| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/,
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч А.Б, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б, Б.Д нарт холбогдох 2330000000269 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн “...”-ын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт А-ын Б
2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн “...”-ын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ийн Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Б, Б.Д нар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг “....”-ын .... тоотод хохирогч Б.Д-тай цемент дутсан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойд шарх, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Б.Д /12-14/, гэрч А.А /хх 18-19/, С.А /хх 22-23/, Д.О /хх 26-28/, Ж. /хх 35-36/ нарын мэдүүлэг, хохирогч Б.Д-д 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 49/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 50-51/ зэргээр,
шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг “....”-ын ... тоотод хохирогч А.Б-той цемент дутаасан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч А.Б /хх 7-9/, гэрч А.А /хх 18-19/, С.А /хх 22-23/, Д.О /хх 26-28/, Ж.А /хх 35-36/, Б.Б /хх 39-40/ нарын мэдүүлэг, хохирогч А.Б-од үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 43/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 44/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Б, Б.Д нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь хэн алинаасаа хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч А.Б нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгийн байгууллагаас 95,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч А.Б-ын эмчилгээний зардалд 95,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Д Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нөхөн төлсөн байна.
Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ын өмчлөлийн 53-87 СҮЭ улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэлд 250,000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 202334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 57-61/-ээр тогтоох бөгөөд хохирогч А.Б нь “надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ын Б, Х овогт Б-ийн Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Д нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б, Б.Д нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Б, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Хохирогч А.Б, Б.Д нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ