Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

 

2024           01            09                                  2024/ШЦТ/11

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч *******,

хохирогчийн өмгөөлөгч П.Ган-Очир

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2315000000260 дугаартай, 163/2024/0007/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баатад овогтой Анансүрэнгийн *******, Булган аймгийн ******* суманд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 40 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас маргалдаж *******ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2315000000260 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж *******ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ы өгсөн: 2022 онд *******ын нохой нь манай хониноос нэлээдгүй хэдэн хонь барьж идсэн. Үүнээс болоод 2022 оноос хойш төлөөд өгчих гэж бид хоёр удаа дараа маргалдаж явсан. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мөнхжаргал бид хоёр маргалдаж муудалцаад ийм зүйл боллоо. Хоорондоо зодолдож би цохиж гэмтэл учруулсан нь миний буруу. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би хохирогчоос уучлалт гуйж байна. Би эмчилгээний зардлыг баримтын хэмжээгээр төлж барагдуулна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын  өгсөн: Тухайн өдөр би нутгийн айл болох Түвшинбаярынд байж байхад ******* гаднаас орж ирээд бид 3 нийлээд архи хувааж уусан. Хэсэг юм ярьж сууж байгаад ******* бид хоёр гэрээс гартал шууд миний эрүү рүү цохиод газар унагаад намайг цохиж, хоолой боосон. Би *******д цохиулаад доор нь орсон байснаа санаж байна. Намайг ална, хядна, сүх аваад ир гэж орилж байсан. Тэгээд би хүн аллаа авраарай гэхэд Түвшинбаяр салгасан. Энэ гэмтлээс болж миний толгой их өвддөг болсон. Ингээд толгой өвдөөд байхаар нь Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Манай ******* сумын Би оюунтантай, их сургуулийнх нь төлбөрийг эрүүл байсан бол олж төлөх боломжтой байсан юм гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ын өгсөн: “...Нутгийн айл болох Түвшинбаярынд байж байхад ******* гаднаас орж ирээд бид 3 нийлээд 0.75 гр савлагаатай Экс нэртэй архи хувааж уусан.Тэгсэн чинь ******* намайг төв оръё айлд очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гарахаар болоод гэрээс гартал шууд миний эрүү рүү цохиод газар унагаад намайг цохисон. Чамайг ална сүх аваад ир гэж орилсон. Тэгээд би хүн аллаа авраарай гэхэд Түвшинбаяр салгасан. Тэгээд нутгийн хүмүүс байна гээд байж байхад дахин хоолой боогоод намайг ална гээд Түвшинбаяр бид хоёрыг салгасан... Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нутгийн зүс таних ******* гэх хүнд зодуулж биедээ гэмтэл авсан. Энэ гэмтлээс болж миний толгой их өвддөг болсон. Ингээд толгой өвдөөд байхаар нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

4. Гэрч *******ын өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байсан шиг санаж байна. Гэртээ байж байтал манай гэрт гаднаас нутгийн зүс таних Мөнхжаргал мотоцикльтой ирсэн юм. Манай гэрт Мөнхжаргал бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэхээр байдалтай ирсэн ингээд удаагүй байж байтал манай нутгийн зүс таних залуу ******* орж ирсэн. ******* мөн бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхээр байдалтай ирсэн.Манай гэрт ******* ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Уг архийг Мөнхжаргал, ******* бид 3 хувааж уусан. Архинаас бага зэрэг ууж эхлээд байж байтал Мөнхжаргал, ******* нар хоорондоо маргалдаад байсан.Тэгэхээр нь би гэрээсээ гараад явтал миний араас *******, Мөнхжаргал хоёр гэрээс гарч ирээд гэрийн гадаа ******* танай нохой манай хонийг идсэн гэх мэт зүйл яриад хоорондоо маргаад байсан. Ингээд хоорондоо маргалдаж байснаа хоёулаа ноцолдоод эхлэхээр нь би салгах гэж очтол бид хоёр хоорондоо ярих яриатай юм, цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр бие биенийгээ битгий зодож цохиорой гэж хэлээд явсан. Би гэрийн гадаа айраг бүлээд тухайн хоёр хүнийг хараад байж байсан ингээд орой болж байсан учраас би айраг аа гэртээ оруулаад буцаад гараад иртэл Мөнхжаргал, ******* нар хоорондоо ноцолдоод газарт хоёулаа унасан дээр доороо орсон байдалтай ******* чанга, чанга дуугараад байж байсан. Тэгэхээр нь би тухайн хоёр хүнийг салгаад явуулсан... Яг хэн нь хэнийгээ яаж зодож, цохисныг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

5. Гэрч*******гийн өгсөн: “... *******ынх 2022 онд 190 тооны адуу тоолуулсан  ерөнхийдөө олон тооны адуутай. Энэ жил 30-40 орчим унагатай байсан байх гэж бодож байна яг унаганы нарийн тоог нь бол сайн мэдэхгүй байна. ******* гэх айл айраг нэг их исгээд байдаггүй байх миний мэдэхээр Мөнхжаргалын эхнэр Бямбажав нь хөл муутай учраас гүүгээ сааж чаддаггүй гэж сонсож байсан. Зун хүүхдүүд нь байхад бол хүүхдүүд нь гүүгээ саагаад айраг исгэдэг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

6.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №264 дугаартай “...*******ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.*******, гэрч, *******,******* нарын өгсөн мэдүүлэг,хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №264 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.*******ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч А.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******тай хамт согтууруулах ундаа хэрэглэж, *******ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 Хохирогч ******* нь шүүгдэгч А.*******г эрүүн тус газар цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлснийг давхар гэрч ******* гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №264 дугаартай дүгнэлтэнд “...*******ын биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.*******ы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

А.*******ы гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн А.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч А.*******ы бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

 

 Шүүгдэгч А.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардалд 4.875.105 төгрөг, урсгал зардал бариа, эм тарианы зардал, бензин, хоолны зардалд 6.023.400 төгрөг, туслах малчин авсан цалин 700.000 төгрөг, намрын ажил алдсан айраг исгэх байсан зардал 12.000.000 төгрөг нийт 23.548.505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эмчилгээний зардалд 1.855.760 төгрөг, намрын ажил айраг исгэх байсан зардалд 12.000.000 төгрөг нийт 13.855.760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх хохирогч А.*******ы хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 1.855.760 төгрөг, 38.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эмнэлгийн гарах үеийн бензений зардал 31.500 төгрөг, эмнэлэгт хэвтэх үед  2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр гарсан бензений зардалд 23.900 төгрөг нийт 1.989.260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч А.*******аас гаргуулж, хохирогч *******д олгохоор, малчны зардалд нэхэмжилсэн 700.000 төгрөг, намрын ажил айраг исгэх байсан зардалд 12.000.000 нийт 12.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралгүй баримтыг хүүхдүүд гаргаж өгсөн байна гэж хүсэл зоригоо илэрхийлэн зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдъя.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг тус тус илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000  төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 68-74 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатад овогтой Анансүрэнгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас эмчилгээний зардалд 1.989.260 төгрөгийг гаргуулж хохирогч  Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Бумбат гэх газарт оршин суух Авга тайж овогт Ядамын Мөнхжаргал /РД:ГЕ75122616/-д олгохоор, 12.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ