Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0566

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Ч.Н

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/1032/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1. “Т” ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн Нөхөн үржихүйн зөвлөх политехникийн үүдэнд байрлах өлгий худалдаалах зориулалттай, 7 м.кв талбай бүхий 1 өрөөг 2010 оноос өнөөг хүртэлх хугацаанд тогтвортой түрээслэн өөрсдийн дотооддоо үйлдвэрлэсэн болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагад бүрэн нийцсэн хүүхдийн өлгий, хувцас, хэрэглэлийг худалдан борлуулж, мөн тодорхой тооны хүмүүсийг байнгын ажлын байраар ханган ажиллаж буй жижиг дунд үйлдвэрлэгч юм. Нэхэмжлэгч нь өөрсдийн түрээслэн ашиглаж буй талбайг түрээслэх гэрээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хүрээнд өнөөг хүртэл ашиглаж байгаа бөгөөд түрээслүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлэн, үүргийн зөрчилгүй ажиллаж байгаа болно.

3.2. Нэхэмжлэгч компани нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй гэрээ байгуулан өөрсдийн олон жил түрээслэн ашиглаж буй талбайд 2025 онд зарласан “Гэрээ байгуулах эрх олгох” сонгон шалгаруулалтад тухай бүр холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн оролцож байсан, мөн маргаан бүхий буюу 3 дахь сонгон шалгаруулалтыг тодорхой бус шалтгаанаар хүчингүй болгосонд гомдолтой байсан учир өмнө явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг хэвээр үлдээж, гэрээ байгуулж, баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах зорилгоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болохоо тайлбарладаг.

3.3. Анхан шатны шүүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар маргаан бүхий сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд болох “Л” ХХК-ийн гомдлоор тодорхой үндэслэл заахгүйгээр хууль ёсны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.О нь Ажлын хэсгийн “...материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн...” гэх дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт буюу “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд хэрхэн нийцэж байгаа;

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өмнө гаргасан шийдвэр (нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий)-ээ хүчингүй болгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэхэмжлэгчид эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохоосоо өмнө Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэг, мөн хуулийн бусад холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэгч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, “сонсох ажиллагаа” (хожим шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэлбэрийн төдий л сонсох ажиллагаа хийсэн бөгөөд хэрэгт энэ талаарх баримт бий) явуулж шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй;

-Хэргийн оролцогчид 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЭХЭМҮТ/2022/0063 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2023, 2024 онуудад тус бүр 1 жилийн хугацаагаар 2 удаа сунгагдсан талаар маргаагүй, гэрээний сунгалттай холбоотой баримт хариуцагчид өөрт нь байсан учир нэхэмжлэгчээс шаардаагүй тухай тайлбарласан байдал зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

З.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/Ш32025/8567 дугаар захирамжаар “Л” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авсан. Тухайн гуравдагч этгээдээр оролцсон “Л” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэх зохицуулалтын хүрээнд өөрийн эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад эрх зүйн байдал нь тодорхой бус этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах, цаашлаад шүүхийн шийдвэртээ ч гуравдагч этгээд гэх этгээдийн гаргасан тайлбарыг тусгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Энэ талаар анхааруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаа мадаггүй, хуульд нийцүүлэн явуулах үүднээс эрх зүйн байдлыг нь тодруулах ажиллагаа хийхийг хүсэж байсан болно.

3.5. Улмаар уул тодорхойгүй байдлаас шалтгаалан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гуравдагч этгээдийн төлөөлөгч гэх хүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа өмнө дурдсанчлан гуравдагч этгээд гэх этгээдийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаж, гаргасан тайлбартай нь холбоотой үйл баримтад дүгнэлт хийж буй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд үл нийцэх үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А-1/1822 дугаартай албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй гэрээ байгуулан өөрсдийн олон жил түрээслэн ашиглаж буй талбайд 2025 онд зарлагдсан Гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтад тухай бүр (олон удаа) холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн оролцож байсан..., сонгон шалгаруулалтад оролцоогүй компанийн гомдлыг үндэслээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс урьд гарсан хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэрүүдийг гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар тушаалаар байгуулагдсан төрийн өөрийн өмчийн талбайг түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, материалыг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Пренатологийн төвийн 1 давхарт өлгий худалдаалах зориулалттай 9 м.кв талбайг түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарласан бөгөөд тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т” ХХК, гуравдагч этгээд “Л” ХХК болон “Б” ХХК-иуд оролцож, гуравдагч этгээд “Л” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гурвалсан гэрээ байгуулсан байна.

2.3. Дээрх сонгон шалгаруулалттай холбоотойгоор нэхэмжлэгч “Т” ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасны дагуу тус газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А1/1015 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгджээ.

2.4. Улмаар 2 дахь сонгон шалгаруулалтыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т” ХХК болон “Х” ХХК гэх хоёр компани оролцсон, талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг үнэлээд “материал бүрэн ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр шалгаруулалтаас хасаж, дахин зарлахыг захиалагчид зөвлөснөөр захиалагчаас дээрх 2 компаниас татгалзсан байна.

2.5. Ийнхүү 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3 дахь сонгон шалгаруулалтыг зарлаж, тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч компани ганцаараа оролцож, хамгийн сайн үнэлэгдэж, захиалагчаас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгээр төрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон бол уг сонгон шалгаруулалттай холбоотойгоор гуравдагч этгээд “Л” ХХК-иас гомдол гаргаснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас сонгон шалгаруулалт хийхээр томилогдсон ажлын хэсгийн тушаал, хуралдааны тэмдэглэл, сонгон шалгаруулалт зарласан баримт, оролцсон байгууллагуудын бүрдүүлсэн баримт бичиг, материал болон ажлын хэсгийн үнэлгээний дүн зэрэг холбогдох материалуудыг авч судлаад 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/1822 дугаар албан бичгээр “...сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг зөрчсөн” гэж дүгнэн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгджээ.

2.6. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 дугаар албан бичгээр дээр дурдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан бичгийг дурдаад нэхэмжлэгчид төрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдэж, улмаар 4 дэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

2.7. Нэхэмжлэгч компанийн хувьд 4 дэх сонгон шалгаруулалтад оролцож, шалгараагүй хэдий ч 3 дахь сонгон шалгаруулалттай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт “...тодорхой бус шалтгаанаар урьд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гэж буйд гомдолтой байна, өмнө явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг хэвээр үлдээх...”-ийг хүссэн агуулга бүхий гомдлыг удаа дараа гаргасан байх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаар албан бичгээр “...Сонгон шалгаруулалтын баримт материалын тухайд .... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт “Түрээсийн гэрээг нэг хүртэл жилээр 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу 2023, 2024 оны тус бүр сунгалт хийсэн байх ёстой бөгөөд 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй, ... ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг ирүүлээгүй, ... барьцаа хөрөнгө байршуулсан тухай албан бичгийг ирүүлээгүй байна, ... сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2.1.1, 2.2.4, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна, Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/1822 дугаар албан бичиг үндэслэлтэй байх тул танай компанийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.8. Учир нь сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалын жагсаалтад “Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын сүүлийн 1 жилийн тодорхойлолт, ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх /E-mongolia лавлагаа/-г хавсаргахаар тусгасан байна. Гэтэл талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар 3 дахь сонгон шалгаруулалтад ганцаараа оролцсон нэхэмжлэгч компанийн материалыг дүгнэхдээ шалгуур үзүүлэлтийн 15-д “ажиллах хүчний мэдээлэл дутуу” гэж дүгнэсэн атлаа “шаардлагад нийцсэн материал бүрэн ирүүлсэн” гэж дүгнэн, төрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөсөн нь үндэслэлгүй байна.

2.9. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2.1.1-д “Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжлэн ирүүлнэ”, 2.2.4-т “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна” гэж заасан бөгөөд нэгэнт дээр дурдсанаар нэхэмжлэгч компаниас ажиллах хүчний мэдээллээ дутуу ирүүлсэн буюу баримт материалын бүрдэл дутуу болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/1822 дугаар албан бичгээр дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг захиалагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

2.10. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 23-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь төрийн хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд уг чиг үүргийнхээ хүрээнд сонгон шалгаруулалттай холбоотойгоор аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлыг хянаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг зөрчсөн ... 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн, улмаар хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга уг мэдэгдлийн дагуу “Т” ХХК-д түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон 883 дугаар албан бичгээ хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байгаа энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг тодорхой бус шалтгаанаар хүчингүй болгосон гэж үзэхээргүй байна.

2.11. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б “худалдагчийн үнэмлэхээ сонгон шалгаруулалтын баримт материалдаа өгөөгүй, тухайн үед захирал нь байхгүй байж байгаад курстээ суучихаад авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа энэ тохиолдолд шүүхээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/1822 дугаар албан бичгийг хүчингүй болгож, улмаар баримт материалын бүрдэл дутуу нэхэмжлэгч компанитай түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй.

           

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                      Ц.ОДМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН