Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/445

 

 

 

 

2023     12         08                                            2023/ШЦТ/445

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000552 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 00 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Э овогт Г-ын Б- /рд: хх0000000/,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух хохирогч А.О-ы эзэмшлийн түүний төрсөн аав С.А-ы нэр дээр бүртгэлтэй тоёота веросса загварын 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч, 1-4 дүгээр байрны гадаа зогсоолоос уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: ...2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө гэрийнхээ гадаа байж байгаад найз руугаа видео калл хийгээд залгасан, урд өдөр нь манай найзын төрсөн өдөр болоод уулзаж чадаагүй учраас мэнд хүргэх гээд залгасан чинь чи ганцаараа байвал манайд хүрээд ирээч хоёулаа хамт юм ярьж сууя, би гэртээ хүүхдүүдийнхээ өрөөний обоог нааж байна гэсэн. Тэгээд би удахгүй яваад очсон, юм ярьж сууж байгаад би гэртээ харилаа гэж гараад үүдний өлгүүрт нь байсан түлхүүрийг нь аваад машиныг нь авч унасан...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч А.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-4 байрны гадаа зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн Toyota verossa 00-00 орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл алдсан. Манай нөхөр хоёр хүүхдээ хичээл сургуульд хүргэж өгөх гээд машины түлхүүр хайгаад олоогүй. Тэгээд гадаа гараад машинаа хартал зогсоол дээр тавьсан машин байхгүй байна гэж хэлсэн. Очоод үзэхэд машин байхгүй байсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад өглөөний 07 цаг 35 минутад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд Б- 10 цаг 00 минутад манай нөхөр рүү өөрөө залгаад эмнэлгээс доош уруудаж явна. Найз нь машины түлхүүрийг чинь өгөх гэсэн юм өчигдөр санаандгүй аваад явчихсан байна гэсэн. Бид хоёр машинаа олчихлоо гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаа нартай миний машин байгаа гэх газарт очоод хартал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт нэг айлын хашааны ард гадаа нь газрын уруу хэсэг рүү далийсан байдалтай байсан. Миний сэтгэцэд учирсан ямар нэгэн хор уршиг байхгүй тул гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй... Энэ хэргийн улмаас надад болон миний гэр бүлийн хувьд ямар нэгэн хор уршиг сөрөг нөлөө огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

- Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед эхнэр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоот гэрээсээ машинаа унаад зах орчихоод удаагүй эргээд ирсэн. Тэгээд тэрнээс хойш машин унаж хэн нэгэн нааш цааш яваагүй. Тэгээд өнөө өглөө машин дээрээ иртэл машин байхгүй алга болчихсон. Тэгээд дуудлага мэдээлэл өгсөн...Б- манайд орой 20 цаг өнгөрч байхад орж ирээд нилээн юм ярьж суугаад шөнийн 1 цагийн үед манайхаас явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,

 

-Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө би Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод гэртээ байсан. Тэгсэн шөнийн 01 цагийн үед манай байрны доор зогсоолд байршуулсан машинуудын нэгнийх нь дохиолол удаан хугацаанд дугараад байхаар нь би босоод цонхоор хартал долоо найман машин эгнээстэй харагдсан. Тэгсэн ертөнцийн зүгээр дээд талын хамгийн эхний машины дохиолол дугараад анивчаад байсан. Би ойр хавьд хүн харагдахгүй болохоор гар чийдэн тусгаж харахад миний машины хажууд хар өнгийн хувцастай танихгүй эрэгтэй хүн газар сууж харагдсан. Тэгээд хэсэг гэрэл тусгаад хартал суугаад байсан. Гэрлээ унтраагаад цонхны хөшгөө татчихаад цонхон дээрээсээ холдоод ажиглаж байтал босоод цааш тоглоомын талбайн араар яваад орсон. Тэгсэн 3-5 минут хиртэй зогсож байгаад нааш алхаж ирснээ 00-00 орх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хаалганы хажууд ирээд түлхүүр хийж онгойлгох гэж оролдоод байх шиг харагдсан. Тэгж байгаад онгойлгоод дотор нь орж суугаад гэрэл дохио, шил арчигч зэргийг ажилсуулснаа машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн арын улсын дугаарыг хартал Веросса загварын 00-00 орх улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байсан. Би 1 минут 37 секунтийн бичлэг хальт хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,

 

-Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа ухамсарлаж байна. 2023 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө найз Д.Т-ийн гэрээс тоёота веросса загварын 00-00 ОРХ услын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч гараад машиныг нь унаад явчихсан юм. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Би уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн 1,6 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2, 3, 4, 5, 7 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна.

2.Шинжилгээнд тэнцсэн 6 гэж дугаарласан гарын мөр нь тус санд бүртгэлтэй хүмүүсийн дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3.4.Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь санд бүртгэгдсэн холбогдогч Ганжуурын Б-ийн баруун гарын дунд хурууны дардастай папилляр шугамын эхлэл, папилляр шугамын төгсгөл, папилляр шугамын нийлэлт папилляр шугамын салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62х/

 

- Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1534 дугаартай “...автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажлын хөлс нийт 2,463,750 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-55х/

 

-Орхон аймгийн Цагдаагийн газарт иргэн Д.Т-өөс гаргасан өргөдөл /хх-ийн 7х/,

 

-Хулгайлагдсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн асап санд эрэн сурвалжилсан талаар /хх-ийн 8-10х/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14х/

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 15-21х/,

 

-Дискэнд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух хохирогч А.О-ы эзэмшлийн түүний төрсөн аав С.А-ы нэр дээр бүртгэлтэй тоёота веросса загварын 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч, 1-4 дүгээр байрны гадаа зогсоолоос уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Г.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж нэг ширхэг “сиди”-г хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-Ди 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ