Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ийн Гд холбогдох эрүүгийн 2335001820......... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......................... өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт А-ийн Г, регистрийн дугаар:........................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг Сээнэнгийн дэнж гэх нэртэй газраас түлшний 8 м.куб шинэс модыг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгээр тухайн газраас мод бэлтгэхдээ эрхийн бичиг буюу зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж 2.381 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын тээврийн хэрэгслээр .......... сумын төвд байрлах өөрийн хашаа руу тээвлэрсний улмаас байгаль, экологи эдийн засагт 1.900.758 (нэг сая есэн зуун мянга долоон зуун тавин найм) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч А.Г нь Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг Сээнэнгийн дэнж гэх нэртэй газраас түлшний 8 м.куб шинэс модыг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгээр тухайн газраас мод бэлтгэхдээ эрхийн бичиг буюу зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж 2.381 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын тээврийн хэрэгслээр .......... сумын төвд байрлах өөрийн хашаа руу тээвэрлэсний улмаас байгаль, экологи эдийн засагт 1.900.758 (нэг сая есөн зуун мянга долоон зуун тавин найм) төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Г нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.900.758 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1.900.758 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төлөх ёстой байдаг. Иймд хохиролд 5.702.274 төгрөгийг төлөх ёстой бөгөөд түүний төлсөн 1.901.000 төгрөгийг хасаж, үлдэх 3.801.274 төгрөгийг гаргуулж Байгаль орчныг хамгаалах сангийн дансанд төлүүлэх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2.381 м.куб 28 ширхэг шинэс мод болон эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан 1 ширхэг сүхийг хурааж улсын орлого болгох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг эзэмшигч Э.С-т буцаан олгож, шүүгдэгчээс тэдгээрийн үнийг албадан гаргуулж, 3.801.274 төгрөгийн хохирлыг төлөхөд зарцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаангүй оролцож байх тул яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд эхний ээлжид хохирлыг төлж барагдуулсан байгаа. Шүүгдэгч А.Г нь өндөр  насны тэтгэвэрт байдаг бөгөөд хувиараа мод түлээ бэлтгэж, мал маллаж амьдардаг, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа ойлгож ухамсарлаж, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэтгэврийн хөгшин хүн учир надад оногдуулах ялыг торгуулийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

4. Иргэний нэхэмжлэгч Э.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг тайлбар гаргаагүй болно.

Эрүүгийн 2335001820... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө буюу модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-14 дэх тал);

2 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-20 дахь тал);

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн А.Г нь 2023 онд Сээнэнгийн дэнж гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бөгөөд түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж болохгүй, Монгол Улсын Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд дараах 3 тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Иргэн А.Гын дээрх үйлдэл нь уг хуулийн 35.4.1 дэх хэсэгт заасан "Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн" гэдэгт хамаарах ба А.Г нь ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн үг юм. А.Г нь одоогоор учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Манай байгууллагын зүгээс иргэн А.Гаас экологи эдийн засагт учирсан хохиролын үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-42 дахь тал);

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны А/84 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичиг авах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг хэлэлцсэн. Хэрэглээний шинэс модны эрхийн бичиг олгох ажлын хэсгийн хурлаас Увс аймгийн .......... сумын .................... багийн иргэн Ч.А, Ж.Б, Х.Б, Боршоо багийн иргэн Б.Б, Өндөр мод багийн иргэн Б.Банзрагч, Үүрэг нуур багийн иргэн Ж.Д, Б.Г, Хар мод багийн иргэн А.Г, Ж.Б, Ц.А нарт дээрх 50 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичгийг хувааж олгохоор шийдвэр гаргасан. ...Увс аймгийн .......... сумын иргэн А.Г нь хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичиг авах хүсэлт гаргаагүй. Харин 2023 оны 08 дугаар сарын сүүлээр А.Г нь надтай ирж уулзаад түлшний шинэс мод бэлтгэх эрхийн бичиг авах хүсэлт амаар гаргасан. Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А.Гын гаргасан хүсэлтийг үндэслээд Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг Сээнэнийн дэнж гэх нэртэй газраас 8 метр куб хэмжээтэй түлшний шинэс мод бэлтгэх 23-021618 дугаартай эрхийн бичиг олгосон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-48 дахь тал);

5. Гэрч Л.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн .......... сумын Засаг дарга ажилтай. Иргэн А.Г нь 2023 онд Увс аймгийн .......... сумын нутгаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг би мэдэхгүй. Би түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж авч болох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж авч болох талаар хэн нэгэн хүнд зөвшөөрөл өгч байсан удаа байхгүй. ...2023 онд .......... сумын нутгаас хэн, хэн, ямар хэмжээтэй, ямар мод бэлтгэж авах эрхийн бичиг авсан болохыг би мэдэхгүй байна. Тэр талаар Байгаль орчны улсын байцаагч Б.Б-, байгаль хамгаалагч Б.Б- нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

6. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............. сумаас 2023 онд бэлтгэх 50 куб метр хэрэглээний шинэс модны зөвшөөрлөөс хэдэн куб метр модны зөвшөөрөл олгосон эсэхийг би тодорхой сайн мэдэхгүй байна. Учир нь мод бэлтгэх эрхийн бичгийг манай байгаль хамгаалагч Б.Б- бичдэг. Би тус сумын Хар мод багийн иргэн А-ийн Г гэх иргэнийг нэг нутагт хамт амьдардаг гэх үүднээс танина. Иргэн А.Г бид хоёрын дунд төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. Бид нэг нэгэндээ өс хонзон санасан зүйл байхгүй. А.Г нь 2023 онд .......... сумаас хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. А.Г нь Н.С-ын хөрөө рам дээр 4 метр орчим урттай, ойролцоогоор 10 гаруй ширхэг шинэс мод буулгасан байсныг би үзсэн ба тухайн мод нь хэрэглээний мод байсан. Харин хашаанд нь байгаа гэх модыг үзээгүй болохоор надад мэдэх зүйл байхгүй. А.Г нь 2023 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй учир тухайн хөрөө рам дээр байгаа 10 гаруй мод нь хууль бусаар бэлдэж авсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);

7. Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Увс аймгийн .......... сумын төвд Холбооны газарт холбоочноор ажилладаг юм. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай аав А.Г сумын төвөөс .......... сумын .................... багийн нутаг, Сээнэнгийн дэнж гэх газраас ойгоос мод бэлтгэж ирмээр байна, чи нэг өдөр туслаад өгөөч, өчигдөр бэлтгэсэн модоо доош нь зөөмөөр байна гэж гуйсан бөгөөд аав маань надад хэлэхдээ би мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр аав бид хоёр миний мотоцикльтой тухайн газар уруу өглөө 10:00 цагийн үед гараад 12:00 цагийн үед тухайн газарт очсон. Тэнд очиход аав маань урьд өдөр нь ойгоос 4 метрийн урттай, 15-20 ширхэг орчим мод тайраад ойн шугуйд унагачихсан байсан. Тэгээд тэр өдөр аав бид хоёр тухайн моднуудыг ойгоос чирч дамжилдаж ойн гүнээс гаргаж овоолсон. Тэгээд тэр шөнө бид хоёр буцаж сумын төв орж ирсэн бөгөөд тэр өдөр ойд очиж шинээр мод тайрч бэлтгээгүй, урьд өдөр аавын бэлтгэсэн модыг чирч ойгоос гаргасан. Тэр өдрөөс хойш би дахин тухайн газарт очоогүй. Дахиж явах зав гараагүй бөгөөд аав маань ганцаараа яваад тухайн моднуудыг бэлтгэж ирсэн гэж сүүлд хэлж байсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 55-56 дахь тал);

8. Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн үед гэрт хүүхдүүдийн хамт амарч байтал манай сумын А.Г гэх ах ирж надад хандаж Сээнэнгийн дэнж гэх газраас мод бэлтгээд хилийн зурвасын наад талд гаргачихсан байгаа, өнөөдөр хил хаагдана гэж байна, чи ахынхаа мод ачаад ирэх боломж байна уу гэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн “Хюьндай Маяти” маркийн .........УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож А.Г ахтай хамт явсан юм. Тэгээд бид хоёр 17 цагийн үед тухайн мод хураасан газарт /Монгол Улсын хилийн торны наад талд/ очсон. Тухайн газарт 4 метрийн урттай 27 ширхэг шинэс мод тайрч бэлтгэсэн байсан ба бид хоёр тухайн моднуудыг 22 цагийн үед ачиж дуусаад буцаж сумын төв рүү явсан юм. Шөнийн 23 цагийн үед сумын төвд орж ирж А.Г ахын хашаанд ачиж ирсэн бүх модоо буулгаж хураасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

9. Увс аймгийн ......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай "...Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Уг мод нь хуурай /хэрэглээний/ мод байна. Мод 2.381 метр куб болж байна. Дээрх мод нь цэвэрлэгээний огтлолоор бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.900.758 /нэг сая ёсон зуун мянга долоон зуун тавин найман мянга/ төгрөг болж байна. .......... сумын Сээнэнгийн дэнж газар нь ойн сан нь тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-96 дахь тал);

10.  А.Гын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал);

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний авга ах А.Г нь 1961 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1977 онд 8 дугаар анги төгсөж, ........................................ машинист мэргэжлээр төгссөн. 1980-1983 онуудад цэргийн алба хаасан. 1992 оноос Увс аймгийн .......... суманд шилжин ирж суурьшиж амьдрах болсон. Авга ах 2 хүүхэдтэй ба том нь гэр бүл болсон. .......... суманд амьдарч байгаа, бага охин нь Улаанбаатар хотод багшилдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, ар гэртээ халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хорт муу зуршил байхгүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, тусархуу хүн юм. Өөрийн гэсэн хашаа байшинтай, тээврийн хэрэгсэл байхгүй. Авга ах А.Г, түүний эхнэр хоёулаа өндөр насны тэтгэвэр авдаг, тэтгэврээс өөр тогтсон орлого байхгүй. Даралт ихсэж байна гэж хэлж ярьдаг, өөр ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, тэрээр урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал);

2. Прокурорын “эрүүгийн 2335001820... дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, түүнтэй танилцаж, санал хүсэлтгүй гэж бичсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 126-132 дахь тал);

3. А.Гын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Иргэний нэхэмжлэгч Э.С-, шүүгдэгч А.Г нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч А.Г нь Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг Сээнэнгийн дэнж гэх нэртэй газраас 8 м.куб түлшний шинэс мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг авч, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тухайн газраас мод бэлтгэхдээ дээрх эрхийн бичиг буюу зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтаас өөр буюу  2.381 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын тээврийн хэрэгслээр .......... сумын төвд байрлах өөрийн хашаа руу тээвээрлэн, байгаль, экологи эдийн засагт 1.900.758 (нэг сая есэн зуун мянга долоон зуун тавин найм) төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 23-021618 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, хууль бусаар бэлтгэсэн мод, түүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, гэрч Б.Б-, Л.С-, Г.Б-, Э.С- нарын мэдүүлэг, ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн Түргэн сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

Увс аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09/06 дугаартай “Лимит, төлбөр, хураамж тогтоож батлах тухай” тогтоолоор Увс аймгийн .......... сумын нутаг дэвсгэрт 2023 онд ойгоос ашиглах түлш, хэрэглээний модны дээд хязгаарыг баталсан байх бөгөөд хэрэглээний зориулалтаар олгох шинэс модны дээд хязгаарыг 50 м/куб, түлшний зориулалтаар олгох шинэс модны дээд хязгаарыг 400 м/куб байхаар тус тус тогтоосон байна. (Хавтаст хэргийн 84-85 дахь тал),

Шүүгдэгч А.Г нь Увс аймгийн .......... сумын нутаг, “Сээнэнгийн дэнж” гэх нэртэй газраас цэвэрлэгээний ажлын зориулалтаар 8 м/куб эзлэхүүнтэй, түлшний шинэс модыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд бэлтгэж, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тээвэрлэх ........ дугаартай эрхийн бичиг авч, хураамжид 124.000 төгрөг төлсөн болох нь нотлогджээ. (Хавтаст хэргийн 67, 90 дэх тал),

Гэтэл шүүгдэгч А.Г нь дээрх 23-021618  дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанд Увс аймгийн .......... сумын Сээнэнгийн дэнж гэх газраас мод бэлтгэж тээвэрлэхдээ зөвшөөрлийн бичигт заасан “цэвэрлэгээний огтлолтоор түлшний шинэс мод бэлтгэх” зориулалтыг зөрчиж, уг газраас 2.381 м/куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон байна.

Тодруулбал: Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан стандартаар түлшний модны уртыг 2.20 метр байхаар тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан “Модонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Гын 23-021618 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэж, тээвэрлэсэн гэх модны урт нь 2.20 метрээс урт 4 метр гаруй урттай байгаа нь тогтоогдсон тул шүүгдэгчийг зөвшөөрлийн бичигт заасан зориулалт, технологийг зөрчиж, хэрэглээний зориулалтаар шинэс мод бэлтгэсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Гын Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг дэвсгэрт байрлах “Сээнэнгийн дэнж” гэх газрын ойгоос 8 м.куб түлшний шинэс мод бэлтгэх 23-021618 дугаартай эрхийн бичгийн бичгээр 2.381 м.куб эзлэхүүнтэй хэрэглээний шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Г нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг “Сээнэнгийн дэнж” гэх газраас зөвшөөрөгдсөн нэр төрлийг зөрчиж 2.381 м.куб хэрэглээний шинэс модыг бэлтгэн, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бэлтгэсэн модоо Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж,  хашаандаа буулгаснаар гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул А.Гыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Гын хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал, иргэдийг ойгоос мод бэлтгэхэд холбогдох мэргэжилтэн зохих журмын дагуу хяналт тавьдаггүй зэрэг нөхцөл байдлууд шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж тус тус хуульчилжээ.

Увс аймгийн Увс аймгийн Түргэн сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах, Увс аймгийн .......... сумын .................... багийн нутаг “Сээнэнгийн дэнж” гэх нэртэй газрын ойгоос 2.381 мерт.куб эзлэхүүнтэй, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос бэлтгэсэн шинэс модны 1 шоо.метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээг 570.216 төгрөг, хэрэглээний туушийн модны итгэлцүүрийг 1.4 байхаар тус тус тогтоожээ.

Шүүгдэгч А.Гын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 2.381 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход 2.381м3х570.216х1.4=1.900.758 төгрөг буюу шүүгдэгч А.Гын ойн санд учруулсан бодит хохирол 1.900.758 (нэг сая есэн зуун мянга долоон зуун тавин найм) төгрөг болох нь тогтоогдож байна. 

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Гын ойн санд учруулсан бодит хохирол болох 1.900.758 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 5.702.274 (таван сая долоон зуун хоёр мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Г нь ойн санд учруулсан хохирол 5.702.274 төгрөгөөс  1.901.000 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор А.Гаас үлдэх 3.801.274 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд Увс аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2,381 м.куб 28 ширхэг шинэс мод болон хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан 1 ширхэг сүхийг тус тус хурааж улсын орлого болгох, А.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг эзэмшигчид нь буцаан олгож, цахилгаан хөрөөний үнийг шүүгдэгчээс албадан гаргуулж 3.801.274 төгрөгийн хохирлыг төлөхөд зарцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаас А.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч А.Г нь өндөр  насны тэтгэвэрт байдаг бөгөөд хувиараа мод түлээ бэлтгэж, мал маллаж амьдардаг. Өөрөөр хэлбэл оршин суугаа газраасаа гарч мал малладаг учир улсын яллагчийн санал болгож буй зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч А.Г анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа ойлгож ухамсарлаж, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа учир торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч А.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ:  “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Миний бие өндөр настай ч жилийн дөрвөн улиралд мал ахуйгаа хариулж, амьдардаг тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Э.С- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 139 дэх тал), 

-Шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.901.0000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Г нь хувийн байдлын хувьд 1961 онд төрсөн, 62 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр настан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 5 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 1052.7 м2 газар болон хувийн 56м2 орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Гын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 58-59 дэх талд авагдсан гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

7. Иймд шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.901.000 төгрөгийг сайн дураараа төлсөн байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Шүүгдэгч А.Г нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан нэр төрлийг зөрчиж, хууль бусаар 2.381 м.куб, 28 ширхэг хэрэглээний хуурай шинэс модыг бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул уг модыг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр байна.

Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн, 1.900.758 төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээ бүхий, 2.381 м.куб эзлэхүүнтэй, 28 ширхэг шинэс модыг шүүгдэгч А.Гын эзэмшлээс шууд хураан авч, улсын орлогод оруулж, мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Г нь 2.381 м.куб эзлэхүүнтэй, 28 ширхэг шинэс модыг хууль бусаар бэлтгэж, Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Э.С-ын эзэмшлийнх болох нь шүүгдэгч А.Г, иргэний нэхэмжлэгч Э.С- нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 89 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Гын хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан 1 ширхэг цахилгаан хөрөө нь иргэний нэхэмжлэгч Э.С-ын эзэмшлийнх болох нь мөн тогтоогдсон байх бөгөөд эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэл 2.660.000 төгрөгийн, цахилгаан хөрөө 140.000 төгрөгийн үнэтэй болох нь тус тус тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч А.Гын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн Хюьндай Маяти (Hyundai mighty)” загварын ............. УВХ улсын улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө зэргийг тэдгээрийн хууль ёсны өмчлөгч буюу иргэний нэхэмжлэгч Э.С-т буцаан олгож, шүүгдэгч А.Гаас Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.660.000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 140.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, А.Гын ойн санд учруулсан хохирол болох 3.801.274 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай “Хюьндай Маяти (Hyundai mighty)” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун  мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1,4-д зааснаар шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 1.900.758 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 5.702.274 (таван сая долоон зуун хоёр мянга хоёр зуун далан дөрөв) төгрөг төлөхөөс 1.901.000 (нэг сая есөн зуун нэг мянга) төгрөг төлснийг дурдаж, үлдэх 3.801.274 (гурван сая найман зуун нэг мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгийг шүүгдэгч А.Гаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар А.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 28 ширхэг, 2.381 м/куб эзлэхүүнтэй, хэрэглээний хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 15.000 төгрөгийн үнэлгээ бүхий, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн модон иштэй хуучин сүх зэргийг А.Гын эзэмшлээс шууд хурааж, улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг хууль ёсны өмчлөгч, Увс аймгийн .......... сумын 5 дугаар багийн 06-04 тоотод оршин суух, ...................... регистртэй, (Утас:................) Э-ийн С-т буцаан олгож,

-Хюьндай Маяти (Hyundai mighty) загварын .............УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.660.000 (хоёр сая зургаан зуун жаран мянга) төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 140.000 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг тус тус шүүгдэгч А.Гын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, ойн санд учирсан хохирол болох 3.801.274 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 28 ширхэг хуурай шинэс мод битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Э.С-ын эзэмшлийн .............УВХ улсын дугаартай “Хюьндай Маяти (Hyundai mighty)” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА