| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/01 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ж овогт Б-А-ийн Гэд холбогдох эрүүгийн 2335000000289 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............... өдөр Ховд аймгийн ............. суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл ...................... хамт амьдардаг, Ховд аймгийн ............. сумын ............... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Б-А-ийн Г, (Регистрийн дугаар: ......................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутаг Сангийн далай гэх газарт иргэн Ц.Ц-ын шүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутаг Сангийн далай гэх газарт иргэн Ц.Ц-ын шүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 491 дугаартай “...Үзүүлэгч Ц.Ц-ын биед үүдэн дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, доод уруулын салстад зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Үүдэн дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Үүдэн дээд 3 шүдний булгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна. Ц.Ц-ын үүдэн дээд зүүн 2 дугаар шүд өмнө нь буюу хуучин унасан байсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
4. Хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... гаднаас Б.Г болон Хадаа нар орж ирсэн, тухайн үед тэр хоёр хоорондоо бага зэрэг маргалдаж байсан, тэгээд би та хоёр юундаа маргаж хэрэлддэг юм, одоо больцгоо гэж хэлэхэд Б.Г өөрийн баруун гараараа миний шүд хэсэгт нэг удаа цохисон, тэгээд гэрт байсан Х.Н- боль гэж хэлэхэд Б.Г гэрээс гараад явчихсан, тэгээд миний амнаас цус гараад байхаар нь цаасаар амаа арчаад үзэхэд дээд талын үүдэн 3 шүд унаад ирсэн, би Ц.Гийг чи яаж байгаа юм бэ, миний шүд уначихлаа гэж хэлэхэд эхлээд би цохиогүй гэж байснаа сүүлд нь цохисноо хэлсэн, тэгээд би унасан шүдээ үзүүлсэн, тэгэхэд Ц.Г та бид хоёр муудалцах ёсгүй их муухай зүйл боллоо гэж хэлж байсан...Б.Г нь надад учирсан хохирлыг миний буйл гүйцэд эдгэхээр шүд хийлгэж хохирол нөхөн төлөхөөр болсон, харин аймаг явж эмнэлэгт, шүүх эмнэлэгт үзүүлэх болон ирж очих зардлыг бүгдийг нь хариуцсан, надаар нэг ч мөнгө төгрөг гаргуулаагүй юм. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-14 дэх тал);
5. Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.... гэнэт Ц.Ц- миний шүдийг цохичихлоо гээд орилтол гаднаас түүний хүү Ц.Д- орж ирсэн, тэгээд харахад 3 шүд унаад ирлээ гэсэн, тэгээд би цаас аваад өгөхөд түүний хүү Ц.Д- цаасыг аваад тухайн шүднүүдийг цаасанд хийгээд авч байх шиг байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал);
6. Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Б.Г би хүнийг ганц цохидог хүн гэж хэлээд аавын шүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход аавын амнаас цус гараад 3 ширхэг шүд унаад ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал);
7. Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Ц.Ц- бид хоёр архи ууж байхад шүд нь зүгээр байсан... харин 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзахад үүдэн 3 шүд нь байхгүй байсан, асуухад Б.Г цохисон гэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
8. Шүүгдэгч Б.Гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд “Үүдэн дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 491 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Б.Гийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
10. Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ц- нь “...Б.Г нь надад учирсан хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн нь хавтаст хэргийн 60 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Б.Гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Гэд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.Гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-А-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА