| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/1075/З |
| Дугаар | 221/МА2026/0561 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0561
Т.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Т.О
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “С” СӨХ-д 0099 дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2632 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 423 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/1075/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “С” СӨХ-д 0099 дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2632 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 423 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг баримтлан иргэн Т.О-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...хавтаст хэрэгтэй танилцах үед Баянзүрх дүүргийн Засаг даргаас надад мэдэгдээгүй, гаргаж өгөөгүй “С” СӨХ-ны 0099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, хууль бус удирдах зөвлөлийн гишүүнд олгосон тухай нотлох баримтыг хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд хавсаргасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж нь “С” СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар огцруулсан хуучин удирдах зөвлөлийн, эрх зүйн ямар ч чадамжгүй, бүрэн бүрэлдэхүүнгүйгээр шийдвэр гаргасан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, бас дахин 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн илт хууль бус буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дахь заалтыг илт зөрчин “С” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэргүйгээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С СӨХ-ны гэрчилгээ олгосон шийдвэр гаргаж дугаар 0099 тоот сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ олгохдоо 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, холбогдох материалыг хянан үзээд 2025 оны 10 дугаар сарын 30-нд баримт материалын бүрдүүлбэр дутуу байгааг мэдсээр байж буюу “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв”-өөс гаргаж өгсөн илтгэх хуудас-д материал бүрдүүлбэр дутууг мэдэгдсээр байхад дур мэдэн хууль бусаар “С” СӨХ-ны гэрчилгээг шинээр бүртгэж дугаар 0099 гэрчилгээ бүртгэсэн шийдвэр гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, 10.5 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасаар байхад “С” СӨХ-ны эрх барих дээд байгууллага сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас шийдвэр гарч, чөлөөлөгдөж огцруулсан Ц.О-д /өөрөө УЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ 2022 оны 09 дүгээр сарын 05-нд бас өгсөн байдаг/ шинээр “С” СӨХ-ны хууль бус шинэ гэрчилгээг хүсэлт гаргаагүй байхад /Гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн Д.С-ын хүсэлт нь огноо байхгүй/, нэхэмжлэгчийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргангуут санд мэнд алдаатай “С” СӨХ гэж гаргасан өгсөн үйлдэл нв:
-хууль бус “С” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн бус хүнд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр олгосон хууль бус үйлдлийг шүүхийн журмаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэл нь,
-Зөв зүгээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй “С” СӨХ-ны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хууль ёсоор бүртгүүлж, олгосон №354 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон гэх бөгөөд,
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0099 тоот “С” СӨХ-ны гэрчилгээг дахин шинээр бүртгэсэн шийдвэр нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хяналтын зөвлөлийн №03/25 дугаар шийдвэрээр СӨХ-ны эрх барих бүх гишүүдийн хурлыг зарласан шийдвэр, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдийн “С” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэр, бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, “С” СӨХ-ны удирдах зөвлөлийн шинэ гишүүдийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, гүйцэтгэх захирлаар Т.О-г үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр зэргийг үл харгалзан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэсэн заалтыг зөрчиж “С” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа иргэн Т.О миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-д заасан “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс, ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг зөрчиж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 423 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “С” СӨХ-ны 0099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, 0099 тоот гэрчилгээ олгосон шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Т.О-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “С” СӨХ-д 0099 дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж-ны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2632 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... С СӨХ шинээр гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байхад А.О-д шинээр гэрчилгээ гаргаж өгсөн, ... “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв”-өөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудсаар бүрдүүлбэр дутууг мэдэгдсээр байхад дур мэдэн хууль бусаар “С” СӨХ-г шинээр бүртгэж №0099 гэрчилгээ олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон, ... С СӨХ-ын Удирдах зөвлөлийн шинэ гишүүдийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар Т.О-г үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэрийг үл харгалзан шинээр гэрчилгээ олгосон нь СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 10-д заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн,... удирдах зөвлөлийн гишүүд дутуу байвал бүх гишүүдийн хурлыг хийж нөхөн сонгох ёстой. Гэтэл дутуу гишүүнтэй хууль бус шийдвэрийг үндэслэн захиргааны акт гаргасан нь хууль бус...” гэж тайлбарлан маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “... “С” СӨХ-ны удирдах зөвлөл хуралдаж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.О-г чөлөөлсөн нь маргаан дагуулж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг хариуцагч дүүргийн Засаг даргаас хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна, ...хариуцагчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан албан бичиг болон сууц өмчлөгчдийн холбоонд гэрчилгээ олгосон шийдвэр нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.3. Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлан маргах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь “С” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т.О-г тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.С-ыг гүйцэтгэх захирлаар томилсон байна.
2.4. Түүнчлэн, холбооны гүйцэтгэх захирлын хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д “гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх” үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар тамга, тэмдэг хүлээлгэн өгөх талаар “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв”-өөс удаа дараа шаардлага хүргүүлсэн ч уг шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
2.5. Ийнхүү хууль болон эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу холбооны тамга, тэмдгийг бусад зүйлсийн хамт хүлээлгэн өгөөгүйн улмаас шинээр томилогдсон гүйцэтгэх захирал дахин гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас тус сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах арга хэмжээ авч холбооны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 354 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр 0099 дугаартай гэрчилгээ олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 18.1.2-т “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих” гэж заасанд нийцжээ.
2.6. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргаас хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэхээр зохицуулсан.
Тодруулбал, тус сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдгийг хүлээлгэж өгөхийг даалгахтай холбоотой иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “С” СӨХ-д 0099 дугаар гэрчилгээ олгосон шийдвэр болон Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2632 дугаар албан бичиг хуульд нийцсэн эсэхийг дүгнэж шийдвэрлэх боломжтой тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН