| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа,
шүүгдэгч Л.О, Б Ч тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, Р.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л О, Б Чнарт холбогдох эрүүгийн 2217001420041 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ..-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт У хот Б дүүрэг, .. дугаар хороо,... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Б овогт Л О /РД:/,
Б Н Х А У и, 19.. оны .. дугаар сарын ..-нд Б...аймгийн Э.. газар төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ....” ХХК-ний дэд захирал ажилтай, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт У хот Б дүүрэг, .. дугаар хороо, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б Ч/РД:/, паспортын дугаар G /Паспорт №Е/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.О нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г аймгийн Б сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор Б.Цийн нөхрийг нь болон өөрийг нь үйлдвэрийн хашаанаас гар гэсэн шаардлагад дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Б Н Х А улсын иргэн Б Чбүлэглэж, бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу нь өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож, биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б Н Х А У и, Б Ч/РД:/, паспортын дугаар G.. /Паспорт №Е../ нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г. аймгийн Б. Сумын.. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор Б.Цийн үйлдвэрийн хашаанаас гар гэсэн шаардлагад дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Л.Отэй бүлэглэж, бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу нь өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож, биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О, Б Чнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001420041 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Сүхбаатар дүүргийн Прокурорын тогтоол гарсны дараа бид хөрөнгөө хамгаалахаар ирсэн. Тухайн үед ирэхэд “Б” ХХК-ийн захирал Ц байсан. Ц энэ газар минийх, би гарахгүй гээд маргаан үүсгэсэн. Шинжээчийн дүгнэлт болон Ц, гэрч нарын мэдүүлгээр намайг шагайн дотор тал руу өшиглөсөн гэсэн байгаа. Би тухайн үед Цийн шагайн дотор тал руу өшиглөсөн асуудал байхгүй. Б Ч, Ц хоёрыг маргалдаж байх үед би Цийн баруун талд зогсож байсан. Ц намайг татаад зүүн талдаа гаргасан. Ер нь уулзсан цагаас эхлээд Ц нь манай нөхөрийг үг хэлээр доромжилж, өөдөөс нь шүлсээ хаяж байсан. Би 60 хүрч байгаа эмэгтэй хүн, Ц надаас 10 гаран насаар дүү эрэгтэй хүн. Хүч чадалын хувьд илүү байгаа. Намайг Ц татаад зүүн гар талдаа гаргахад би тэсэхгүй өшиглөсөн. Өшиглөхөд зүүн хөлнийх нь өвдөг хавьцаа хий өшиглөсөн. Тэгээд хий өшиглөсөн болохоор баруун хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Д, А нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг баруун, зүүн хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан гэж мэдүүлсэн байсан. Тэр бол худлаа. Надад тийм чадал байхгүй. Дүгнэлтаар баруун хөлний цус хуралт, зүүн хөлний шилбэний гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж байсан. Тэр дүгнэлт, миний үйлдэл хоёр зөрөөд байна гэдгийг би мөрдөгчид хэлж байсан. Би зүүн хөлөнд нь огт хүрээгүй байхад гэмтэл гарсан гэж байна. Тэр гэмтлийг би учруулаагүй, дахин дүгнэлт гаргуулъя гэхэд огт хүлээж аваагүй. Цийн өгсөн бичлэгээр та хүн зодсон нь харагдаж байна гээд байсан. У мөрдөгч бүр санаа алдаад би уул нь ингэмээргүй байна, прокуророос намайг шахаад байна гэдэг зүйлийг хэлж байсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд болсон шүүх хурлын үед танхимын үүдэнд сууж байхад А өмгөөлөгч Б Чбол хүн зодож сурсан хүн, одоо Цийг зодоод яллах дүгнэлт нь гарчихсан гээд ярьж байхыг сонссон. Гэтэл яллах дүгнэлт сүүлд 05 дугаар сард үйлдэгдсэн байгаа. Би тэрийг их гайхаж байсан. Тэгэхээр энэ бол зориуд ингэж байгаа үйлдэл гэв.
2. Шүүгдэгч Б Чшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас “Б Ч” ХХК-ийн хөрөнгийг хадгалах эрхийг олгосон. Энэ тогтоолын дагуу хөрөнгө алдагдах, хохирол учрах тохиолдолд бид өөрсдөө хуулийн хариуцлага хүлээхээр байсан. Энэ прокурорын тогтоолыг бариад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүдэр боловсруулах үйлдвэрт очиж, бид хуулийн дагуу хөрөнгөө хамгаалах эрх байна, та нар гар гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед би Ц-эд гар хүрч, тохойлдоод хавиргыг нь гэмтээсэн асуудал байхгүй. Тэр өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө, тухайн үед байсан манай 9 хүнээс бүгдээс нь мэдүүлэг аваач гэсэн саналыг хэлж байсан. Тухайлбал гэрээт харуул хийж байсан 3 хүнээс мэдүүлэг аваач гэхэд мөрдөн байцаагч мэдүүлэг аваагүй. Шударга ёс бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Бидэнд тэгш хандаагүй. Ц өөрөө шууд дайраад байсан. Мөрдөн байцаагч бичлэг болон хоёр хүний мэдүүлэгийг л нотлох баримтаар авсан. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч нарыг дээрэмддэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Эдгээрийн нэг нь өмгөөлөгч Д. Абайна. Яллах дүгнэлт гарсан талаар А өмгөөлөгч мэдэж байсан. Тэгэхээр урьдчилаад хийсэн ажил гэж бодож байна. Яриад байгаа зүйл нь бичлэгээс зөрөөд байна гэдгийг мөрдөгчид удаа дараа хэлж байсан. Тоогоогүй гэв.
3. Хохирогч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г.. аймгийн Б..сумын багт байрлах “Б" ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хашаанд хэсэг бүлэг хүмүүс явж байсан. Би цонхоор харахад Б Ч, О, С нар болон бусад хүмүүс явж байсан. Намайг гараад очиход гар зайл гээд, элдэв үг хэлээр доромжилсон. Би эндэхийн газрын эзэн байна гэхэд чи гар зайл гээд хөөсөн. Би тухайн үед Монгол Улс хуультай, энэ асуудал шийдэгдээгүй маргаантай байгаа, эв зүйгээр ярилцаж болохгүй юу гэж хэлсэн. О намайг өшиглөөгүй гэж байна. Тухайн үед маш их ууралсан байдалтай, юу хийж байгаагаа мэдэхгүй өшиглөөд байсан. Бичлэгт зарим нэг нь ороогүй байх. Олон удаа намайг өшиглөсөн. Нөхөр нь урдаас цохиж байхад эхнэр нь хажуугаас хөл рүү өшиглөөд байсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгосон байгаа. 2 дугаар зэрэгтэй гэж гарсан. Мөн эмчилгээний зардалд 65000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэв.
4. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Б ХХК-ний эзэмшлийн газар болох үйлдвэрийн хашаанд харуул болон ажилчидын хамт өдрийн цайндаа орж байх үед цонхоор харахад хашаан дотор байх цагаан өнгийн агуулахын хажууд үл таних хүмүүс зогсож байгаа харагдсан. Үйлдвэрийн баруун хойд буланд 2 машин байрлуулсан байсан бөгөөд миний бодлоор хашаа давж орж ирсэн гэж бодож байгаа, тухайн үед хашааны хаалга бүгд цоожтой байсан. Би тухайн хүмүүсээс ямар зорилгоор хэн гэх хүмүүс явж байгаа талаар асуухад БНХАУ-ын иргэн Б Чгэх этгээд үл таних 8 хүмүүс болон өөрийн эхнэрээ дагуулан цоожийг эвдэхээр зогсож байсан /төмөр зүйл барьчихсан цоожийг оролдоод зогсож байсан гэх/. Тэгээд би компаний эзэмшлийн хашаан дотор юун хүмүүс нэвтэрч компаний эд хөрөнгө эвдэж гэмтээж байна вэ, бичиг баримтаа үзүүл гэхэд Б Чгэх хүн чам шиг юманд үзүүлэхгүй, чи эндээс зайл, хулгайч, луйварчин, дээрэмчин гэх зэргээр маргаан үүсгэж харааж доромжилж эхэлсэн. Тэр үед нь би энэ газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй Б Ч ХХК-ний захирал Ц байна гэхэд Б Чнь Баянтал сумын Засаг дарга А надад наад газар чинь хүчингүй болсон хашаа руугаа ор гэж хэлсэн. Цагдаа П ч бас ор гэж хэлсэн хэлээд маргалдаж эхэлсэн бөгөөд маргалдах явцад Б Чминий биед халдаж баруун гарын арын дээд булчингаас хүчтэй базаж татсан, зүүн хавирга руу тохой хэсгээрээ цохисон, ар нурууны баруун гол хэсэгт цохисон тэр үед би аль гараараа цохисон эсэхийг анзаараагүй, мөн түүний эхнэр нэрийг нь мэдэхгүй эмэгтэй миний зүүн хөлний шагайны дотор хэсэгт, баруун хөлний шилбэний гадна хэсэгт 2 удаа өшиглөсөн тухайн үед аль хөлөөрөө өшиглөсөн талаар анзаараагүй. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд Баянтал сумын хэсгийн мөрдөгч П ирсэн. Б Чявж байсан Н гэх этгээд цагдаа Пын дэргэд надад хандан чиний тархийг чинь хага цохино, лоомдоно тэгсэн байхад чи муу яах юм гэх зэргээр намайг айлган сүрдүүлж миний амь нас эрүүл мэндэд халдахаар заналхийлсэн. Миний биеийн цээж ар нуруу хэсгээр хөндүүртэй улайж хөхөрсөн, баруун зүүн хавирга хэсэг улайж хөхөрсөн зовиуртай, нуруу улайж хөхөрсөн зовиуртай, зүүн хөлийн шагай хавдаж өвдсөн. Баруун хөлний шилбэний ар хэсэгт хүндүүрлэж улайн хөхөрч хавдсан байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос Б Ч ХХК-ний захирал Б Чнь С, О гэх 2 нягтлангийн хамт ирээд үйлдвэр лүү орьё гээд орох үедээ үйлдвэрийн хойд хаалгаар ороогүй, хойд хаалган дээр очоод оруулахгүй гэдгийг мэдээд бид нар үйлдвэрийн баруун талын хашааг даваад үйлдвэрийн хашаанд нэвтэрсэн. Хашаанд ороод Б Ч бид нар пүүний байр орьё гээд явахад Ц, Э, А гэх хүмүүс гарч ирээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Ц нь голчилж хэрүүл маргаан үүсгэж дайрч байсан. Тэгэж байгаад гал тогоо руу ороод гарч ирснээ гараа шалбалчихсан гарч ирээд намайг гэмтээчихлээ гээд байсан мөн хавирга хугаллаа, утас эвдчихлээ гэх зүйлийг яриад байсан. Дараа нь утас нь эвдрээгүй яриад байсан. Тэгэж маргалдаж байхад Баянтал сумын хэсгийн төлөөлөгч хэсгийн мөрдөгч Х.П ирээд маргааныг салгаж тараасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,
6. Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б Ч ХХК-ний дэд захирал Б Чнь эхнэр О, нягтлан С нарын хамт Б.. сумын 1 дүгээр баг Хүдрийн үйлдвэрийн хашаанд ирж дотор нь байгаа хүмүүстэй уулзах гэхэд хаалгаар оруулаагүй тул Б Ч, С, О, Э, Н болон би үйлдвэрийн хашааны баруун хэсэгт шороонд дарагдсан байсан учраас тухайн хэсэг газраар дотогш нэвтэрсэн. Тэгээд хашааны дотор байж байх үед Ц гэх хүн гарч ирээд хашаанаас гар гээд хэрүүл маргаан үүсгээд Б Чгийн урдаас шүлсээ нулимаад маргаан үүсгэж эхэлсэн. Тэгтэл хэсгийн мөрдөгч П ирээд бид нарыг тараасан, тэгээд бид нар хашаанаас гарсан. Цийг П маргаад хэрэггүй бичиг баримтуудаа авчих хэсгийн өрөөнд очоод шийдье гэхэд Ц хашаанаас гараагүй. Тэгээд л маргаан дууссан. Тухайн үед Б Чболон С нар нь Цийн биед халдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,
7. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г.. аймгийн Б..сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн хашаанд харуул байрлуулахаар Б Ч, О мөн бусад ажилчдын хамт очсон. Очих үед үйлдвэрийн хаалга цоожтой байсан учраас хашааны баруун талд байх шороонд дарагдчихсан жижиг хашаа хэсгээр дотор талд орсон. Хашаан дотор байж байх үед Ц гэх залуу хэсэг хүмүүстэй хамт ирээд гар, зайл гэх зэргээр орилж хашгирч эхэлсэн. Тэгээд 2 талаас хоорондоо маргалдаж байтал Ц гэх залуу эсвэл тухайн залуугийн цуг байсан хүмүүсээс нэг нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх гэж бодож байна их удалгүй хэсгийн мөрдөгч П ирээд салгасан. Тухайн үед Ц, Б Ч, О нар нь бие биенийхээ биед халдсан цохисон зүйл болоогүй. Ц нь Б Чг гар гээд гэдэс бие хэсгээрээ түлхээд дайраад муухай хашгираад доромжлоод дайрч давшлаад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,
8. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Г..аймгийн Б.. сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн хашаанд Ц, А, Э бид нар өдрийн цайндаа орж байх үед үйлдвэрийн хашааны баруун талаар үл таних хүмүүс давж орж ирээд пүүний байрны хаалганы цоожийг эвдээд онгойлгочихсон, агуулах онгойлгох гээд зогсож байсан. Агуулахын хаалга болон түгжээг эвдээгүй. Тэр үед Ц очоод гар гээд шаардлага тавихад Ч гэх хүн шаардлагыг нь эсэргүүцэж маргалдаж эхэлсэн. Ч гэх хүн 10 орчим хүнтэй явж байсан. Маргалдаж байх үед Чгийн эхнэр гэх хүн Цийн хөл рүү баруун хөлөөрөө ээлжлээд 2-3 удаа өшиглөж байсан. Хөлнийх нь яг хаана хэдэн удаа гэдгийг сайн хараагүй. Ч нь ярихдаа сумын Засаг дарга, цагдаагийн төлөөлөгч 2 ор гэсэн гэж байсан. Ц Чд хандан дахин шаардлага тавихад Ч нь Цийн ар нуруу хэсэгт гараараа 1 удаа цохиж байсан. Тэр үед Б сумын цагдаа ирээд шаардлага тавьж гаргасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/,
9. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Б.. сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн хашаанд Ц, А, Д бид нар өдрийн цайндаа орж байх үед Ц юун хүмүүс гээд гараад явсан бид нар араас нь гарахад үйлдвэрийн хашааны баруун талаар үл таних хүмүүс давж орж ирээд пүүний байрны хаалганы цоожийг эвдээд онгойлгоод орчихсон байсан. Тэр үед Ц юун хүмүүс вэ, бичиг баримтаа гэхэд Б Чгэх хүн чам шиг муу луйварчинд үзүүлэхгүй, луйварчин минь зайл гээд хэрүүл маргаан эхэлсэн. Чтай хамт явж байсан Н гэх харуул нь лоомоор цохиж ална гээд ханцуйгаа шуугаад яваад байсан, гартаа юм барьсан байсан үгүйг нь хараагүй. Б Чхамт явж байсан хүмүүс орилж хашхираад тэрүүгээр бөөн юм болгоод байсан. Тэгтэл Б Чгийн эхнэр гэх эмэгтэй Цийн хөл рүү өшиглөөд байсан, аль хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн талаар анзаараагүй. Тухайн үед сумын төлөөлөгч П дуудлагаар ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,
10. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Ц үйлдвэрийн ажилчид болох Д, Э нар Г а Б сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт өдрийн цайндаа орж байх үед хашаан дотор хүмүүс явж байна гэж Ц хэлэхээр нь хартал пүүний хажууд хүмүүс явж байсан. Тэгээд Ц гүйгээд явсан. Бид нар араас нь очиход 10 орчим хүмүүс үйлдвэрийн хойд талын агуулахын цоожийг нь онгойлгох гээд байж байсан. Ц тэр хүмүүс дээр очоод юун хүмүүс яваад байгаа юм бэ, хашаанаас гарцгаа байгууллагын хашаа гэхэд Б Чгэх хүн Цийн өөдөөс элдэв үгээр харааж доромжилж эхэлсэн. Тэндээс яваад бөөндөө пүүний хажууд ирэхэд пүүний хаалгыг нь эвдчихсэн байсан бөгөөд тухайн хүмүүсийг та нар гар, энэ байгууллагын хашаа гэхэд Б Чбидэнд хандаад А /Баянтал сумын Засаг дарга, П /Баянтал сумын хэсгийн байцаагч/ нар ор гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд Ц та нар бичиг баримтаа үзүүл гэхэд Б ЧЦийг гөлөг, бэлтрэг, пизда гэх зэргээр харааж эхэлсэн. Тухайн хүмүүс бүгд пүүн дээр гарчихсан байхад Ц гар гар гэхэд Б ЧЦийн зүүн хавирга хэсэгт баруун гараараа тохойлдсон тэр үед Ц ёо хавирга тохойлдчихлоо гэж байсан. Тэгэж байгаад Б ЧЦийн хажуугаар гарах үедээ нуруу хэсэгт нь гараараа цохисон. Б Чгийн эхнэр Цийн баруун зүүн хөлний шагай, шилбэ хэсэгт нь баруун зүүн хөлөөрөө хэд хэд өшиглөөд пүүнээс түлхэж унагасан. Тэр үед хэсгийн мөрдөгч П ирчихсэн байсан бөгөөд бүгдийг нь хэсэг рүү аваад явсан. Тэр үед Н гэх Б Чхамт явж байсан хүн Цийг энэ новшийн тархийг хага цохино, лоомоор шаана гэж заналхийлж газарт тонгойгоод байсан. Гэхдээ газраас ямар нэгэн зүйл аваагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,
11. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б Ч ХХК-ний ажилтан С гэх хүн над руу бид нар үйлдвэрийн хашаанд очих гэсэн юм гэтэл оруулахгүй байна, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь би наад үйлвэрийн чинь газрын эрхийг дуусгавар болсон байгаа бөгөөд одоо шүүх дээр маргаантай байгаа, үйлдвэрийн дотоод асуудал барилга байгууламжийн асуудал надад хамааралгүй гэж хэлээд тухайн газарт нь хэсгийн мөрдөгч П очсон байна гэхээр нь би хэсгийн мөрдөгч Птай ярьж дээр хэлсэн нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн. Би ямар нэгэн хүнд тухайн үйлдвэрийн хашаанд нэвтрэх зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/,
12. Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б Ч.., Ц ... дугаарын утаснуудаас ээлжилж Ц нь үйлдвэрийн хашаанд хүмүүс дайрч орж ирлээ гэх, Б Чнь бид нар үйлдвэрээ авах гээд гэх зүйлийг ярьж байсан. Одоогоор цагийг нь сайн санахгүй байна. Би үйлдвэрийн хашаанд очиход хашаанд байх пүүн дээр Б Ч, С, Ц мөн танихгүй нэг залуу, О нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Би очиж ямар шалтгааны улмаас маргалдсан талаар асуухад Ц нь үйлдвэрийн хашаанд хүмүүс дайрч орж ирээд гарахгүй байна гэх зүйлийг ярьсан. Б Чнь бид нар үйлдвэртээ өөрийнхөө харуулуудыг оруулмаар байна гэсэн. Ц газар бол бид нарын өмч өөр хүн оруулахгүй гээд нөгөө тал нь орно гээд маргалдаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ц нь Б Чг гар зайл гэж орилж хашгирахад Б Чнь Цийн цээж хэсэгт 2 гараараа түлхсэн, тэр үед Б Чгийн эхнэр О Цэд чи миний нөхрийг доромжиллоо гээд Цийн баруун хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр маргааныг дуусгаад цагдаагийн хэсгийн өрөөнд очиж уулзая гээд Б Чг гаргасан, Б Чнь өрөөнд ирээд бичиг баримтаа үзүүлж байсан. Ц нь өрөөнд ирээгүй. Ц нь Б Чболон О нарыг цохиж биед нь халдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,
13. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 201 дугаартай дүгнэлтэд:
- Б.Цийн биед цээжинд 7, 8-р хавирганы орчимд баруун, зүүн суганы дунд шугамаар, баруун далны доод хэсэгт, баруун бугалганд, зүүн шагайн орчимд, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2022.09.14-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Цээжинд 7, 8-р хавирганы орчимд баруун, зүүн суганы дунд шугамаарх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн шагай орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун далны доод хэсгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Урьд гаргасан 201 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
- Б.Цийн биед баруун бугалгын дунд гадна хэсэг, цээжний баруун 7,8-р хавирганы орчим, зүүн дал, баруун далны доод хэсэг, зүүн шагай, баруун шилбэний дунд ар хэсэгт цус хуралт учирсан байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
- Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор, шинжээч эмч Б.Баяртогтох, Д.Дунгаамаа гэжээ. /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
15. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.09.19-ний өдрийн 01 дугаартай тоот дүгнэлт үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.12.23-ны өдрийн 21 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Уг дүгнэлтүүдийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А216/422 тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гаргасан байна.
- Б.Цийн биед баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Б.Цийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Б.Цийн биед учирсан гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: мэргэшсэн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч О.Болороо, О.Оюунбаясгалан, С.Эрдэнэцэцэг, Г.Ханхүү гэжээ. /1 дүгээр хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
16. Шинжээч Г.Ханхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Цийн биед учирсан цээжний цус хуралт гэмтэл нь цээжээрээ түлхэх үед үүсэх боломж багатай, харьцангуй хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой. Б.Цийн биед учирсан цээжний цус хуралтаас бусад гэмтлүүд нь мөн нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа биеийн нийт гадаргуугийн 1-ээс илүү хувийг хамарсан байна. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа биеийн нийт гадаргуугийн 1 хувиас хэтрэхгүй боловч нийлээд 1-ээс илүү хувийг хамарч байгаа тул хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж ойлгоно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Гэмт хэргийн улмаас хохирогч Б Л овогт Б-гийн Цийн сэтгэцэд мэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинж илэрч байна.
- Хохирогч Б.Цийн сэтгэцэд учирсан сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинж нь түр зуурын шинжтэй.
- Хохирогч Б.Цийн сэтгэцэд учирсан сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинж нь сэтгэцийн тулгамдсан асуудал юм.
- Хохирогч Б.Цийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинж нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
- Хохирогч Б.Цийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Ц.А, Ц.Долгорсүрэн гэжээ.
18. Хохирогч Б.Цийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/,
19. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 9-13 дугаар хуудас/,
20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 93-94, 95 дугаар хуудас/,
21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Л.О, Б Чнарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.О нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г а Бсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор Б.Цийн нөхрийг нь болон өөрийг нь үйлдвэрийн хашаанаас гар гэсэн шаардлагад дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Б Н Х А У и B C-тай бүлэглэж, бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу нь өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож, биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б Чнь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г а Бсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор Б.Цийн үйлдвэрийн хашаанаас гар гэсэн шаардлагад дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Л.Отэй бүлэглэж, бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу нь өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож, биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэдний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч Б.Цийн өмгөөлөгч Д.А гэм буруугийн шүүх хуралдаанд “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Л.О, Б Чнар нь Б.Цийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Тухайн үед Б.Ц тухайн газрыг эзэмшээд байж байсан. Бичлэгээс харахад Ц цагдаа болон бусад хүмүүсийг гаргаад хаалга хааж байна. Энэ нь Б.Цийн эзэмшлийн газар мөн гэдгийг харуулж байна. Гэрчийн мэдүүлгээр эдгээр хүмүүс нь хашаа давж орж ирэн маргаан үүсгэсэн байгаа. Ер нь орон байр болоод бусдын эзэмшил газарт хууль бусаар халдан орж маргаан үүсгэсэн нь харагдаж байна. Сидины бичлэгээс харахад Ц өөрийн эзэмшлийн газраа хамгаалах зорилгоор хоёр гараа унжуулаад гэдсээрээ түлхэх төдий байгаа нь харагдаж байна. Харин Б Ч, О нар нь цохьсон нь бичлэгээс харагдаж байна. Тэгэхээр Б Ч, О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэж байна. Өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгөөд яриад байгаа 2019 оны Прокурорын тогтоолд Л.О, Б Чнарын нэр огт байхгүй байдаг. Тийм учраас хууль бусаар халдан орж, маргаан үүсгэн Б.Цийн биед санаатай гэмтэл учруулсан байна гэж үзэж байна”гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Д.М гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар ярихад шүүгдэгч Б Ч, Л.О нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Б.Ц нь Цагдаагийн хэлтэст гаргасан гомдолдоо Б Чнь баруун гарын дээд булчингаас хүчтэй татсан, баруун хавирган тус газар тохойгоороо цохьсон. Түүний эхнэр Л.О нь миний хөл рүү хоёр удаа өшиглөсөн гэсэн байдаг. Мөн Б.Ц мэдүүлэхдээ Б Чминий биед халдаж баруун гарын арын дээд булчингаас хүчтэй татсан, хавирга руу тохойгоороо цохьсон, мөн ар нуруу руу цохьсон. Эхнэр нь миний зүүн хөлний шагайн дотор хэсэгт болон баруун хөлний шилбэ руу хоёр удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн. Мөн гэрч Эийн мэдүүлэгт Б Ч, С нар нь ямар нэгэн байдлаар Цийн биед халдаагүй гэж мэдүүлсэн. Мөн Солонгоогийн мэдүүлгээр Б Ч, О, Ц нар нь зодолдсон зүйл байхгүй. Ц нь гар гээд муухай орилоод, гэдсээрээ түлхээд байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн шинжээчийн 201 тоот дүгнэлтэд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байгаа. Цийн биед учирсан гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сариулахгүй гэж байгаа. Бичлэгээс харахад Б Чнь цээжээрээ холдуулж байгаа үйлдэл харагддаг. Харин Л.О нь нэг удаа өшиглөхөдөө хий өшиглөсөн байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр Б Ч, О нарын үйлдэл нь тус тусдаа үйлдэл байгаа. Энэ хоёр нэг обектод хүрсэн бол хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл тус тусдаа үйлдэл бүрээр нь тогтоогоод гэмтлийн зэрэг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д тус тус зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Р.М гэм буруугийн шүүх хуралдаанд “Шинжээчийн дүгнэлт дээр гэмтлийн зэрэг тогтооход нийлбэр гэж үг байдаг. Шинжээчийн дүгнэлтийг бичлэгтэй нэг бүрчлэн тулгаж харьцуулж харлаа. Шинжээчийн дүгнэлтэд шагайнд цус хуралт байна гэсэн байгаа. Бичлэгийг маш олон удаа үзлээ. Б.Цийн шагайнд хөл очоогүй байна. Нэг нь хий, нэг нь өвдөгний доод талд өшиглөсөн байна. Прокурор бүх үйлдлийг нийлүүлээд хуулбар хийсэн байна. Тэгэхээр улсын яллагч өөрөө бүх үйлдлийг нийлүүлээд тавьчихсан гэсэн үг. Оийн хувьд ямар ч шагайнд хүрсэн зүйл байхгүй. Тэгэхэд шагайнд хүрсэн гээд хэлмэгдэх гээд байна. Тэгэхээр үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Б Чны хувьд биед нь хүрсэн зодох гээд байгаа. Зодолдсон зүйл байхгүй. Ц миний хавиргыг хугалчихлаа гээд орилж байхдаа хавиргаа дараад байгаа. Ц, Б Чхоёр мөргөлдөхдөө тэр хавиргаа дараад байгаа талынхаа эсрэг талаараа мөргөлдсөн байгаа. Үүнийг маш сайн харах хэрэгтэй. Зөрүүтэй гэсэн үг. Мөн шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр гэж байгаа. Шинжээчийн дүгнэлт 3, 5 удаагийн гээд гарсан байдаг. 60 хүрч байгаа хүн тийм зүйл хийх боломж байхгүй. Улсын яллагч өөрөө бичлэг үзэж байхдаа маш хариуцлагагүй үг хэлсэн. Пыг ирсэн хойно өшиглөсөн байна гээд. Тэгэхээр үүнийг маш сайн нарийн үзэх хэрэгтэй. Энэ асуудал нь Зөрчлийн хэрэг биш. Хүнд эрүүгийн хариулага оногдуулах асуудал. Мөн сэтгэцийн дүгнэлт гаргуулсан гэж байна. Энэ шинжээчийн дүгнэлт жилийн дараа гарч байгаа. Би Б.Цийг мэднэ. Энэ хүнтэй 2, 3 жил зууралдаж байна. Б.Цийн хувьд маш ууртай хүн. Бид хоёр хоорондоо ямар ч асуудал байхгүй. Лоом бариад явж л байдаг хүн. Тэгэхээр энэ сэтгэцийн дүгнэлт өөрийнх нь амьдралын олон жил шаналсан байдлаас холбоотой дүгнэлт гарсан болов уу, үнэхээр энэ асуудлаас болов уу гэдэг нь эргэлзээтэй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Д.М, Р.М нараас гаргасан “шүүгдэгч Л.О, Б Чнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Л.О нь Б Чбүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г а Бсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор хохирогч Б.Цийн “үйлдвэрийн хашаанаас гар” гэсэн шаардлагад дургүйцэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэж түүний бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б Чнь Л.Отэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г а Бсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор хохирогч Б.Цийн “үйлдвэрийн хашаанаас гар” гэсэн шаардлагад дургүйцэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэж түүний бугалгаас базах, цээж рүү нь тохойлдох, шилбэ шагай руу өшиглөх, пүү /жин/ дээрээс түлхэх зэргээр зодож биед нь баруун бугалга, цээж, баруун шилбэний цус хуралт, зүүн шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Цийн “...маргалдах явцад Б Чминий биед халдаж баруун гарын арын дээд булчингаас хүчтэй базаж татсан, зүүн хавирга руу тохой хэсгээрээ цохисон, ар нурууны баруун гол хэсэгт цохисон тэр үед би аль гараараа цохисон эсэхийг анзаараагүй, мөн түүний эхнэр нэрийг нь мэдэхгүй эмэгтэй миний зүүн хөлний шагайны дотор хэсэгт, баруун хөлний шилбэний гадна хэсэгт 2 удаа өшиглөсөн тухайн үед аль хөлөөрөө өшиглөсөн талаар анзаараагүй...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Дн “...Маргалдаж байх үед Чгийн эхнэр гэх хүн Цийн хөл рүү баруун хөлөөрөө ээлжлээд 2-3 удаа өшиглөж байсан... ... Ц Чд хандан дахин шаардлага тавихад Ч нь Цийн ар нуруу хэсэгт гараараа 1 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Эгийн “...Тэгтэл Б Чгийн эхнэр гэх эмэгтэй Цийн хөл рүү өшиглөөд байсан, аль хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн талаар анзаараагүй...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Аийн “...Тухайн хүмүүс бүгд пүүн дээр гарчихсан байхад Ц гар гар гэхэд Б ЧЦийн зүүн хавирга хэсэгт баруун гараараа тохойлдсон тэр үед Ц ёо хавирга тохойлдчихлоо гэж байсан. Тэгэж байгаад Б ЧЦийн хажуугаар гарах үедээ нуруу хэсэгт нь гараараа цохисон. Б Чгийн эхнэр Цийн баруун зүүн хөлний шагай, шилбэ хэсэгт нь баруун зүүн хөлөөрөө хэд хэд өшиглөөд пүүнээс түлхэж унагасан...” гэх мэдүүлэг,
гэрч Х.Пын “...Тэгээд Ц нь Б Чг гар зайл гэж орилж хашгирахад Б Чнь Цийн цээж хэсэгт 2 гараараа түлхсэн, тэр үед Б Чгийн эхнэр О Цэд чи миний нөхрийг доромжиллоо гээд Цийн баруун хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 201 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.О, Б Чнар нь бүлэглэж хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт “бүлэглэж;” гэж заасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.О, Б Чнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахаас урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэг цаг хугацаанд нэг санаа зорилготой Г а Бсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хашаан дотор орж хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.О, Б Чнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О, Б Чнар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Л.О, Б Ч, хохирогч Б.Ц нар нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг зохих байгууллагаар нь шийдвэрлүүлээгүйгээс болсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.Оийг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б Чг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлд хамаарах хор уршиг тус тус учирсан байна.
Шүүхээс хохирогч Б.Цээс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохиролыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Хууль тогтоогчоос 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, уг хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан байна. Уг харилцааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт үйлчлэхээр тусгайлан зохицуулаагүй байх тул хохирогч Б.Цээс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохиролыг мөнгөн дүнгээр тооцож гаргах боломжгүй байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардал болох 65 500 /жаран таван мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Л.О, Б Чнар нь нөхөн төлсөн байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Л.О, Б Чнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч Б.Цийн өмгөөлөгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Б.Цийн биед гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэлээ. Миний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус гэж улсын яллагч хэлж байна. Бусдын эзэмшил газарт хууль бусаар нэвтэрч орсон. Үүнийг зүй бус гэж үзэх үү гэдэг асуудал байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан торгох ялын дээд хэмжээг оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Д.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс Б Ч, Л.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хариуцлагын талаар ярихад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Нэгдүгээрт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Хохирогчийн зүй бус үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Хэн аль нь давамгайлсан зүйл байхгүй. Торгох ялын доод хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Р.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хууль зүйн талаасаа ч, болсон үйл явдлын талаас ч тэр хохирогч тал хүндрүүлээч гэсэн санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс хохирогч Б.Цийн өмгөөлөгч Д.А гаргасан “Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Л.О, Б Чнарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүлэглэж үйлдсэн гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасныг хангаж хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан. Харин уг заалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчлан зохицуулаагүй байх тул шүүгдэгч Л.О, Б Чнарын эрүүгийн хариуцлагыг хуульд заагаагүй үндэслэлээр хүндрүүлэх боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.О, Б Чнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.О, Б Чнарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Л.О, Б Чнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, хохирогч Б.Цийн эрүүл мэндэд учирсан хохиролд 65 500 /жаран таван мянга таван зуу/ төгрөг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Л.От оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б Чд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.
Шүүгдэгч Л.О, Б Чнар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.О, Б Чнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Б.Ц 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэх бичиглэлтэй саарал өнгийн 1 ширхэг сиди, шүүгдэгч Л.О, Б Чнарын өмгөөлөгч Р.Мөнхзулаас гаргаж өгсөн 1 ширхэг цагаан өнгийн сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б Чд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.О, Б Чнар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.О, Б Чнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Б.Ц 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэх бичиглэлтэй саарал өнгийн 1 ширхэг сиди, өмгөөлөгч Р.Мөнхзулаас гаргаж өгсөн 1 ширхэг цагаан өнгийн сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О, Б Чнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ