Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 115/2016/0024/з |
Дугаар | 221/МА2017/0032 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0032
Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.9-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан намын, тус аймгийн Даланжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Б.Ганбатыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг тус Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээд Б.Ганбат нь 2009 оны 04 дүгээр сарын 07-нд Ардчилсан намд элссэн болох нь 140079 дугаартай “Ардчилсан намын анкет”-аар тогтоогддог. Гэтэл шүүх “...Энэхүү анкетад гуравдагч этгээд Б.Ганбатын талаарх мэдээллүүд үнэн зөв бичигдсэн байх боловч тухайн этгээдээс уг анкетын гишүүнд элсэгчийн гарын үсэг” гэсэн хэсэгт бичигдсэн гарын үсэг, тайллыг “өөрийнх биш, хуурамч хэмээн маргасантай холбогдуулан шүүхээс түүний тайлбарыг үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад тэрхүү гарын үсэг болон тайлал нь гуравдагч этгээд Б.Ганбатын 2009 оны болон одоогийн гарын үсэг,тайлал бичвэрүүдтэй тохирч байгаа нь тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа яагаад шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй талаараа шийдвэртээ тусгаагүй. Шүүх гуравдагч этгээд Б.Ганбатын тайлбарын үнэн зөвийг батлах зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан мөртлөө Б.Ганбат үнэн ярьсан, шинжээчийн дүгнэлт буруу гарсан, эсхүл Б.Ганбат худал ярьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа эсэхийн аль нь болох талаар эргэлзээгүй дүгнэлт гаргаж чадаагүй.
Шүүх “гуравдагч этгээд Б.Ганбат нь ...шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ч тэрээр шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг гаргаагүй болно...” гэж дүгнэснээс үзвэл шүүх өөрөө бүрдүүлсэн нотлох баримтаа гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн үнэлэхгүйд хүрсэн. Шүүх эргэлзээтэй гэж дүгнэж байгаа бол дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой. Шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа хэн нэгэн хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдээгүй, харин шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв дүгнэх зорилгоор өөрөө хийсэн.
Мөн шүүх “...шинжээчийн дүгнэлтээр Б.Ганбатын гарын үсэг мөн боловч энэ нь Ардчилсан намын гишүүн мөн гэдгийг нотлох баримт болж чадахгүй байна...” гэжээ. Анкет бөглөхгүйгээр намын гишүүнд элсдэггүй. Намын гишүүнд элсээгүй хүнд анкет бичигддэггүй.
Шүүх “...гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлэг нь өөр хоорондоо болон бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй...” гэж дүгнэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд зөрүүг гаргаж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар үнэлэх ёстой. Гэтэл шүүх ийм ажиллагаа хийгээгүй, аль мэдүүлэг нь үнэн, аль мэдүүлэг нь худал болох талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Батцэнгэл өмнө өгсөн мэдүүлгийнхээ зөрүү, бурууг ойлгож хариулт өгсөн талаараа тайлбар хийсэн боловч тэр талаар шүүхийн шийдвэр тусгагдаагүй.
Гуравдагч этгээд Б.Ганбат нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд Б.Батцэнгэлтэй хамт төмөр замын айлуудаар сурталчилгааны ажлаар хамт явж байсан гэдгийг гэрч хэлдэг. Гуравдагч этгээд Б.Ганбат үүнийг хүлээн зөвшөөрдөг боловч ийнхүү явснаа ХААН банкны зээлийн ажлаар явж байсан гэж тайлбарладаг. Мөн Ардчилсан намд хандив тусламж үзүүлж байсан гэж гэрчийг мэдүүлэхэд “...ХААН банкаа сурталчилах зорилгоор аяга, үзэг, бал, бичгийн цаас зэргийг өгч байсан нь үнэн” гэдэг. Гэрч С.Мөнх-Оргил “Б.Ганбат нь 2009 оны 04 дүгээр сарын 07-нд Ардчилсан намд элссэн” гэж мэдүүлсэн.
Б.Ганбат нь намын гишүүний батлахаа өөртөө л хадгална. Намд гишүүний батлах үлддэггүй, харин анкет үлддэг. Гэрч Б.Батцэнгэл “Б.Ганбат нь намын батлахаа Даланжаргалан сум руу ажлын шаардлагаар шилжихдээ ширээнийхээ нүдэнд орхиод явсан байсан” гэж ХААН банкны эрхлэгч над руу ярьсан гэж мэдүүлдэг. Эндээс Б.Ганбат нь Ардчилсан намд элсэж байсан нь тогтоогдож байна. Мөн “Намын батлах аваагүй бол анкет бичигдэнэ гэж хэзээ ч байхгүй” гэж гэрч Б.Батцэнгэл мэдүүлдэг.
Шүүх “...Гэрч Б.Батцэнгэл нь анх “намын анхан шатны байгууллагад гишүүдийн бүртгэл нь ямар байдлаар баталгаажсан байдаг вэ? Үүнийгээ дээд шатны байгууллагадаа хүргүүлж байсан баримтууд байна уу” гэсэн асуултад “намын анхан шатны байгууллага дээр гишүүний анкетаас өөр баримт байдаггүй. Тэр болгон дээд шатны байгууллагад хүргүүдэггүй” гэж мэдүүлсэн бол гишүүдийн бүртгэл гаргаж өгсөн... 2009-2011 онуудад тус тус үйлдэгдэж намын дунд шатны байгууллагад хүргэгдсэн нь эргэлзээ бүхий байна...” гэжээ. Энэ талаар гэрч Б.Батцэнгэл буруу ойлгож, буруу хариу өгсөн. Зөвхөн гишүүн элсүүлэхэд намд ямар баримт үлддэг талаар асуулаа гэж ойлгосон. Тэгээд гишүүдийн бүртгэл намд үлддэг гэж мэдүүлгийн зөрүүгээ арилгасан байхад шүүх эргэлзээ бүхий байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Гишүүн нь сайн дурын үндсэн дээр намд элсэж, гишүүний татвөр төлдөг. Гэтэл Эрдэнэ сумын Ардчилсан намын хороо байнгын үйл ажиллагаа явуулж, гишүүд дэмжигчидтэйгээ идэвхтэй харилцдаггүй. Гишүүд нь татвар төлдөггүй учир татварын тайлан гаргаж, төв намд ирүүлж байгаагүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Б.Ганбатыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг Даланжаргалан сумын сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “Б.Ганбат нь 2009 онд Ардчилсан намд элссэн, тус намын гишүүн атлаа 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчсөн” гэж тайлбарласан байна.
Хэрэгт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 4 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Ганбатын 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр огноолсон Ардчилсан намд элсэхийг хүссэн 140079 дугаартай Ардчилсан намын гишүүний анкет авагдсан, уг анкет дээрх гишүүнд элсэгчийн гарын үсэг түүний гарын үсэгтэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх боловч Б.Ганбат нь 2011 онд Монгол ардын намд элсэж[1], 2012-2016 онд гишүүний татвар төлж, 2012 оны орон нутгийн хурлын сонгууль, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын намаас ажиглагчаар ажиллаж байсан[2] зэргээр тус намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хүн бүр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд Б.Ганбат нь уг эрхээ эдлэн Монгол ардын намд элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцон, улмаар тус намаас орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшиж, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан сонгогдох эрхээ хэрэгжүүлсэн байх тул зөвхөн Ардчилсан намын гишүүний анкетыг үндэслэн түүний сонгогдох эрхийг хязгаарлах боломжгүй.
Иймээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Ганбатыг Ардчилсан намын гишүүн гэж үзэж, түүний нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн түүнчлэн шүүх гэрч Б.Батцэнгэл, С.Мөнх-Оргил нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардчилсан намын хорооны гишүүдийн бүртгэл, мөн намын гишүүний анкет зэрэг нь Б.Ганбатыг Монгол ардын намын гишүүн болохыг үгүйсгэх хангалттай баримт болохгүй талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул “шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүйг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2016/0023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “157 дугаар зүйлийн 157.1, 157.9” гэснийг “154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН