| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/03222/И |
| Дугаар | 181/ШШ2020/02610 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2020/02610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.А/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.О-т холбогдох
хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Д.О, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.А миний бие Д-гийн О-тай 2011 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү Анхтуяагийн Үйлстөгөлдөр мэндэлсэн.
Хамтын амьдралын хугацаанд зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2014 оноос эхлэн тусдаа амьдрах болсон бөгөөд тэр цаг хугацаанаас хойш хүү миний асрамжинд амьдарч өсч торниж байна.
Одоогоор Д.О нь өөр хүнтэй гэрлээд, хүүхэдтэй болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул А.Үийг миний асрамжинд үлдээж төрсөн ааваас нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Дуламсүрэнгийн Отгонбаяр нь нэхэмжлэгч Э.Атай танилцаж улмаар хамтран амьдарч байх хугацаанд хүү Үйлстөгөлдөр маань төрсөн билээ. Бид 2014 оноос хойш тус тусдаа амьдрах болсон.
Ээжийнхээ асрамжид үлдсэн хүүдээ тэтгэлэг төлөхөд бэлэн байна. Хүүхдийн асрамжийн талаар маргах зүйлгйү эхийнх нь асрамжид үлдээнэ. Би одоогоор тогтсон ажилгүй, өөрийн дүү болох 100 хувийн харааны бэрхшээлтэй Д.Дүүрэнбаярыг асарч байдаг. Үүнийг харгалзан үзэж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.От холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.О, Э.А нар нь 2011 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Үийг төрүүлжээ.
А.Ү нь эх Э.Агийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, тус хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6-р хуудас/
2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мэндэлсэн хүү А.Үийг эх Э.Агийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлэгийг хуульд зааснаар тогтоох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Үийг эх Э.Агийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мэндэлсэн хүү А.Үийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Д.Оаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Д.О, Э.А нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО