Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00052

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Ч.Сэлэнгэ, шүүгдэгч Д.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваажавын Эрдэнэмөнхөд холбогдох 201514000477  дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Нийгэмшүүлэх байранд оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бөхчүүд овгийн Даваажавын Эрдэнэмөнх. /УК 63012132/.

 

                                                        Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Д.Эрдэнэмөнх нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Цэцэг зочид буудлын гаднах авто машины зогсоол дээр байсан иргэн О.Болдын эзэмшлийн суудлын Верна маркийн шар өнгийн авто машин дотор байсан Леново ж-500 маркийн зөөврийн комьпютерийг хулгайлж 910 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

 

                Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

   1. Шүүгдэгч Д.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гадуур хүмүүстэй архи ууж яваад манай найз хотоос тэмцээнд ирээд Цэцэг зочид буудалд байрлаж байгаа гэхээр нь найзтайгаа уулзах гээд очсон гадагшаа гараад явчихсан байсан. Би гарч яваад хар өнгийн машин байхаар нь найзынхаа машиныг байж магадгүй гээд хаалгыг нь онгойлгоход буруу талдаа рультай машин байсан. Манай найз Баяраагийн машин зөв талдаа рультай машин байсан. Цүнх харагдахаар нь би үүрч гараад дээшээ алхаад 5 дугаар микрийн тэнд эхнэр нөхөр хоёр орос хүнтэй таарч үзүүлэхэд авъя гээд урт цагаанд байрлах компьютерийн газар шалгуулж тэр хоёрт 300.000 төгрөгөөр зараад буцаж буудалд нь очсон манай найз байхгүй байсан. Хорооны зааланд тэмцээнтэй байгаа гэж байсан.Тэр зөөврийн компьютертэй хамт хэдэн ширхэг диск байсан, өөр юу байсныг үзээгүй тэр чигт нь зарчихсан. Мөнгөөр нь ууж идээд дуусгасан. Хохирогчид хохирол ер нь төлөөгүй байгаа, төлнө гэв.

     2. Хохирогч О.Болдын ....2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын ажлаа дуусаад Уурхайчин багт байрлах Цэцэг зочид буудлын гадаа машинаа тавьчихаад өрөө асуугаад гарч ирээд буцаж ажил дээр очоод нөүтбүүктэй цүнхээ авах гэтэл байхгүй байсан. Ингээд машинд хулгай орсныг мэдээд Цэцэг төв дээр ирээд хяналтын камерыг шүүж үзэхэд ажиллахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан нөүтбүүк Леново ж-500 маркийн Спү-ай 3-31-102.40 гц санах ой нь 4 гб, хатуу диск 500 гб, дэлгэцийн карт АТИ, радион 1гб-ын үзүүлэттэй байсан.Үүргэвчин дотор цагаан өнгийн хоёр ширхэг сүлжээний төхөөрөмж, адаптер нэг ширхэг, сүлжээний бахь, сүлжээний тестер зэрэг эд зүйлүүд байсан. Миний машин түлхүүрээр 4 хаалга нь давхар цоожлогддог юм. Тухайн үед би машинаас буухдаа цоожоо дарчихаад хаалгаа хаасан. Тэгээд эргэж суухдаа хойд хаалгаа онгойлгож, урд талын хаалга онгойлгосон. Хойд талын хаалга татахад их амархан онгойсон. Хулгай хийсэн хүнээс цүнхтэй багаж болон комьпютер зэрэг эд зүйлээ нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг

/ хх-ийн 08-11-р тал /

     3. Далай ван аудит ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 02/213 дугаартай алдагдсан эд зүйлийн үнэлгээ 910 000 төгрөг  гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26-р тал/

     4. Гэрч Д.Болор-Эрдэний... Д.Эрдэнэмөнх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш манай нийгэмшүүлэх байранд байгаа. Энд байх хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй. 2015 оны 09 дүгээр сард манайд байгаагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19-р хуудас /

    5.  Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 42-р хуудас /

     6. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 39-р талд/ зэрэг болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд тэдгээрийг хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэж байна.

    Шүүгдэгч Д.Эрдэнэмөнх нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Цэцэг зочид буудлын гаднах авто машины зогсоол дээр байсан иргэн О.Болдын эзэмшлийн суудлын Верна маркийн шар өнгийн авто машин дотор байсан Леново ж-500 маркийн зөөврийн комьпютерийг хулгайлж 910 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан шинжээчийн 02/213 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Иймд шүүгдэгч Д.Эрдэнэмөнх О.Болдын эзэмшлийн суудлын авто машин дотор байсан Леново ж-500 маркийн зөөврийн комьпютерийг хулгайлж авсан үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Хохирогч О.Болд нь хавтаст хэргийн 11-р талд ...миний эд зүйлийг хулгайлсан хүн хохирол төлөх боломжгүй бол хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ...нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралд оролцохгүй гэснийг шүүгдэгч  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

         Шүүгдэгч нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгүүлж байсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ, түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж  барагдуулаагүй байдлыг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг нь харгалзан баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                           ТОГТООХ нь :

 

      1. Шүүгдэгч Бөхчүүд овгийн Даваажавын Эрдэнэмөнхийг /УК63012132/ орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэмөнхийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэмөнхөд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Эрдэнэмөнхийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд  ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэмөнхөд  урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш:ЭРДЭНЭЦЭЦЭГ.