| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0045/э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-03-10 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Б.с-, шүүгдэгч О.Ө-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Ө-, Д-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 201714000040 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ** аймаг, ** сум ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн О-ын Ө-. /ФБ*******/
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ** аймаг, ** сум ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Д-гийн Б-. /АН******/
Үйлдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ө-, Д.Б- нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар хорооллын 16 дугаар байрны зүүн талд 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой согтуугаар бүлэглэн Б.с-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодолдож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч О.Ө-, Д.Б- нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар хорооллын 16 дугаар байрны зүүн талд 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой согтуугаар бүлэглэн Б.с-г зодож бие махбодид нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :
1. Хохирогч Б.с-гийн “Би тухайн үед хуучин ажиллаж байсан газраасаа цалин мөнгөө авах гэж явж байгаад ажлынхаа 2-3 хүнтэй таараад өөрөө жаахан архи уусан явж байсан. Тэгээд харих гээд Цэцэгээтэй хамт явж байгаад энэ хоёртой таараад архины халуунд ахын дүү нар зүгээр байгаарай гэж хэлтэл нэг нь хүрч ирээд хавсарч унагааж дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Намайг газар унаж доош харж хэвтэхэд араас нэг нь дахин ирж толгой руу цохисон. Би тухайн үед ухаан санаа балартаж тэндээсээ эмнэлэгт очиж боолт хийлгэж цусаа тогтоолгож эмчилгээ хийлгэсэн. Харин дараа нь Цэцэгээрээр гэрийг нь заалгаж очиж уулзаж хохирлоо барагдуулж эмчилгээний зардалд 560 000 төгрөг авсан. Одоо тодосгогчтой томографикт үзүүлмээр байна. Уг нь ахтай нь уулзаж нотариатын газарт очиж гарын үсэг зурсан баримт бий. Иймээс тодосгогчтой томографикийн шинжилгээнд ороход 350 000 төгрөг шаардлагтай байгаа. Энэ мөнгийг өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаартай дүгнэлтэнд ... Б.с-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 47-р талд/
3. Гэрч Т.А-гийн ...Ц- 6-16 дугаар байрны урд талын дэлгүүрийн зүг явахад с-гийн хэл амаар доромжлоод байсан залуу с-г хавсарч унагаад зодсон. Араас нь нэг залуу ирээд хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р талд/
4. Гэрч Х.Ц-гийн ...Ө-гийн найз нарын дунд с- пээдийгээд дүү нар сайн уу гээд байсан. Би тэр үед 6-16 байрны урд талын дэлгүүр онгорхой байна уу? гээд харах санаатай очиход араас Амраа гүйж ирээд 2 залуу намайг хөөгөөд би өөрийгөө хамгааллаа гэхээр нь с-гийн зогсож байсан газар руу эргээд харахад с- газар уначихсан нэг хүүхэд өшиглөж байхаар би хашгираад та нар яаж байгаа юм бэ? гэж хэлээд А-гийн хамт гүйгээд очиход зугтаагаад явчихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р талд/
5. Гэрч Б.Б-ийн ...Б-, Б-, бид гурав гэртээ харих гээд 6-1 дүгээр байрны урд талын зогсоолд байхад миний утас руу А- залгаад с- 6-16 дугаар байрны харалдаа зодуулчихлаа гэхээр нь бид 3 хамт очиход с- зодуулаад хамраас нь их цус гарсан газар хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р талд/
6. Гэрч Э.Сын ....Б- Ц- эгчийг дуудаад юм ярих гэхэд хамт явж байсан ах Б-ийн хувцаснаас барьж авахад Б- намайг Ө-ыг дуудчих гэж хэлсэн. Ө-ыг Аялгуу баарны урд талд зогсож байхад нь дуудаад хамт Б- дээр очиход Б- нөгөө хувцаснаас нь зуурчихсан байсан ахыг хавсарч унагаагаад дээр нь хөлөөрөө өшиглөсөн. Ө- газар унасан ахыг бас хөлөөрөө өшиглөсөн. Ц- эгч хохирогч гээд байгаа залууг зодож байхад ирсэн. Нөгөө зодуулсан ах газар уначихсан, цус их гарч байхаар нь бид нар айгаад зугтаачихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р талд/
7. Шүүгдэгч Д.Б-ийн ... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч өөрөө эхэлж миний хувцаснаас зуураад хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй зодчихсон юм. Намайг хохирогчийг зодож байхад Ө- хажуугаар ирээд хохирогчийн толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-р талд/
8. Шүүгдэгч О.Ө-ын.....Сонорхайрхан худалдааны төвийн урдуур явж байхад зүс таньдаг Ц- эгчтэй таараад юм яриад зогсож байхад хамт явж байсан ах нар хэл амаар доромжлоод зодох гээд байсан. Б-ийг с- зодолдох уу гээд байсан. Б- хохирогчтой зодолдож байхаар нь би очоод өшиглөсөн юм. Сүүлд нь Б- надад хэлэхдээ хохирогч гээд байгаа залуу хувцаснаас нь зуураад дүү нар зодчихгүй биз дээ гээд түрүүлж цохих гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р талд/
9. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч О.Ө-, Д.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэднийг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.с- хохирлоо барагдуулж, эмчилгээний зардалд 560 000 төгрөг авсан гэж мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж тэднийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв..
Хохирогч нь тодосгогчтой томографикт харуулах зардал 350 000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн О-ын Ө-, Б овгийн Д-гийн Б- нарыг бүлэглэн бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч О.Ө-ыг 300 /гурван зуу/ цаг, шүүгдэгч Д.Б-ийг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч О.Ө-, Д.Б- нарыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвал баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, с- 25 эр гэсэн бичигтэй рентген зураг 1 ширхэг, томографийн зураг 3 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
5. Хохирогч Б.с- нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-, Д.Б- нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.