| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/04 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.*******,
Өмгөөлөгч: Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох 2326002810182 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 21-14 тоот хашаанд байсан хохирогч Б.*******ыг эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий "Жалам хар" гэх нэртэй мотоциклийг хулгайлсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 7-23 тоотод оршин суух М.*******гийн хашаанд байсан мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нууцаар хулгайлан авч бусдад 1,800,000 төгрөгийг хохирол учруулсан,
Мөн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг *******ийн 9-6 тоотод орших Г.*******ийн гэрээс түүний эзэмшлийн Huawei mi 9 маркийн гар утас, mі 9 маркийн гар утасны цэнэглэгч, XL размерын биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт, жинсэн ногоон өнгийн богино өмд, цэнхэр өнгийн саравчтай малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, Хууль бусаар хулгайлж, 648.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ******* аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 21-14 тоотод манай хашаанд байсан Жалам хар гэх нэртэй мотоцикль алга болсон. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 07 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би цагдаагийн байгууллагад хандаж мотоциклоо олж авсан. Бүрэн бүтэн олж авсан учир надад учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 42 дахь тал/
Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ******* аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 7-23 тоотод охины хамт амьдардаг. Би 2023 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн өглөөний 09 цагийн үед зах орох гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой 21 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай хашаанд байсан хүргэн Чулуунбаатарын мотоцикл алга болсон байсан. Манай хүргэн мотоциклоо Арвайхээр сумын зах дээрээс 2022 оны 07 сард авч байсан. /хх-ийн 81 дэх тал/
Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед намайг 9-6 тоотод гэртээ байхад манай хамаатны дүү Сайхнаа гэх залуу хамт ажилладаг гэх ******* гэдэг залуутай хамт ирэхдээ 0.70 литрийн Эдэн нэртэй архи 2.4 литрийн Нийслэл нэртэй пиво нэг савтай зүйл авч ирээд хамт ууцгаасан. Тэгж байгаад Сайхнаа ажилтай гээд гараад явсны дараа ******* бид хоёр 2.4 литрийн пиво уучихаад ******* явлаа гэхээр нь гаргаж өгчихөөд би гэртээ ороод унтсан. Унтаж байгаад 2-3 цагийн дараа сэрээд босоод гар утас цүнхтэй хувцсаа хайсан чинь байхгүй байхаар нь Сайхнаа руу залгаад *******гийн байгаа газрыг заалгаж очиход ******* байхгүй байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь *******г цүнхтэй хувцас гар утас барьчихсан ирснийг хэлж байсан. ...Миний худалдаж аваад удаагүй байсан Huawei mi 9 маркийн гар утас, ті 9 маркийн гар утасны цэнэглэгч, XL размерын жинсэн өмд, биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт, жинсэн ногоон Өнгийн богино өмд, цэнхэр өнгийн саравчтай малгай зэрэг эд зүйлсийг авч явсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 152-153 дахь тал/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Ингээд ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн урд байсан мотоцикл алга болсон байсан. Ингээд би ээжийн хамт мотоциклоо хайгаад олохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 89 дэх тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжин шөнө 02 цагийн үед нэг залуу ирээд танай ажилчин ******* гэх залуу миний улаан хүрэн цүнхтэй хувцас, гар утас зэргийг хулгайлаад явчихлаа гэхээр нь тэр талаар ах нь мэдээгүй. Орой 23 цагийн үед нутаг буцлаа гээд байхаар нь үлдэгдэл цалин 300,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд явуулсан гэж хэлсэн. ******* тухайн орой ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, бас нөгөө залуугийн хулгайд алдсан гэх улаан хүрэн өнгийг цүнхтэй адил өнгөтэй цүнх үүрчихсэн, бас нэг гар утас барьчихсан ирсэн юм. Тэгэхээр ******* нөгөө залуугийн алдсан гэх эд зүйлийг хулгайлсан нь үнэн болоод байна. /хх-ийн 155-156 дахь тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 21-ний өдөр Жалам хар гэх мотоциклийг ******* гэх залуу надад 70.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад миний мотоцикль байгаа юм. Хот руу явж ажил хийх гэж байгаа. Зардлын мөнгө хэрэг болоод байна. Та хэдээр авах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэсэн. Ингээд 70.000 төгрөгөөр тухайн мотоциклийг надад зарсан. /хх-ийн 09 дэх тал/
Дамно ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23-71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Huawei mi 9 маркийн гар утас 378.000 төгрөг, mі 9 маркийн гар утасны цэнэглэгч 12.000 төгрөг, XL размерын биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд 45.000 төгрөг, бэлтгэл цагаан цамц 28.000 төгрөг, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг 65.000, 39.000 төгрөг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт 16.800 төгрөг, жинсэн ногоон өнгийн богино өмд 22.400 төгрөг, цэнхэр өнгийн саравчтай малгай 25.000 төгрөг, цэнхэр эрээн өмд 16.800 төгрөг, нийт 648.000 төгрөг /хх-ийн 167-170 дахь тал/
Хөрөнгө үнэлгээчин Д. 8/13 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: Жалам хар маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 1.500.000 төгрөг /хх-ийн 51 дэх тал/
Хөрөнгө үнэлгээчин Д. хөрөнгө үнэлгээний тайланд: 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн зах зээлийн үнэ 1,800,000 төгрөг /хх-ийн 92-96 дахь тал/
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд ******* аймгийн Арвайхээр сумын 10-р багийн нутаг дэвсгэрээс хүнгүй хашаан дотор байсан улаан өнгийн Мустанг маркийн мотоциклыг хашаанаас нь гаргаж ирээд кундактрын утсыг нь салгаад түрж гүйж байгаад асаагаад 4 дүгээр хороонд байх гийнд очиж зарах гээд өгөх гэтэл аваагүй. Тэгээд ур Урд талын гудмаар ороод танихгүй айлын хашааны гадаа тавиад явчихсан. 2023 оны 07 сарын 20-ны орой Арвайхээр сумын 7 дугаар баг Дэлгэрэхээс Жалам хар нэртэй хар өнгийн мотоциклийг аавын эгч Ж.*******ын хашаанаас аваад гэх хөнгөн цагаан худалдан авдаг хүнд 70.000 төгрөгөөр зарж борлуулсан. ...2023 оны 07 сард Өмнөговь аймагт барилгын дээвэр дээр хар цаас наадаг ажил хийж байгаад цэнхэр өнгийн андройд гар утас мөнгийг нь өгөлгүй аваад Улаанбаатар хотод очоод 40.000 төгрөгөөр зарж борлуулсан. /хх-ийн 109 дэх тал/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 147 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дахь тал/
******* аймгийн гучин ус сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтод: Б.******* нь ЙА99082911 регистрийн дугаартай тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов. /хх-ийн 121 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43-45 дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60 дахь тал/
2023 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 83-85-р тал/
2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-103 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 99-100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 21-14 тоот хашаанд байсан хохирогч Б.*******ын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий "Жалам хар" гэх нэртэй мотоциклийг нууцаар хууль бусаар авсан,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 7-23 тоотод оршин суух М.*******гийн хашаанд байсан мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нууцаар хууль бусаар авсан,
Мөн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг *******ийн 9-6 тоотод орших Г.*******ийн гэрээс түүний эзэмшлийн Huawei mi 9 маркийн гар утас, mі 9 маркийн гар утасны цэнэглэгч, XL размерын биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт, жинсэн ногоон өнгийн богино өмд, цэнхэр өнгийн саравчтай малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.*******ын: ******* аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 21-14 тоотод манай хашаанд байсан Жалам хар гэх нэртэй мотоцикль алга болсон. /хх-ийн 07 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч М.*******гийн: Би 2023 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн өглөөний 09 цагийн үед зах орох гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой 21 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай хашаанд байсан хүргэн Чулуунбаатарын мотоцикл алга болсон байсан. /хх-ийн 81 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Г.*******ийн: 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед намайг 9-6 тоотод гэртээ байхад манай хамаатны дүү Сайхнаа гэх залуу хамт ажилладаг гэх ******* гэдэг залуутай хамт ирэхдээ 0.70 литрийн Эдэн нэртэй архи 2.4 литрийн Нийслэл нэртэй пиво нэг савтай зүйл авч ирээд хамт ууцгаасан. ...Унтаж байгаад 2-3 цагийн дараа сэрээд босоод гар утас цүнхтэй хувцсаа хайсан чинь байхгүй байхаар нь Сайхнаа руу залгаад *******гийн байгаа газрыг заалгаж очиход ******* байхгүй байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь *******г цүнхтэй хувцас гар утас барьчихсан ирснийг хэлж байсан. /хх-ийн 152-153 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.гийн: 2023 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Ингээд ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн урд байсан мотоцикл алга болсон байсан. Ингээд би ээжийн хамт мотоциклоо хайгаад олохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 89 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн: ...******* тухайн орой ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, бас нөгөө залуугийн хулгайд алдсан гэх улаан хүрэн өнгийг цүнхтэй адил өнгөтэй цүнх үүрчихсэн, бас нэг гар утас барьчихсан ирсэн юм. Тэгэхээр ******* нөгөө залуугийн алдсан гэх эд зүйлийг хулгайлсан нь үнэн болоод байна. /хх-ийн 155-156 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.ын: 2023 оны 07 сарын 21-ний өдөр Жалам хар гэх мотоциклийг ******* гэх залуу надад 70.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад миний мотоцикль байгаа юм. Хот руу явж ажил хийх гэж байгаа. Зардлын мөнгө хэрэг болоод байна. Та хэдээр авах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би 70.000 төгрөгөөр авна гэсэн. Ингээд 70.000 төгрөгөөр тухайн мотоциклийг надад зарсан. /хх-ийн 09 дэх тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******, М.******* нарын мотоцикль, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ийн Huawei mi 9 маркийн гар утас, mі 9 маркийн гар утасны цэнэглэгч, XL размерын жинсэн өмд, биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт, жинсэн ногоон өнгийн богино өмд, цэнхэр өнгийн саравчтай малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ид 648.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Дамно ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23-71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Huawei mi 9 маркийн гар утас 378.000 төгрөг, mі 9 маркийн гар утасны цэнэглэгч 12.000 төгрөг, XL размерын биеийн тамирын цэнхэр бэлтгэл өмд 45.000 төгрөг, бэлтгэл цагаан цамц 28.000 төгрөг, хар өнгийн бомбер хүрэм 2 ширхэг 65.000, 39.000 төгрөг, цэцгэн хээтэй цагаан өнгийн богино өмд шорт 16.800 төгрөг, жинсэн ногоон өнгийн богино өмд 22.400 төгрөг, цэнхэр өнгийн саравчтай малгай 25.000 төгрөг, цэнхэр эрээн өмд 16.800 төгрөг, нийт 648.000 төгрөг /хх-ийн 167-170 дахь тал/ гэснээр,
Хохирогч Б.*******ад 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хөрөнгө үнэлгээчин Д. 8/13 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: Жалам хар маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 1.500.000 төгрөг /хх-ийн 51 дэх тал/ гэснээр,
Хохирогч М.*******д 1.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хөрөнгө үнэлгээчин Д. хөрөнгө үнэлгээний тайланд: 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн зах зээлийн үнэ 1,800,000 төгрөг /хх-ийн 92-96 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.*******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ад 1.500.000 төгрөгийн, хохирогч М.*******д 1.800.000 төгрөгийн, хохирогч Г.*******ид 648.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч нар өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би цагдаагийн байгууллагад хандаж мотоциклоо олж авсан. Бүрэн бүтэн олж авсан учир надад учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 42 дахь тал/ гэснээр шүүгдэгч Б.*******г хохирогч Б.*******ад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д мустанг-5 маркийн мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн болох нь 2023 оны 08 сарын 29-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г хохирогч М.*******д төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ид гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 648.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******г хохирогч Г.*******ид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******н хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 123 дахь тал/, ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21- ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хохирол төлбөргүй болсон, хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд мөн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, үүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******н хувийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******д хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Н.******* нь 31 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******н цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* 31 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ид 648.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА