Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02422

 

 

 

 

 

 

2020 09 28

181/ШШ2020/02422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК  -д холбогдох

151.350.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т сан нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тус сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт Т санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж, жимсний суулгац зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр болон санхүүгийн дамжуулах түрээсийн нөхцлөөр олгож төлбөрийг намрын ургацын үрийн болон хүнсний улаан буудайгаар эсвэл бэлнээр төлбөрийг тооцож авдаг.

Дорнод аймгийн А  ХХК нь тус сангаас 2002 оноос хойш одоог хүртэл дэмжлэг авсаар байгаа билээ. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр 100.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт хугацаа хэтэрсэн өрийг задаргаагаар харвал хор бордооны зээлийн үлдэгдлийг нотлох баримт гэрээний дагуу алданги тооцон нэхэмжилж байна. Үүнд:

1. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/026 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 2.500 литр Пумасупер 1 литрийг нь 18.200 төгрөгөөр тооцож 45.500.000 төгрөгийн үнээр урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зээлээр авсан.

№УХБ-ТӨВ-2017/026 тоот гэрээний 4.2 дахь заалтыг баримтлан алданги тооцвол 45.500.000төгрөг * 0,3 хувь = 1 хоногийн алданги 136.500 төгрөг, 1 хоногийн алданги 136.500 төгрөг * 760 хоног = 103.740.000 төгрөг байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 22.750.000 төгрөгийн анз тооцож байна.

Нийт №УХБ-ТӨВ-2017/026 тоот гэрээний үндсэн төлбөр 45.500.000 төгрөг дээр анз 22.750.000 төгрөгийг нэмж 68. 250.000 төгрөг болж байна.

2. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/025 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 10.000 литр Глисофат 41%, 1 литрийг нь 7.000 төгрөгөөр тооцож 70.000.000 төгрөгийн үнээр урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зээлээр авсан.

Уг 70.000.000 төгрөгөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн № АҮ/2018/89 тоот 2500 тоннын үр тариа хадгалах агуулахын түрээсийн гэрээгээр 566,4 тонн буудайг 146 хоног хадгалуулсаны хөлс 14.600.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 55.400 000 төгрөг үлдсэн.

№УХБ-ТӨВ-2017/025 тоот гэрээний 4.2 дахь заалтыг баримтлан алданги тооцвол 55.400.000 төгрөг * 0,3 хувь = 1 хоногийн алданги 166.200 төгрөг, 1 хоногийн алданги 166.200 төгрөг * 760 хоног = 126.312.000 төгрөг байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 27.700.000 төгрөгийн анз тооцож байна.

№УХБ-ТӨВ-2017/025 тоот гэрээний үндсэн төлбөр 55.400.000 төгрөг дээр анз 27.700.000 төгрөгийг нэмж 83.100.000 төгрөг болжж байна.

ТЭДСангаас зээлийн гэрээ байгуулан авсан дэмжлэгүүдийн үлдэгдэл 100. 900.000 төгрөг дээр дээрх 2 гэрээний анз 50.450.000 төгрөгийг нэмж нийт 151.350 000 төгрөгийг хариуцагч А  ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А  ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

А  ХХК нь хуучнаар Т сангаас 2017 оны хаврын тариалалтад зориулж

1.2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/026 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 45.500.000 төгрөгийн Пумасуперыг ,

2.2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/025 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 70.000.000 төгрөгийн Глисофат 41% -ыг тус тус зээлээр авсан нь үнэн.

А  ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2017 оны 11дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч 2016-2019 оны хооронд манай компанийн үйл ажиллагаа явуулж буй Дорнод аймгийн Халх гол сумд ган болсноос шалтгаалан 3 жил дараалан ургац алдсан.

Манай компанийн зүгээс энэ талаар Т санд удаа дараа мэдэгдэж, МҮХАТанхимаас ган болж, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон талаарх гэрчйлгээг авч, хүргүүлж байсан.

Харин 2018 оны 09 сарын 10-ны өдөр талуудын хооронд №АҮ/2018/89 тоот 2500 тоннын үр тариа хадгалах агуулахын түрээсийн гэрээг байгуулж уг гэрээний дагуу Т сангийн буудайг хадгалж, түрээсийн төлбөр 14.600.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/025 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт суутгуулсан болно.

А  ХХК нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Т санд улаан буудайн ургацын мэдээллийг хүргүүлж, уг ургацад олгох улаан буудайн дэмжлэгээс дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хүсэлт гаргаад байсан.

Гэтэл 2019 оны 12 сарын 17-нд Т сангаас Дорнод аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үлдэгдэл төлбөр 100,900,000 төгрөг дээр ИХ-н 232.4 дэх заалтын дагуу 50 хувийн алданги болох 55,400,000 төгрөгийн хамт нийт 151,350,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн болно.

А  ХХК нь дээрх нэхэмжлэлийн талаар мэдмэгцээ Т сангийн Захирал, Хуулийн хэлтэс, Санхүүгийн хэлтэстэй уулзсан бөгөөд Т сангаас улаан буудайн дэмжлэг олгогдох хугацаа тодорхойгүй байгаа тул бэлэн мөнгөөр төлөлт хийсэн нөхцөлд улаан буудайн дэмжлэг олгогдмогц шүүх дэх нэхэмжлэлээсээ татгалзахад бэлэн хэмээн ажлын шугамаар амаар мэдэгдсэний дагуу А  ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 33,500,000 төгрөг төлж, төд удалгүй улаан буудайн дэмжлэгээр тус компанид 96,363,000 төгрөг олгогдсоныг үлдэгдэл төлбөрт суутгуулснаар А  ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Т сангаас 28,963,000 төгрөгийг авах авлагатай гарсныг талууд Тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Манай компани дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөө бүрэн барагдуулчихсан байхад алданги нэхэмжилж байгааг ч хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд 151.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Т сан /Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба/ нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан 151.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т сан нь А  ХХК-д 2.500 литр Пумасуперыг 1 литрийг нь 18.200 төгрөгөөр тооцож 45.500.000 төгрөгөөр, зээлээр худалдахаар тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №УХБ-ТӨВ-2017/025 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээг,

10.000 литр Глисофат 41% -ыг 1 литрийг нь 7.000 төгрөгөөр тооцож 70.000.000 төгрөгөөр, зээлээр худалдахаар тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/024 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус бичгээр байгуулж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 9, 10, 14, 15-р хуудас/

             Дээрх гэрээнүүдээр худалдагч Т сан нь худалдан авагч А  ХХК-д барааны /2.500 литр Пумасупер, 10.000 литр Глисофат/ үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгө /2.500 литр Пумасупер, 10.000 литр Глисофат/-ийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл худалдагч Т сан нь худалдан авагч А  ХХК-д 2.500 литр Пумасупер, 10.000 литр Глисофатыг худалдахаар, худалдан авагч А  ХХК нь 2.500 литр Пумасупер, 10.000 литр Глисофатын үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч А  ХХК нь нэхэмжлэгч Т санд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 33.500.000 төгрөгийг төлсөн, 2020 оны улаан буудайн урамшууллаар А  ХХК-д 96.363.000 төгрөг олгогдсоныг дээрх гэрээний үүрэгт суутгаж авсан талаар талууд маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 34, 36, 50-р хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ

Хариуцагч А  ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №УХБ-ТӨВ-2017/025 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №УХБ-ТӨВ-2017/024 дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55.400.000 төгрөг, нийт 100.900.000 төгрөгийг төлөхөөс 129.863.000 төгрөгийг төлж 28.963.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа талаар тооцоо нийлж 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тооцоо нийлсэн актыг үйлджээ./хх-ийн 26-р хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж,

232.8.-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Хариуцагч А  ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй ч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул алданги тооцох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд А  ХХК-иас гэрээний үүрэгт 100.900.000 төгрөг, алданги 50.450.000 төгрөг, нийт 151.350.000 төгрөг гаргуулах тухай Т сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6-д зааснаар хариуцагч А  ХХК-иас 151.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т сан / Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО