Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/02568

 

 

 

 

 

2020 10 16

181/ШШ2020/02568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 5.223.685 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.                   

                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Ц 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. Цалингийн зээл авах үедээ МЖ ХХК-тай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №16501715116943 тоот гэрээг байгуулсан.

Миний бие даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хэвлий хэсгээр хүчтэй хатгуулан өвдөж эхэлсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр УБ-Сонгдо эмнэлэгт оношлуулахад Бүдүүн гэдэсний өмнү буюу хорт хавдар илэрсэн. Хорт хавдрын 3-р шатандаа байна гээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яаралтай мэс ажилбар хийлгэж Хан Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №0382149 тоот шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80%-иар тогтоосон. Эмч хэлэхдээ хугацаагүй тогтоох боломжтой ч намайг 28 настай харьцангуй залуу хүн гээд харах үүднээс группын хугацааг 12 сар гэж тогтоосон.

Надад үүсээд байгаа энэхүү нөхцөл байдал нь даатгалын гэрээний 1.3.14-т заасан гэнэтийн осол буюу урьдчилан харах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал юм.

Э.Ц би хариуцагчаас даатгалын гэрээнд заасны дагуу гэнэтийн ослын нөхөн төлбөр төлөхийг хүссэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй үндэслэлгүйгээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан.

Миний бие хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандаж Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн болох нь нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг гаргаж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг баримтлан даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд болон иргэн надад мэдэгдэхийг үүрэг болгосон. Миний энэ тохиолдол даатгалын гэрээний 2.1.2-т заасан тохиолдол гэж үзэж байна

Гэвч МЖ /М/ ХХК нь миний хохирлыг барагдуулахгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагч Э.Ц надад учирсан хохирол болох 5,223,685 төгрөгийг хариуцагч МЖ / М/ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

М ХК-ийн №16501715116943 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1.2.-т гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа буюу 70 болон түүнээс дээш хувиар хугацаагүйгээр алдах тохиолдлыг даатгасан.

Даатгуулагч Э.Цэс ирүүлсэн материалыг судлаж үзэхэд даатгуулагч Э.Цогт- Эрдэнэ нь 2020 оны 3 дугаар сарын 16-нд УБ-Сонгдо эмнэлэгт Хэвлийн дээд хэсэг, аюулхай орчимд 7 хоногийн өмнөөс хүчтэй өвдсөн гэх зовиуртайгаар үзүүлэн дуран шинжилгээ, биопси шинжилгээнүүдээр бүдүүн гэдэсний хорт хавдар илэрч 2020 оны 3 дугаар сарын 23-наас 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд УНТЭмнэлэгт хэвтэн мэс ажилбар, эмчилгээ хийлгэсэн байна.

Улмаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр ердийн өвчний 7-24 заалтаар хөдөлмөрийн чадвараа 80 %-иар 12 сарын хугацаатай алдсаныг тогтоожээ.

Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын 9-т Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг Ердийн өвчин гэж тэмдэглэсэн байна. Энэ нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаагүйг нотолж байгаа юм.

Гэрээний 1.3.14.-т тодорхойлсноор гэнэтийн осол гэдэг нь даатгуулагчийн бие махбодид гэмтэл учруулах, санаандгүй, урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдлийг, 1.3.16-д гэмтэл гэдэг нь хүч хэрэглэсэн, гэнэтийн, харагдахуйц, гадны хүчний нөлөөгөөр учирсан гэмтэл учирснаас хойш 6 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас эрүүл мэндэд хохирол учрахыг ойлгоно гэж заасан байна.

Харин даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан болох бүдүүн гэдэсний хорт хавдар нь дотор талын давхаргад полипоос эхэлж ургадаг, улмаар хоргүй хавдараас хортой хавдарт шилжихэд удаан хугацаа шаардагддаг өвчин тул хүч хэрэглэсэн, гэнэтийн, харагдахуйц, гадны хүчний нөлөөгөөр учирсан шинжтэй гэмтэл биш байна. Өөрөөр хэлбэл ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болохоос гэрээнд заасны дагуу гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаагүй тул гэрээнд заасан даатгалын тохиолдол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Даатгуулагч Э.Цогт-Эрдэнийн 16501715116943 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2 дугаар зүйл Даатгалын эрсдэлүүд 2.1.2 Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 80 болон түүнээс дээш хувиар хугацаагүйгээр алдах, 8 дугаар зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 8.1.2 Дааталын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, 8.2. Даатгалын эрсдэлд хамаарахгүй буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ.

Үүнд: 8.2.4-т Даатгуулагч цус харвасан, татаж унасны болон аливаа өвчний улмаас учирсан хохирол болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Э.Ц нь МЖ ХХК /М ХК/ -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5.223.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

МЖ ХХК нь оноосон нэрээ 2017 онд М ХХК болгон өөрчилж, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр компани хэлбэрээ өөрчилж М ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 25-27-р хуудас/

Нэхэмжлэгч Э.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Голомт банктай зээл болон барьцааны гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авчээ.

Голомт банк ХХК болон МЖ ХХК нарын №ГБ/60 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын гэрээний талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч зээлдэгч /даатгуулагч/ Э.Ц, хариуцагч /даатгагч/ МЖ ХХК-ийг төлөөлж зээлдүүлэгч Голомт банк ХХК нар 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар даатгалын гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 7-9-р хуудас/

Дээрх гэрээгээр даатгуулагч Э.Ц нь уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.-т заасан даатгалын хураамжийг төлөх, даатгагч МЖ /М/ ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1., 2.1.2.-т заасан эрсдэлүүдэд нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 2.1.2.-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 болон түүнээс дээш %-иар хугацаагүйгээр алдах эрсдэлийг даатгана гэж харилцан тохиролцсон байна.

Мөн гэрээний 1.3.14.-т гэнэтийн осол гэж даатгуулагчийн бие махбодид гэмтэл учруулах, санаандгүй, урьдчилан харах боломжгүй, гэнэтийн үйлдлийг хэлнэ гэж,

1.3.15.-д хөдөлмөрийн чадвар бүрэн алдах гэж Нийгмийн даатгалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм-д заасан эмч нарын комиссоор тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 70 ба түүнээс дээш байхыг хэлнэ гэжээ.

Даатгуулагч Э.Ц нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговрыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ... даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож уг шийдвэрийн биелэлтийг тус хороонд эргэж мэдэгд гэсэн хариуг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4/3136 дугаартай албан бичгээр авч улмаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-2, 11-р хуудас/

Нэхэмжлэгч /даатгуулагч/ Э.Ц нь ердийн өвчний жагсаалтын 1-7-24 заалтаар хөдөлмөрийн чадвараа 80%-иар алдаж, гэрээний 2.1.2.-т заасан даатгалын тохиолдол үүссэн болох нь зохигчийн тайлбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0382149 дугаартай акт, Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12-15, 7-9, 11-р хуудас/

Иргэний хулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Мөн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.-д Даатгагч нь Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд төлөх үүрэгтэй гэж,

6 дугаар зүйлийн 6.2.-т Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг Даатгагчаас шаардах эрхтэй гэж тус тус тохиролцжээ.

Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарах үед буюу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Э.Ц нь Голомт банкинд 5.223.683,35 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5-6-р хуудас/

Иймд МЖ ХХК /М ХК/ -иас 5.223.683,35 төгрөгийг гаргуулж даатгуулагч Э.Цд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан МЖ ХХК /М ХК/ -иас 5.223.683,35 /таван сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун наян гурван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,65 /нэг төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 98.530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО