| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц- овогт Ц-гийн Б-т холбогдох эрүүгийн 2435000000001 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............. өдөр Увс аймгийн ............................ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............................ сумын ...................багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц- овогт Ц-гийн Б-, (Регистрийн дугаар: .....................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Увс аймгийн ............................ сумын 2 дугаар багийн нутагт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой хэсэгт 30 см урттай дорцовоор цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Увс аймгийн ............................ сумын 2 дугаар багийн нутагт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой хэсэгт 30 см урттай дорцовоор цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал);
2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай “...Үзүүлэгч Д.Бын биед учирсан гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний 00 цаг 15 минутад үүсчихсэн байсан талаар түүний амбулаториор үйлчлүүлэгчдийн картад эмчийн үзлэгээр бичигдсэн байна. Д.Бын биед толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Бын амбулаторийн картад дээрх гэмтлүүд учирсан талаар бичигдсэн байна. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд гавал тархины бүтцийн өөрчлөлт бүхий гэмтэл илрээгүй байна. Д.Бын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал);
4. Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Тухайн хүн ирээд бид хоёр машинд суугаад хүргүүлэх гээд явсан бөгөөд замдаа тэр хүн намайг чи хэн билээ харж байгаагүй сонин нөхөр вэ? Хаанаас ирсэн хэн гэдэг нөхөр вэ? энэ тэр гээд намайг шалгаагаад байсан. Тэгээд замдаа машины жолооч дэлгүүр дээр зогсоод 2 лааз сэрүүн нэртэй пиво, 0.5 граммтай нэг шил архи аваад гарч ирээд машинаа хөдөлгөөд хорооллын захад гарч зогсоод тухайн пиво, архийг гурвуулаа хувааж уусан. Тэгж байгаад тухайн жолооч дахиад надтай хэл амаар маргаж эхэлсэн. Намайг бадрангуй банди вэ, гэж хэлээд уурлаад тэгж байхад намайг гэрээс ирж авдаг нөхөр утсаар яриад буусан хойгуур жолооч ах араас нь буугаад машиныхаа багаажаас юм аваад миний сууж байсан талын хаалга онгойлгох гэхэд нь би дотроосоо цоожилсон, тэгж байснаа би за болъё гарч явъя гэж бодоод хаалгаа онгойлгоод гарахдаа халтирч унаад өндийхөд миний толгойны орой хэсэгт юмаар цохиж толгой хагалсан, тэр хооронд би манараад нэг мэдэхэд намайг заамдаад боож байхыг санаж байна, тэрхэн хооронд манараад жолоочийг чи миний толгой хагалчихлаа шүү дээ залуу гэхэд юм дуугарахгүй машинаа асаагаад явчихсан. Түүний дараа намайг ирж авсан хүн гэрт хүргэж өгсөн юм. Би тухайн хүмүүсийг танихгүй. Урьд өмнө нь харж, уулзаж байгаагүй огт танихгүй хүмүүс байсан. ............................ суманд надад таних хүн ахаас өөр байхгүй. Намайг тухайн үед ирж авсан хүн бол надад халдаж зодсон зүйл байхгүй. Харин Шатахуун түгээх станц дээрээс ирж авсан жолооч миний биед халдаж зодсон, толгой хагалж хэл амаар доромжилсон. Би тухайн хоёр хүний биед халдаж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);
5. Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.... Би 2023 оны 11 сарын 30-ны орой гэртээ байгаагүй. ...23 цаг 30 минут орчимд гэрээс миний охин Б.Э- утсаар залгаад ах толгой нь хагарсан хүнд зодуулсан юм шиг байна, та хүрээд ирээч гэсэн ба тэр даруйдаа ажлаа орхиод гэрт очиход миний төрсөн дүү Д.Бын толгойны орой хэсгээс цус гарсан байдалтай байсан бөгөөд би дүүгээ аваад сумын эрүүл мэндийн төв дээр авч очиж анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Миний дүүгийн толгойн орой хэсэгт эмч 5 оёдол тавьсан гэсэн, би өөрөө дагаж ороогүй манай эхнэр харж байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал);
6. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Д.Быг аваад хэдэн үхрийн сураг гаргах санаатай ламд очиж үзүүлээд хэрэглэх юм аваад хорооллын захад гүн жалганд очиж хэрэглээд Ундарга шатахуун түгээх станц дээр буугаад тухайн машинаа явуулаад дараа нь би Оогий буюу Ц.Б гэх хүн рүү залгаад хаана байна ах колонк дээр хүрээд ирээч гэж дуудсан. Удалгүй ирсэн бөгөөд бид хэд хамт суугаад О ах дэлгүүр орж нэг шил 0.5 литр хэмжээтэй архи авсан, нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хамт машинтай яваад Шандын жалгын орой хэсэгт очиж зогсоод архиа хувааж уусан. Тэгж байтал Оогий ах Д.Б луу томорч эхэлсэн, чи хаанаас ирсэн гар вэ? Энд юу хийж яваа юм гээд эхэлсэн, хэсэг муудаж байгаад овоо учраа олоод танилцаж гар бариад байж байсан, би машинаас гараад утсаар ярьж байтал хэсэг хугацааны дараа машины хаалга саваад тас нис болоод зодоон болсон, би шууд очоод тэр хоёрыг салгахад Д.Бын толгой хагарсан цус гоожиж байсан, О ах дээрээс нь боох маягтай байхад нь салгасан. ... Эмнэлэгт дотрын эмч ирж үзэж тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. Миний дуудсан Оогий ахыг Ц.Б гэдэг бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй ............................ сумын 2-р багт амьдардаг хүн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал);
7. Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Ирэхдээ ах ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, архи дарс уугаагүй эрүүл саруул ирсэн. 21-22 цагийн хооронд хүнтэй утсаар яриад нөгөөх нь одоо гараад ир гэсэнд ах хоолоо ч идэлгүй гарсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрч орой 23 цаг өнгөрч байхад шиг санаж байна, ирж авсан өндөр танихгүй ах манай ахыг дагуулаад орж ирсэн юм. Тэгэхэд ахын толгойноос цус гарсан, толгой нь хагарчихсан тэр хоёр согтуу архи үнэртүүлсэн ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
8. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Эрүүл мэндийн төв дээр дуудагдаж ирэхэд Д.Б гэгч толгойноос нь цус гарч хатсан, артерийн даралт үзэхэд 180-тай, амин үзүүлэлтүүд хэвийн, орчиндоо харьцах чадвар хэвийн согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан. Тухайн шархыг үзэхэд толгойны орой хэсэгт 3 см орчим язарсан оёдол тавих шаардлагатай байсан бөгөөд хэсгийн мэдээ алдуулж 5 ш оёдол тавьж ариутгалын боолт хийгээд ажиглалтад авахаар ар гэрт нь хүлээлгэж өгсөн юм. Тухайн эмчлүүлэгч нь хүнээр зодуулсан гэх бөгөөд машины төмөр зүйлээр цохисон талаар хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
9. Шүүгдэгч Ц.Бын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд “толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, тархи доргилт гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Ц.Бын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
10. Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Ц.Б нь надад эмчилгээний зардалд 1.000.000 (нэг сая) төгрөг өгсөн. Цаашид Ц.Боос нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй, гомдолгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 85 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Боос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Бын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.Бт танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Ц.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овогт Ц-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА