Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01107

 

****ын нэхэмжлэлтэй

                                                                                      иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03289 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Зуучлалын гэрээний үүрэг 204,493,276 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Зохигчийн  гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхамсүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэг 204,493,276 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56.1.1, 59.1, 410.1, 411.7.4-т тус тус заасныг баримтлан ****ын нэхэмжлэлтэй “ **** ****” ХХК-д холбогдох 204,493,276 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан ****аас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,180,417 төгрөгийг, “ **** ****” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1,387,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ****ын хариуцагч “ **** ****” ХХК-аас 204,493,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үндэслэлгүй тул 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,180,420 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Түвшин нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо:“анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит үйл явдлын хувьд 2018.06.22-ны өдөр **** “ **** ****” ХХК-тай “зуучлалын гэрээ”-г байгуулсан. Уг зуучлалын гэрээний хэрэгжилтийн хүрээнд 2018.08.01-ний өдрийн нэг талаас “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК (түүнийг төлөөлөн захирал Ц.Эрдэмбаяр), нөгөө талаас “ **** ****” ХХК (түүнийг төлөөлөн захирал Ч.Жамбаноров) нар 7/04 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл “ **** ****” ХХК нь зуучлалын гэрээний эрх зүйн үр дүн хүртэж гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан. “Бэрэн групп” ХХК, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК хоёр тусдаа үйл ажиллагаа бүхий хоёр хуулийн этгээд байдаг. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаас харвал **** нь “Бэрэн групп” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдаг. Өөрөөр хэлбэл **** нь зуучлуулагч “ **** ****” ХХК-ийн гэрээ байгуулсан “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй, хөдөлмөрийн харилцаагүй байсан. Гэтэл шүүх нотлох баримт үндэслээгүй таамагласан, хийсвэр дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дах хэсэгт ...гэж заасан ба нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хуульчийн үйл ажиллагаанд тавигдах хориглолтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит нөхцөл байдалд ****аас “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Иймд үйлчлүүлэгчийн нууцыг задруулах, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмшсэн зүйл огт байхгүй. Нөгөөтээгүүр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн эсхүл хуульч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд шийддэг эрх бүхий байгууллага зохих журамтай байдаг. Мөн **** миний бие хууль зөрсөн, гэтэл иргэний хэргийн шүүх нь хуульч ёс зүйн зөрчил асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй мэтээр өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар хийсвэр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зуучлалын үйлчилгээний эрх зүйн үр дүнд хариуцагч нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай барилга угсралтын гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймээс хүн тодорхой хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэсэн бол түүнийхээ эрх зүйн үр дагаврыг хүртэх эрхтэй. Нөгөө талаас нь харвал бусдаас зуучлалын үйлчилгээ авсан бол зохих хөлс, шагналыг төлөх шударга ёсонд нийцнэ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн бөгөөд ингэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь өөрийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг компанийн явуулж байгаа барилгын үйл ажиллагаатай холбоотой ажилд хариуцагч “ **** ****” ХХК-ийг зуучилсныг зөвшөөрөгдөөгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж дүгнэсэн. Гэхдээ зуучлалын гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ. Учир нь нэхэмжлэгчийн дансанд шилжиж орсон 12,000,000 төгрөгийг хариуцагч “ **** ****” ХХК, түүний эрх бүхий этгээдүүд болох О.Чулуунбаатар, Ч.Жамбаноров нараас шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч талаас уг мөнгөн дүнг шилжүүлсэн болохоо нотлох баримтаар хангалттай нотлоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үндэслэлгүй тул 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь 12,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан болохоо илэрхийлж, холбогдох баримтаа хавсаргаж өгснийг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Магадлалын хянавал хэсэгт 2018.06.22-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжиж орсон 12,000,000 төгрөгийг хариуцагч “ **** ****” ХХК, түүний эрх бүхий этгээдүүд болох О.Чулуунбаатар, Ч.Жамбаноров нараас шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч талаас уг мөнгөн дүнг шилжүүлсэн болохоо нотлох баримтаар хангалттай нотлоогүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөг авсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 12,000,000 төгрөгийг аваагүй гэж огт маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигчийн гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно”, 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсэхийг хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож” гэж тус тус тодорхой заасан байдаг. Гэтэл шүүхээс хэргийн үйл баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ урьдчилгаа 12,000,000 төгрөг авсан болохоо нэхэмжлэлдээ тодотгож, авсан баримтаа хавсаргаж өгснийг огт үнэлээгүй нь учир дутагдалтай. Тэрхүү мөнгө гүйлгээ нь хэний данснаас ****ын данс руу орсон нь чухал бус нэхэмжлэгч, хариуцагч нар 12,000,000 төгрөг авсан, өгсөн үйл баримтад маргаагүй асуудлаар шүүх үнэлэлт дүгнэлт өгч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Зохигчийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.7.4-т тус тус заасныг баримтлан ****ын нэхэмжлэлтэй “ **** ****” ХХК-д холбогдох 204,493,276 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ****ын хариуцагч “ **** ****” ХХК-аас 204,493,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг хангалттай бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулна.Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч **** “ **** ****” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 204,493,276 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...“Бэрэн групп” ХХК-д нэхэмжлэгч **** хуульчаар ажилладаг, барилга баригдана гэдгийг урдаас мэдэж албан тушаалаа ашиглаж зуучлалын гэрээг байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж, 2018.06.22-ны өдрийн № 01/2018 тоот Зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн байна. 

10. Талуудын хооронд 2018.06.22-ны өдөр “зуучлалын” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр **** барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх захиалагч этгээдийг олох, тэдгээрийн хооронд барилга угсралтын гэрээ хийхэд холбож өгөх, “ **** ****” ХХК зуучлагчийн зөвлөгөөг хүлээн авч, зөвлөсөн захиалагчтай гэрээ байгуулах, зуучлуулагч болон захиалагч талуудын хооронд барилга угсралтын гэрээ байгуулсан өдөр уг гэрээний төсөвт өртгийн нийт үнийн дүнгийн 2 хувийг үйлчилгээний хөлс болгон зуучлагч талын дансанд шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ. 

Дээрх гэрээний урьдчилгаа хөлсөнд **** 12,000,000 төгрөг авсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт Хаан банкны дансны хуулганд тусгагдсанаар 2018.06.22-ны өдөр 5019166391 тоот данснаас “зуучлалын ажлын хөлс” гэх утгаар 10,000,000 төгрөг, 2018.08.12-ны өдөр “99088206” гэх утгаар 2,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжиж орсон байна. 

11. Зохигч дээр дурдсан “зуучлалын” гэх гэрээг байгуулсны дараа **** нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийг төлөөлөн ахлах хуульчийн хувьд хариуцагч “ **** ****” ХХК-тай 2018.08.01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Зуун айл хотхон буюу үйлчилгээний барилгатай 16 давхар 140 айлын орон сууцны 1 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад оролцсон байна. 

12. Хариуцагч **** “...“Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай хөдөлмөрийн харилцаагүй, гэрээг боловсруулсан гэдэг утгаараа гарын үсэг зурсан, техникийн алдаа байсан...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Тухайлбал, “Бэрэн групп” ХХК болон “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-д нэхэмжлэгч **** нь хууль зүйн туслалцаа үзүүлдэг, ажил мэргэжлийн хувьд тус компанитай хамааралтай болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Ц.Эрдэмбаярын “... **** “Бэрэн групп” ХХК-д гэрээгээр ажилладаг хуульч, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК гэрээт 4 хуульчтай, гэрээ байгуулах өдөр **** байсан, **** гэрээг боловсруулсан...” гэх мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул хууль зөрчөөгүй болно.

13. Хоёр шатны шүүх “зуучлалын” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар  хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус үзсэн бөгөөд энэ үндэслэлээ, “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд хамаарал бүхий компаниас явуулж байгаа аливаа ажилтай нь холбоотойгоор гуравдагч этгээдэд зуучлалын үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших”-ийг хориглоно, “Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй”, “Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн дээрх үйлдэл хууль бус” гэж тайлбарласан нь оновчтой бус байна. 

14. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг зуучлалын гэрээний шинжийг агуулахгүй, улмаар энэхүү гэрээгээр нэхэмжлэгч хөлс шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

15.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна. 

16. Зуучлалын гэрээний үндсэн шинж нь зуучлуулагч буюу даалгавар өгөгч зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах  буюу зуучлуулагч, гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулахад зуучлагч тодорхой хувь нэмэр оруулсан байхыг шаардана. 

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч **** нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан компанийн үйл ажиллагааг буюу барилга бариулахаар барилгын гүйцэтгэгч сонгох талаар мэдэж байсан атлаа  “ **** ****” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, уг компанийг өөрийн ажилладаг “Бэрэн констракшн энд автомотив” ХХК-д  санал  болгож, улмаар тухайн 2 компанийн  байгуулсан гэрээний үнийн дүнгийн 2 хувиар хөлс авахаар тохиролцсоноос гадна өөрөө  захиалагч “Бэрэн констракшн энд автомотив” ХХК-ийг төлөөлж гэрээнд оролцсон  байдлаас үзэхэд **** болон “ **** ****” ХХК-ийн хоорондох гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулахгүй байна. 

Зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээдэг бөгөөд өөрөө гуравдагч этгээдтэй харилцаатай байсан, гэрээ байгуулахад холбож өгөх бус гэрээ байгуулсан нь зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. 

Иймд зохигч “зуучлалын” гэрээг бичгийн хэлбэрээр  байгуулж, хэн аль гарын үсэг зурж, хариуцагч байгууллага тамгаа дарж баталгаажуулсан боловч уг гэрээ зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй, энэ төрлийн гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй тул **** Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар  хөлс, шагнал шаардах эрхгүй гэж үзэв. 

17. Шүүхээс нэгэнт зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн учир хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхино. 

Харин тохиролцсоны дагуу хариуцагчаас 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг тухайн үед хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн байхад давж заалдах шатны шүүх 12,000,000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн болохоо нотлох баримтаар хангалттай нотлоогүй гэсэн нь буруу болжээ. 

Тухайн үеийн зохигчийн тохиролцооны дагуу “ **** ****” ХХК хүлээн зөвшөөрч хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг буцаан гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэхгүй, учир нь уг мөнгөний хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй болно. 

18. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Түвшин нарын зуучлалын үйлчилгээ хөлс, шагналыг гаргуулах, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзамын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөгийг хангуулах гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлуудыг энэ тогтоолын 10-17 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

19. Иймд дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг“...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “зуучлалын” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1,180,420 төгрөг,  хариуцагчийн 207,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД