлийг байгуулсан эсэхийг тодруулах, холбогдох нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй зэргээс тус тус үзэхэд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.10-т “…урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “М*******” ХХК-тай байр суурь нэгтэй буюу 2 өөр агуулгаар тайлбараа гаргасан бөгөөд тайлбараа хэрхэн гаргаснаас үл хамаарч тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөхөөргүй байна”, 3.11-т “Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан урьдчилсан тэмдэглэгээ хийсэн этгээдээс зөвшөөрөл авах тухай агуулга нь албадлагын арга хэмжээ авч байгаа тохиолдолд хамаарахгүй, харин хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд хамаарна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Мөн улсын байцаагчийн дүгнэлтийн 10-т заасан ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болох талаар дүгнэлт өгөөгүй /энэ талаар нэр бүхий гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд тодорхой тусгасан/, тэдгээр иргэдтэй нэхэмжлэгчээс “Үүрэг хүлээх хэлцэл” байгуулсан эсэхийг тодруулах /гуравдагч этгээд Э.Анударийн хувьд давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчтэй хэлцэл хийгээгүй гэдэг/, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.  

            3.Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5/7028 дугаар албан бичгээр “Мэргэн девелопмент” ХХК-д хүргүүлсэн хариунд “…Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамжны 53 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204047209 дугаартай, 2048 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ “С*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна гэсэн нь бүртгүүлэх хүсэлт, нотлох баримтын дагуу 2048 м.кв талбай бүхий хэсэг, 30 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхрын дуусаагүй барилгын өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж ойлгоно” гэснийг хэрхэн авч үзэх,

            -мөн хариуцагч улсын байцаагч Ц.О*******ээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээ “…НШШГГ-ын албан бичгийг үндэслэн “Свисс гарден” ХХК-ийн өмчлөлд 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тайлбарлахдаа өнөөдрийн байдлаар тухайн барилга 11 давхар, тиймээс барилга бүхэлдээ тус компанид шилжсэн гэсэн үг биш шүү. Энэ барилга одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй, дээшээ давхрууд нь “М*******” ХХК-ийн хөрөнгө шүү, иймд дээшээ давхаруудад гэрчилгээ авах боломжтой болохыг тайлбарласан нь захирамжид тусгагдаагүй байх тул тусгаж өгөх”-ийг хүсч, мөн энэхүү үндэслэлээр шүүгчийн 2025 оны 4511 дүгээр захирамжид гомдол гаргасан,

-давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “М*******” ХХК-ийн хуримтлагдсан өр төлбөрөөс 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нь зохих төлбөр тооцоог төлөөд дуусгасан...” гэх тайлбарын талаар тус тус дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. 

4.Шүүхийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилдөөнтэй, харилцан уялдаагүй, тухайлбал Үндэслэл хэсгийн 2-т “…нэхэмжлэгчид өмчлөх эрх хууль заасны дагуу үүссэн…” гэж дүгнэсэн атлаа 3.17-д “…бүртгэх үндэслэл болсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаар тогтоол нь маргаантай байх тул хариуцагчаас бүртгэлд өөрчлөлт оруулахаас сэргийлж, бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцнэ…” гэснийг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Мөн Авлигатай тэмцэх газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 06/3406 дугаар албан бичиг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын мөн оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Лавлагаа, мэдээлэл хүсэх тухай” 1/2388 дугаар албан бичгийн хариу байх бөгөөд үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн, …” гэдэгт хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

                  ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН