| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/13 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Г-т холбогдох эрүүгийн 2330002510215 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* “...”-ийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт В-ын Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.Г нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “...”-ын ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг хууль бусаар эвдэн орж, хуучны хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.А-д 1,068,600 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч В.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сэтэрхий 4 зам”-ын уулзвар дээр “Toyota Prius 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөний улмаас гол замаар зорчиж явсан “Hyundai Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасны улмаас “Toyota Prius 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Эын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр айл манай хадам ахынх юм. А-г өр төлбөрт орсон гэж сонсоод тэр ташуурыг өрөндөө өгөх бий гэж бодоод түр ташуурыг нь авсан. Тэгээд гэртээ байлгаж байсан юм. Тэгээд надаас ташуурыг минь авсан юм уу? гэж асуухаар нь би аваагүй гэж хэлсэн. Тэр өдөр А надаар дэлгүүр лүү хүргүүлээд буухдаа гэрээ төмрөөр цоожилж байсан. Тэгээд би “чи төмрөөр цоожилж байгаа юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Намайг буцаж очиход цоож нь онгорхой байсан. Тэгээд би түгжих гээд төмрөөр балбасан. Ташуурыг биет байдлаар нь буцаан өгсөн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан. Энэ хэргийг хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй. Бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Г-т 600,000 төгрөг өгсөн. Одоо эрүүл мэндийн даатгалын санд гарсан 4,980,000 төгрөгийг төлнө. Э-ын зүгээс 843,348 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Мөн Э-ын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт гаргаж өгсөн байгаа.” гэв.
Эрүүгийн 2330002510215 дугаартай хэргээс:
- Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын “Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Тус зам тээврийн ослын улмаас миний биед учирсан гэмтэл байхгүй. Миний биед ямар нэгэн учирсан хохирол байхгүй тул эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй.” гэх /1-р хх 105-106 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн “... охин М-ыг манай эмээ харж байсан. Тэгээд охиноо үзүүлэхэд “толгой нь доргисон байна” гэж хэлсэн. Хамар орчимд бага зэрэг хөхрөлтэй байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй.” /1-р хх 111-112 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч М.Х-ийн “Миний бие Гаар “Монгол даатгал” ХХК-иас 3,190,000 төгрөгийг гаргуулан авч өөрийн “Honda insight” маркийн 31-31 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварын газар өгч засвар үйлчилгээг нь хийлгэж байгаа. Тиймээс надад ямар нэгэн хохирол, төлбөр мөнгөтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /1-р хх 118 дугаар хуудас/,
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 148-149 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 354 дугаартай “1. С.Э-ын биед баруун дунд чөмөгний гандан хэсгийн зөрүүтэй хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 161-162 дугаар хуудас/,
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 168-169 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “В.Г цус” шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “В.Г цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 187-188 дугаар хуудас/,
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2302251 дугаартай “... улсын дугаартай, “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 3,965,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 200-207 дугаар хуудас/,
1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
12.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
- В-ын Г нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын ... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч жолоодох эрхийн хугацаа дуусгавар болсон байна.
- М-ын Х нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын ... дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.” гэх магадалгаа /1-р хх 222-226 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.Г нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “...”-ын ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг хууль бусаар эвдэн орж, хуучны хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.А-д 1,068,600 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч В.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сэтэрхий 4 зам”-ын уулзвар дээр “Toyota Prius 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөний улмаас гол замаар зорчиж явсан “Hyundai Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасны улмаас “Toyota Prius 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.А, С.Э, иргэний нэхэмжлэгч Б.Ц, Г.Г, М.Х, гэрч И.Т, Ц.А, Б.Т-ын “Би тухайн өдрийн өглөө найз А, Ц, О, Х, О, нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2302160 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Ц-т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №0000”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Эд үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №7856”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт, бага насны хүүхэд Г.М-д үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас /Хүүхдийг/ №7856”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2302251 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2302252 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “хүн байнга амьдрах зориулалттай орон байр”-ны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч ашиглагчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон үйлдлийг,
“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэдэгт: Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл болгоомжгүй хэлбэрээр учруулж, эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж, ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч В.Г нь бусдын амьдрах зориулалтай орон байрны хаалганы цоожийг хөшиж, нээн хууль бусаар нэвтрэн дотор орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, зөөвөрлөснөөр хулгайлах гэмт хэрэг төгсөх ба хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 1,068,600 төгрөгийн хохирол учруулсан хор уршиг нь гэмт үйлдлийн болон үр дагавар бүхий шалтгаант холбоог,
мөн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа болгоомжгүй, хайхрамжгүй хандан зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан хор уршиг нь гэмт үйлдлийн болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Д.А-гийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “гэм буруугийн шууд санаатай хэлбэр”-ээр, мөн зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр”-ээр үйлдсэн гэж үзнэ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч В.Гийг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүхээс шүүгдэгч В.Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Шүүгдэгч В.Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд гаргасан дүгнэлтдээ:
Улсын яллагч “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Д.А-д учирсан хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хулсан ташуурыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгч В.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах саналтай. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тусад нь эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шүүгдэгч В.Г нь хохирогч Д.А-д хулсан ташуурыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Хохирогч С.Э-аас 843,348 төгрөгийн төлбөрийн баримт гаргаж өгсөн хохирлыг нөхөн төлсөн. Мөн хэрэгт хохирогч С.Э, Г.М, Б.Ц нар нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд тэдний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 4,980,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Шүүгдэгч В.Г нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй тул шүүгдэгчээс 4,980,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 1,068,600 төгрөгийн хохирол учирсан байдаг. Хохирогчид хохирлыг биет байдлаар барагдуулсан. Тухайн зүйл анги нь эрүүгийн хуулийн 2.6 дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг хэдий ч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа, Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Энэ хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа гэж үзэж байна. Үүнд хохирогчид анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ 3 жил, зорчих эрх хязгаарлах ял 6-сараас 3 жил байгаа учир энэ хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь шилжүүлж эсвэл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлөх учир оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, тухайн төлбөрийг төлөх боломжоор хангаж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.
2.3 Шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнд” ангиллын гэмт хэргийг санаатай үйлдсэн, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Хөнгөн” ангиллын гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан, үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруугаа ойлгож байгаа, түүний зан төлөв, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа харьяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч В.Г нь бусдын өмчлөлийн 1,0680,600 төгрөгийн үнэлгээ бүхий хулсан ташуурыг хууль бусаар авч хохирогч Д.А-гийн өмчлөх эрхэд хохирол учруулсан бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байна.
Хохирогч С.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 643,780 төгрөгийг нөхөн төлсөн, түүнд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Дөрөвдүгээр зэрэглэл” гэж тогтоосон бөгөөд хохирогч нь “Сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр гаргуулахгүй, В.Г нь миний хадам ах тул цаашид нэхэмжлэх зүйл, гаргах гомдол байхгүй” гэжээ.
Шүүгдэгч В.Гийн “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэргийн улмаас Б.Ц, бага насны хүүхэд Г.М нарын эрүүл мэндэд “хөнгөн хохирол учирсан”, хохирогч С.Э-ын эрүүл мэндэд “хүндэвтэр хохирол” учирч тэд өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагаас Б.Ц 90,000 төгрөгийн, бага насны хүүхэд Г.М 90,000 төгрөгийн, хохирогч С.Э 4,800,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тухайн зам тээврийн осолтой холбогдуулан хохирогч С.Э-ын эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсны төлбөр 4,800,000 төгрөг, Б.Ц-ын эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсны төлбөр 90,000 төгрөг, бага насны хүүхэд Г.М-ын эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсны төлбөр 90,000 төгрөг, нийт 4,980,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Б.Ц, бага насны хүүхэд Г.М-ын хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон болно.
Мөн уг гэмт хэргийн улмаас бусдын өмчлөлийн “Hondo Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 3,380,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч М.Х-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, М.Х нь “...тээврийн хэрэгслийг засварын газарт өгч, завсар үйлчилгээг хийлгэж байгаа. Тиймээс надад ямар нэгэн хохирол, төлбөр мөнгөтэй холбоотой нэхэмжлэл байхгүй” /1-р хх 118/ гэж мэдүүлжээ.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч В.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
4.2. Шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт В-ын Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч В.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.Г-т мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч В.Г-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хэрэгжүүлсүгэй.
8. Шүүхийн шатанд шүүгдэгч В.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч В.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.А, С.Э нарт учирсан хохирлыг төлж барагдуулсныг дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Ц, бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, М.Х нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлбөргүй болохыг дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-аас 4,980,000 /дөрвөн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
11. Хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Б.Ц, бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ