Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2018/0013/З |
Дугаар | 124/ШШ2018/0017 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 124/ШШ2018/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ... дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод байрлах “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,
“Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2015.05.01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар Увс аймгийн ... сумын нутагт ... нэртэй газар ...... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно. Бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа Монгол улсын хууль, холбогдох дүрэм, журмуудыг мөрдлөг болгон геологи хайгуулын хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сахилга баттай, өндөр зохион байгуулалттайгаар орон нутгийн удирдлага, нутгийн ард иргэдийг хүндэтгэн ажиллаж ирсэн.
Гэтэл 2016 оны сонгуулиар тус аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар томилогдсон Ц.С нь сонгогдсон цагаасаа бидний ажлыг илтэд үл хүндэтгэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагын үйл ажиллагааг хориглосоор ирсэн бөгөөд 2018 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлаж өгөөгүйгээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа доголдож, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байна.
Манай байгууллагын зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу тус аймгийн Засаг даргаас “Дэмжсэн” саналын үндсэн дээр ..... тоот зөвшөөрлийг гаргуулсан болно. Ийнхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлэн амжилттай явуулж байтал нутгийн захиргааны байгууллага болох Өндөрхангай сумын Засаг дарга ээлжит сонгуулиар өөрчлөгдөн томилогдсоноор төрийн үйл ажиллагааны залгамж шинжийг хадгалахгүйгээр өөрийн үзэмжээр ялгамжтай хандаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус үйлдэл юм.
Гэсэн ч манай байгууллагын зүгээс Өндөрхангай сумын Засаг даргатай аль болох эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж хичээсэн боловч Засаг дарга Ц.С нь анх сонгогдохдоо сум орон нутагтаа геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан гэх шалтгаанаар эрс эсэргүүцэн шийдэлд хүрч чадахгүй байна. Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 он гарангуут Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С-г мөн адил хууль дээдлэн ажиллана гэдэгт найдан удаа дараа биечлэн очиж уулзаж 2018 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах хүсэлтэй байгаагаа хангалттай тодорхой илэрхийлэн хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр батлахгүй байна. Иймээс манай байгууллагын зүгээс уг төлөвлөгөөг батлуулах тухай албан тоотыг 2018.03.23-ны өдөр хүргүүлсэн боловч мөн өнөөдрийг хүртэл баталж өгөхгүй, албан ёсоор хариу ирүүлээгүй болно.
Иймээс бид шууд харьяалах дээд шатны байгууллага болох Увс аймгийн Засаг дарга, мөн Ашигт малтмал, газрын тосны газар гомдол гаргасан болно. Увс аймгийн Засаг дарга дээрх асуудлыг шийдвэрлэхдээ "... тухайн сумын удирдлага, багийн иргэдтэй ойлголцож чадахгүй байгаа нөхцөлд аймгаас шууд оролцох, шийдвэрт нөлөөлөх боломжгүй..." гэсэн хариу өгснийг манай байгууллага 2018.04.16-ний өдөр хүлээж авсан. Манай байгууллага сумын Засаг даргатай ойлголцож ажиллахыг хичээсэн боловч үр дүнд хүрэхгүй байгаа. Харин багийн иргэдтэй ямар нэгэн зөрчилдөөн үүсгээгүй билээ. Бид нутгийн иргэдийн амьдрал аж ахуй, байгаль орчинд аливаа сөргөөр нөлөөлөөгүй тухай Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчдаас гарын үсэг цуглуулснаа нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймээс Увс аймгийн Засаг даргын дээрх хариуг эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас манай гомдолтой холбогдуулан Өндөрхангай сумын Засаг даргад "...Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аливаа хуулийн этгээдийн хайгуулын үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түр зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хариуцлага ногдуулдаг бөгөөд хэрэв хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдээс саад учруулсан бол..." хэмээн манай байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар саатуулсаар байвал хариуцлага хүлээлгэх тухай албан тоотыг 2018.01.31-ний өдөр хүргүүлсэн байдаг.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн." гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Өндөрхангай аймгийн Засаг дарга нь ашигт малтмалын асуудлаар Засгийн газар болон түүний харьяа төрийн захиргааны байгууллагын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект, төрийн төлөөлөгч юм. Гэтэл Өндөрхангай сумын Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан тоотыг үл тоон хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан манай байгууллагын хайгуулын үйл ажиллагааг хууль бусаар хориглосоор байна. Тухайн сумын нутаг дэвсгэрт төрийн төлөөлөгч атал төрөөс явуулж буй бодлогыг үл хайхран, хууль дээдлэх зарчмыг баримтлахгүй, өөрийн дураар хуулиас давсан шийдвэр, үйл ажиллагаа явуулж, өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж байгаад харамсалтай байна. Иймд Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С-н “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдэл, “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэргийг хууль бус болохыг тогтоож, Өндөрхангай сумын Засаг даргад “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх болон “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Шүүх хуралд хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
“Ц” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Дэлт нэртэй газар ХҮ 018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаатай эзэмшсэн. Бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа Монгол улсын хууль, холбогдох дүрэм журмыг удирдлага болгон геологи хайгуул, хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр сахилга баттай, өндөр зохион байгуулалттай, орон нутгийн ард иргэдийг хүндэтгэн ажиллаж ирсэн байдаг. 2016 оны орон нутгийн сонгуулиар тухайн сумын Засаг дарга солигдож одоогийн засаг дарга болох Ц.С томилогдсон байдаг. Энэ үеэс хойш хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн үйл ажиллагааг хориглосоор ирсэн. 2018 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулж сунгахаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад хандахад баталж өгөхгүй байгаагаас шалтгаалаад манай байгууллагын ашигт малтмалын үйл ажиллагаа доголдож хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна.Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С нь шүүхэд 3 үндэслэлээр хариу тайлбар ирүүлсэн байгаа дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч Өндөрхангай сумын засаг дарга Ц.С Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.3 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, манай байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход эсрэг саналтай гэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 07-ны 1 дугаартай албан бичгээр Увс аймгийн Засаг даргад уламжилсан. Тухайн үеийн Увс аймгийн Засаг дарга Д.Ц-ийн дэмжсэнээр 2015 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 6/1659 тоот санал авах тухай мэдэгдэл хүргүүлсэн, энэхүү мэдэгдлийн хариуг 2015 оны 4 дүгээр сарын 15 өдрийн 72 тоот тушаалаар дэмжсэн гэсэн саналыг ашигт малтмал газрын тосны газар хүргүүлснээр, манай компанид ашигт малтмал хайгуулыг тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн сумын Засаг даргаар батлуулахыг шаарддаг. Энэ хуулийн зүйл заалтыг зөрчиж үйл ажиллагааг зогсоогоод байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн19.3 дэх хэсэгт зааснаар тухайн сум, орон нутаг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад тухайн аймгийн Засаг дарга санал явуулах тухай зүйл заалт байсан. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын Засаг саналыг үндэслэн Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог. Хэрэв дэмжээгүй гэсэн санал явуулаагүй тохиолдолд дэмжсэнд тооцдог.
3.”Ц” ХХК-ийн хайгуул хийх 2 га газар нь 57 айлын өвөлжөө, 31 айлын хаваржааны гол бүс нутаг учир төлөвлөгөөг батлахгүй гэсэн байгаа. “Ц” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр анх 21777.98 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 2018 оны эхээр тус талбайгаас 11244.243 талбайг буцаан өгсөн, одоо 6933.55 талбайд хайгуул хийх төлөвлөгөөтэй байгаа, хайгуул хийх талбайгаасаа 18 дахин жижиг буюу 385 талбайд хайгуул хийх юм. Хайгуулын үед байгаль орчин сүүдэх, хохирол учрах тохиолдол гарвал арга хэмжээнүүд авна гээд төлөвлөгөөнд тусгагдсан. Тухайн газар ундны цэвэр ус байхгүй, нутгийн иргэд хүртэл цөөн, ургамал амьтад ховор түүх дурсгалын олдвор байхгүй, археологи, палинтлогийн судалгаа хийгдсэн ямар байдалтай байгааг зураглалаар үзүүлэн хавсаргасан. Манай компани олборлолтын бус геологийн хайгуул судалгааны ажил явуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсэгт сум дүүргийн засаг дарга нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэн гэж заасан байдаг.Хуулийн заалтыг сумын Засаг дарга зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын е/нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж заасан сумын Засаг даргад олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу тухайн үед аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хүлээн авч сумын ИТХ-аар хэлэлцүүлээд тухайн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай албан бичигт сумын ИТХ болон Засаг даргын зүгээс байр сууриа илэрхийлж, нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан саналыг аймгийн ЗДТГ-т уламжилж байсан. Энэ байр суурь одоо ч хэвээрээ байгаа. Мөн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а/хууль тогтоомж, ..... Хурал, .....-ын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолын хэрэгжилтийг л нутаг дэвсгэртээ хангуулж ажилласан. Иймд эс үйлдэл гаргасан, аж ахуйн нэгжид саад болж буй үйлдэл байхгүй.
2.Тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар аймгийн ЗДТГ-т санал өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн заалт үйлчилж байсан учраас сумын ИТХ-аас эс зөвшөөрсөн санал, тогтоол гаргасан, тухайн тогтоолыг нь өнөөдрийг хүртэл сумын Засаг даргын хувьд хэрэгжүүлж ажилласан явдал юм.
3.Ц ХХК-ийн хайгуул хийх гээд байгаа тус газар нь хоёр багийн нутаг дэвсгэрийг хамарсан 57 айлын өвөлжөө, 31 айлын хаваржааны гол бүс нутаг оршдог бөгөөд энэ нутагт байгаа айл өрх, иргэдийн мал аж ахуйгаа өсгөн үржүүлэх, амьжиргааны эх үүсвэр болсон нутаг учраас иргэдийн эсэргүүцэл, тэмцэл маш ихээр гарч эхэллээ. Сумын Засаг даргын хувьд нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх Үндсэн хуулиар тодорхойлсон чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна сумын нийт иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, санал хүсэлтийг шийдвэрлэж байх үүрэгтэй.
Тухайн үед хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заалтыг зөрчөөд “Ц” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Хууль зөрчсөн гэдгийн мэдсээр байж үргэлжлүүлээд төлөвлөгөөг нь батлаад гарын үсэг зураад явах эрх надад байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар газар нутаг нь ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн багийн ард иргэд нь бүгд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад манай багийн 3 иргэн гарын үсгээ зурсан байх ба энэ гурван иргэн бүх багийн иргэдийн төлөөлнө гэж үзэхгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэсэн саналаа явуулсан. Сумын Засаг даргын зүгээс ганцаараа шийддэг асуудал биш юм. Тухайн газар дээр нь очиж харвал малчдын өвөлжөө, хаваржаа, бидний өвөг дээдэс үр удмаараа амьдарч байсан газар нутаг юм. Ашигт малтмалаас болж байгаль орчин сүйднэ. Миний хувьд газар нутгаа сүйтгүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд анх Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдэл, Ц ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэргийг хууль бус болохыг тогтоож, Өндөрхангай сумын Засаг даргад Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх болон “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл,үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Ц” ХХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2018 оны 4 сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, түүний хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болохыг дурдав.
Иймд шүүхээс үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байхад сумын Засаг дарга үндэслэлгүйгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байна гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Дэлт гэх газарт ашигт малтмалын хайгуул хийхийг зөвшөөрөөгүй байсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 4 сарын 7-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан, мөн 57 айлын өвөлжөө,31 айлын хаваржааны гол бүс нутаг юм гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Ц” ХХК-д Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Дэлт нэртэй газарт орших 20177.98 гектар талбайг хамарсан XV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл хугацаатайгаар 2015 оны 5 сарын 11-ний өдөр олгожээ.
2018 оны 4 сард “Ц” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайгаас 13244.43 гектар талбайг буцаан өгч үлдэх 6933.56 гектар талбайд хайгуул хийхээр болсон нь нэхэмжлэгч талын тайлбар болон ашигт малтмал,газрын тосны газрын 2018.04.13-ны өдрийн 7/2828 дугаартай мэдэгдлээр тогтоогдсон байна.
“Ц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Дэлт нэртэй талбайд археологийн авран хамгаалах хайгуулын судалгаа, палеонтологийн судалгаа зэргийг хийлгэсэн байх бөгөөд судалгааны дүгнэлтэд хайгуулын үйл ажиллагаа эрхлэхэд саад болох зүйлгүй талаар дурджээ.
Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 05 сарын 11-ний өдөр дууссан байх ба “Ц” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байх ба өргөдөлд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт хавсаргаагүй, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “Ц” ХХК-иас шүүхэд гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн тул өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлээд байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 7/4164 дугаартай албан бичгээр тодорхойлжээ.
Нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулахаар Өндөрхангай сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан талаар тайлбар гаргаж, хариуцагч энэ талаар маргаагүй ба Өндөрхангай сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 14 дугаартай албан бичгээр Дэлт хайгуулын талбай нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээр бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу 2018 онд геологи хайгуулын ажил хийхгүй байхыг хүсье гэсэн агуулга бүхий хариуг өгч байсан байна.
“Ц” ХХК-ийн зүгээс 2018 оны 03 сарын 23-ны өдөр дахин 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн байх ба хариуцагчийн зүгээс уг төлөвлөгөөг батлаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Өндөрхангай сумын Засаг дарга 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа талаар Увс аймгийн Засаг даргад хандсан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн даргын 2018.02.02-ны өдрийн 8/181 дугаартай албан бичгээр тухайн сумын удирдлага,багийн иргэдтэй ойлголцож ажиллахад анхаарах нь зүйтэй талаар, мөн хэлтсийн 2018.04.13-ны өдрийн 8/476 дугаартай албан бичгээр тухайн сумын удирдлага,багийн иргэдтэй ойлголцож чадахгүй байгаа нөхцөлд аймгаас шууд оролцох,шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэсэн хариуг тус тус өгчээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж,дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ба 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.
Хариуцагчийн хувьд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоол гарган 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 01 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.
Сумын Засаг даргын хувьд байгаль хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой.
Анх сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан санал авах үед сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хуралдаж Дэлт нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэн 2015 оны 04 сарын 007-ны өдрийн 9/04 дугаартай тогтоол гарган 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр Увс аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хаяглан хүргүүлсэн байна.
Гэвч тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан тул аймгийн Засаг даргын зөвшөөрсөн саналд үндэслэн Ц ХХК-д тусгай зөвшөөрөл олгогджээ.
Өнөөдрийн байдлаар Өндөрхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс “Ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан маргаагүй байх ба өөрөөр хэлбэл Ц ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй байх тул хариуцагчийн тухайн үед хууль зөрчиж зөвшөөрөл олгогдсон, тухайн үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэх үндэслэл, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоол нь тухайн үед тусгай зөвшөөрөл олгох эсэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байх ба нэхэмжлэгчийн маргаж буй маргаан нь 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолтой холбоогүй буюу тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулахтай холбоотой харилцаа байна.
Мөн сумын иргэдийн өвөлжөө, хаваржааны нутаг гэх үндэслэл нь төлөвлөгөөг батлахаас татгалзах хуульд нийцсэн үндэслэл биш болохыг тэмдэглэв.
Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэх нэршлүүд нь утга агуулга адил бүхий байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Мөн түүнчлэн хариуцагчийн зүгээс ашигт малтмал хайх,ашиглахтай холбоотойгоор ирээдүйд байгаль орчин сүйтгэгдэн,хохирол учрах болно гэж тайлбарлаж байх ба шүүхийн шийдвэр ямар нэгэн таамаглалд үндэслэх боломжгүйг дурдав.
Хариуцагчийн хувьд холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавьж хэрвээ байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл саналаа гаргах боломжтой байна.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон, ажил хийлгэхгүй байгаа үйлдэл,үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Хэргийн оролцогчид нь шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ