Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01509

 

         А.С-ын нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01124 дүгээр шийдвэртэй, А.С-ын нэхэмжлэлтэй,

  Засгийн газрын нөөц сангаас нийт 54 536 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хяналтын прокурор Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

   Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн. Цахилгаан тээвэр компанид 2010 оноос хойш дагалдан засварын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан зэрэг албан тушаалуудад ажиллах хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил гаргалгүй, сахилгын шийтгэл хүлээлгүй, ажил мэргэжилдээ чин үнэнч сэтгэлээр хандан ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг зохих түвшинд нь хангаж, ажилчдад холбогдох заавар зааварчилгаа өгч, сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулан, ажилчдыг хамруулан өндөр хариуцлагатайгаар ажиллаж байсан. Миний бие 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл албан ёсоор тус компанийн захирлын тушаалаар чөлөө авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед буюу 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контактын сүлжээний дагалдан засварчинаар ажиллаж байсан Г.Б нь контактын сүлжээний автомашины өргөгч тавцан дээрээс унаж осол гарсан. Энэ осол гарах өдөр миний хариуцаж байсан ажил үүргийг Цахилгаан тээвэр компанийн захирлын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт шалгалтын ажилтан Д.М-д хариуцуулж өгсөн үетэй давхцаж таарсан. Ингээд дээрх ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэгт тус компанийн захирлын албан ёсны тушаалын дагуу чөлөө олгогдож, ажил үүргээ зохих ажилтанд хариуцуулан эмнэлэгт хэвтэж байсан намайг буруутган хилс хэрэгт татан сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Хэрэг шалгагдах явцад 3 жил болоод Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 171 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.С намайг цагаатгасан. Энэхүү 3 жилийн хугацаанд хилс хэрэгт мөрдөн шалгагдах нь өмнө ийм хэрэг явдалд холбогдож байгаагүй надад хэцүү байсан. Сэтгэл санааны дарамтанд орсон. Хэрэг явдал нь зөвхөн намайг биш миний хүрээний нэг саахалт айлын сэтгэл санааг ихэд зовоосон. Монгол улс даяар цахим мэдээллийн эх сурвалжуудаар олон нийтийн дунд Цахилгаан тээврийн албан тушаалтан, ажилчид 1-4 жилийн хорих ял сонсжээ гэсэн мэдээлэл тархсан. Энэ мэдээлэл батаар.мн сайтад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14:23 цагт тавигдсан ч одоог хүртэл байсаар байна. Үүнээс гадна тус хэрэгт шалгагдаж байгаа, ял сонссон гэх талаарх мэдээлэл аман хэлбэрээр ч дам дамаараа тархаад байсан. Үүнээс болж Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хотод амьдардаг том ахын муу байсан бие улам муудаж, сүүлд нь хэвтэрт ороод 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр таалал төгссөн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймагт байдаг хадам аав таалал төгссөн. Дээрх ажил явдлууд хилс хэрэгт шалгагдаж байх үед гарсан бөгөөд тухайн үед Цагдаагийн байгууллагаас зүүн зүг Гачуурт, баруун зүгт 22-ын товчооноос цааш гарахыг хориглож, хилийн хориг тавьж, гадагш явахгүй гэсэн баталгаа өгснөөс болж талийгаачдын буяны ажилд оролцож чадаагүй.

     Хэрэгт шалгагдаж байх хугацаанд эрүүл мэндийн байдал муудаж, зүрх судасны өөрчлөлттэй болсон. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Толгой эргэж унадаг болсноос толгойгоороо унаж бэртэл аван 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 сарын 09-ний өдрийн хооронд эмчилгээ хийлгэж чөлөө авсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ГССҮТ-ийн эмнэлэгт эмчлүүлсэн. Би анх 2010 оны үед Улаанбаатар хотод орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд нүүдлийн байдлаар амьдарч байна. Ажилд ороод болно гэж явж байтал хилс хэрэгт шалгагдан өмгөөллийн хөлс, бусад зардал чирэгдэл гарснаас болж, зээл тавин орон байртай болох боломжоо алдсан. Хүний сэтгэл санааны хямрал, түүний үр дагавар, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хамт олны дунд эзлэх байр суурь, албан тушаал ахих боломж зэргийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Иймд миний бие 3 жилийн хилс хэрэгт буруутгагдан учирсан эдийн бус сэтгэл санаа, түүний үр дагавар болох эрүүл мэндийн хохирлоо 1 сарын дундаж цалин хөлс дээр үндэслэн 3 жилээр, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр үндэслэн 3 жилээр тус тус тодорхойлон гаргаж ирсэн. Иймд өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол 40 896 000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол 8 640 000 төгрөг, нийт 54 536 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газар буюу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байна гэжээ.

Хяналтын прокурор Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 314 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 187 дугаар шийтгэх тогтоолоор А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Ингээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 56 дугаар шийтгэх тогтоолоор А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 220 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, А.С-ыг цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлд хууль бусаар явуулсан ажиллагааны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна” гэж заасан. Үүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгэсэн этгээдийг цагаатгасан, хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон гэж заасан.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдохгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй тул А.С-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас 5 000 000 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч А.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49 536 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгон тайлбарласан байдаг. Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээр өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөгөөс өөр эд хөрөнгийн шинж чанартай хохирол нэхэмжлээгүй. Эмчилгээ, эм тариа, орны зэрэг зардал нэхэмжилсэн зүйлгүй. Гэтэл шүүх намайг эмчилгээ, эм тариа, орны зардал зэрэг эд хөрөнгийн шинжтэй хохирол нэхэмжилсэн гэж үзээд түүнийг нотлоогүй хэмээн нотлох баримт шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Би хилс хэрэгт үндэслэлгүй шалгагдан 3 жилийн турш эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүнд зэрэг эдийн бус гэм хорын шинжтэй гэм хорын хохирол нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж түүнд дурдагдаагүй шаардлага гаргаж нотлох ёстой гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй юм. Цалин хөлс, амжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого нэхэмжилсэн шаардлага гаргаагүй болно.

Би өөрийн үнэлэмжээрээ сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлоо 40 896 000 төгрөг хэмээн үнэлсэн. Үүний гол үндэслэл, нотлох баримт нь цагаатгах тогтоол юм. Хилс хэрэгт шалгагдсан сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учирсан зүйлгүй хэмээн үзсэн анхан шатны шүүхийн үндэслэл шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй. Хэрэгт авагдсан ямар төрлийн баримт нотлох баримтын ямар шаардлагыг хангаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн зүйлгүй. Миний хувьд ийм хэмжээний сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол амссан гэдгээ шат шатны шүүхийн шийтгэх тогтоолууд, давж заалдах шатны магадлалууд тэдгээрт дурдагдсан үйл баримтуудаар хангалттай нотолсон гэж үзэж байна.

Нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролд 8 640 000 төгрөг нэхэмжилсэн. Манай нийгэмд хэрэгт холбогдсон хэн нэгнийг гэм буруутай эсэх нь шүүхээс эцэслэн тогтоогдоогүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэгтэн болгоод сүүлдээ цагаатгагдсан тохиолдолд зөвтгөх, нэр төрийг нь сэргээх сэтгэлгээ хэвшиж тогтоогүй явдал байдаг. Энэ байдлаар “Цахилгаан тээврийн албан тушаалтан, ажилчид 1-4 жилийн хорих ял сонсчээ" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн сүлжээгээр тархсан. Хэргийн 94-93 дахь талд авагдсан веб сайтад тавигдсан мэдээлэл байсан. Нотлох баримтын шаардлага хангахуйц сонин сэтгүүлд нэр ус нь тодорхой дурдагдсан баримттай. Ажил хэргийн нэр хүндийн хувьд мэргэжилдээ үнэнч, туршлагатай, идэвхи зүтгэлтэй, шилдэг ажилтны хувьд цаашид албан тушаалын карьер өсөх, ахиж дэвших боломж хумигдсан. Ажилтан, албан хаагчид, хамт олны хүрээнд ажил хэргийн нэр хүнд хэрэгт шалгагдахаас өмнөх үетэй харьцуулахад үнэлэмж, хүндлэл тодорхой түвшинд буурсан. Энэ бүхнийг баримтаар нотлон харуулах боломжгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн, түүний хөндөгдсөн эрх ашиг өмнөх байдалд сэргээгдэх хэмжээний шийдвэр гаргаж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.С нь Засгийн газрын нөөц сангаас өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол 40 896 000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол 8 640 000 төгрөг нийт 54 536 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан А.С-ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин рангуулах үүргээ биелүүлэгүйгээс хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 220 дугаар магадлалаар уг тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А.С-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул түүний нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390, 391 дүгээр зүйлд заагдсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон сэтгэл санааны хохирлын үр дагаврыг нөхөн төлүүлэхээр гаргасан шаардлага гэж үзнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.С-д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1-т эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх эрхийг олгосон бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд тусгайлан заасан тохиолдолд, эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх эрхийг үүсгэсэн хуулийн заалт гэж үзнэ. Тиймээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар заасан болохоос  бодит учирсан хохирлыг материаллаг хэмжээгээр нотлогдсон байдлаар төлүүлэх гэсэн агуулга байхгүй. Иймд нэхэмжлэгч А.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болон 3 шатны шүүхээр хэргийг хэлэлцсэн хугацаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж сэтгэл санаанд учирсан хор уршигтай холбоотой эдийн бус хохирлыг 2 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр үнэлэх нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан зарчмын хүрээнд 2 000 000 төгрөгийн хэмжээнд сэтгэл санаанд учирсан хор эдийн бус хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “5 000 000” гэснийг ”7 000 000” гэж, “49 536 000” гэснийг “47 536 000” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА