| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/03042/И |
| Дугаар | 181/ШШ2020/02523 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2020/02523
| 2020 10 12 | 181/ШШ2020/02523 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.С-д холбогдох
гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох хувийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.С, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Ч.А миний бие нь 1985 онд Ц.С-тэй танилцан улмаар гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү С.Ууганбаяр, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү С.Уламбаяр, 2009 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хүү С.Ж нар тус тус төрсөн. Бид гэрлэлтээ 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн.
Ингээд бид анх нийлэхдээ бусдын адил сайн сайхан байсан ч том хүүг гэдсэнд байх үеэс буюу 1987 оноос эхлэн надад гар хүрч зодож эхэлсэн. Би Ц.Стэй нийлснээс хойш одоог хүртэл 23 жил зодуулж амьдарч байгаа бөгөөд энэ талаар хэнд ч хэлдэггүй цагдаа дууддаггүй, эмнэлэгээр явж байгаагүй.
Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зодуулсан. Мөн хэд хоногийн дараа буюу 7 дугаар сарын 25-ны өдөр нөхрөөсөө зугатааж амьдарч байгаа ТҮЦ-нд шөнө ирж чи ингээд сохроод байж бай, чаддаг юм бол миний гэрт ирээд бариад аваарай харъя гээд буцалсан халуун ус нүүр лүү цацаж зодсон.
Би цаашид улам хөгширнө, энэ хүний гарт үхэх юм байна гэж маш их айсан бөгөөд аргагүйн эрхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очиж энэ учир байдлаа хэлсэн.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үргэлж дарамт шахалт айлган сүрдүүлэлт дор амьдарч ирсэн бөгөөд одоо цаашид би энэ хүнд ингэж зодуулж амь нас эрүүл мэндээрээ хохирч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Учир нь миний бага хүү бага насны буюу 11 настай надтай адил сахарын өвчтэй хүүхэд юм. Хүү минь 18 нас хүртэл группт орсон. Хүүгийн минь группын мөнгийг Ц.С авчихаад өгдөггүй бөгөөд хүү минь ааваасаа айгаад ээжээ та миний группын мөнгийг ааваас аваад өгөөч гэдэг ч тэр бүрд Ц.С нь чамд хамаагүй гээд өгдөггүй. Бүх мөнгийг яасан нь мэдэхгүй үрчихдэг.
Миний том хоёр хүү насанд хүрч тус тусдаа гарсан, бие даасан тусдаа амьдралтай.
Одоо би өөртэйгээ адилхан сахарын өвчтэй 11 настай хүүтэйгээ өөрийн гэсэн орлогогүй гэр бүлийн хүчирхийлэл дор хүний ТҮЦ-нд хүнд хэцүү амьдарч байна. Би Ц.Сд аргаа бараад хоёр өвчтэй хүнтэй амьдармааргүй байвал өөр хүнтэй сууж нийлмээр байгаа бол хүссэнээрээ бол ганцхан намайг битгий ингэж зодож тамлаад байгаач гэж олон удаа гуйсан ч энэ хүн хэзээ ч миний үгэнд орж засрахгүй юм билээ.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж бага хүү С.Жыг миний асрамжид үлдээн, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Мөн бид гэр бүл болон хамтран хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 457 тоот хашаа байшин, мөн хашаандаа 4 автомашины граж, тус гражид байрлах вакум цонхны үйлдвэр, дугуй засвар, хоёр автомашин, мөн 7 сая төгрөгний үнэ бүхий хашчулуун ор зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй юм.
Гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргаж байгаатай холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс би өөрт болон бага хүүдээ ногдох хувийг Ц.Сээс гаргуулах хүсэлтэй байна.
Би газар, байшин, вакум цонхны үйлдвэрийн байр, вакум цонхны тоног төхөөрөмж, дугуй засварын тоног төхөөрөмж, компрессор, хаш чулуун ор, тоос сорогч болон Микро болон приус маркийн хоёр автомашин зэрэг эд хөрөнгүүдээ үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 154.462.000 төгрөгний нийт үнэтэй болохыг тогтоосон.
Дээрх хөрөнгөөс газар, байшин хоёр нь Ц.С болон миний насанд хүрсэн хоёр том хүү болон миний нэр дээр нийт дөрвөн хүний өмчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл газар байшин нь дөрвөн хүний өмч юм. Харин бусад хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын эд хөрөнгө юм.
Нэгэнт газар байшин хоёр нь улсын бүртгэлд хоёр том хүүгийн нэр бүртгэлтэй буюу дөрвөн хүний өмч тул газар байшингийн үнэлгээний 50%-р тооцож тус 50%-н хөрөнгийг гэр бүлийн хөрөнгө гэж үзэж байна.
Манай газар Баянбүрдийн тойргийн хойно байдаг тул хотын төвд ойр , газарт орно гэдэг утгаар өндөр үнэтэй байдаг.
Манай газар 82.152.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Харин байшин 26.140.000 төгрөгний үнэ бүхий гэж үнэлэгдсэн. Газар байшингийн нийт үнэлгээ 108.292.000 төгрөг болж байна. Энэ хөрөнгийн 50% нь хоёр том хүүгийн хөрөнгө гэж улсын бүртгэлд бүртгэлтэй тул тэдний хөрөнгийг хуваалгах боломжгүй тул Ц.С бид хоёрын үлдэх 50%-н хөрөнгө болох 54.146.000 төгрөгний хөрөнгө 108.292.000/2=54.146.000/ болон бусад хөрөнгөнөөс бага хүү болон өөрт ногдох хувийг гаргуулах хүсэлтэй байна.
Газар болон байшингийн гэр бүлийн дундын эд хөрөнгөд ногдох хувь нь 54.146.000 төгрөг бол дээр дурдсан бусад хөрөнгүүд нийт 46.170.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул гэр бүлийн дундын эд хөрөнгийг нийт 100.316.000 төгрөг /54.146.000+46.170.000/ байна.
Иймд 100.316.000 төгрөгний үнэ бүхий гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс бага хүү болон надад ногдох хувь болох 66.877.333 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан, гэтэл нөхөр Ц.С нь дундын эд хөрөнгөнөөс өөрийн унаж байгаа 43-02УБ Toyota Prius 11маркын автомашиныг авч бусад хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 457 тоотод буй хувийн орон сууц, мөн хаягти буй 456,42 м.кв газар, вакум цонхны үйлдвэр, дугуй засварын тоног төхөөрөмжүүдийг хүү С.Жт үлдээнэ гэж байгааг би хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэр бүл, эцэг эх байхын учир утгыг би та бүгдэд тайлбарлах хэрэггүй байх. Миний эхнэр гэх Ч.А нь сахарын өвчтэй, үүнээсээ болоод зан ааш нь хувираад байна гэж бодоод 5-6 жил юм хэлэлгүй, чимээгүй яваад байсан юм. Энэ нь серажемийн оронд явж эхэлсэн үе нь юм. Өглөө 6 цагт яваад өдөр 13 цагт ирдэг байсан, хүүхдээ ч авдаггүй. Ер нь заримдаа гэртээ ч хонохгүй гадуур хоноод явчихдаг. Би хүүхдээ өнчрүүлээд яахав гээд чимээгүй байдаг. Хүүхдийнхээ хувцас хунарыг сүүлийн 5-6 жил ердөө угааж байгаагүй, би барилгын ажил хийдэг, орой гэртээ 11-12 цагийн хооронд ирдэг.
Хүүхдийн хувцас хунарыг тогтмол угааж, сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг. Хүний ТҮЦ гээд байгаа нь дунд хүүгээсээ авсан ТҮЦ, одоо болтол мөнгийг нь өгч чадаагүй, хүүхэд зээлийнхээ мөнгийг төлж чадахгүй хөдөө ажиллаж байгаа. ТҮЦ-нд сууна гээд явдаг, хааяа согтуу ирдэг. Би өвчтэй хүүхдээсээ илүү гарч чадахгүй, хүүхдээ ах дүү нарын тогоо өнгийлгээд л явж байна. Эмнэлэгт хэвтвэл сахиж хонодог. Үнэлгээнд оруулсан вакум цонхны үйлдвэрийг том хүүгээ сургууль төгсөхөд нь авч өгсөн. Одоо 14-15 жил болж хуучирсан эд. Засварын тоног төхөөрөмжийг бас дунд хүүдээ авч өгсөн.
Би өөрт оногдох хувиа хүүхдүүддээ үлдээгээд гараад явахад бэлэн байна. Бага хүү Жыг бие нь сайнгүй одоохондоо асран хамгаалагчаар байж байна. Би эхнэрээ өвчний улмаас авирлаад байна гэж бодоод байсан чинь тийм биш нь аль 3-4 жилийн өмнөөс мэдэгдээд байсан юм.
Би хүүхдүүдийн эцэг болж 35 жил болоход нэг ч удаа согтуу байхыг хүүхдүүд маань хараагүй. Үр хүүхдээ гэсэн сэтгэл дээр минь дөрөөлж тоглох гэж байгаа бол хүүхдүүдээ сайн асарч байх юм бол хүүхдээсээ аваад мөнгийг нь өгөөгүй байгаа ТҮЦ-ээ буцааж өг, бэрээсээ ичиж байна. Хүүхдүүдийн амьдаралд маш том муу санаа, хүнд итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаад харамсаж байна. Юу ч болсон байсан хүүхдүүдээ сонсож ойлгоно. Хүү С.Жын асрамжийг түүний саналаар шийдэж өгнө үү. Би хүүхдийн тэтгэвэрийг төлнө, Хаш чулуун ор гээд байгаа нь одоо манайд байхгүй, би өөрийн ээждээ өгчихсөн зүйлийг одоо би яаж буцааж авах юм.
Бидний дундын эд хөрөнгөнөөс өөрийн унаж байгаа 43-02УБ Toyota Prius 11маркын автомашиныг авч бусад хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 457 тоотод буй хувийн орон сууц, мөн хаягти буй 456,42 м.кв газар, вакум цонхны үйлдвэр, дугуй засварын тоног төхөөрөмжүүдийг хүү С.Жт үлдээгээд би тэр гэрээс гараад явна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ц.Сд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс хүүхэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Ц.С, Ч.А нар нь 1985 онд гэр бүл болж 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, хамтран амьдарч байх хугацаандаа 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү С.Ууганбаяр, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү С.Уламбаяр, 2009 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хүү С.Ж нарыг төрүүлжээ.
Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүй, таарамжгүй харьцаатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй байсны улмаас нэхэмжлэгч Ч.А нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд удаа дараа хандан сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө авч үйлчлүүлж байсан, хариуцагч Ц.Сд зодуулан Ч.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 10,12, 14-р хуудас/
1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэндэлсэн хүү С.Ууганбаяр, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн хүү С.Уламбаяр нар нь насанд хүрсэн, 2009 оны 3 дугаар сарын 14-ны өдөр мэндэлсэн хүү С.Ж эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны Энхийн санаа өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд хүү С.Жыг эхийнх нь асрамжид үлдээхийг эцэг Ц.С нь хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 15-17-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.С нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 3 дугаар сарын 14-ны өдөр мэндэлсэн хүү С.Жыг эх Ч.Аийн асрамжид үлдээн, эцэг Ц.Сээс хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж хүү С.Жыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийн цуцлана гэжээ.
Иймд нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.С нарт эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалсан болно.
Зохигчид дундын эд хөрөнгөнөөс 43-02УБ улсын дугаартай Toyota Prius 11 маркын автомашиныг Ц.С авч бусад хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 457 тоотод буй хувийн орон сууц, мөн хаягти буй 456,42 м.кв газар, вакум цонхны үйлдвэр, дугуй засварын тоног төхөөрөмжүүдийг хүү С.Жт үлдээхээр харилцан тохиролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.,14.4.-т заасныг баримтлан Ц.С, Ч.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү С-ийн Ж-ыг эх Ч.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү Сономпэлийн Жыг 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Ц.Сээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан зохигчдын дундын эд хөрөнгөнөөс 43-02УБ улсын дугаартай Toyota Prius 11 маркын автомашиныг Ц.С авч бусад хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 457 тоотод буй хувийн орон сууц, мөн хаягт буй 456,42 м.кв газар, вакум цонхны үйлдвэр, дугуй засварын тоног төхөөрөмжүүдийг хүү С.Жт үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО