Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2020/02573

 

 

 

 

 

 

 

2020 10 19

181/ШШ2020/02573

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК -д холбогдох

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н, гэрч О.Л, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Б.А нь ШХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/10/157 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

ШХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан орд хотхоны А блокын орон сууцны барилгыг барьж байсан бөгөөд тус орон сууцны барилгын зургийг миний төрсөн дүү Бадарчийн Баянзул гүйцэтгэж байсан юм.

Б.Б нь миний орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн ба тухайн үед би орон сууцтай болох үүднээс мөнгөө хуримтлуулж, нийтдээ 25.000.000 төгрөгтэй болсон байсан.

Дүү маань Цагаан орд хотхоны А блокын орон сууцнаас худалдан авах санал тавьж, орон сууцны урьдчилгаа төлбөрт цуглуулсан мөнгөөрөө төлбөрөө хийж, үлдсэн төлбөрт барилгын зургийн ажлын хөлснөөс тооцоо хийж, төлбөр гүйцэтгэх санал тавьсныг би дуртай хүлээн зөвшөөрсөн.

Би Б.Бд гэрээ байгуулсан өдрөө 25.000.000 төгрөгийг бэлнээр өгснийг дүү маань компанийн касст төлсөн байсан. Би дүүдээ орон сууцны үлдсэн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн ба түүнийг төлөх графикийг ч бид хоорондоо тохиролцсон юм.

Ингээд миний бие Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхарт, 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. ШХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/10/157 дугаартай, Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа гэрээний 2.1-д зааснаар Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхарт, 157 тоот, 33,7 м.кв талбайтай,1 өрөө орон сууцыг тус гэрээний 3.1-д тохиролцсоны дагуу 20,83 м.кв талбайн 1м.кв-ийн үнийг 1.200.000 төгрөгөөр тооцон 24.996 .000 төгрөг, 12,86 м.кв талбайн 1м.кв-ийн үнийг 1.800.000 төгрөгөөр тооцон 23.148.000 төгрөг, орон сууцны нийт төлбөр нь 48.148.000 /дөчин найман сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөг байхаар тохиролцсон.

Мөн гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөх графикийн дагуу гэрээ байгуулсан өдөртөө буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг бэлнээр төлж, 23.148.000 төгрөгийг Б.Бын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК 53, 54 байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл боловсруулсан төлбөрөөс төлөхөөр тохиролцсон.

Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд тохиролцсоны дагуу гэрээний 1.1-д заасан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл орон сууцны барилгын ажил дуусахыг хүлээж байсан.

ШХХК-ийн Хан-Уул дүүргийн Цагаан орд хотхоны А блокын орон сууцны барилга тохирсон хугацаанд ашиглалтад ороогүй ба 2020 оны 4 дүгээр сард ашиглалтанд орсон.

Б.Б тус хотхоны барилгын зургийн ажлыг гүйцэтгэж, барилга Б.Бын зурсан зургийн дагуу баригдаж, ашиглалтанд орсон.

Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-т заасныг үндэслэн орон сууцандаа орохыг хүсэхэд ШХХК ямар ч үндэслэлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан ба орон сууцыг өгөхгүй гэсэн хариултыг хэлсэн.

Б.Бын зурсан зургийг ОБЕГ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ гээд зохих байгууллагууд бүгд зөвшөөрч баталсан. Энэ зургийн дагуу барилга баригдсан.

Гэрээнд гарын үсэг зурсан Г.Х ШХХК-ийн борлуулалтын менежер 1001 дугаар бүхий реалтор гэдэг тэмдэгийг эзэмшиж, Орон сууц захиалгаар бариулах гэрээнд гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан.

Г.Х нь зөвхөн маргаж байгаа гэрээнд гарын үсэг зурсан биш харин тус компанийн орон сууц худалдах, бусдын өмчлөлд шилжүүлэх бүхий л гэрээнд гарын үсэг зурдаг ажилтан юм. Гэрээ байгуулсан учраас Б.А ын бэлнээр төлсөн 25.000.000 төгрөгийг ШХХК-ийн кассын орлогын ордероор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр компани хүлээж авсан. Б.А ыг гэрээ хийхээс өмнө нь ч, дараа нь ч орон сууц худалдан авахыг хүссэн олон иргэн, хуулийн этгээд Г.Хангайг тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд үзэж, Орон сууц захиалгаар бариулах гэрээг хийсэн байдаг. Б.Б миний бие тохирсон ёсоор шинэ барилгын зургийг нь зурж өгсөн, тохирсон ажлын хөлснийхөө урьдчилгааг авсан, барилгаа барихад захиалагчийн хяналт тавьж өгсөн, барилга эхлүүлэх, бариулах үед ч олон байгууллагад хандаж, ажлыг нь бүтээхийн төлөө ажилласан, эцэст нь зургийн ажлын хөлснийхөө зарим хэсэгт орон сууц өгөх гэрээгээ биелүүлэхийг хэдэн cap царайчлан харж утас цохисон, үүдийг нь сахисан, эцэст нь өгөхгүй гэдэг үг сонсоод шүүхэд хандсан юм.

Миний бие нэхэмжлэлд дурьдсан Хан-Уул дүүргийн Цагаан-орд цогцолборын зургийн архитектороор ажилласныг Монгол улсын Үндэсний архивт хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 2-р хороо дахь БҮК 53, 54-р байр буюу Цагаан орд хотхоны А, Б блокын барилгын зураг хэмээх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар гэрчлэх болно.

Б.А гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэсэн байхад орон сууцыг миний өмчлөлд өгөхөөс үндэслэлгүй татгалзаж, ШХХК гэрээний үүрэгээ биелүүлэхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 давхарт, 157 тоот, 33,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.А ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад орон сууцыг бүртгэхэд шаардлагатай баримт бичгийг Б.Анадад бүрдүүлж өгөхийг ШХХК-д даалгаж өгнө үү.

Хариуцагч ШХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ШХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байна. Мөн Б.Бын ажлын хөлсийг 320 сая төгрөгөөр тохирсон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагчийг хуульд заасны дагуу төлөөлөх албан тушаалтантай буюу захирал Д.Энхбаяртай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй, тул уг орон сууцыг өгөхгүй. Харин Б.А ын дүү Б.Б нь тус компанид архитектороор ажиллаж байхдаа өөрийн давуу байдлыг ашиглан эгчдээ туслаж тус гэрээг байгуулсан байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул үндэслэлгүй бөгөөд зураг төсөл зохиогч буюу зураг төсөл боловсруулсан нь барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу ШХХК бөгөөд харин Б.Бд архитекторын хувьд зураг зурсны төлбөрийг төлж байсан болно. Б.Б нь тухайн барилгын зураг төслийг зохиогч болон зураг төслийг боловсруулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19/10/157 дугаар гэрээний 3.2.-т заасан төлбөрийг захиалагч төлсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д зааснаар хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхтэй байхад Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг иргэн Б.А тай 2018 оны 10 дугаар сарын 12-нд байгуулсан миний үйлдэл нь хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн нь хууль бус тул хууль бус гэрээг үндэслэн шаардлага гаргах эрх Б.А д байхгүй.

ШХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Энхбаяр гэдгийг Б.Б мэдэж байсан бөгөөд захирал зөвшөөрөөгүй нөхцлийг захирал зөвшөөрсөн мэтээр надад ойлгуулж, гэрээнд гарын үсэг зуруулсан байна.

Ер нь бол нийтэд зарласан м.кв-ын үнээр эсхүл захиалагчтай гүйцэтгэх захирал харилцан тохирч тогтоосон үнийн хүрээнд, итгэмжлэлийг үндэслэн миний бие нь бусадтай гэрээ байгуулдаг тул тэдгээр гэрээтэй холбоотой нэг ч маргаан үүсээгүй болно.

Гэтэл захиралтай огт тохироогүй нөхцлөөр Б.Б нь гэрээ байгуулсан явдал нь тухайн компанийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ байгуулагдаагүй хэмээн үзэж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан ШХХК-ийн захирлын үйлдэл хуульд нийцэж байгаа.

Нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэр нь иргэн миний эрх, үүрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзал байхгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч О.Лхам-Янжингийн мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.А нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ШХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч ШХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/10/157 дугаартай гэрээ байгуулж, ШХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар барих, Б.Ань орон сууцны үнэ 48.148.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд гэрээгээр тохирсон хэлбэрээр буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулахад 25.000.000 төгрөгийг төлөх, үлдэх 23.148.000 төгрөгийг Б.Бын Хан -Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53, 54 байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах төлбөрт тооцож төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-7-р хуудас/

Уг гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.А25.000.000 төгрөгийг ШХХК-ийн кассын орлогын ордер баримтаар тушаасан талаар талууд маргадаггүй. /хх-ийн 8-р хуудас/

Дээрх гэрээгээр ШХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөх, Б.Ань орон сууцны үнийг гэрээний 3.2.- т заасан графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Энэ бүхнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэртэй боловч уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж буй орон сууцны барилгын тодорхой хэсгийг буюу 33,7 м.кв орон сууцыг худалдах худалдан авах агуулгатай байх тул нэхэмжлэгч Б.А , хариуцагч ШХХК-ийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 19/10/ 157 дугаартай гэрээгээр хариуцагч /худалдагч/ ШХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцыг Б.А ын өмчлөлд шилжүүлэх үүргийг, нэхэмжлэгч /худалдан авагч/ Б.Ань 48.148.000 төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5-7-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ШХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Ань худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

1.Нэхэмжлэгч /худалдан авагч/ Б.Ань дээрх гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцны үнэд гэрээний 3.2.-т заасны дагуу 25.000.000 төгрөгийг хариуцагч Ш/ худалдагч/ ХХК-ийн кассанд төлсөн байна. /хх-ийн 8-р хуудас/

2.Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53, 54 байрны дахин төлөлвлөлтийн барилгын ажлын зураг төслийг Б.Б боловсруулж зохих байгууллагуудаар баталгаажуулан захиалагч ШХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 53-66-р хуудас/

Дээрх бүхнээс үзэхэд худалдан авагч Б.Ань гэрээгээр хүлээсэн үүрэг болох 48.148.000 төгрөгийг тус гэрээнд заасан графикийн дагуу худалдагч ШХХК-д төлсөн гэж үзнэ.

Хариуцагч ШХХК нь гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцны төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн авсан атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.А ыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.А д бүрдүүлж өгөхийг хариуцагч ШХХК-д даалгах үндэстэй.

Хариуцагч нь Б.А тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг ШХХК-ийн захирал Б.Энхбаяртай байгуулаагүй, Г.Хангайтай байгуулж тус компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж гэрээ байгуулсан, Б.Б нь ШХХК-ийн Хан-уул дүүрэг 2 дугаар хороонд хэрэгжсэн орон сууцны зургийг зурсан ч алдаатай байсан, зураг зурсан ажлын хөлсөө авч байсан тул Б.А тай байгуулсан гэрээний /төлбөр/ орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэхгүй гэж маргасан.

ШХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нь нэг гишүүнтэй Б.Энхбаяр нь тус компанийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байна./хх-ийн 11-р хуудас/

Б.АШХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд ШХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхбаяр биш, борлуулалтын менежер Г.Х гарын үсэг зурсан байх бөгөөд Г.Х нь тус байгууллагад борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, Г.Хангайн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 48, 81, 82, 89, 103 -р хуудас/

Г.Хангайд Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/10/157 дугаартай гэрээг Б.А тай байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч ШХХК-ийн орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээнд компанийг төлөөлж борлуулалтын менежер, борлуулалтын албаны дарга албан тушаалтай ажилтнууд гарын үсэг зурж, гэрээг байгуулдаг, орон сууц захиалагч нарт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үед тус компанийн захирлаас улсын бүртгэлийн байгууллагад гэрээтэй хамт итгэмжлэлийг хүргүүлдэг байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна./хх-ийн 5-7,48, 103-р хуудас/

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд, төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

ШХХК нь өөрийн борлуулалтын менежер борлуулалтын албан захирлаар ажиллаж байсан этгээд Г.Хангайд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгч, уг этгээд ШХХК-ийг төлөөлж Б.А тай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээг байгуулсан үйлдэлд Б.Абуруугүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан 19/10/157 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч ШХХК нь Б.А аас гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг бүрэн авсан атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.А ыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.А д бүрдүүлэн өгөхийг хариуцагч ШХХК-д даалгаж шийдвэрлэх нь үндэстэй.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ШХХК нь 195 айлын орон сууцны барилгын зураг төслийг боловсруулахдаа Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д заасан эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх заалтыг зөрчсөн тул цаашид дээрх хууль, бусад норм ба дүрэм журам, стандартыг дагаж мөрдөхийг даалгасан Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн мэдэгдлээр Б.Бын боловсруулсан Хан -Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53, 54 байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл алдаатай, доголдолтой байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд уг зураг төслийг ШХХК ашиглаагүй болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.А ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн нэхэмжлэгчид өгөхийг Ш ХХК-д даалгасугай.

2. ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 398690 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398.690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО