Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/02591

 

 

 

 

 

2020 10 20

181/ШШ2020/02591

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2.622.134,55 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Сартуул овгийн Г-ын Х  нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г  тай КР181211002 дугаартай АРАГ карт ашиглах гэрээ байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрхтэй, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/345873975 дугаартай ЗЭС карт ашиглах гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй картуудыг тус тус авсан.

Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5%, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0% , зээлийн эрх хэтрүүзлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1%, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.

Зээлдэгч нь КР181211002, ЗГ/345873975 тоот зээлийн гэрээнүүдийн үүргээ зөрчин үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй банкийг хохироож байна.

Зээлдэгч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй картын хувьд 19 сарын хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөр 1.049.909 төгрөг, үүний бэлнээр авсан 383.000 төгрөг, бэлэн бусаар авсан 630.909 төгрөг байх бөгөөд зээлийн үндсэн хүү 496.431,52 төгрөг үүний бэлнээр авсан мөнгөний хүү 254.731,73 төгрөг, бэлэн бусаар авсан мөнгөний хүү 241.699,79 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 160.139,95 төгрөг, зээлийн хугааа хэтрүүлсэний хүү 211.566,22 төгрөг, картын хураамж шимтгэл 36.000 төгрөг, нийт 1.918.046,69 төгрөгийг төлөөгүй байна.

Мөн зээлдэгч 500.000 төгрөгийн эрхтэй картын хувьд 19 сарын хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөр 440.800 төгрөг, үүний бэлнээр авсан 0 төгрөг, бэлэн бусаар авсан 440.800 төгрөг, зээлийн үндсэн хүү 162.721,23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 22.138,02 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 78.428,61 төгрөг нийт 704.087,86 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд зээлдэгч Г.Х аас КР181211002 дугаартай гэрээний үүрэгт 704.087,86 төгрөг, ЗГ/345873975 дугаартай гэрээний үүрэгт 1.918.046,69 төгрөг, нийт 2.622.134,55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Г нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2.622.134,55 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Г.Х  нь

1. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г ХХК-тай ЗГ/345873975 дугаартай кредит картын гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй, сарын хүү бэлэн бус 2%, бэлнээр бол 3,5%, зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн хүү 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1%, картын нэг жилийн хураамж 35.000 төгрөг, кредит картын хугацаа 2 жил байхаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж хариуцагч Г.Х  462868хххх8316 дугаартай картны эзэмшигч болжээ./хх-ийн 9,10-р хуудас/

2. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г ХХК-тай КР181211002 дугаартай АРАГ картын гэрээ байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрхтэй, сарын хүү бэлэн бусаар 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний 1%,араг кредит картын хугацаа 2 жил байхаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болж хариуцагч Г.Х  949627хххх0726 дугаартай АРАГ картны эзэмшигч болжээ./хх-ийн 11,12-р хуудас

1.1. ЗГ/345873975 дугаартай кредит картын хувьд:

Хариуцагч /зээлдэгч/ Г.Х  нь 462868хххх8316 дугаартай картыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ашиглаж бэлнээр 383.000 төгрөгийн гүйлгээ, бэлэн бусаар 630.909 төгрөгийн гүйлгээ хийж, эргэн төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Г  инд үндсэн зээл бэлэн гүйлгээ 383.000 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэлд 1000 төгрөг, бэлэн бус гүйлгээ 630.909 төгрөг, бэлэн бус гүйлгээний шимтгэлд 35.000 төгрөг, бэлэн зарцуулалтын хүү 254.731,73 төгрөг, бэлэн бус зарцуулалтын хүү 241.699,75 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 211.566,22 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 160.139,95 төгрөг, нийт 1.918.046,69 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 10, 13,14-р хуудас/

2.2. КР181211002 дугаартай АРАГ картын хувьд:

Хариуцагч /зээлдэгч/ Г.Х  нь 949627хххх0726 дугаартай картыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ашиглаж бэлэн бусаар 440.800 төгрөгийн гүйлгээ хийж, 5000 төгрөгийн эргэн төлөлт хийж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Г ХХК-д үндсэн зээл бэлэн бус гүйлгээ 440.800 төгрөг, бэлэн бус зарцуулалтын хүү 162.721,23 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 78.428,61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 22.138,02 төгрөг, нийт 704.087,86 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11, 12, 15-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Г нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ/345873975, КР181211002 дугаартай зээлийн гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 9-15-р хуудас/

Зээлийн гэрээнд заасан үүргээ Г биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Г.Х  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Иймд хариуцагч /зээлдэгч/ Г.Х аас дээрх 2 зээлийн буюу ЗГ/345873975 дугаартай кредит картын төлбөрт 1.918.046,69 төгрөг, КР181211002 дугаартай АРАГ картын төлбөрт 704.087,86 төгрөг, нийт 2.622.134,55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Г ХХК-д олгох үндэстэй.

Хариуцагч Г.Х  нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Хойд бэлхийн 38-368 тоотод оршин суудаг болохыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэс тогтоосон болно./хх-ийн 7-р хуудас/

Г.Х д 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2020 оны 9 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг сануулан гарын үсэг зурсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно./хх-ийн 21-22-р хуудас/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т ... хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч Г.Х ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч Г.Х д 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд гарын үсэг зурж хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Х аас 2.622.134,55 /хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 56.905 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамжинд 56.905 төгрөг гаргуулж Г ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО