| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2026/0467/З |
| Дугаар | 221/МА2026/0575 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0575
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ц.О
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, Ц.О нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21250000018 дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 606 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г, Д.Б, С.Ч, өмгөөлөгч Т.Э
Хариуцагч Ц.М, Ц.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0467/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, Ц.О нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21250000018 дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэг, 15.3.4 дэх заалт, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, Ц.О нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21250000018 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ц.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйл. Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх. 8.5-д “Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно”, 8.6-д “Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална” гэж хуулиар Засгийн газарт эрх олгосон байна. Засгийн газар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 139 дүгээр тогтоолоор журам баталсан.
Засгийн газрын 2012 оны 139 дугаартай тогтоолоор “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, Засгийн газрын 2020 оны 202 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2012 оны 227 дугаартай тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралтаар баталж, уг тогтоолын 1 дэх хавсралтад Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Э” ХХК багтсан байдаг.
Засгийн газрын 2012 оны 139 дугаартай тогтоолоор “Түүхий нүүрс олборлодог” аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлд “Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх талаар” журамд заасан урьдчилсан нөхцөл, биелүүлэх шаардлагыг тавьж, журмын 2.4 “Энэ журмын 2.3-т заасан баримтыг бүрдүүлж хугацаанд нь ирүүлээгүй болон өмнөх оны агаарын бохирдлын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 “Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
“Э” ХХК нь 2022 оноос эхлэн агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон байдаг.
Татварын албаны үндсэн чиг үүрэг нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйл 75.1.2 “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж хуульчилсан байдаг.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх, тушаах 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана”, 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж заасны дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд гол үндэслэх баримт нь татварын тайлан болох, мөн татвар төлөгч тайлангаа цахимаар илгээх боломжгүй бол цаасан хэлбэрээр үйлдэж татварын албанд ирүүлэх боломжтой бөгөөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эрхийг эдлэхийн тулд хууль, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй байсан.
Харин тус компани нь 2022 онд Агаарын бохирдлын төлбөрийн тайланг (Олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөр) ТТ-24 (1) маягтаар тайлан ирүүлээгүй боловч холбогдох баримтыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цаасаар ирүүлсэн байсан.
2023 онд 12 119 133.00 тонн түүхий нүүрс олборлож 12 119 133 000.00 төгрөгийн төлбөр ногдуулж, уг төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цахим тайлангийн системээр тайлан ирүүлснийг Татвар төлөгчтэй харилцах хэсгийн байцаагч нар удаа дараа сэтгэгдэл бичиж, тухайн төрлийн тайланг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлгүй тул тайлангаа залруулах шаардлагуудыг 2 удаа хүргүүлж, тайланг татвар төлөгчид буцаасан байдаг. (энэ талаар анхан шатны шүүхийн шүүгч татварын албаны систем дээр шүүхийн үзлэг хийсэн байдаг)
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тохиолдолд төлбөр төлөгч нь тайлан болон шаардлагатай материалыг тогтоосон хугацаанд татварын байгууллагад ирүүлэх үүрэгтэйг хууль, журмаар зохицуулсан.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 14 дүгээрт “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд төлбөр төлөх болон тайлагнах зохицуулалт байгаа боловч төлбөр төлөгч аж ахуйн нэгжээс татварын албанд тайлан өгөх үүргийг хуульчлаагүй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Агаарын бохирдлын төлбөрийг ногдуулах, төлөхтэй холбоотой харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль болон холбогдох татварын хууль тогтоомжийн зохицуулалт давхар үйлчилж байсан бөгөөд төлбөр төлөгчийн тайлагнах үүрэг нь зөвхөн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар хязгаарлагдан тодорхойлогдохгүй юм.
Иймд тайлан гаргаж өгөх үүрэг хуульд огт тусгагдаагүй байсан гэж дүгнэсэн нь хууль тогтоомжийг бүхэлд нь авч үзээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9.1 “Төлбөр төлөгч нь тухай улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө /Энэ хэсэг нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалт/ гэж заасан.
Шүүхээс төлбөр төлөгчийн тайлан тушаах хугацааг хуульчлаагүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт болон холбогдох хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд үнэлээгүй дүгнэлт байна. Тодруулбал, шүүх Татварын ерөнхий хуулийн 29.2 “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэсэн заалтыг хэрэглэж, тайлбарлаагүй орхигдуулсан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн төрлийн хуульд тайлан гаргах хугацааг тусгайлан заагаагүй тохиолдолд татвар, төлбөр төлөх хугацаа болон тайлагнах хугацаа адил байх зарчим үйлчлэхээр хуульчилсан байна. Иймд зөвхөн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд тайлан тушаах хугацааг нарийвчлан тогтоогоогүй гэх үндэслэлээр тайлагнах үүрэг, хугацаа хуульчлагдаагүй байсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн хариуцагч талаас дээрх хуулийн зохицуулалтын талаар шүүхэд тайлбар гаргасан боловч шүүх уг тайлбар болон хуулийн заалтын агуулгад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, талуудын тайлбарыг бүрэн хэлэлцэн үнэлэх зарчмыг хангаагүй байна.
Шүүхээс агаарын бохирдлын төлбөрийн тайлан тушаах үүрэг, хугацааг хуульчлаагүй байсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт болон тухайн үеийн эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй байна.
Мөн агаарын бохирдлын төлбөрийн тайланг татварын алба нь бусад татвар, төлбөрийн тайлангийн нэгэн адил хуульд заасан хугацаанд хүлээн авч, баталгаажуулан ирсэн тогтсон захиргааны практик бий. Тухайлбал, нэхэмжлэгч компани 2011 оноос 2021 он хүртэлх 11 жилийн хугацаанд агаарын бохирдлын төлбөрийн тайлангаа тогтмол гаргаж, хуульд заасан хугацаанд татварын албанд ирүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө олон жилийн турш уг төлбөрийн тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, тайлагнах үүргийг хэрэгжүүлж ирсэн атлаа тухайн төлбөрийн тайлан гаргах үүрэг болон хугацаа хуульчлагдаагүй байсан гэж үзэх нь бодит нөхцөл байдал болон эрх зүйн харилцааны тогтсон практикт нийцэхгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 14 дүгээрт дурдсан тайлан тушаах үүрэг, хугацааг хуульчлаагүй байсан гэх дүгнэлт нь Татварын ерөнхий хуулийн 29.2 дахь заалт, татварын албаны тогтсон эрх хэрэглээний практик, мөн нэхэмжлэгчийн 2011-2021 оны хооронд тайлангаа тогтмол тушааж байсан бодит үйл баримтыг харгалзан үзээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8, 9, 12 дугаарт маргаантай харилцаа үүссэн хугацаанд хүчингүй болсон байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг үндэслэн дүгнэлт хийсэн, мөн шийдвэрийн 12-16 дугаарт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглэх зарчимд нийцээгүй байна.
Учир нь тухайн маргааны үйл баримт, татварын үүрэг, тайлагналтай холбоотой харилцаа нь 2022-2023 оныг хамарсан хугацааных бөгөөд эдгээр харилцаанд 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэх ёстой.
Түүнчлэн шүүх 2008 оны Татварын ерөнхий хуулийн зарим зохицуулалт, 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэн дүгнэлт хийсэн нь нэг маргаантай харилцаанд өөр өөр цаг үед үйлчилсэн хоёр өөр хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8, 9, 12 болон 12-16 дахь заалтуудад хэрэглэсэн хуулийн үндэслэл хоорондоо зөрчилдөж байгаа бөгөөд энэ нь хэрэглэх ёстой хуулийг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу хэрэглэсэн, эрх зүйн дүгнэлт хийхдээ хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасан гэж үзэхээр байна.
2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно” гээд мөн зүйлийн 14.1.3 дахь заалтад “татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн” гэж хуульчилсан бөгөөд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.6-д “Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална” гэсний дагуу уг төлбөрөөс чөлөөлөгдөх тохиолдолд хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байхаар зохицуулсан.
Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ 2008 оны Татварын ерөнхий хуулиар объектыг төлбөрөөс бүрэн чөлөөлсөн гэж тайлбарлаж дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл ямар ч нөхцөл шаардлагагүйгээр “Э” ХХК-ийг уг төлбөрөөс бүрэн чөлөөлсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаатай гэж үзэхээр байна.
Үүргээ биелүүлсэн тохиолдолд эрх үүсэх нь эрх зүйн харилцааны үндсэн зарчим бөгөөд үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой ойлголт юм. Энэ нь иргэн, хуулийн этгээд өөрт ноогдсон үүргээ зохих ёсоор биелүүлсний үндсэн дээр хууль ёсны эрхээ эдлэх, эсхүл шаардах эрх үүсдэг.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд:
Төлбөр төлөгч нь тайлангаа үнэн зөв, хугацаанд нь гаргах үүрэгтэй.
Хөнгөлөлт, чөлөөлөлт нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, холбогдох тайлан, материалыг хугацаанд ирүүлсэн тохиолдолд олгогдоно.
Иймээс хугацаа зөрчсөн бол эрх үүсэхгүй.
Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага нь хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй.
Хэрэв хугацаа зөрчсөн тохиолдолд хөнгөлөлт олговол хууль зөрчсөн шийдвэр болох эрсдэлтэй.
Энэ бол урьдчилсан нөхцөл хангаагүй бол эрх үүсэхгүй, “Хугацаа хэтрүүлсэн бол эрх сэргэхгүй” зарчим юм. Жишээ нь шүүхийн практикт: Шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах, давж заалдах эрхүүд нь хуульд заасан хугацаа дотор л хүчинтэй байдаг. Хугацаа нь энэ эрхийг эдлэх үндэслэл болдог.
Ялангуяа татвар, төлбөр, тайлангийн харилцаанд хуулиар хугацаа заасан байдаг.
Түүнчлэн уг маргаантай агуулга, эрх зүйн харилцааны хувьд ижил төрлийн маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн хэрэгт хэрэглэсэн эрх зүйн тайлбар, дүгнэлт нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Гэтэл анхан шатны шүүх уг шүүхийн тогтсон практик, дээд шатны шүүхийн эрх зүйн байр суурийг харгалзан үзээгүй, эсхүл түүнээс өөрөөр дүгнэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ц.О нар 2125200416 дугаар томилолтын дагуу “Э” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайланд (ТТ-24-1 маягт) 2022 онд 5 253 771.00 тонн олборлосон нүүрсэнд 5 253 771 000.00 төгрөгийн төлбөр, 2023 онд 12 119 133.03 тонн олборлосон нүүрсэнд 12 119 133 030.00 төгрөгийн нүүрсний агаарын бохирдлын төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчил ирүүлж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21250000018 дугаар нөхөн ногдуулалтын актаар 17 372 904 030 төгрөгийн нөхөн татвар, 6 949 161 612 төгрөгийн торгууль, 4 298 372 758.56 төгрөгийн алданги, нийт 28 620 438 400.56 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, Ц.О нарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21250000018 дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.3. Улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… татварын албанаас “Э” ХХК-ийн татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулж, тус татвар төлөгчийг “Нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн төрөл”-өөс хасах өөрчлөлтийг хийж, тус компанийн Татвар төлөгчийн гэрчилгээний “Татвар төлөгч хуулийн этгээдийн бүртгэгдсэн татварын төрлийн мэдээлэл”-д Нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн төрлөөс 2011-12-21 өдрөөр бүртгэгдсэн байсныг 2021-12-31 өдрөөр хасагдсан тэмдэглэгээг хийсэн, … хэрэв манай компанийг тухай бүр нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайлангаа гаргах замаар татварын чөлөөлөлт эдлээд явна гэж татварын алба үзсэн бол энэ горимын дагуу бусад тайлантай хамт тайлангаа өгөөд чөлөөлөгдсөн дүнгээ тайландаа холбогдох баримтын хамт тусгаад явахад нэхэмжлэгчийн хувьд аливаа асуудал байхгүй, “хасалтын карт” үйлдсэн нь татвар төлөгч дур мэдэн хэрэгжүүлдэг эрх хэмжээ биш, татварын байгууллагын гаргасан шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэхийг татвар төлөгчийн зүгээс хянах боломжгүй бөгөөд цахим системд идэвхтэй талбарын хүрээнд тайланг хүргүүлж ажилладаг, түүнчлэн агаарын бохирдлын төлбөрийн төрөл болох “Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчид ногдуулах төлбөр”-ийн 2022, 2023 оны тайланг ТТ-24(2) маягтын дагуу илгээснийг татварын алба 2023 оны 04 дүгээр сарын 19, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд хүлээн авч баталгаажуулсан боловч тухайн үедээ татварын албанаас ТТ-24(1) маягтыг ирүүлээгүй гэх шаардлага тавигдаж байгаагүй, татварын албанаас тухайн үед тайлан өгөх тухай мэдэгдэж, нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчийн бүртгэлээс хасаагүй бол одоогийн нөхцөл байдал үүсэхгүй байсан, татварын төрлийн бүртгэлээс хасаад цаашид “тайлан ирүүлэх үүрэггүй болно” гэж мэдэгдчихээд өнөөдөр хугацаандаа тайлан ирүүлээгүй, татвар төлөгч биш байсан ч цаасан хувилбараар ирүүлэх боломжтой, 2011 оноос энэ төрлийн татварын тайланг тогтмол ирүүлдэг, үүргээ мэддэг этгээд хэдий ч тайлагнасангүй гэж дүгнэж шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй…” гэж тайлбарлан маргасан, түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцжээ.
2.4. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 1.2-т “Олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг дулааны цахилгаан станцын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад зориулан нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангаж байгаа болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна”, 2.1-д “Энэ журмын 1.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлнө” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор “Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 227 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Э” ХХК-ийг нэмсэн байна.
2.5. Нэхэмжлэгч компанийн хувьд анх 2011 онд Нүүрсний агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр бүртгэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээ авч 2011 оноос 2021 он хүртэлх хугацаанд агаарын бохирдлын төлбөрийн тайлангаа тогтмол татварын албанд хүргүүлдэг байсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй. Ийнхүү нэхэмжлэгч компаниас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт “2021 онд төлсөн агаарын бохирдлын төлбөрийг буцаан олгох эсхүл бусад төрлийн татварын ногдлоос суутган тооцуулах” хүсэлт гаргасан, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас дээрх хүсэлттэй танилцаад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/152[1] дугаар албан бичгээр “...Агаарын бохирдлын төлбөрийг тухай хуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмын 1.2, 2.1, 2012 оны 227 дугаар тогтоолоор батлагдсан Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтын 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д татвар төлөгч тухайн төрлийн татвараас чөлөөлөгдсөн гэж заасныг тус тус үндэслэн Э ХХК-ийг агаарын бохирдлын төлбөр төлөгчөөс чөлөөлөх үндэслэлтэй байна, харин танай компани Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх аж ахуйн нэгжийн жагсаалтад хамрагдсан байх бөгөөд ... 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх эрх үүсч байх тул 2021 онд агаарын бохирдолд төлбөрт төлсөн 3 780 947 000 төгрөгийг төсвөөс буцаан олгох болон татвар суутгах эрх зүйн үндэслэлгүй” талаарх хариу өгчээ.
2.6. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 01, 04-ний өдрүүдэд татварын байгууллагын [email protected] хаягаас нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч Г.П-ийн мэйл хаягт “...Нүүрсний агаарын бохирдлын төлбөр Татварын төрлийн бүртгэлээс 2021-12-31 12:00:00 өдрөөс эхлэн хассан болно. Та хугацаанаас эхлэн татварын тайлан ирүүлэх үүрэггүй болохыг мэдэгдсэн”, үүний дагуу нэхэмжлэгчээс хяналт шалгалтад хамаарах хугацаанд агаарын бохирдлын төлбөрийн тайланг гаргаж, татварын албанд хүргүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нягтлан бодогч Г.П-ийн мэйл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл[2] болон зургаар тогтоогдож байна.
2.7. Татварын байгууллагын хувьд Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх” чиг үүрэгтэй, 76 дугаар зүйлийн 76.1-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална”, 76.1.3-д заасны дагуу “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстой байгууллага юм.
Гэтэл дээр дурдсанаар татвар төлөгчид агаарын бохирдлын төлбөрийн тайлан ирүүлэх үүрэггүй талаар мэйл болон албан бичиг хүргүүлж байсан, мөн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/537[3] дугаар албан бичгээр 2022 оны агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдөх талаар мэдэгдэж, нэхэмжлэгч компанийг хууль тогтоомжийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар мэдээллээр хангасан атлаа 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр татвар төлөгчөөр дахин бүртгэж[4], мөн өдрийн 02/507, 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/620, 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/879 дүгээр албан бичиг болон цахим тайлангийн системээр агаарын бохирдлын төлбөрийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, тайланд залруулга хийх, цахим тайлангийн системээр тайлагнах үүрэгтэй байсан, агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлт үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн зэргээс үзэхэд татварын байгууллагын татвар ногдуулах, төлөх, тайлагнах талаарх мэдээллээр татвар төлөгчийг хангаагүй, улмаар төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т тус тус заасан тодорхой байх, шударга байх зарчмуудад нийцэхгүй төдийгүй энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдана.
2.8. Нөгөөтээгүүр, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлэхээр заасан.
Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э” ХХК-ийг татвар ногдох орлогыг нуух, татвар төлөхгүй байх, бууруулах зорилгоор татварыг тайлагнаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.2.1-д тус тус заасныг баримтлан нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна.
2.9. Гэхдээ Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч компани нь агаарын бохирдлын төлбөрийн тайланг хууль, журамд заасны дагуу тайлагнах үүрэгтэй байх бөгөөд ийнхүү тайлагнасны үндсэн дээр татварын чөлөөлөлтөд хамрагдахаар байна.
Мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хяналт шалгалтад хамаарах цаг хугацаа нь уг хуулийн үйлчлэлд хамаарах тул Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар тайлан гаргах үүрэггүй гэж үзэхгүй боловч нэгэнт татварын байгууллагаас тухайлсан татварын тайланг ирүүлэх үүргээс өөрөө чөлөөлсөн байсан энэ тохиолдолд татварын тайлан ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Иймээс анхан шатны шүүхийн “...2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд агаарын бохирдлын төлбөрийг татварын албанд тайлагнах үүрэг хуулиар хүлээгээгүй байсан байх тул нөхөн ногдуулалтын актаар тухайн төрлийн татвараас тодорхой баримтыг бүрдүүлэн тайлагнаснаар чөлөөлөгдөх байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагч нарын тайлбар хуульд нийцэхгүй” гэх дүгнэлт буруу байна.
Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар 16-ны өдрийн 606 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.3.4, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН