Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ2020/0025

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Ш.Ш-ын Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш Ш миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1-р багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний бие улсад тасралтгүй 29 жил ажиллаж байсан. 1995 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолоор тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд томилогдон ажиллаж байхад хариуцагчаас маргаан бүхий тогтоолоор хууль бусаар ажлаасаа халагдчихлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 22 дугаар зүйлийн 22.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

22.1.б. Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх" гэж заасан.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлээгүй атлаа хариуцагч хурлын дарга нь дангаараа маргаан бүхий тогтоолыг гаргаж холбогдох хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо.

Нөгөөтэйгөөр, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн "Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 01 дүгээр зөвлөмжөөр аливаа төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, халж болохгүй гэж заасан байна.

Гэтэл хариуцагч хурлын дарга нь дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр хурлын тэргүүлэгчдийн хурал болоогүй байхад дураараа аашлаад хууль бусаар маргаан бүхий тогтоол гаргасанд гомдолтой байна.

Миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргатал Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 110/Ш32020/0181 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр миний бие хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэхээр буюу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргатал 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/1195 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд хууль бусаар гарсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" 06 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Ш-ын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ш.Ш-ыг Аптанцөгц сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд томилж ажиллуулж байсан.

Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04/215 дугаар албан бичгээр Ш.Ш-ыг Алтанцөгц сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар хууль бусаар томилон ажиллуулж байгаа талаар иргэнээс Төрийн албаны зөвлөлд өргөдөл ирүүлсэн тул баримт, тайлбар ирүүлэхийг шаардсан.

Би тэрний дагуу тайлбар, холбогдох баримтуудыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04/396 дугаар албан бичгээр "...Ш.Ш нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад төрийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсанаас гадна төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй байна. Алтанцөгц сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сул орон тоо гарсан, сонгон шалгаруулалт явуулж нөхөх талаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/06 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд хандсанаар уг орон тоо сул орон тоо болох нь нотлогдож байна. Иймд хууль бусаар томилогдсон Ш.Ш-ыг албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нөхөх арга хэмжээ авч, хариуг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү" гэж мэдэгдсэн. Би тэрний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулж Ш.Шын асуудлыг хэлэлцүүлсэн.

Сумын ИТХ нь 7 тэргүүлэгчтэй бөгөөд тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталгаажуулсан.

Хуралдаанд тэргүүлэгчид Ө.С, М.Ө, Д.С, Ж.К, Т.О, Х.Х нар оролцсон. С.Е Өлгий сумын ХААН банкинд ажилладаг тул хуралдаанд оролцоогүй.

Тэгээд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаартай тогтоол гаргаж Ш.Ш-ыг ажлаас чөлөөлсөн.

Ш.Ш нь тэрнээс хойш одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгөөгүй.

Ш.Ш-ын ажлын байрны тодорхойлолт, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл нь Ш.Ш-ын өөрт байгаа учир шүүхийн журмаар түүнээс гаргуулж авна уу.

Мөн Ш.Ш нь 2019 оны 11 дүгээр сард явагдсан төрийн албаны шалгалтад орсон боловч тэнцээгүй. Энэ талаарх материал Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбарт байгаа учир тэндээс тодруулж холбогдох материалуудыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Ш.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ш.Ш нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга /Ө.Самат/-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн "Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Миний бие Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гарах хүсэлт гаргаснаар тус шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхээр болсон билээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт "...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах..." гэж заасан байна.

Иймд дээрх байдлаар хариуцагчаас маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга /Ө.Самат/-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн "Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш нь шүүхэд Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга /Ө.Самат/-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн "Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж хүсэлт ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар өмнөх 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоо бүрэн эхээр нь хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аль үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ш нь Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Ш-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, Ш.Ш-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ