| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/20230056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/02 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: Б.Мөнхдөл,
Шүүгдэгч: Ц.*******,
Өмгөөлөгч: Б.Дугармаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2328001750146 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 68 дахь километрт буюу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 73-78УНТ улсын дугаартай Samsung SM-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид анх *******аас эмчилгээн дээр нь туслаад өгөөч гэхэд таг чиг болсон. Түүн дээр нь гомдож байна. Оршуулгын зардал эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Нийтдээ 25.000.000 төгрөг гарсан. Үүнийг нэхэмжилнэ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач П.******* бид хоёр 2005 онд танилцаж 2006 оноос эхлэн цуг амьдарч байгаад 2019 онд гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. Талийгаач ******* нь зан байдлын хувьд төлөв томоотой гайгүй хүн байсан. Аваар болсон гэх асуудлыг утсаар харсан. Тухайн үед би Дархан-Уул аймагт байсан. Харин ******* Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Өмнөговь аймаг руу айлын ямаа самнах гэж найзуудын хамт явж байгаа талаараа утсаар хэлж байсан. Зам тээврийн осол аваарт орсон гэдгийг мэдэж Дархан-Уул аймгаас Өмнөговь аймагт ирсэн. Тэгэхэд манай нөхөр эмнэлэгт эмчилгээ хийлгэж сахиуртай байсан. Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү эмнэлгийн автомашинаар хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт ойролцоогоор 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн, тэндээс Улаанбаатар хот Хавдар судлалын эмнэлэгт үзүүлсэн, гадуур эмчилгээ хийлгэсэн. Бие нь сайнгүй байсан тул 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хавдар судлалын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 40 минутад эмнэлэгт нас барчихсан юм. Талийгаач бид хоёр таван хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 15 дугаар багийн нутаг Мангирт 9 дүгээр хэсэг 3 гудамжны 220 тоотод оршин суудаг байсан. Талийгаач бага боловсролтой, тогтсон ажил бол байхгүй хаа нэг барилгын ажил хийдэг мөн самарт явдаг байсан. Манайх 5-14 насны таван хүүхэдтэй үнэхээр харамсалтай байна. Талийгаачтай цуг явсан ******* гэх залууг танина манай нөхрийн найз нь байсан юм. Баримт нэг бүрийг цуглуулж байгаад нэхэмжилнэ гэсэн бодолтой байна. Талийгаачийн найз Болчулуун нь эмчилгээ хийлгэж байхад 1,000,000 дансаар шилжүүлсэн. Түүнийг эмчилгээ хийлгэхэд зарцуулсан. Бид бүгдийн зүгээс гомдолтой байгаа. /хх-ийн 29 дэх тал/
Хохирогч П.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санагдаж байна. Би Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хот руу найз Болорчулууны эзэмшлийн жижиг тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед Болорчулуун өөрөө машинаа барьж явсан бөгөөд хажууд нь Болорчулууны эхнэр суугаад харин арын сандал дээр ганцаараа унтаж явсан юм. Гэтэл юунаас болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотын эмнэлэгт ирж ухаан орсон. Өмнөговь аймаг орж ямаа самнаад буцаж явсан санаатай юм. Өмнөговь аймгаас гараад явж байх замдаа жолооч Болорчулуун, түүний эхнэр бид нарыг гаргаж өгсөн айлын хүнтэй нийлээд архи хувааж уугаад Улаанбаатар хот руу гарсан. Ослын улмаас миний хүзүү ташуу хугаралтай, баруун талын хавирга ардаа 7 хавирга хугаралтай, элэг бяцарсан, уушиг бяцарч унасан зэрэг гэмтлүүд учирсан. Одоо бүгд зовиуртай байгаа. Би дүгнэлттэй танилцлаа, миний хувьд дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дээрх ослын улмаас одоогийн байдлаар би өөртөө 5-6 сая орчим төгрөгний эмчилгээ хийлгээд байгаа, цаашид эмчилгээ дахин үргэлжлэх болно. Би машины арын суудал дээр унтаж явсан учраас энэ талаар огт мэдэхгүй байна. Ер нь бол шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний хувьд санал хүсэлт алга, харин учирсан хохирлоо барагдуулж авна. тодорхой хэмжээний баримт бол байгаа. Гэхдээ цаашид эмчилгээ хийгдэх учраас баримтаа цуглуулж байгаад гаргаж өгнө. /хх-ийн 37-38 дахь тал/
Гэрч П.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би нөхөр *******, Хумбаа гэх эгчийн хамт Хумбаа эгчийн машинтай Ц.*******, П.*******, П.******* нарыг гаргаж өгөх гээд Өмнөговь аймгийн угтаж үддэг хаалган дээр уулзаад би тэр гуравт 20 ширхэг хуушуур болон хоол аваачиж өгөөд *******, Хумбаа эгч бид гурав Өмнөговь аймгийн төв рүү буцаад явсан. Ц.*******, П.*******, П.******* нар Ц.*******ы эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна. SM-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ц.******* машин барьж явж байсан болохоор архи согтууруулах ундаа уугаагүй байсан. П.*******, П.******* согтууруулах ундаа уучихсан байсан ба машинд нь пиво харагдаж байсан. Ц.*******, П.*******, П.******* нарыг Өмнөговь аймгаас гарах үед нь цаг агаар бага зэргийн салхитай байсан. Тэгээд тэр өдөр нь маш хүчтэй шороон шуурга болсон. Ц.*******, П.*******, П.******* нарыг Өмнөговь аймгаас гаргаж өгөхөд буюу угтах үдэх хаалган дээр манай нөхөр болох *******, ямаа самнуулсан хүн болох Хумбаа нар байсан, өөр хүн байгаагүй. /хх-ийн 50 дахь тал/
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би эхнэр ******* болон Хумбаа гэх эгчийн хамт Хумбаа эгчийн машинтай Өмнөговь аймгийн угтаж үддэг хаалган дээр Ц.*******, П.*******, П.******* нарыг гаргаж өгөх гэж очоод тэдэнд 20 ширхэг хуушуур болон хоол аваачиж өгөөд *******, Хумбаа эгч бид гурав Өмнөговь аймгийн төв рүү буцаад явсан. Ц.*******, П.*******, П.******* нар Ц.*******ы эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна. SM-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ц.******* эрүүл байсан. П.*******, П.******* нар пиво уусан бололтой машин дотор нь лаазтай пивонууд байсан. Ц.*******, П.*******, П.******* нарыг Өмнөговь аймгаас гарах үед нь цаг агаар бага зэргийн салхитай байсан. Удалгүй буюу тэд нарыг явсны дараахан 10 цагийн үеэс эхлээд шороон шуурга болж эхэлсэн. Өдөр бүр аймар шороон шуурга болсон. Ц.*******, П.*******, П.******* нарыг Өмнөговь аймгаас гаргаж өгөхөд буюу угтах үдэх хаалган дээр манай эхнэр ******* болон Хумбаа нар байсан. Өөр хүн байгаагүй. /хх-ийн 54 дэх тал/
Гэрч П.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр болох Ц.******* болон найз *******ын хамт аймагт ямаа самнаж дуусаад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буцаж явахад нэг мэдсэн машин онхолдсон байсан. Би тухайн үед унтаж явсан. Тэгээд нэг мэдсэн машин дотор онхолдсон байдалтай ухаан орсон. Тэгээд гарч ирэхэд замын хажууд машин зогсоон замын хүнтэй уулзаж, Баярмаад утасдаж хэлсэн. Удалгүй аймгийн эмнэлгийн машин ирж бид гурвыг авч аймгийн эмнэлэгт ирсэн. Машиныг миний нөхөр болох Ц.******* жолоодож явсан. Тухайн машин нь нөхөр Ц.*******ы эзэмшлийн машин бөгөөд 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос авсан. Тэгээд тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж аваагүй байсан юм. Улсын дугаар нь 73-78 УНТ гэсэн SM5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тухайн үед маш хүчтэй шороон шуургатай байсан. Зам үзэгдэх орчин муу харагдаж байсан. Байгалийн үзэгдлээс болсон байж болзошгүй. Манай нөхөр болон цуг явсан найз хоёр ухаан орохгүй байгаа. Унтаж байсан болохоор өөр мэдсэн зүйл байхгүй байна. /хх-ийн 08 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 7077 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.*******ын биед цээж хэвлий хөндийн эрхтний битүү гэмтэл, баруун талын уушгины бүрэн бус авчилт няцрал, баруун талын 1,5,6,7,8,9,10,11-р хавирганы хугарал, зүүн талын 2.4.5-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний эдийн няцрал, хүзүүний 2.3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 83-84 дэх тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.*******ын биед учирсан цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл, баруун талын уушгины бүрэн бус авчилт, няцрал, баруун талын 1.5.6.7.8.9.10.11-р хавирганы хугарал, зүүн талын 2.4.5-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний эдийн няцрал, хүзүүний 2.3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Өмнөговь аймгийн БОЭТ-н 3499 тоот өвчний түүхээс үзэхэд П.******* нь
уг ослын улмаас эмнэлэгт хэвтэж яаралтай журмаар хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын үед элэгний хорт хавдар өвчтэй байсан ба уг ослын үед элэгний хавдар задарсан нь оношлогдсон байна. 3. Дээрх ослын үед П.*******ын биед үүссэн цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл, баруун талын уушгины бүрэн бус авчилт, няцрал, баруун талын 1.5.6.7.8.9.10.11-р хавирганы хугарал, зүүн талын 2.4.5-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний эдийн няцрал, хүзүүний 2.3-нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл нь элэгний хорт хавдар үүсгэхгүй. 4. П.******* нь ослын улмаас Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 4 хоног, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 9 хоног эмчлэгдээд харьяа эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтанд гарсан байх ба ослын улмаас үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шууд үхэлд хүргээгүй байна. 5. Хавдар судлалын үндэсний төвийн 11166 дугаартай өвчний түүхээс үзэхэд П.******* нь / DS: Advanced HCC, T4NxMx, stage IV, Liver and Renal failure / элэгний эсийн гаралтай 4-р үедээ орсон хорт хавдар, үсэрхийлэлгүй хэлбэр, элэг бөөрний дутагдал оношоор хөнгөвчлөх эмчилгээ хийгдэж байгаад нас барсан гэжээ. /хх-ийн 94-95 дахь тал/
2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн материалтай танилцаж, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж тавьсан асуултын дагуу дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: Хариулт №1 a/ 73-78 УНТ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцон учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн хэсгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт №2 6/ Тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 73-78 УНТ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас гарсан байна. Хариулт №3 в/ Тухайн зам тээврийн осол нь 73-78 УНТ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12,3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Гэснээр дүгнэлт 2 хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн 00 тоот өрөөнд 13:10 минутад гаргаж материалд хавсаргав. /хх-ийн 110-111 дэх тал/
Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болох үед үзэгдэлт хангалтгүй маш их шороон дунд гэнэт орсон. Тухайн шороон шуурганд ороход тээврийн хэрэгслийн копутнаас өөр ямар нэгэн зүйл харагдахгүй шороо шуураад ирэхээр нь тормос гишгэтэл машин дайвалзаад тэнцвэр алдаж эхэлсэн. Би машиныг тэнцвэрийг олуулах гэж байтал машины дугуй засмал замын шороон далан хэсгээр явж байгаа нь мэдэгдээд шороо шажигнаад дуугараад ирсэн. Тэгээд машин шууд онхолдсон. Тэгээд нэг мэдсэн чинь машины дөрвөн дугуй дээшээ харсан байсан. Би урьд өмнө нь говь нутагт ирж байгаагүй. Гэнэт тийм хэмжээний хүчтэй шороо босдог гэдгийг огт мэдэхгүй байсан учраас туршлага дутсан байх. Би 70-80 километр цагийн хурдтай явж байгаад шороон шуурганд ороод юу ч харагдахгүй болохоор нь тормос гишгэсэн. Би архи дарс уусан зүйл огт байгаагүй. Тухайн осол болсон дараа *******тай утсаар байнга ярьж байсан. *******тай ярихад бол хэдэн хавирга хугарсан хүзүүндээ гипс хийлгэсэн гэж хэлж ярьдаг байсан. Мөн элэг сайн болж өгөхгүй элэг дээшээ томроод гэдэс төмбийгөөд байна. Хавдар судлалын эмнэлэгт очиж хэвт гээд байна. Миний хавирганы хугарал гэмтлээ гайгүй болохоор хавдар судлалын эмнэлэгт очиж хагалгаанд орно гэж хэлж ярьж байсан. Мөн осол болсон дараа би Улаанбаатар хотод эмнэлэг дээр байхад нь уулзахад талийгаач өөрөө босоод явж байсан. Тухайн үед мөн дээрх зүйлсийн талаар ярьж байсан. Мөн 07 дугаар сарын эхээр наадмын өмнө би утсаар ярихад Хэнтий аймаг орж групп тогтоолгоод эргээд Дархан аймагт гэртээ ирчихсэн байна гэж ярьж байсан. Тухайн үед бид хоёр видео каллаар ярихад талийгаач босоод явж байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байхдаа элэгний өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаад гарч байсан. Тухайн үед ямар онош өвчнөөр хэвтэж байсан талаар мэдэхгүй байна. Тэрнээс хойш бид хоёр хааяа ярихад би элэгний хавдартай одоохондоо эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа гэж ярьдаг байсан. Тухайн үед бол талийгаач өөрөө хэлэхдээ элэгний хавдрын 1-2 дугаар үедээ яваа гэж ярьдаг байсан. Талийгаач хэлэхдээ элэгний хавдартай 3 дугаар шатандаа орсон байна гэж хэлж байсан гэсэн. Би осол болсон дараа нэг хэсэг шокын байдалд ороод ухаан санаагаа алдаад осол болсноос хойш 6 хоногийн дараа орчиндоо харилцаанд орсон. Би осол болон дараа талийгаачийг машинаас татах ухаан санаа байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш ямар нэгэн зүйл огт санахгүй байж байгаад 6 хоногийн дараа Налайх дүүргийн эмнэлгийн нэг тасагт дусал залгуулсан байдалтай хэвтэж байснаа санаж байна. Осол болсноос ухаан орох хүртэл хугацаанд болсон зүйлийг санахгүй байна. Тухайн осол бол байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалан санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарсан. Иймд миний хийсэн хэрэгт хөнгөн ял оноохыг хүсэж байна. /хх-ийн 118-119 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 13 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 14 дэх тал/
Жолоочийн лавлагаа /хх-ийн 20 дахь тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23 дахь тал/
Хохирогч П.*******ын өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 122-250 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 68 дахь километрт буюу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 73-78 УНТ улсын дугаартай Samsung SM-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтыг тус тус зөрчин осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч П.*******ын: 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санагдаж байна. Би Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хот руу найз Болорчулууны эзэмшлийн жижиг тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед Болорчулуун өөрөө машинаа барьж явсан бөгөөд хажууд нь Болорчулууны эхнэр суугаад харин арын сандал дээр ганцаараа унтаж явсан юм. Гэтэл юунаас болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотын эмнэлэгт ирж ухаан орсон. Өмнөговь аймаг орж ямаа самнаад буцаж явсан санаатай юм. Өмнөговь аймгаас гараад явж байх замдаа жолооч Болорчулуун, түүний эхнэр бид нарыг гаргаж өгсөн айлын хүнтэй нийлээд архи хувааж уугаад Улаанбаатар хот руу гарсан. Ослын улмаас миний хүзүү ташуу хугаралтай, баруун талын хавирга ардаа 7 хавирга хугаралтай, элэг бяцарсан, уушиг бяцарч унасан зэрэг гэмтлүүд учирсан. /хх-ийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ийн: ...Харин ******* Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Өмнөговь аймаг руу айлын ямаа самнах гэж найзуудын хамт явж байгаа талаараа утсаар хэлж байсан. Зам тээврийн осол аваарт орсон гэдгийг мэдэж Дархан-Уул аймгаас Өмнөговь аймагт ирсэн. ...Талийгаачтай цуг явсан ******* гэх залууг танина манай нөхрийн найз нь байсан юм. Баримт нэг бүрийг цуглуулж байгаад нэхэмжилнэ гэсэн бодолтой байна. Талийгаачийн найз Болчулуун нь эмчилгээ хийлгэж байхад 1,000,000 дансаар шилжүүлсэн. Түүнийг эмчилгээ хийлгэхэд зарцуулсан. /хх-ийн 29 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч П.*******ын: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би нөхөр *******, Хумбаа гэх эгчийн хамт Хумбаа эгчийн машинтай Ц.*******, П.*******, П.******* нарыг гаргаж өгөх гээд Өмнөговь аймгийн угтаж үддэг хаалган дээр уулзаад би тэр гуравт 20 ширхэг хуушуур болон хоол аваачиж өгөөд *******, Хумбаа эгч бид гурав Өмнөговь аймгийн төв рүү буцаад явсан. Ц.*******, П.*******, П.******* нар Ц.*******ы эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна. SM-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ц.******* машин барьж явж байсан болохоор архи согтууруулах ундаа уугаагүй байсан. П.*******, П.******* согтууруулах ундаа уучихсан байсан ба машинд нь пиво харагдаж байсан. /хх-ийн 50 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.*******гийн: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би эхнэр ******* болон Хумбаа гэх эгчийн хамт Хумбаа эгчийн машинтай Өмнөговь аймгийн угтаж үддэг хаалган дээр Ц.*******, П.*******, П.******* нарыг гаргаж өгөх гэж очоод тэдэнд 20 ширхэг хуушуур болон хоол аваачиж өгөөд *******, Хумбаа эгч бид гурав Өмнөговь аймгийн төв рүү буцаад явсан. Ц.*******, П.*******, П.******* нар Ц.*******ы эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна. SM-5 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ц.******* эрүүл байсан. П.*******, П.******* нар пиво уусан бололтой машин дотор нь лаазтай пивонууд байсан. Ц.*******, П.*******, П.******* нарыг Өмнөговь аймгаас гарах үед нь цаг агаар бага зэргийн салхитай байсан. Удалгүй буюу тэд нарыг явсны дараахан 10 цагийн үеэс эхлээд шороон шуурга болж эхэлсэн. /хх-ийн 54 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч П.*******ийн: Би нөхөр болох Ц.******* болон найз *******ын хамт аймагт ямаа самнаж дуусаад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буцаж явахад нэг мэдсэн машин онхолдсон байсан. Би тухайн үед унтаж явсан. Тэгээд нэг мэдсэн машин дотор онхолдсон байдалтай ухаан орсон. Тэгээд гарч ирэхэд замын хажууд машин зогсоон замын хүнтэй уулзаж, Баярмаад утасдаж хэлсэн. Удалгүй аймгийн эмнэлгийн машин ирж бид гурвыг авч аймгийн эмнэлэгт ирсэн. Машиныг миний нөхөр болох Ц.******* жолоодож явсан. /хх-ийн 08 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ын биед цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл, баруун талын уушгины бүрэн бус авчилт, няцрал, баруун талын 1.5.6.7.8.9.10.11-р хавирганы хугарал, зүүн талын 2.4.5-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний эдийн няцрал, хүзүүний 2.3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 7077 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 950 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь Хавдар судлалын үндэсний төвд элэгний эсийн гаралтай 4-р үедээ орсон хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 9 хоног эмчлэгдээд харьяа эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтанд гарсан байх ба ослын улмаас үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шууд үхэлд хүргээгүй байна. ...11166 дугаартай өвчний түүхээс үзэхэд П.******* нь / DS: Advanced HCC, T4NxMx, stage IV, Liver and Renal failure / элэгний эсийн гаралтай 4-р үедээ орсон хорт хавдар, үсэрхийлэлгүй хэлбэр, элэг бөөрний дутагдал оношоор хөнгөвчлөх эмчилгээ хийгдэж байгаад нас барсан гэжээ. /хх-ийн 94-95 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нас барсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр С.*******ийг тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцон учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн хэсгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт №2 6/ Тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 73-78 УНТ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас гарсан байна” /хх-ийн 110-111 дэх тал/ гэх бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ц.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Эмчилгээний зардал болон оршуулгын зардалд 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаачийг өвчтэй байхад 1.000.000 төгрөг өгснийг эмчилгээнд зарцуулсан. Хурлаас өмнө 1.500.000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг гаргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 24.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон талаараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 24.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 4 дэх хэсэгт “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн нэмэлт өөрчлөлтүүд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан ба тухайн гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгджээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэж заасан тул шүүх шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд байгуулсан тохиролцоо нь дээр дурдсан хуулиудыг зөрчөөгүй байна гэж үзэж талуудын тохиролцооны дагуу шүүх шийдвэрээ гаргасан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.700.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.700.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.*******ы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 98 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 97 дахь тал/ зэрэг баримтаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч Ц.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмнө нь ял шийтгэлд холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн зүйл хэсгийн 1.2-т нь заасны дагуу тодорхой хэмжээнд учирсан хохирлыг нь тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* ... Хохирлоо барагдуулж авахын тулд тэнсэх нь илүү тохиромжтой болов уу? гэж бодож байна гэх тайлбар тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох тухай улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т 2.700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* / Дархан-Уул аймаг 15 дугаар багийн 6 дугаар хэсгийн 22 тоотод оршин суух/-т олгож, шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 2.700.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Сүхбаатарын Уянгад буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******т 2.700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА