| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0434/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/453 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/453
2023 12 13 2023/ШЦТ/453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000560 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Булган аймаг Могод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хххх” замчин ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. М овогт С-н Н- /рд: ГЕ97092718/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 22 цаг 55 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна талд хохирогч Б.А-ийг “пивоны шил шидсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр лүү нь гараараа цохиж, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч С.Н- мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Д-, А- нарын хамт Вегас бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө би пиво уучихсан байсан бөгөөд бааран дотор Д- бид 2 хүний хоёр хоёр 0,5 литрийн лаазтай пиво уусан. А- нь Д- бид хоёрыг баар руу оруулж өгчихөөд л явчихсан. Тэгээд байж байтал баарны үүдэнд үл таних 2-3 залуу баарны хамгаалагчтай маргалдаад байсан. Би тэр хамгаалагчийг нь таньдаг бөгөөд би тэдгээр залууст хандан “наад хүн чинь ажлаа хийж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэд нар над руу дайраад би тэдгээр залуусын хамт гадаа гарсан. Гадаа байхад араас нэг нь миний толгойн ар хэсэг рүү гараараа 1 удаа цохисон бөгөөд би урагшаа тонгойсон. Тэгээд би урдаа байсан Н- гэх залуутай барьцалдаж авсан, нэг мэдсэн чинь би ухаан алдчихсан байсан. Тэгээд ухаан ортол манай найз Д- намайг сэрээсэн, тэгтэл миний хамарнаас цус гарч байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нар цагдаа дээр ирсэн. Би согтолтын улмаас болон ухаан алдчихсан учраас намайг яг хэн нь хэрхэн цохиж зодсоныг мэдэхгүй байна. Мөн би хэн нэгнийг цохиж зодоогүй. Би Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 39 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан хамар ясны хугарал, хамрын тавлавчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг миний хамар луу цохисон Н- нь учруулсан. Харин зүүн хацар, 2 дал, баруун бугалга, зүүн тохой, сарвуунд зулгаралт зэрэг гэмтлүүдийг Н- учруулаагүй, харин миний араас 2 удаа татаж газарт унагаан дээр минь дарж сууж буй залуу учруулсан байх. Мөн алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь урд нь надад учирчихсан байсан бөгөөд Н- учруулаагүй. Би тухайн үед хүн гараараа цохиход сэдэрсэн байх...сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.Н- нь миний эмчилгээнд 570,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 21х/,
-Гэрч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдрийн барагцаагаар 22 цагийн үед би найз А-ийн хамт “Вегас” бааранд орсон. Бид 2 пиво уусан бөгөөд би таньдаг хүнтэйгээ таараад ширээн дээр нь очиж архи уусан. Тэгээд 23 цаг дөхөж байхад би бүжиглэж байгаад баарнаас гадаа гартал А- нь баарны гадаа газарт ухаангүй хэвтэж байсан. Түүний хамраас цус гарч байсан. Сэрээх гэтэл сэрэхгүй байсан бөгөөд хажууд нь зөндөө хүмүүс байсан. Тэгээд би хэн цохичихсон юм бэ, чи цохичихсон юм уу гэж саарал цамцтай залуугаас асуухад би цохисон гэж хэлсэн. Би тэгээд тэр залууг заамдаж автал хажуу талаас нэг танихгүй залуу орж ирээд саарал цамцтай залууг цохиод байсан. Би А-ийг босгоод баар ороод байж байтал цагдаа ирсэн. Тухайн үед юунаас болж зодоон болсныг мэдэхгүй байна. Би А-ийг цохиулсны дараа гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
- Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барагцаагаар 21 цагийн үед найз Н-, Х, Б нарын хамт “Вегас” бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө бид 4 хүний нэг нэг 0,5 литрийн пиво уучихсан байсан. Бааранд ороод бид нар 12 ширхэг пиво захиалж ууж эхэлсэн барагцаагаар 23 цагийн үед бид нар дээр найз Зулаа ганцаараа ирсэн. Тэгээд байж байгаад Х- бид 2 баарнаас гадаа гартал Б нь хүнд цохиулчихлаа гээд ганцаараа шатны хажууд зогсож байсан. Н- нь Б-эс жаахан цаана ганцаараа тамхи татаад зогсож байсан. Мөн нэг залуу нь шилтэй пиво уугаад өөрөөсөө гадна 2 залуу, 2 эмэгтэйн хамт зогсож байсан. Н- тэгээд пиво ууж байсан залуу руу алхаад хөөе андаа, нааш ир гэхэд тэр залуу өөдөөс нь пивоны шилээ шидсэн бөгөөд оноогүй. Н- бултсан. Тэр залуу тэгээд Н-ыг цохих гээд өөдөөс нь хүрээд ирэхээр нь Н- түүнийг тэвэрч аваад газарт унагаасан. Тэгээд Н- тэр залууг 2 удаа алгадсан бөгөөд би очиж салгасан. Тэгснээ тэр цохиулсан залуу босоод цааш явсан араас нь Н- очиж уулзсан. Н- буцаж ирээд учраа олчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлэн бааранд байж байтал цагдаа ирээд бид нар цагдаа руу ирсэн. Ийм л үйл явдал болсон. Н-т алгадуулсан залуу буюу А- гэх залуутай Н-аас өөр хүн ойртоогүй. Мөн А-оос өөр Н-тай маргалдсан хүн байгаагүй. Цагдаа дээр ирсэний дараа харахад А-ийн хамарнаас цус гарчихсан байсан. Н-, А- нараас өөр хоорондоо маргалдсан, цохилцсон хүмүүс байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,
-Гэрч Н.Х- мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барагцаагаар 21 цаг өнгөрч байхад найз Н-, А-, Б-, Зулаа нарын хамт “Вегас” бааранд орсон. Бааранд ороод бид нар 12 ширхэг пиво, 1 шил архийг захиалж ууж эхэлсэн. Бид нар бааранд орохоосоо өмнө караоке орж пиво уусан байсан. Тэгээд Н- бид 2 баарнаас гарч Н- тамхи татсан. Тэгтэл бааран дотор коридор хэсэгт 2 залуу хоорондоо зодолдоод байсан. А- гэх залуу нь нөгөө залуугаа зодоод байхаар нь Н- дундуур нь орж салгасан. Н- тэгээд гадаа гартал А- Н- руу пивоны шил шидсэн. Н- тэгээд бултаад гүйж очоод давхар хамаад А-ийг газарт унагаасан. Н- тэгээд А-ийг 2 удаа алгадчихаад буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,
- Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад би Намуун караокед очиход манай ажлын газрын А-, Х-, Н-, З, Э.Д нар байсан. Бид нар караокед пиво, 0,5 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тэгээд караокеноос гарч барагцаагаар 21 цаг өнгөрч байхад бид нар Вегас баар луу орсон. Харин З, Э.Д нар явсан бөгөөд бааранд бид нар пиво, архи уусан. Би баарны гадаа тамхи татаад зогсож байтал Н- гарч ирсэн араас нь нэг залуу гарч ирсэн. Тэр 2 маргалдчихсан гарч ирсэн бөгөөд Н- тэр залууг 2 удаа алгадсан. Тэгээд салцгаасан бөгөөд Н- тэр залуугийн араас очоод уучлалт гуйгаад гар барьсан. Би удалгүй ганцаараа түрүүлээд явчихсан бөгөөд намайг байхад өөр ямар нэг зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
-С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны орой найз Х-, А-, Б-, Зулаа нарын хамт Вегас бааранд орсон. Би баарны гадаа Х-ын хамт тамхи татаад байж байтал А- гэх залуу нэг залууг баарны коридорт зодож байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгахад А- над руу олон юм яриад байсан. Тэгээд баарнаас гарч ирээд над руу пивоны шил шидэхээр нь би доошоо тонгойгоод тэгээд түүнийг давхар хамж газарт унаагаасан. Би тэгээд түүнийг 2 удаа алгадсан бөгөөд түүнээс уучлалт гуйсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай:
1. Б.А-ийн биед алганы шивнүүр, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 дал, баруун бугалга, зүүн тохой, сарвуунд зургаларлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 дал, баруун бугалга, зүүн тохой, сарвуунд зургаларлт гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Апганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.
4.Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. Апганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44х/,
-Шүүгдэгч С.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 22 цаг 55 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна талд хохирогч Б.А-ийг “пивоны шил шидсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр лүү нь гараараа цохиж, толгой руу хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч С.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди билчэгийг хэрэгт хавсаргаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын Н-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н- нь 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ