| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/00318/И |
| Дугаар | 181/ШШ2020/01066 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2020/01066
| 2020 04 22 | 181/ШШ2020/01066 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: тоотод оршин суух Г.Ц /РД:................./-ын
хариуцагч: тоот хаягт оршин байрлах М ХХК/РД:......................./-д холбогдох,
ажилласан хугацааны цалин 2,500,000 төгрөг, 10, 11, 12 сарын сул зогсолтын нөхөн олговор 4,500,000 төгрөг, цалин хөлс хугацаанд нь олгоогүй алданги 690,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 137,990 төгрөг бүгд 7,827,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц тус компанид 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд ажилласан хугацааны цалин болох 2,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сард сул зогсолттой байсан ажил хөдөлмөр эрхлээгүй үеийн нөхөн олговорт үндсэн цалингийн 60 хувиар тооцож гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд цалин хөлс хугацаанд нь олгоогүй алданги болох 690,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож үндсэн цалин болох 2,500,000 төгрөгөөс бодсон. Учир нь 2,500,000 төгрөгийн цалинг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд олгох ёстой байсан боловч олгоогүй байгааг үндэслэж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон 2020 оны 01 дүгээр сарын 20 хүртэлх хугацааны алдангийг нийт 92 хоногоор үржүүлэн бодсон. 2,500,000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй. Г.Ц нь 2019 оны 10 дугаар сард ажилласан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Гэтэл яагаад 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ямар үндэслэлээр ажлаа гүйцэтгэж байхад ажлаас чөлөөлөх тушаал гарсан мөн дээрээс нь удаа дараа дуудсан боловч ирээгүй, утсаа аваагүй, утас нь холбогддоггүй, холбоо барьж чадаагүй гэсэн тайлбар гаргаж байна. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Найрамдалт ханХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ард гэрээ байгуулсан хэсэг дээр Г.Цтай холбогдох хоёр ч утасны дугаар байна. Энэ утасны дугаарууд одоо ч ашиглагдаж байгаа. Нэхэмжлэлд холбоо барих утасны дугаарууд бичигдсэн байна. Гэтэл “М”ХХК-иас утас нь холбогдоогүй, холбоо барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэсэн тайлбар гаргаж байгаа нь илэрхий худал гэж үзэж байна. Мөн МХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Цд 400,000 төгрөгийн цалин олгосон байдаг. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгох ёстой байсан цалинг яагаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон бэ. Мөн дээрээс нь сул зогсолт зарласан байх хугацаандаа МХХК нь 10 хүрэхгүй орчим ажилтан ажиллуулж байсан. Энэ нь мэдээж захиргааны ажилтан болон холбогдох туслах ажилчид байгаа. Үлдсэн 130 орчим ажилтныг 2019 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 5 ээлжийн автобусаар зөөж бүгдийг нь буулгасан байгаа. 5 орчим ажилтан үлдсэн. Г.Ц миний үзэж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын дундуур ээлжийн хүрээнд биш сул зогсолтын үед хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх талаар 4 орчим хоног ажиллаж ирсэн гэж хэлдэг. Тэгэхээр Г.Ц нь 4 хоног ажиллаад ажлаа сул хаяад явсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халсныг зөвшөөрөхгүй, одоо бол зөвхөн цалингаа гаргуулна гэв.
Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Манай компани Дорноговь аймгийн Хатанбулаг сум Халив багт байрлах Элстэйн уурхайд төмрийн хүдэр боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. “М”ХХК нь өөрийн хамаарал бүхий компани болох ”Найрамдалт хаан”ХХК-тай 2018 оны 8 сарын 1-ий өдөр 08/01 тоот “Ажиллах хүч ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ”байгуулсан, “Найрамдалт хаан”ХХК нь мэргэжлийн шаардлага хангасан мэргэшсэн ажилтныг олж, Дорноговь аймгийн “Элстэй”-н уурхайн ажлын байранд ажиллах ажилтантай гэрээ байгуулж, ажлын байраар ханган, ажилтан манай байгууллагын дотоод журам, дүрэм, ХАБ-ын журмын дагуу ажиллах ба Мкомпани ажиллах хүчний цалин хөлсийг олгодог. Г.Ц нь манай компанид 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээ байгуулж хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын байранд заагдсан тодорхой ажил үүргээ доголдолгүй гүйцэтгэж байсан гэсэн уурхайн даргын тайлбар байдаг. Мөн ажил үүргээ чанарын түвшинд гүйцэтгэж байсан хэдий ч ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа сард нийт 20 хоног ажиллах ёстой байтал 2019 оны 07 дугаар сард 12 хоног, 08 дугаар сард 14 хоног, 09 дүгээр сард 18 хоног ажиллаж, дур мэдэн ажлаа байнга орхиж явдаг байсан. Энэ нь уурхайн хөдөлмөрийн дотоод журмын 11, 13 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Мөн 10 дугаар сард уурхайд ирж байж байгаад 5 дахь хоног дээр хэнд ч хэлж ярилгүй машинд суугаад явчихсан. Манай байгууллагаас нэгэнт ирсэн учраас 4 хоногийг ажилласнаар тооцож цалинг олгоё гэж байгаа юм. Г.Ц тэр үеэс хойш уурхайн деспитчер болон уурхайн дарга удирдлагадаа мэдэгдэлгүй ажлаа орхиж явсан,араас нь асууж тодруулах гэхэд байнгын холбоо барих утсаа унтраасан эсвэл утсаа авахгүй байх зэргээр өнөөдрийг хүрсэн.
10 дугаар сард манай компани санхүүгийн асуудалтай байсан учраас уурхайн ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулаагүй, орон тоогоо цөөрүүлж ажилласан, харин инженер техникийн ажилчдаа хамруулаагүй тул ил уурхайн хэсэг ажилчид мөн захиргааны ажилчид ажил үүргээ ээлж дараалан гүйцэтгэж энэ хүмүүс ажлаа хийсэн. Уурхайн туслах ажилчид л хамаарч байсан. Энэ үйл явдал хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн, Г.Цд хамаагүй. Иймд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Цын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн.
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд олгох ёстой байсан 9 сарын цалинг олгоогүй байсан учраас олгохыг зөвшөөрсөн, цалингийн алдангид 92 хоног гэж тооцож алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхээр 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас чөлөөлсөн. Г.Цтай холбоо барих гээд чадахгүй өнөөдрийг хүрсэн. Дээр нь Г.Ц тойрох хуудсаа зуруулаагүй, ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалгүй сураггүй ажил хаяж алга болсон. Тийм учраас тушаал гарсан. Цалинг тойрох хуудсаа бүрдүүлээд өр төлбөрийн асуудлаа тохирсон тохиолдолд олгоход татгалзах зүйлгүй.
Сул зогсолтын 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын мөнгө гэжээ. 10 дугаар сард Г.Ц 5 хоног уурхай дээр ирчээд ажил хаяад явчихсан. Сул зогсолт хийгээгүй. Цалингийн хүснэгтийг нягтлангаас гаргасан. Сарын цалин 2,500,000 төгрөг байгаа. Үүнээс хагас цалинг олгосон. 9 сарын үлдэгдэл цалин 1,830,640 төгрөг, 10 дугаар сарын 4 хоногоор ажилласанд тооцоод 500,000 төгрөгийг төлбөр тооцоогоо дуусгаад тойрох хуудсаа бичүүлсэн тохиолдолд олгоход татгалзах зүйлгүй. Утас нь байхад холбогдохгүй байна гэж худлаа хэлсэн гэж байна. Г.Цтай байгуулсан гэрээ анкет дээрээс холбогдох утсаар нь уурхайн деспичерүүд холбогдох гээд чадаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд бүх ажилчдаа аваад явсан гэж байна. Мэдээж бууж байгаа ажилчдаа авч явна. Зөрөөд ямар байдлаар хэзээ хүмүүс ирснийг одоо хүртэл ажилдаа яваагүй хүн энэ талаар мэдэхгүй. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн баримтуудыг хуурамч мөн хариуцагчийн төлөөлөгч илт худал хуурмаг ярьж байна гэж гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ц 9 дүгээр сарын 20-доор ажлаас буугаад 10 дугаар сард буцаж очоод 5 дахь хоног дээр буцаад явчихсан. 1 ээлж 20 хоног ажилладаг. Өөрөө дур мэдэн ажил хаяж явчихаад компанитай огт холбоо бариагүй. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уурхай дээр очсон мөртлөө 4 хоног ажил хийгээгүй,зүгээр байж байгаад ажлаа орхиод дур мэдэн буцаад явсан. Г.Ц тойрох хуудас, бусад эд зүйл, өр төлбөр, тооцоог дуусгаагүй байсан учраас цалинг олгоогүй байгаа. Тойрох хуудас бөглүүлээд бусад өр төлбөрөө дуусгасан тохиолдолд цалинг олгоход татгалзах зүйлгүй тайлбараа дэмжиж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч “М”ХХК-д холбогдуулан 2019 оны 09 сарын цалин 2.500.000 төгрөг, 10, 11, 12 сарын сул зогсолтын нөхөн олговор 4.500.000 төгрөг, цалин хөлс хугацаанд нь олгоогүй алданги 690.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 137.990 төгрөг бүгд 7.827.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцлоо.
Хариуцагч “М”ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, Г.Цын 2019 оны 9 сарын үлдэгдэл цалин 1,830,640 төгрөг, 10 дугаар сарын 4 хоногийг ажилласанд тооцоод 500,000 төгрөгийг төлбөр тооцоогоо дуусгаад тойрох хуудсаа бичүүлсэн тохиолдолд олгоход татгалзах зүйлгүй гээд ажиллаагүй хугацааны цалин болон сул зогсолтод хамаарахгүй, ажлаа хаяж явсан тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг үл зөвшөөрч маргасан.
“М”ХХК нь ”Найрамдалт хаан”ХХК-тай 2018 оны 8 сарын 1-ий өдөр 08/01 тоот “Ажиллах хүч ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ”байгуулсан, “Найрамдалт хаан”ХХК нь мэргэжлийн шаардлага хангасан мэргэшсэн ажил горилогчийг олж танилцуулах, Дорноговь аймгийн “Элстэй”-н уурхайн ажлын байранд ажиллах ажилтантай гэрээ байгуулж, ажлын байраар ханган, байгууллагын дотоод журам, дүрэм, ХАБ-ын журмын дагуу ажиллах, зуучлагч нь үйлчлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар тохиролцжээ. “М”ХХКомпани ажиллах хүчний цалин хөлсийг олгодог талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчээс “М”компанид холбогдуулсан шаардлагыг хариуцагч тал Г.Цыг өөрийн ажилтан гэж ажил олгогч болохоо хүлээн зөвшөөрч, ”Найрамдалт хаан”ХХК-д хамааралгүй гээд ажил олгогчийн хувьд мэтгэлцээнд оролцсон тул зохигч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа бий болсон гэж үзсэн болно.
Г.Ц 2019 оны 6 сарын 10-ны өдөр “Элстэй”-н уурхайн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар байнгын ажлын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээг 1800000 төгрөгийн цалин хөлс тохирч, байгуулан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан ба ажилтанд 2019 оны 7 сарын 1-ий өдрийн тус уурхайн даргын тушаалаар, 2-р шатлалын 2500000 төгрөг болгон цалинг нэмсэн, 2019 оны 9 сар болон 10 дугаар сард ажилласан цалин олгогдоогүй, Г.Ц 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрөө унаа олж уурхайн ажлаасаа Улаанбаатар хот явснаас хойш ажилдаа очоогүй үйл баримт бий болсон байна.
Г.Ц “М”компаниас 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд ажилласан хугацааны цалин хөлсөнд 2,500,000 төгрөг, 2019 оны 10, 11, 12 дугаар сард сул зогссон үеийн нөхөн олговорт үндсэн цалингийн 60 хувиар тооцож 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 сарын цалин хөлсний 60 хувь 1500000 төгрөг, 11 сарын 60 хувь 1500000, 12 сарын 60 хувь 1500000 төгрөг бүгд 4500000 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож, үндсэн цалин болох 2,500,000 төгрөгөөс тооцон, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд цалин хөлс хугацаанд нь олгоогүй 92 хоногийн алдангид 690,000 төгрөг бүгд 7 690 000 төгрөг шаардсаныг, хариуцагч тал уурхайн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан сул зогсоогүй хэвийн ажиллаж байсан, Г.Ц ямар нэг чөлөө зөвшөөрөлгүйгээр сарын ажиллах хоногийг дутуу ажиллаж, 2019 оны 10 дугаар сарын 05-нд дур мэдэн ажлаа хаяж явсан, байгууллагатай ямар нэг байдлаар холбоо бариагүй, өөртэй нь холбогдох гэхэд утсаа аваагүй, холбогдохгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тухай тушаал ирүүлэн, 2019 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг ажилласан хоногоор шимтгэл тооцон олгохыг хүлээн зөвшөөрч, ажилдаа ирээгүй, холбогдохгүй байсан тул алднги хариуцах үндэсгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 2.7-д ажил амралтын хугацаа 21/10 хоног байна гэж байх ба 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд ажилласан хугацааны цалин 2,500,000 төгрөг шаардсаныг хариуцагч тал дутуу 18 хоног ажилласны 2 250 000 төгрөгөөс олгосон 419360 төгрөгийг хасч тооцон, үлдэх 1 830 640 төгрөг өгнө гэсэн нь нэхэмжлэгч тал энэ тайлбарыг үгүйсгээгүй, гэрээнд зааснаар нэхэмжлэгч бүтэн ажилласан байдлаа нотлоогүй тул компанийн санхүүгийн цалингийн задаргаа/хэргийн 30, 52, 56/баримтаар нотлогдож байгаа дүн 1 830 640 төгрөгөөр 9 сарын цалин хөлс, мөн талууд маргаагүй үйл баримтаар 10 сарын 4 хоног ажилласан 500 000төгрөгийн цалинг тус тус гаргуулах үндэстэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн гэрээний 2.10-т “цалинг сарын сүүлийн өдрөөр тасалбар болгож, дараа сарын 10-15 өдрийн хооронд олгоно.”гэж тохирсноор ажил олгогч 2019 оны 9 сарын цалинг 2019 оны 10 сарын 15, 10 сарын цалинг 11 сарын 15-ны өдөрт тус тус багтаан олгох үүрэгтэй байх ба нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн 2020 оны 1 сарын 10 хүртэл 9 сарынхыг 86 хоног, 10 сарынхыг 55 хоног олгоогүй, Г.Цыг ажлаа хаяж явсан холбогдохгүй байснаас ажлаас чөлөөлсөн тул тооцоо дууссаны дараа цалинг олгоно гэж байгаа нь ажилтны ажилласан хугацааны цалин хөлсийг олгохгүй байх үндэслэл болохгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4.”Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.”гэж зааснаар Г.Цын ажилласан 2019 оны 9-10 дугаар сарын цалин бүгд 2 330 640 төгрөг, алдангид 554 805,12 төгрөг бүгд 2 885 445,12/хоёр сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун дөчин тав/төгрөгийг хариуцагчид хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.“гэж заасан.
Нэхэмжлэлээр, 2019 оны 10, 11, 12 дугаар сард сул зогссон үеийн олговор гэж шаардсан шаардлагын үндэслэл болгож нэхэмжлэгч тал ямар нэг баримт ирүүлээгүй бөгөөд хариуцагч тал шаардлагыг үл зөвшөөрч, Г.Цын ажил албан тушаал сул зогсолтод хамаараагүй, хэвийн ажиллаж байхад ямар нэг зөвшөөрөлгүй, хэлж мэдэгдээгүй дур мэдэн ажил хаяж явсан гэж маргаж, 2019 оны 9 сарын 20-ны өдрийн “М”ХХК-ийн ерөнхий захирлын 01/00/505 дугаар “Элстэй”уурхайн захиргаанд “Мэдэгдэл хүргүүлэх тухай”нэртэй ирүүлсэн тушаалд,”..компани өөрийн орлогоороо санхүүгээ бүрдүүлэх болсонтой холбогдуулан уурхайн удирдлага болон инженер техникийн ажилчдыг хэвийн ажиллуулах, бусад үйлдвэрийн болон туслах ажилчдын тоог цөөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж.., хэнийг ч албан тушаал бууруулах болон ажлаас халахгүй байхыг мэдэгдсэн”байгаа нь Г.Цын буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын улмаас нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй гэх байдал тогтоогдохгүй байна.
2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Г.Цыг ажлаас чөлөөлсөн шинэ үйл баримт бий болсон байх тул иргэний хэрэг үүсгэсэн маргаанд хамааралгүй хууль зүйн өөр фактад дүгнэлт хийх боломжгүй.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлээр шаардаж буй 2019 оны 9 сард бүтэн ажилласан гэх байдал болон 2019 оны 10 сараас 2019 оны 12-р саруудад ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолт гарсан тухай баримтгүй, нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасан мэтгэлцээний үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд хариуцагч “М”ХХК-иас 2019 оны 9-р сарын цалин 1 830 640 төгрөг, 10 дугаар сарын цалин 500 000 төгрөг буюу олгогдоогүй цалин хөлс бүгд 2 330 640 төгрөг, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алдангид 554 805,12 төгрөг бүгд 2 885 445,12/хоёр сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун дөчин тав/төгрөгийг хариуцагч “М”компаниас хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 4 804 555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”гэж заасан тул олгох цалин хөлснөөс зохих журмын дагуу шимтгэл хураамжийг холбогдох ббайгууллагад тооцон төлөх нь хуульд нийцнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцах дүнгээр тооцон хариуцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118, 128 дугаар зүйлийн 128.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1., 56 дугаар зүйлийн 56.128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч МХХК-иас олгогдоогүй цалин хөлс, түүний алдангид 2,885,445.12/хоёр сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун дөчин тав/төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгон, нэхэмжлэлээс үлдэх 4,804,555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч МХХК нь цалин хөлс, сул зогсолтын олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох байгууллагад төлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,990 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 137,990 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГ,ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ