Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 296

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0344 дүгээр магадлалтай, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0344 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “С” ХХК нь МҮ-17362 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан ба “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг “С” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/276 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын МҮ-17362 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлэхдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг 32 дахь хоног дээр төлсөн байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв боловч Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон...” гэснийг  давж заалдах шатны шүүх уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа гэж тайлбарласан нь буруу байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан бөгөөд 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэжээ.

Хуулийн дээрх зүйл, заалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 30 хүртэл хоногоор л хэтрүүлж болох бөгөөд харин уг хугацаа хэтэрсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үүрэг хүлээж байна.

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу нэгэнт тусгай зөвшөөрлийг цуцалсан хойно мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “...цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан ... мэдэгдэл өгөх”, 56.3 дахь хэсэг дэх “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг ... ирүүлэх”, 56.4 дэх хэсэг дэх “...56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэх” тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш” гэдгийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацааг ойлгох бөгөөд харин 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсэгт заасан ажиллагааг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэх хугацааг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой байсан 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр биш, харин үүнээс хойших 30 хоногийг оруулан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцно гэж дүгнэн, энэ өдрөөс хойш мэдэгдэл явуулах ажлын 10 хоногт буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрөө төлсөн байхад маргаан бүхий актаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь буруу байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх дээр дурдсан хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

Учир нь, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө хариуцагчаас өгсөн мэдэгдлийг авсан даруйдаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн, хариуцагч энэ талаар мэдсэн буюу зөрчил нэгэнт арилсан байхад /хавтаст хэргийн 73 дахь талын ар/ маргаан бүхий актыг 2 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу “тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр гаргасан нь захиргааны актын хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна.

Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгаж байгаа бол өөрөө хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос ажлын 10 хоногт багтаан мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөрөө төлөөгүй, эсхүл ямар нэгэн хариу ирээгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр хариуцагч мэдэгдэл өгөх хуулийн хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч мэдэгдлийг авсан даруйд төлбөрөө төлж нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй.

Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг “С” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/276 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлэхдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг 32 дахь хоног дээр төлсөн байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ