Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 88

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч П.Бат-Очир, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан Хөгшин овогт Пэлжээгийн Бат-Очирт холбогдох эрүүгийн 201725030143 дугаартай, 186/2017/0090/э индекстэй хэргийг 2017  оны 02 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 485 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хан хөгшин овогт Пэлжээгийн Бат-Очир /РД:ЙЕ65080314/,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                                                                                                                                         

П.Бат-Очир нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 1-1 тоотод байрлах авто гагнуурын газрын гадаа байсан иргэн С.Нямтайвангийн эзэмшлийн 40-04 УБС улсын дугаартай Хонда Си Ар Ви Honda CRY загварын автомашины 4 хаалга, зүүн урд крыло, зүүн хойд крылог тросс төмрөөр хийсэн шёткаар зурж санаатайгаар гэмтээж бусдад 515.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1.  Шүүгдэгч П.Бат-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би Нямтайван гэх хүнд мөнгө зээлүүлсэн. 500.000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгсөн. Нямтайван 11 сард буцааж өгнө гэж хэлсэн. 2 удаа 200.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь 10.000-20.000 төгрөгөөр цувуулж өгөөд жилийн дараа дууссан. Мөнгө зээлсэний хариуд 20.000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд Ганзориг, Мөнхжаргал гэх хүмүүсээс сая төгрөгийн зээл аваад сарын дараа 100.000 төгрөг нэмж өгсөн байсан. Согтуу байхдаа үүнээс болоод машиныг нь цохисон гэв.

 

      Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нямтайвангийн…Би Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо Сургуулийн 1-1 тоотод байх хашааны хажуу гудамжинд ил задгай авто гагнуурын үйл ажиллагаа явуулдаг юм.  2016 оны  12 дугаар сарын          22-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 17 цагийн үед өөрийн эзэмшлийн  Хонда СRY  маркийн 40-04 УБС улсын дугаартай машинаа гагнуурын хажууд тавьчихаад гагнуур хийж байтал урд нь хамт гагнуур хийж ажилладаг байсан Бат-Очир хажууд согтуу ирээд зогсож байгаад надтай ямар нэгэн зүйл ярилгүй яваад өгсөн. Би гагнуураа хийж дуусчихаад өөрийн машин дээрээ очтол миний машиныг тойруулаад зурчихсан байхаар нь би шууд Бат-Очирлуу залгаад миний машиныг яаж байгаа юм бэ" гэж асуутал Бат-очир би зураад гэмтээчихсэн, яадаг юм бэ гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. П.Бат-Очир бид хоёр хүүтэй мөнгө зээлж өгөлцөж авалцсан асуудал байхгүй. П.Бат-Очир өөрөө цалингаа цуглуулж байгаад 500.000 төгрөг болонгуут нь над дээр ирээд би мөнгөө хадгалж чадахгүй архи уугаад байна, би чамд хадгалуулчихаад хэрэгтэй үедээ цувуулж авъя гэж хэлсэн. Тэгээд би тэр 500,000 төгрөгийг хадгалж байтал 2 сарын дараа дахиад 500.000 төгрөг өгөөд нийт 1 сая төгрөг хадгалуулж байгаад хүн нас барлаа гэх шалтгаанаар буцааж 250.000 төгрөгийг нь авсан. Тэгээд бусад шалтгаанаар мөнгөө авсаар байгаад дуусгасан. П.Бат-Очир надад хадгалуулсан мөнгөө буцааж авч дуусчихаад хүүний мөнгө өгөхгүй юм уу гээд нэхээд байхаар нь хоёулаа анхнаасаа хүү гэж тохироогүй шүү дээ, яахав хүүний мөнгө нэхээд байвал энийг ав гээд 20.000 төгрөг өгсөн юм. Тэрнээс бид хоёр нэг нэгнээсээ хүүтэй мөнгө зээлсэн асуудал байхгүй. Ганзориг, Мөнхжаргал хоёр харин хүүтэй мөнгө зээлж аваад буцааж өгч байсан. Энэ асуудал П.Бат-Очирын асуудалтай ямар ч хамаагүй зүйл байгаа. Би хохирлын мөнгөө бүгдийг нь авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-24/,  

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Баяр-Эрдэнийн:..Би Бат-Очир гуайг  сайн мэдэхгүй, манай ээжтэй хамт амьдраад нилээн хэдэн жил болсон хүн байгаа амьдралын түүхийг мэдэхгүй ч гэсэн олон янзын араншин байхгүй, дуу муутай, хүн байгаа. Өөрөө даруухан болохоороо дотогшоогоо юмаа хурааж, хадгалаад шаналаад яваад байдаг юм шиг байдаг. Тэгээд архи уухаараа гоморхох гээд байдаг юм шиг санагдаг.  Тэрнээс ажил төрөлдөө сайн хүн, манай аав надад  хэлэхдээ С.Нямтайван надаас 1  сая төгрөг зээлж авчихаад зээлж  авсан мөнгөнийхөө хүүг өгөөгүй гээд  ярьж  байсан, тэрнээс болоод машиныг  нь зурсан гэж  ярьж  байсан... гэх мэдүүлэг  /хх-26/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 227 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн П.Бат-Очирын гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.

2. П.Бат-Очирын гарын хээний дардас урьд нь санд МN000610005211 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна.

3. П.Бат-Очирын гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Оюунжаргал гэсэн дүгнэлт. /хх-17/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.  Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-12/, кассын орлогын ордер /хх-13/, Хос стандарт ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ, авто машины фото зураг /хх 14-15/, шинжээчийн дүгнэлт /хх-17/, сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэл / хх 32-33/, яллагдагчаар татсан тогтоол тэмдэглэл          /хх 34-35/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-41/,  хөдөлмөрийн гэрээ /хх 42-43/ техникийн тодорхойлолт             /хх-45/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.         

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

П.Бат-Очир нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 1-1 тоотод байрлах авто гагнуурын газрын гадаа байсан иргэн С.Нямтайвангийн эзэмшлийн 40-04 УБС улсын дугаартай Хонда Си Ар Ви Honda CRY загварын автомашины 4 хаалга, зүүн урд крыло, зүүн хойд крылог тросс төмрөөр хийсэн шёткаар зурж санаатайгаар гэмтээж бусдад 515.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч С.Нямтайвангийн..., 2016 оны  12 дугаар сарын 22-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 17 цагийн үед өөрийн эзэмшлийн Хонда СRY  маркийн 40-04 УБС улсын дугаартай машинаа гагнуурын хажууд тавьчихаад гагнуур хийж байтал урд нь хамт гагнуур хийж ажилладаг байсан Бат-Очир хажууд согтуу ирээд зогсож байгаад надтай ямар нэгэн зүйл ярилгүй яваад өгсөн. Би гагнуураа хийж дуусчихаад өөрийн машин дээрээ очтол миний машиныг тойруулаад зурчихсан байхаар нь би шууд Бат-Очирлуу залгаад миний машиныг яаж байгаа юм бэ гэж асуутал Бат-очир би зураад гэмтээчихсэн, яадаг юм бэ гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан…гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Г.Баяр-Эрдэнийн... манай аав надад  хэлэхдээ С.Нямтайван надаас 1  сая төгрөг зээлж авчихаад зээлж  авсан мөнгөнийхөө хүүг өгөөгүй гээд  ярьж  байсан, тэрнээс болоод машиныг  нь зурсан гэж  ярьж  байсан... гэх мэдүүлэг  /хх-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 227 дугаартай дүгнэлт, шүүгдэгч П.Бат-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч П.Бат-Очир нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бат-Очирт холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Бат-Очирыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.   

Хохирогч С.Нямтайван нь П.Бат-Очироос цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч П.Бат-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10.9 см урттай төмөр шёткаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хан Хөгшин овогт Пэлжээгийн Бат-Очирыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч П.Бат-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Очирт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Очирт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай

            5. Шүүгдэгч П.Бат-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн 1 ширхэг 10.9 см урттай төмөр шёткаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бат-Очирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Бат-Очирт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ