| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2020/00529/И |
| Дугаар | 182/ШШ2020/02409 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2020/02409
| 2020 10 23 | 182/ШШ2020/02409 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.О-д холбогдох.
Зээлийн гэрээний үүрэгт 6.027.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-нд 4.000.000 төгрөг тус тус зээлж авсан юм. Эхний төлөлтөө төлөөгүй байж дахин гуйхад нь би маш их эсэргүүцсэн хэдий ч ачааны машин авна аймаар ашигтай та санаа зовох хэрэггүй танд явдал чирэгдэл учруулахгүй дүү нь гуйж авсан шигээ гуйгаад төлнө хараарай гэж авсан юм. Хүү алдангиа тооцоод үндсэн мөнгөө төлөөрэй гээд очтол юу яриад байгаа юм би төлчихсөн өр байхгүй шүүхээрээ яваачдээ гэж хэлсэн. Би өөрөөсөө өгөөгүй шүү хүнээс авч өгнөө миний итгэлийг алдав гэж дахин дахин хэлж байж зээлүүлсэн юм. Гэтэл намайг өрөнд оруулахыг хүсэж байна. Гэрээн дээрх заалтаар хүүгээ cap сард нь төлөхгүй тохиолдолд зээлдүүлэгч тал зээлдэгч талын гарын үсэг зөвшөөрөлгүй зээлийн гэрээг дуусахыг харгалзахгүйгээр хүү алдангийг тооцон шүүхээр гаргуулна гэж гэрээг баталгаажуулсан юм. О өөрөө ч шүүхдээ өгөө өг гэж хэлсэн юм. 900.000-н хүү 209 хоногийн 624000, алданги үндсэн мөнгөний 50% 450.000, үндсэн мөнгө=900.000 түс бүр нийлээд 1.974.000. Сүүлд 5/25 нд зээлсэн 4.000.000-н хүү 154 хоногийнх нь 2.053.000, алдангийг үндсэн мөнгөний 50%-иар тооцон 2.000.000 төгрөг тус тус тооцогдож, нийт 8.053.000 болж байгаа бөгөөд өмнөх зээлтэйгээ нийтдээ 10.027.000 төгрөг болсон үүнээс 2019.10.29-ний өдөр 4.000.000 төгрөг хасуулсан юм. Одоогийн байдлаар үлдсэн мөнгө болох 6.027.000 төгрөгийг гаргуулах байна. 6.027.000-н төгрөгийн 4.900.000 төгрөг, үндсэн мөнгө, 1.127.000-н төгрөг хүү, нийт нийлбэр 6.027.000 болсон байна. Иймд Э.О-аас 6.027.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Д.Г-, Э.О- нар нь сарын 10 хувийн хүүтэй 900.000.00 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Нэхэмжлэгчийн хувьд үндсэн 900.000.00 төгрөг, хүү 624.000.00 төгрөг, алданги 450.000.00 төгрөг буюу нийт 1.974.000.00 төгрөгийг хариуцагч Э.О-аас нэхэмжилжээ. Хариуцагч Э.О-ы хувьд зээлийн хүү 90.000.00 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, үндсэн зээл болох 900.000.00 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулсан байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Г-, Э.О-нар нь сарын 10 хувийн хүүтэй 4.000.000.00 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Нэхэмжлэгчийн хувьд үндсэн 4.000.000.00 төгрөгийн хүү болох 2.053.000.00 төгрөг, алданги 2.000.000.00 төгрөг буюу нийт 4.053.000.00 төгрөгийг хариуцагч Э.О-аас нэхэмжилжээ. Хариуцагч Э.О-ы хувьд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал биш бөгөөд энэ хугацаанд эхний зээлийг 1 сарын хүүний хамт буюу 990.000.00 төгрөгийг барагдуулсан байхад төлөөгүй мэтээр нэхэмжлэлийн агуулгад бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн зээлийн гэрээний хүүг бичгээр тохиролцсон боловч сарын 10 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээ нь хариуцагч Э.О-ы эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байна. Учир нь гэрээгээр талууд хүү тогтоож болох боловч 2019 оны 4, 5 дугаар сарын байдлаар Монгол банкнаас гаргасан иргэд хоорондын 1 жилийн хугацаатай зээлийн жигнэсэн дундаж хүү тоон статистикаар жилийн 18.8-18.9 хувийн хүүтэй байхад 1 сарын 10 хувийн хүүтэй гэж хэт өндөр тогтоосон зээлийн гэрээ 1 талын ашиг сонирхолд түлхүү суурилсан гэж харагдахаар байх тул зээлийн хүүг тухайн үеийн жишиг дүнд оруулан тооцож, хүүгийн хувь хэмжээг хасуулах. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.О-ы 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 900.000.00 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй болгож, 7 сарын хугацааны хүү 100.800.00 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 90.000.00 төгрөгийг хасуулах, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 4.000.000.00 төгрөгийг мөн сарын 1.6 хувийн хүүтэй болгож, 6 сарын хугацааны хүү 384.000.00 төгрөг болгож тооцуулах, мөн нэхэмжлэгч Д.Г-ийн хувьд 900.000.00 төгрөг болон 4,000.000.00 төгрөгийн зээл төлөөгүй хоног хэтрүүлсэн хугацаа тутмын алдангид 2.450.000 төгрөг нэхэмжилсэн байдаг ба хариуцагч Э.О-ы хувьд 900.000.00 төгрөг болон 4.000.000.00 төгрөгийг зээлийн 12 сарын хугацаа хэтрэхээс өмнө төлж барагдуулсан тул үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Иймд Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 900.000.00 төгрөг, хүү 624.000.00 төгрөг, алданги 450.000.00 төгрөг буюу нийт 1.974.000.00 төгрөгөөс 1.873.200.00 төгрөгийг, 4.000.000.00 төгрөгийн зээлийн хүү болох 2.053.000.00 төгрөг, алданги 2.000.000 төгрөг буюу нийт 4.053.000.00 төгрөгөөс 3.669.000.00 төгрөгийг тус тус хасуулах буюу нийт 394.800.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 4.900.000 төгрөг, хүү, алданги 1.127.000 төгрөг, нийт 6.027.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хүү, алдангийг буруу тооцсон байна гэх шалтгаанаар Э.О-аас 927.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч Э.О-аас үндсэн зээл 2.450.000 төгрөг, хүү 1.425.000 төгрөг, алданги 1.225.000 төгрөг, нийт 5.100.000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хариуцагч нь зээлийг хугацаанаас өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 29-нд 990.000 төгрөг, 4.000.0000 төгрөг, нийт 4.990.000 төгрөгийг төлсөн. Хэт өндөр хүү тогтоож, хэт нэг талын эрх ашигт нийцсэн гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээний хүүг багасгаж, 394.800 төгрөгийн хүлээн зөвшөөрч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Э.О-д 900.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж,
4.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ тооцохоор зээлүүлж, иргэд хоорондын харилцан итгэлцлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 990.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөгийг хариуцагч Э.О- нэхэмжлэгч Д.Г-т төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Э.О-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нийт 4.990.000 төгрөгийг авсан тухайд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”… гэж заажээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...,
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 900.000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:
Хариуцагч Э.О- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 990.000 төгрөгийг Д.Г-т төлсөн.2019 оны 10 дугаар сард зээлдэгч Э.О- нийт 1.440.000 төгрөг төлөхөөс 990.000 төрөгийг төлсөн байх тул үүний хасч үлдэх 450.000 төгрөгийг хүү 270.000 төгрөгийн хамт нийт 720.000 төгрөгийг хариуцагч Э.О-аас гаргуулах нь зүйтэй байна.
2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд:
Хариуцагч Э.О- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 4.000.000 төгрөгийг Д.Г-т төлсөн. 2019 оны 10 дугаар сард зээлдэгч Э.О- нийт 6.000.000 төгрөг төлөхөөс 4.000.000 төрөгийг төлсөн байх тул үүний хасч үлдэх 2.000.000 төгрөгийг хүү 1.400.000 төгрөгийн хамт нийт 3.400.000 төгрөгийг хариуцагч Э.О-аас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Алдангийн тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д … анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй…, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно гэжээ.
Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ... гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Г нь гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 зүйл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй учир алданги гаргуулах боломжгүй байна.
Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 2.450.000 төгрөг, хүү 1.670.000 төгрөг, нийт 4.120.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 980.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.О-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.450.000 төгрөг, хүү 1.670.000 төгрөг, нийт 4.120.000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 980.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 927.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Г- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.382 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 80.870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН