Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг /ҮД:0223/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Р-ын Гт холбогдох эрүүгийн 2317000000100  дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 25-нд *** аймгийн *** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт *** аймаг ** сум, ......... дугаар баг ...............  тоотод оршин суух, *** машинч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овогт Р-ын Г /РД:................../

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын *****-ны өдрийн***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

мөн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

                                                                   Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төгрөг дэлгүүрийн орчим  иргэн Б.Бтэй маргалдан улмаар түүний хамар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын угалзанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000100 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Р.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарны 30-ны өдөр би хамтран амьдрагч Д.Оийн хамт Төгрөг нэртэй дэлгүүр ороод 0,5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи нэг шилийг аваад Т.Лгийн гэрт очоод Д.О бид 3 хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед бид 3 гараад Төгрөг дэлгүүрийн хойд талд зогсож байтал Т.Лгийн хүү болох Б.Б хүрээд ирэх шиг болсон. Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор бид хэд дээр ирээд юу ярьж байсныг нь сайн санахгүй байна.  Ямар ч байсан Б миний хацарт 1 удаа цохисон тэгэхээр нь зөрүүлээд хамар хэсэгт нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 хуудас/

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын  Сэвхүүл гэх газар адуу малаа хураачихаад орой 22 цагийн үед сумын төв ортол манай хэдэн дүү нар гэртээ байсан. Ээжийг асуутал сая хүмүүстэй цуг гараад явсан гэхээр нь  араас нь гартал дэлгүүрийн хойд талд ээж хэдэн хүмүүсийн хамт зогсож байхаар нь би ээжийг дуудаад гэртээ ор гэтэл хамт зогсож байсан Г нь би Р-ын Г байна, намайг дууддаг хэн бэ чи гээд орилоод хүрээд ирэхээр нь би чамайг дуудаагүй ээжийгээ дуудсан юм гэтэл намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би чамтай муудмааргүй байна гэтэл намайг цохих гээд далайхаар нь би өөрөөсөө түлхээд холдуулаад гэрлүүгээ алхаж байтал араас ирээд дахиж ирээд заамдсан. Тэгээд гайгүй учраа олоод зогсож байтал манай ээж Т.Л, Д.О нар ирээд муудаад байгаа юм уу гэхээр нь би үгүй гэтэл Г нь шууд хамар хэсэгт цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

3. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд орой 21 цагийн үед  бид гурав гараад Төгрөг дэлгүүрийн хойд талд зогсож байтал Б.Б ирээд Гт хандаж энэ айлд ажил явдал гарчихаад байхад чи орилж хашгираад байх юм, аавынхаа нэрийг гаргалаа, чиний шоронд явсан чинь хэнд хамаатай юм гэх мэтээр Гийг загнаж байгаад газар хавсраад унагаасан. Тэгтэл Г босож ирээд гараараа Бийг нэг удаа нүүр хэсэгт нь цохичихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дугаар хуудас/

4. Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгээд 21 цагийн үед Төгрөг дэлгүүрийн хойно зогсож байтал манай хүү Б.Б ирээд ээж хаашаа явах гээд байгаа юм гэртээ орьё гэтэл Г Бөд хандаад агсраад эхэлсэн. Тэгтэл манай хүү Б миний хөгшин согтуу байна одоо гэртээ орж амар гэтэл би чам шиг юмаар заалгах юм уу гээд агсраад өөдөөс нь дайрсан чинь Б Гийг хавсраад газар унагаасан. Г босож ирээд Бийн хамар хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл манай хүүгийн баруун талын хамар сэтэрсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/

5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 259 дугаартай дүгнэлтэд:

-Б.Бийн биед хамрын угалзад шарх гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. (хх-ийн 28-29 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Р.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-ийн 44 дугаар хуудас, 47-68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 259 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Р.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Р.Гийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Р.Гийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал нь шүүгдэгч Р.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч  Р.Гт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ра-ын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гт оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ