Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

Хохирогч Б.Г,

Гэрч Э., Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 2230002310019 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай,

урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

Мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  Х овогт Ж-ы Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Тэр өдөр би баарны урд зүгт явж байгаагүй. Тэр өдөр баарнаас гараад Б, О бид нар явж байсан. Гэтэл О-ийг нэг залуу араас дуудсан. Тэгээд эргээд харахад нэг хөгжлийн бэрхшээлтэй бололтой залуу байсан. Тэгсэн О “найз нь энэ дүүгээ хүргээд өгье, манай дүү хөгжлийн бэрхшээлтэй юмаа. Ийм байж архи уусан байна. Найз нь зам гаргаад суулгаад өгье” гэж хэлсэн. Ингээд тэр хоёр замын урд тал руу явсан. Б бид хоёр зүүн тийшээ явсан. Тэр үед урд зам дээр тэр хөгжлийн бэрхшээлтэй залуу суугаад О хажууд нь зогсож байсан. Энэ үед цагдаагийн машин ирсэн. О “туслаарай” гэж бархирсан. Би очоод “энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Ийм хүнийг авч явж болохгүй” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гэж хэлсэн. Цагдаа нарыг ирэхэд бид хоорондоо маргалдсан зүйл байгаагүй. Харин цагдаагийн машин очсоны дараа Б бид хоёр очсон. Цагдаа нар зүв зүгээр сууж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч явах гэж байхад нь “болохгүй” гэж хэлсэн байхад биднийг ийм байдалд хүргэсэн. Гэтэл тэр баарны гадаа өөр хүмүүс зодолдож байсан. Цагдаа нар дуудлагаа андуураад ирсэн байсан.  Ингээд би хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өмөөрснийхөө төлөө хийгээгүй хэргээ үүрэх гээд зогсож байна.

Би цагдаа нараас айсан. Намайг ямар шалтгаанаар авч явах гэж байгааг ойлгоогүй. Би буруу зүйл хийгээгүй учир явахгүй гэж хэлсэн. Надад үнэхээр ширүүн хандаж байсан. Миний гар хөлийг өчсөн. Тэгээд би “энгэрийн камер байна уу? асаагаарай” гэж санал тавьсан. Тэгэхэд хоёр цагдаа хоёулаа “энгэрийн камер байгаа” гэж хэлж байсан. Тэр үед 7 цагдаа байсан, 6 цагдаа нь мэдүүлэг өгсөн байсан. Нэг цагдаа нь мэдүүлэг өгөөгүй. Яагаад энэ хүн мэдүүлэг өгөөгүйг би гайхаж байна. Цагдаа нар дуудлагаа андуураад бидэн рүү ирсэн. Бид буруугүй байсан. Хэрвээ би буруутай байсан бол буруугаа хүлээхэд бэлэн байна. Буруугүй болохоор гомдолтой байна.

Би орилж бархираагүй. Харин би цагдаа нарт хандаж “энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. Та нар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч явж болохгүй. Та нар ард иргэддээ үйлчлэх ёстой биз дээ” гэж хэлэхэд цагдаа нар “бид нар та нарт үйлчилдэггүй юм” гэсэн. Тэгээд л надад муухай хандаж эхэлсэн.

Би тухайн үед байсан цагдаа нарыг мэдэж байгаа. Гэхдээ би Г-ыг цохиогүй. Тэр үед би цагдаа нарыг “та нарт камер байгаа юм уу” гэж шаардлага тавьсан. Хэрэв би цагдаа нарт буруу үйлдэл хийсэн бол цагдаа нарт “камер байгаа юм уу?” гэж шаардлага тавихгүй байсан. Намайг шууд эрүүлжүүлэхийн байр луу авч явъя гээд чирээд, гулдчаад гарыг минь өчсөн. Тэр үед би айж сандарсан. Би Б.Г-ыг цохиогүй. Үнэхээр цохисон бол гэм буруугаа хүлээнэ” гэв.

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би гандангийн баруун талд явж байхад “В” баарны станцаар дуудлага хүлээж авсан. Дуудлагад 5 минутын дотор очих ёстой, би Б гэх цагдаатай цуг явж байсан тул бид хоёр гүйж очсон. Намайг машинтай очсон гэж хэлж байна. Би машингүй очсон. Тухайн үед явган эргүүл хийж байсан тул явган очиход баарны урд талд байх хөндлөн зам руу хэсэг хүмүүс аймаар дуу чимээтэй муудаад байгаа аятай хүрэн өнгийн шилтэй пиво барьсан алхаад явж байсан. Ж.Г-ын ярьж байгаа хөгжлийн бэрхшээлтэй гэх хүн гаднаас харахад маш их согтолттой хүн шиг харагдаж байсан. Тухайн хүнийг хэн ч хараад хөгжлийн бэрхшээлтэй гэж харахааргүй, маш их согтолттой хүн шиг харагдсан. Бид хоёр дуудлагын дагуу очсон. Очиход тэр хүмүүс л таарсан. Ингээд тэр хүмүүсээс юу болсон талаар асуугаад өөрийгөө танилцуулаад “яагаад гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм” гээд хөгжлийн бэрхшээлтэй хүний нэрийг асуугаад регистрийн дугаарыг асуугаад “торгуулийн арга хэмжээ авна” гэхэд өөдөөс шууд доромжилж эхэлсэн. “Чиний цагдаа гэж юу байдаг юм” гэх зэргээр доромжилсон. Гэтэл Ж.Г хажуугаас орж ирээд “та нар яагаад торгоно гээд байгаа юм. Та нар бид нарт үйлчлэх ёстой хүмүүс байж торгоно гэх юм. Би торгууль авъя” гээд байсан. Би “танд ямар ч хамаагүй” гэж хэлэхэд над руу нулимаад “түй май” гээд 3 удаа салаавч өгсөн. Гурав дахь салаавч өгөхөд нь “та яагаад намайг доромжлоод байгаа юм, би ажлаа хийж байна” гэж хэлээд гараас нь бариад авахад өөрөө гараа татахад хувцас нь урагдсан. Тэгээд би түүнийг тавихад миний урд байсан хүнийг давуулаад намайг цохисон. Би тухайн үед намайг гараараа цохисон гэж бодож байсан. Би цохиулаад нүүрээ дараад станцаа газар тавиад тонгойж суугаад “энэ хүн намайг цохичихлоо, байлгаж байгаарай” гээд хашхирсан. Яг тэр үед миний очих байсан дуудлагад Ш, А нар очиж зохицуулаад бид нарыг хараад ирж байгаад таарсан. Тэгээд А “энэ хүн пивоны шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Пивоны шилийг нь А хаяулсан байсан. Би гараараа цохисон гэж бодож байсан. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийг дуудсан. Миний нүүр хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Энэ үед би бичлэг хийж байхад энгэрийн камер хүнд болохоор доошоо унжаад байсан тул би гараараа бариад бичлэг хийсэн. Гэтэл Ж.Г цохиод шалбаагт унагаасан. Тэгээд тэр камераа Ст өгсөн. Түүнээс хойш С бичлэг хийсэн. Бас би утсаараа бичлэг хийсэн. Яг энэ үед хөгжлийн бэрхшээлтэй гэх хүн бидэнтэй зодолдох гээд дайрсан. Бид өөдөөс нь болиулж гавлах гэж оролдсон. Тэр үед бүх л хүмүүс биднийг хэл амаар доромжилж байсан. Тэгээд байж байхад Б гэх хүн ирээд Ж.Г-ыг авч явна гэсэн. Би уучлалт хүсээд “уучлаарай, энэ хүнийг өгч явуулахгүй, намайг гэмтээчихлээ” гэсэн чинь “би хуульч хүн та нар хууль мэдэх юм уу би авч явна” гээд маргалдаад байсан. Ж.Г-ын гар хөлийг өчсөн гэх зүйл байхгүй. Хүч  хэрэглэсэн гэвэл ханцуйн дээрээс нь бариад татахад куртикнийх нь суга оёдлоороо урагдсан. Би харин энэ хүнээр цохиулсныхаа дараа ч хүч хэрэглээгүй “та яагаад намайг цохиж байгаа юм” гэж асуугаад “уучлаарай, би танд шаардлага тавьж байна. Миний тавьсан шаардлагыг эсэргүүцээд надад та хохирол учруулсан тул би таныг авч явна” гэж хэлсэн. Тэр үед ч гэсэн миний шаардлагыг эсэргүүцсээр байсан. Энэ хүн мэдүүлэг өгөхдөө намайг машинтай ирсэн гэж хэлж байна. Би явган очсон. Тэгээд байж байхад алаг машин ирсэн тул би алаг машинтай эмнэлэг рүү, харин энэ хүнийг цагаан машин аваад цагдаа руу явсан. Баарны гадаа байсан бусад хүмүүсийг гол хүмүүс гэж хэлсэн. Жинхэнэ гол хүн нь Ж.Г юм. Би анх зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10,000 төгрөгөөр торгоод явуулах гэж байсан. Гэтэл өөрөө асуудал үүсгээд ийм асуудал болсон. Би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Одоо би гомдолтой байна. Надад хүний ёсоор уулзаж уучлалт гуйгаагүй. Гэхдээ би “гомдолгүй гэж хэлье” гэж бодож шүүх хуралдаанд ирсэн. Гэтэл би гэм буруугүй гээд зогсож байх юм. Уг нь хэргээ үнэн бодитоор нь яриад гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл хүний ёсонд нийцэх байх. Би нүүрэндээ том сорвитой болоод жил гаруй явсан. Сорвины тос түрхээд яваад байсан тул одоо шил зүүсэн тул сорви бараг мэдэгдэхгүй болсон.” гэв.

Гэрч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн өдөр эргүүлийн үүрэгтэй, Ш гэх цагдаатай хамт “В” гэх нэртэй бааранд “хүн агсам тавьсан” гэх дуудлагын дагуу очоод буцаад явж байсан. Очиход дэд ахлагч Г-ыг Г гэх эмэгтэй пивоны шилээр цохиж байсан. Тэгээд би пивоных нь шилийг авч хаясан. Би “та цагдаагийн биед халдлаа” гэж хэлэхэд тэр эмэгтэй “би ойлгож байна. Намайг уучлаарай” гэж хэлсэн.  Зүүн хацар хэсэгт цохисон. Би явган ирсэн.  Цохисон хүн нь  Ж.Г мөн.  Би пивоных нь шилийг гараас нь авсан тул сайн санаж байна. Эдгээр хүмүүсийг ажил руу авч явж шалгах шаардлагатай болсон тул ажил руу авч явах гэхэд найзууд нь болон Ж.Г “явахгүй” гэж эсэргүүцэж байсан. Г-ын нүүр лүү Ж.Г баруун гараараа зүүн хацарт нь цохисон. Тухайн үедээ гадаа “В” бар болон машины гэрэл тусаж байсан.  Намайг очих үед алба хаагчийн биед гэмтэл учруулсан, пивоныхоо шилийг савлаад “намайг явуулчхаач, миний буруу” гээд байсан.  Шид камер байсан.” гэв.

Гэрч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би “та нар ард иргэддээ үйлчлэх ёстой атал Г-ыг ингэж дээрэлхэж болохгүй” гэж хэлсэн. Ж.Г-ыг усанд унагаагаад, оруулчихсан бүгдээрээ  хараад зогсчихсон, нэг цагдаа нь “би бичлэг хийж байна. Та нар бичлэгийн өмнүүр битгий яваад бай” гэж хэлээд уснаас гаргахгүй, тойроод зогсож байсан. Би “хүүе та нар чинь эмэгтэй хүнийг яаж байгаа юм, найзыгаа аваад би явлаа” гэхэд “чамд хамаагүй, чи цаашаа бай” гэж хэлээд С, Даваахүү гэх хоёр цагдаа миний гараас бариад өчиж өвдөглүүлсэн. Мэдүүлэг өгч байхад гадаа унаа хүлээлгээд байсан тул мэдүүлгээ уншиж танилцаагүй шууд “үнэн” гээд гарын үсэг зурсан. Бид 3 нэг нэг 0,5 граммтай лаазтай пиво уугаад дахин нэг нэгийг авсан. Тэгээд талыг нь уугаад баарнаас гарсан. Мөрдөгч нар гэрчийн мэдүүлэг авахдаа хууль сануулсан. Би худал мэдүүлэг өгөөгүй. Миний мэдүүлгээс зөрүүтэй байна. Би тэр мэдүүлгийг уншихгүй гарын үсэг зурсан юм. Учир нь гадаа машин хүлээлгэж байсан. Г цагдаа нарыг эсэргүүцээгүй. Мөрдөгч агуулгыг нь зөрүүтэй бичсэн байна. Г Г-ыг пивоны шилээр цохиж байхыг хараагүй. Г-ыг усанд унагаагаад бичлэг хийгээд илт дээрэлхэж байхыг би харсан. Г өөдөөс нь эсэргүүцэхгүй байхыг би өөрийн нүдээрээ харж байсан. Тухайн үед харагдах орчин гэрэлтэй байсан. Баарны гадаа гэрэл тусаж байсан. Намайг очиход таваас зургаан цагдаа байсан. Би хэн гэдэг цагдаа Г-ыг усанд оруулсныг мэдээгүй. Нэг цагдаа түлхээд оруулах шиг болсон. Тухайн үед цагдаа нар бид нартай үнэхээр хүнд харьцаж байсан. Биднийг хүн гэж авч үзээгүй. Шууд л “та нар төрийн цагдаатай яаж харилцаж байгаа юм” гээд дарамталсан. Тэгээд “та нар яаж харилцаж байгаа юм” гэхэд “баруун тийшээ очоод учраа олно” гээд машиндаа хүчээр суулгаад авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан. Би дотор ороод цагдаа нарыг “хүүхэд рүүгээ ярья” гэхэд яриулаагүй. Тэгэхээр нь хэл амаар доромжилсон. Бид хэд тухайн үед гадаа бархираагүй. Харин гадаа хүмүүс зодолдож байсан. Г, Б хоёр цуг явж байсан. О, хөгжлийн бэрхшээлтэй дүү хоёр миний араас гарч ирсэн.” гэв.

Эрүүгийн 2230002310019 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед найз О, О, нарын хамт Баруун-Урт сумын төвд байх “В” бааранд орсон. Бааранд О-гийн найз Б-той тааралдсан. Бид нар бааранд хүн бүр 0.5 литрийн хоёр пиво уугаад гарсан. Баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш алхаад явж байхад О-ийн тахир дутуу дүү нь дуудаад О дүү рүүгээ явсан. Б бид хоёр баарны зүүн талд байх усан оргилуурын хажууд юм яриад байж байхад О дүүтэйгээ баарны ертөнцийн зүгээр урд талын засмал замаас такси барих гээд зогсож байсан. Тэгэхэд эргүүлийн цагдаа нар цагдаагийн албаны машинтай ирээд тухайн хүмүүсийн хажууд очоод зогссон. Тэгэхэд тухайн цагдаагийн машинаас 2, 3 цагдаа О-гийн дүүг авч явах гэхэд О орилж хашхираад байхаар нь Б-ын хамт цагдаа нар луу очсон.

О-гийн дүүг авч явах гээд байсан цагдаагийн алба хаагчдад хэлэхдээ “Та нарын авч явах гээд байгаа хүн чинь бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй, та нар ингэж болохгүй, та нар ард иргэддээ үйлчлэх ёстой” гэхэд хэн гэдэг цагдаа миний өөдөөс хариулт өгснийг мэдэхгүй байна, ямар ч байсан цагдаагийн алба хаагч нь “та нарын төлөө бид нар ингэх ёсгүй” гэсэн.Тэгээд цагдаагийн алба хаагч нартай маргалдаж муудахад цагдаа нар шууд миний гарыг ард талд өчихөөр нь “миний гар мултарчихна, тавьчих” гэхэд тухайн хөгжлийн бэрхшээлтэй залуу намайг тэврээд авсан. Тэгээд цагдаа нартай зууралдаж байгаад тухайн залуугийн хамт унасан. Цагдаа нар намайг босгохдоо миний өмсөж явсан куртикийг ураад босгосон. Тэгэхээр нь “намайг уучлаарай, би ингээд болъё. Та нарт энгэрийн камер байгаа юу” гэхэд цагдаа нар бүгдээрээ “байгаа” гээд энгэрийнхээ камерыг заагаад харуулсан. Камер нь гэрэл асаж байгаа харагдаж байсан. Хэн гэдэг цагдаа гэдгийг нь одоог хүртэл мэдэхгүй байна, ямар ч байсан нэг цагдаа “энгэрийн камер ажиллаж байна” гээд гараараа зааж өгсөн. Цагдаа нар намайг түлхэж газар усанд унагаасан. Тэр үед О ирээд “та нар ямар шалтгааны улмаас эмэгтэй хүнийг усанд унагааж байгаа юм” гэхэд цагдаа нар Од хэлэхдээ “энэ асуудал өөрт чинь хамаагүй” гэж байсан. Уг үйлдэл болж байхад хооронд дахин хэдэн цагдаа нар нэмэлтээр ирсэн бөгөөд тухайн цагдаагийн алба хаагч нар О бид хоёрыг тус тусад нь машинд суулгаад аваад явсан.”

Би юугаар ч цохиогүй. Намайг өчих үед санамсар болгоомжгүй байдлаасаа болоод маажсан байх. Дахин хэлэхэд би тухайн цагдаагийн алба хаагчийг цохиогүй.” гэх /1 хх 133-136 дугаар хуудас/, 

- Хохирогч  Б.Г-ын “Намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас 00 цаг 15 минутын үед ““В” баарны гадна хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирсэн. Тэгээд олон нийтийн цагдаа Б-ын хамт явж очсон. Дуудлагаар очиход хоорондоо маргалдсан байдалтай хүмүүс “В” баарны зогсоолоос урагш алхаж байсан. Тэгээд тэр хүмүүс рүү юу болсон талаар тодруулахаар очиход Ж.Г гэх эмэгтэй нь “цагдаа нар ард иргэдээ хамгаалах гэж ажилладаг болохоос байнга дарамтлах гэж шалгадаг юм уу, зайлцгаа писданууд минь” гэсэн. Мөн олон нийтийн цагдаа Б-ыг “мөрдсөө зүүж мэдэхгүй цагдаа зайл чамтай харьцахгүй, бид нар зодолдоогүй байхад байн байн ирлээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Г-т “та нарыг анх удаа ирж шалгаж байна одоо харьж амарцгаа” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “Та яагаад шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байгаа юм” гэж хэлэхэд мөн өөдөөс салаавч гаргасан. Г гэх эмэгтэй нь хүний араар ороод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг удаа дараа эсэргүүцэж хэл амаар доромжлоод байхаар нь түр саатуулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар биеийн хүч хэрэглэж өмсөж явсан хувцаснаас нь татахад савхин хүрэм нь урагдсан. Тэр үед Ж.Г нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисон.

Харин миний хацар пивоны шилээр цохиулсны улмаас язарсан. Эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан.” гэх /1-р хх 25-26 дугаар хуудас/,

... Миний өөдөөс салаавч гаргаад миний ам руу хийх гэхээр нь савхин куртикний ханцуйнаас нь барьж авсан. Тэгэхэд Ж.Г өөрийнхөө гарыг цааш нь татаж авахдаа савхиныхаа сугыг оёдлоор нь ханзлахад шууд гартаа барьж байсан зүйлээрээ миний нүүр лүү цохиход нүүрнээс цус гарсан. Тэгсэн хэсэг хугацаанд толгой эргээд манарч, газар сууж байгаад гайгүй болохоор нь босоод “та яагаад намайг гартаа барьж байсан пивоныхоо шилээр цохиж байгаа юм, би энгэрийн камераар бичлэг хийж байгаа” гээд бичлэг хийж байгаа камераа харуулахад Ж.Г нь камерыг цохиж газар унагаасны улмаас борооны тогтмол усанд унаж энгэрийн камер эвдэрсэн. Тэгэхээр нь дахин тухайн хүний хууль бус үйлдлийг баримтжуулахаар гар утсаараа үргэлжлүүлэн бичлэг хийсэн.   /1 хх 28-29 дүгээр хуудас/

- Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “Б.С нь Б.Г-ын зодуулсан эмэгтэй хүнтэй зууралдаж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод энгэрийн камер газар унаж эвдэлсэн талаар хэлсэн. Иймд уг асуудлыг шалгуулах хүсэлт байхгүй. Харин уг асуудлыг дотооддоо шийднэ. Уг асуудалд гомдол гаргахгүй.” гэх /1 хх 19-20 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-гийн “...Ж.Г, О, Б бид дөрөв тус баарнаас гарахад хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь цагдаа нар удахгүй ирж магадгүй байх гэж бодоод таксинд суугаад гэр лүүгээ явсан. Тэгсэн таксины жолооч нь бид нартай бааранд таарсан Б-ын найз нь байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр буцаад баарны гадаа очсон. Баарны гадаа очоод нөгөө хэдийг харахад Ж.Г хоёр цагдаатай зууралдаж, ноцолдож байсан. Тэрийг нь хараад би цагдаа нарт уурлаад бага зэргийн хэл амаар доромжлоход нэг цагдаа намайг машинд суулгасан. Араас Ж.Г-ыг машинд суулгасан. Ж.Г цагдаа нартай анх ямар шалтгааны улмаас маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг ирэхэд маргалдаж муудаад байж байсан. Сүүлд нь Ж.Г-аас тухайн үед юу болсон талаар асууж тодруулахад эргүүлийн цагдаа нар ирэхдээ бид нарыг баарны гадаа зодоон хийсэн хүмүүс гэж буруу ойлгоод бид нар луу дайраад авч явна гэснээс болоод бид нар хоорондоо маргалдаж муудсан. Цагдаа нар андуурсан гэдгээ хэлээд явсан бол өдийд ийм асуудал болохгүй байх байсан. Мөн цагдаа нар өөрсдөө Ж.Г-тай буруу харилцсаны улмаас цагдаа болон Ж.Г нарын хооронд маргаан үүсэж, Ж.Г нь цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдгээ надад өөрөө хэлсэн.” гэх /1 хх 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч А.Г-ийн “...Буцаад ирэхэд баарны урд талын засмал зам дээр цагдаа нар ирсэн байсан. Манай найз Б танил хоёр эмэгтэйн хамт цагдаа нарын хажууд байж байсан. Тухайн хоёр эмэгтэй цагдаа нартай хэрэлдээд байж байгаа харагдсан. Надтай хамт цуг ирсэн эмэгтэй машинаас бууж очоод мөн цагдаа нартай хэрэлдээд байгаа харагдсан. Би машинаасаа буугаагүй. Тэгсэн тухайн гурван эмэгтэйн хар савхи өмссөн эмэгтэй цагдаатай зууралдаад байж байгаа харагдсан. Манай найз Б болон цуг байсан гурван эмэгтэйг цагдаа нар аваад явсан” гэх /1 хх 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч С.Б-ын “...Тэгэхэд цагдаа нар зодоон хийсэн хүмүүсийг бид нарыг гэж андуурсан байх. Тэгээд Г уурлаад “та нар биднийг хамгаалах ёстой хүмүүс биз дээ” гэж хэлж байсан. Харин цагдаа нар “та яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ, эсэргүүцэл үзүүллээ” гэж хэлж байсан. Тэр үед О ирээд газар сууж байхаар нь Ог бос, одоо боль явъя” гээд гараараа цохиод цагдаа нарт эд нар эмэгтэй хүмүүс байна, хамт явж байгаа хүмүүсээ орхиод явах вэ, бид нар асуудал гаргахгүй явчихна” гэж хэлэхэд Г гэдэг цагдаа ирээд миний гарыг мушгиж, араас хоолойг боосон. Би “яагаад миний хоолойг боож байгаа юм” гэхэд “та нар эсэргүүцсэн, шаардлага биелүүлээгүй” гэж надад хэлсэн. Намайг харахад Г бас газар сууж байхаар нь “одоо бос, битгий хэрүүл хийгээд бай явъя” гэж хэлсэн. Энэ үйлдлийг тэнд байсан эргүүлийн цагдаа нар бүгд харсан. Миний хувьд тухайн цагдаа нартай ам зөрсөн маргалдсан зүйл байхгүй. Тухайн цагдаа нараас хэн нь ч “та ингэх ёстой, тэгэх ёстой” гэх байдлаар надад шаардлага тавьсан зүйл байхгүй. Миний хувьд тэнд болсон маргаан өрнүүлээд хэл амаар доромжлоод шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн асуудал байхгүй. Харин Г, О, О нарыг маргаан өрнүүлээд байх үед миний зүгээс “больцгоо, одоо явъя” гэж хэлж ярьж байсан. Энэ үед манай найз Г тухайн болсон асуудлыг хажуугаас машин дотроосоо хараад зогсож байсан.

Миний биед тухайн үед зүүн хөмсөг рүү хэн нэгэн цохих шиг болсон. Би гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Өглөө баруун гарын шуу хэсэг хөндүүрлэсэн, бага зэрэг хавдсан байсан. Харин бусад хүмүүсийг тухайн үед анзаараагүй. Намайг эмнэлэг дээр очиход Г гэх цагдаа зүүн хацар дээрээ боолт хийлгүүлсэн байсан. Миний хувьд намайг боосон шалтгаан нь өөрт нь учруулсан гэмтлийг намайг учруулсан гэж бодоод миний гарыг мушгиж, намайг боосон гэж би бодсон. Тэгээд миний хөмсөгний гэмтлийг Г гэх залуу үүсгэсэн гэж бодсон.” гэх /1 хх 47-48 дугаар хуудас/,

“... Ер нь бол тухайн үед миний санаж байгаагаар Б.Г нь Ж.Г-т цохиуллаа гээд яриад яваад байсан боловч хараагүй.” гэх /2 хх 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч Б.С-ын “Тухайн өдөр би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Ө-гийн хамт хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед станцаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г нь бид хоёрыг ““В” баарны гадаа хүрээд ир, шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Тухайн үед нь явж очиход эргүүлийн цагдаа Б.Г, Г.Ш, олон нийтийн цагдаа Б.Б, Э.А нар нь хэдэн согтуу хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд эргүүлийн цагдаа Н.Өгийн хамт машинаасаа бууж очоод “юу болсон юм” гэж асуухад Ж.Г гэх эмэгтэй нь миний өөдөөс “та нар олуулаа ирлээ, бид хэд ууж идэж болохоо байсан юм уу, та нар бид нарыг баривчлах гэж байгаа юм уу” гээд над руу дайраад байсан. Тэгээд дайрах үед нь миний зүүн мөрөнд тогтоосон байсан энгэрийн камер газар унасан. Г гэх хүнтэй явсан иргэдийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон зүйл огт болоогүй. Харин ч тэнд байсан 2 эмэгтэй цагдаа нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь маргаад байсан. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би машинаас буухдаа энгэрийн камераа асаагаад очсон боловч Г гэх эмэгтэй над руу дайрч агсрахдаа миний энгэрийн камерыг гараараа цохиж унагаасан. Тухайн үед энгэрийн камераар бичлэг хийгдэж байсан боловч газар усан дээр унаж ажиллагаагүй болсон.” гэх /1 хх 51-52 дугаар хуудас/,

Орой эргүүлд гарч байгаа алба хаагчид эргүүлдээ гарахаасаа өмнө нэг бүрийн тусгай хэрэгсэл, энгэрийн камерын бүрэн бүтэн байдлыг шалгуулж гардаг. Тэгэхээр эргүүлд гарах үед хяналтын камер зүгээр байсан. Тухайн хүнтэй зууралдаж байгаад газар унасны улмаас эвдэрсэн. Тэрнээс цэнэг нь дуусаад асахгүй байсан зүйл огт байхгүй. Камерын эвдэрсний дараа Ж.Г нь гараараа цохиж газар унагаасан. Камер болгоомжгүй байдлаас болж эвдэрсэн.” гэх /1 хх 54-55 дугаар хуудас/,

- Гэрч Э.А-ийн “Тухайн шөнө 23 цагийн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Шийн хамт төвд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас ““В” баарны гадаа согтуу хүн орилоод байна” гэх дуудлага аваад тухайн дуудлага руу очиход баарны гадаа орилж хашхирсан гэх хүмүүс тарсан байсан. Тэгээд би эргүүлийн цагдаа Г.Ш-ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад урд талын засмал зам дээр эргүүлийн цагдаа Б.Г, олон нийтийн цагдаа Б нар нь хэсэг хүмүүстэй муудаад маргалдаад байж байсан. Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа Б.Г-ын нүүр лүү нь шилээр цохиж байсан. Яг тэр үед би явж байсан машинаасаа бууж таарахдаа тэр эмэгтэйг шилээр цохихыг нь харсан. Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авч “цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учрууллаа, та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед тэр цохисон эмэгтэй нь надад “уучлаарай би цохисноо мэдэж байна. Намайг ингээд явуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Тэр үед хажуугаас нэг эмэгтэй орж ирээд миний нүүр лүү гараараа цохих гээд над руу дайраад байсан. Тухайн үед тэнд байсан хоёр эмэгтэй очсон эргүүлийн цагдаа нар луу бид нарыг “хувцасны гол, та нарыг байнга ийм байхыг чинь харна аа, та нар бид нарт хүрээд бид нар та нарт хүрч болдоггүй юм уу писда нар минь” гэх мэтээр дайрч хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед бид нарыг очиход бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаагийн алба хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж өөдөөс дайраад байсан.

...Намайг очиход Ж.Г гэх эмэгтэй орилж хашхираад байж байхад нь хэн нь билээ нэг цагдаагийн алба хаагч нь “та тайван бай, би танд таны гаргасан зөрчлийг тайлбарлаж өгье. Танд таны гаргасан зөрчлийг удаа дараалан танд ойлгогдохоор хэллээ. Та ямар учраас цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм” гэж байсан. Би олон нийтийн цагдаагаар ажилладаг учраас шууд цагдаагийн алба хаагчийн шууд удирдлага доор үүрэг гүйцэтгэдэг.” гэх /1 хх 58-60 дугаар хуудас/,

  • Гэрч Б.Б-ын “Цагдаагийн газрын 88772102 дугаараас ““В” баарны гадаа хүмүүс маргаад зодолдоод байна” гэсэн дуудлага 23 цаг өнгөрөөд ирсэн.  Тухайн үед би хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Г-ын хамт гандангийн уулзвараас алхаад очсон. Бид хоёрыг очих үед “В” баарны урд талын засмал замын хажууд хэсэг залуучууд хоорондоо бархираад байхаар нь явж очоод “та нар орилж бархирахгүй шүү, одоо тарцгаа, гэр гэр лүүгээ харьцгаа” гэхэд “та нарт ямар хамаатай юм бэ, та нар иргэнээ боддоггүй, торгохын төлөө ажлаа хийдэг” гээд миний урдаас нэг эмэгтэй нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тухайн эмэгтэйд “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хүлээж авна шүү” гээд хэлж байхад араас нэг эмэгтэй хашхирсаар ирж байсан. Тэгээд тэр эмэгтэй /Ж.Г/ хажууд ирээд эргүүлийн цагдаа Б.Г-ын тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд маргалдаад байсан. Тэр үед эргүүлийн цагдаа Э.А, Г.Ш нар “В” баарнаас бид хэдийн хажууд ирээд “наад хүмүүсийг чинь сая баарнаас тараасан, яагаад энд байгаад байгаа юм” гэж хэлж байсан. Тухайн үед би өмнө нь дуудлагаар ирэхэд миний өөдөөс орилоод байсан эмэгтэйд шаардлага тавьж байхдаа нэг харахад эргүүлийн цагдаа Б.Г-ын хацраас нь цус гарч байсан. Тэгээд би “Г-ын хацар нь яасан юм” гэж асуухад олон нийтийн цагдаа Э.А “нэг эмэгтэй нь барьж байсан шилээрээ нүүр лүү цохичихлоо” гэж хэлж байсан. Анх дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их орилж бахираад дуу чимээ их гаргаж байсан.

... Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.С-т нэг энгэрийн камер байсан. Харин тэр камер нь тухайн хүмүүстэй муудаж маргалдаж байх үед газарт усанд унасан.” гэх /1 хх 63-64 дүгээр хуудас/,

- Гэрч Г.Шийн “...Би Э.А-ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад баарны урд талын засмал зам дээр манай нөгөө чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа Б.Г, олон нийтийн цагдаа Б нар нь хэдэн хүмүүстэй маргалдаж муудаж байхыг хараад тухайн хүмүүс дээр очоод “юу болсон талаар” асуухад хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Хоёр эмэгтэйн нэг эмэгтэй хүн нь өөрийгөө “Г гэдэг хүн байна, бид нар гадаа гудамжинд пиво ууж болохгүй юм уу”, “Төрийн цагдаа, ард иргэддээ үйлчлэх ёстой, та нар зөвхөн торгуулийн төлөө ажил хийдэг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Б.Г нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол гудамж талбайд биеэ зөв боловсон авч явах ёстой, та нар гэр гэртээ очоод амарчих” гэхэд тухайн хоёр эмэгтэйчүүд нь “бид нарын хаана амрах, амрахгүй байх та нарт огт хамаа байхгүй” гэхээр нь “бид нар та нарт хууль ёсны шаардлага тавьж байна, танд хоёрт дахиад анхааруулж хэлье та нар олон нийтийн газарт архидан согтуурах, орилж хашхирч болохгүй” гэхэд “тэгвэл та нар шорондоо хий л дээ” гээд тухайн хоёр эмэгтэй Г руу орилж хашхирч дайрахаар нь би Г гэх эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэйг нь татаж аваад “та тайван бай, ямар учраас цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм” гэхэд “тэгээд торгоод шорондоо хий” гээд орилж хашхираад байсан. Тухайн үед намайг нэг харахад эргүүлийн цагдаа Б.Г-ын зүүн хацраас нь цус гарч байсан. Б.Г нь “Та яагаад намайг пивоны шилээр цохиж байгаа юм бэ, би танд учруулсан гэм хор байхгүй, би хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөхөд та миний биед халдан цохиж зодлоо, цагдаа нараа надад туслаарай” гэхээр нь Б.Г-ад тусалж тухайн хүний үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн.

 Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомжид 22 цагаас хойш амралтын цаг байдаг. Тухайн газрын ойролцоо орон сууц, барилга байгууламж их байдаг. Тус газар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар нь тус иргэдэд олон удаа тухайн хоёр эмэгтэй хүнд зөрчил гаргаж байгаа талаар хэлж анхааруулж байсан.

...Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С-т энгэрийн камер байсан. Тухайн камераар бичлэг хийсэн боловч тухайн хүмүүстэй зууралдах үед энгэрийн камер тухайн үед борооны дараа замын хажууд нэлээн ус тогтсон байсан. тэр усанд унаж ажиллагаагүй болсон. Одоо уг ашиглаж байсан камер асдаггүй.” гэх /1 хх 67-69 дүгээр хуудас/

- Гэрч Б.Дын “...Би 2019 онд хүнд зодуулаад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм аа.

Ямар ч байсан тухайн өдөр “В” бааранд ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтуу байсан. Тэгээд баарнаас гараад О эгчтэй уулзаж байснаа мэдэж байна. Бид хоёр ертөнцийн зүгээр баарны урд зүг буюу урд талын засмал зам руу явж байсан. Нэг мэдэхэд замын хажуу талд сууж байсан. Мөн нэг мэдэхэд ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан эмэгтэй хүний дээр нь дараад унасан байсан. Тэгээд цааш нь болсныг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд гэртээ ирсэн, баруун талын гар хөл хөхөрч шалбарсан байсан. Би хааяа нэг архи уудаг.” гэх /1 хх 72-73 дугаар хуудас/,

- Гэрч Н.Ө-гийн “Би тухайн орой эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ажил дээр хүн эрүүлжүүлэх байранд оруулчхаад гарч явахад цагдаагийн дэд ахлагч Б.Г станцаар “В” баарны гадаа хүрээд ир энд шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Тэр үед нь би хөдөлгөөнт эргүүлийн машинтай явж очиход хоёр эмэгтэй эргүүлийн цагдаа нартай маргаад, тэр үед нь Б.Г надад “эдгээр хүмүүсийг баарны урд талын засмалын хажууд хоорондоо орилж бахираад байхаар нь энэ хүмүүсийг тараах гэтэл өөдөөс эсэргүүцэж, бид харихаа мэдэж байна гэх мэтээр өөдөөс нь агсарсан” гэж  хэлж байсан. Мөн тухайн эмэгтэйг эргүүлийн цагдаа Б.Г нь машин руу суулгах гэтэл нөгөө эмэгтэй нь суухгүй гээд газар суусан гэж эргүүлийн цагдаа Б.Г надад хэлсэн.

Тухайн үед намайг очиход эргүүлийн цагдаа Б.Г-ын зүүн хацар нь шалбарсан цус гарсан байсан. “Би хацраа яасан юм” гээд цагдаа Б.Г-аас асуухад “энэ хүн миний хацар луу шилээр цохиод миний хацар ийм болчихлоо” гээд Г гэх эмэгтэй рүү зааж байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа Б.Г-тай маргалдаад байсан Г гэх эмэгтэй нь “би буруугаа мэдэж байна, заавал яагаад эмэгтэй хүнийг  эрүүлжүүлэх байранд хийх гээд байгаа юм. Эмэгтэй хүнийг усанд унагаалаа” гээд орилж бархираад байсан. Тухайн үед дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаа Б.Г-тай муудаад байсан Г гэх эмэгтэй хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй өөдөөс нь маргалдаад байсан. Тухайн үед цагдаа нараас ямар нэгэн асуудал гаргаж Г болон түүнтэй хамт явсан хүмүүст гар хүрсэн асуудал болоогүй. Тухайн үед цагдаа нарын тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж муудаад байсан.

..Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нараас эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.С энгэрийн камер зүүж байсан. Тухайн үед энгэрийн камерын бичлэг хийгдэж байсан боловч тухайн эмэгтэйтэй зууралдаж байх үед газар усанд унаж ажиллагаагүй болсон.” гэх /1 хх 76-77 дугаар хуудас/,

- Шинжээч эмч А.Б-ийн “2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б.Г-ыг өөрийн биеэр үзэхэд зүүн хацарт хөндлөн 1х0,2 см хэмжээтэй 1 ширхэг оёдол бүхий шархтай байсан, өөрөөр хэлбэл эмнэлгийн хуудсанд бичигдсэн шарх нь 1 ширхэг шарх юм. Тухайн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл юм. Язарсан шарх нь хэмжээ хамаарахгүйгээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл юм. ” гэх /1 хх 90 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.Б-ын “...Тухайн хүний биед үзлэг хийхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Эмэгтэй хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа гадуур хувцастай нь оруулдаг учраас тухайн хүнийг гадуур хувцастай нь оруулсан. Мөн тухайн хүн савхи нь дотуураа ямар нэгэн хувцасгүй буюу цээж нүцгэн байсан. Савхиа тайлах гээд байхаар нь би болиулж байсан. Мөн согтолтын хэмжээг шалгаж үзэхэд 2.50 хувьтай гарсан. Тухайн хүний согтуурал шалгасан бүртгэлийг мэдүүлэг өгсний дараа гаргаж өгнө.” гэх /1 хх 167-168 дугаар хуудас/,

- Гэрч Ч.О-ийн “Би баарнаас Ж.Г, О бид гурав түрүүлж гарахад араас Б ирсэн. Баарны үүдэнд надаар байнгын үсээ засуулдаг Д гэх залуу согтуу байхаар нь эгч нь чамайг хүргээд өгье гээд такси барих гээд баарны ертөнцийн зүгээр урагш алхаж байхад Ж.Г нь хөл бөмбөгийн талбай орж жоохон сууя гэхээр нь би дүүг гэрт нь хүргэж өгье гэхэд О нь би гялс гэр рүүгээ яваад ирье гээд явсан. Харин Ж.Г С.Б хоёр хөл бөмбөгийн талбай руу яваад буцаад ирж байсан. Тэр хооронд тус баарны урд талын замаас машинтай цагдаа нар дөрөв, тавуулаа ирсэн. Цагдаа нарын 2 цагдаа нь Д бид хоёр луу ирээд “та хоёр ямар учраас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм” гэхээр нь тухайн цагдаа нарт “огт тийм зүйл байхгүй, би байнгын үйлчлүүлэгчээ гэрт нь хүргэж өгөхөөр явж байна” гэдгээ хэлсэн. Тухайн үед би баарны гаднаас Д-ыг аваад дөнгөж явж байхад баарны гадаа хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байсныг машин ирээд аваад явсан. Тэр үед цагдаа нар хоорондоо зодолдож байсан хүмүүсийг Д бид хоёртой андуурсан байх гэж бодож байна. Д-ын гарыг шууд ард өшиг хийхээр нь тухайн хоёр цагдааг болиулах гэж тухайн цагдаатай зууралдаж ноцолдсон. Тэр хооронд О, Ж.Г хоёр ирээд цагдаа нартай муудаж байсан. О, Ж.Г хоёр тухайн үед газар шавхайн дээр унасан байсан. Тэгэхэд өндөр туранхай шар царайтай залуухан цагдаа ирээд “танай найз Ж.Г намайг шилээр цохичихлоо” гэхээр нь “наад асуудал чинь надад ямар хамаатай юм, би чамайг цохисныг хараагүй” гэхэд тухайн цагдаа яваад өгсөн.” гэх /2 хх 38-41 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Г-гийн “Би яаралтай тусламжийн хуудсыг хараад тухайн хүнд оёдол тавих болсон асуудлаа санаж байна. Тухайн үйлчлүүлэгч нь цагдаа хүн байсан. Нүүрний зүүн талд 1-2 см язарсан шинэ шархтай, цус гарч байсан учраас гэмтлийн эмчээс зөвлөгөө авч тухайн үйлчлүүлэгчид 1 см оёдол тавьж явуулсан. Б.Г гэх хүний хацраас нь нэлээн их хэмжээний цуг гарч язарсан байсан. Цус нь тогтохгүй  байсан учраас оёдол тавьсан.” гэх /2 хх 46-47 дугаар хуудас/,

Шинжээч Э.Д-ын “Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн энгэрийн камерын суурь холболт нь гэмтсэн учраас бичлэг, дүрс сэргээгдэх боломжгүй” гэх /2 хх 61 дүгээр хуудас/ мэдүүлэг,

              - Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2202366 дугаартай “цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын зах зээлийн үнэлгээ 356,250 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, камерын зураг   /1 хх 96-108 дугаар хуудас/,

-Б.Гад үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №5293”  /1хх 83 дугаар хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай “1. Б.Г-ын биед зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 84-85 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 143-152 дугаар хуудас/,

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/115 дугаартай “Б.Г-ыг албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /1хх 159, 165 дугаар хуудас/,

- Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 хх 170-173 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Г-аас гаргаж өгсөн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /2 хх 31-32 дугаар хуудас/,

  • Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “1 минут 43 секундын бичлэг, 3 минут 03 секундын бичлэгүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 хх 33 дугаар хуудас/,

              -Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Police” нэртэй энгэрийн камерыг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 хх 34 дугаар хуудас/,

  • Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Police” гэсэн бичигтэй энгэрийн камер гэх төхөөрөмжөөс дүрс бичлэг сэргээх боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 52-57 дугаар хуудас хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

       1.  Гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч Ж.Г-ыг 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1.1 Улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 

Улсын яллагч: Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч Б.Г, гэрч Б.О, А.Г, С.Б, Б.С, Э.А, Б.Б, Г.Ш, Б.Д, Н.Ө, Ч.Б, Ч.О, Т.Г нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч А.Б-ийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22/02/366 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Г-аас гаргаж өгсөн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бол” гэх үндсэн шинжийг зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.  “Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар хохирогч Б.Г нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 49.1-т “цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1-т “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байна

Шүүгдэгч Ж.Г нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ж.Г-ын гэм буруугүй байдлыг нотлох үүрэгтэй оролцож байна. Энэ үйл явдал болсон процесс бол цагдаагийн албан хаагчид хуулийг хэтрүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Анхнаасаа цагдаа нар дуудлагаа андуурсан. Гадаа шар толгойтой хоёр залуу зодолдож байсан гэдгийг миний үйлчлүүлэгч хэлж байгаа. Миний үйлчлүүлэгч баарны зүүн хойд зүг буюу хөл бөмбөгийн талбайн баруун хойд талд байсан. Дуудлага авсан цагдаа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүчээр авч явах гэсэн. Тухайн үед О “авраарай, туслаарай” гэж бархирсан байдаг. Г-ын хувьд “наад хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй, болохгүй” гэдгийг хэлдэг. Цагдаагийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээрээ бүхийг мэднэ, хэн ч, юу ч хэлэх ёсгүй гэдэг дээрэнгүй хандлагаар хандсан. Цагдаагийн албан хаагч нар хуулиа мэддэг, хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй байх ёстой атал “та нарт хамаагүй, та нарт үйлчлэхгүй” гэж хэлсэн байдаг. Цагдаагийн албан хаагч нар эрхээ мэддэг атлаа үүргээ мэдэхгүй нь харагдаж байна. Шилээр цохисон гэж байгаа боловч шил нь байхгүй байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг үндэслэнэ гэж заасан. Албан үүрэг гүйцэтгэж байгаа бол энгэрийн камераа ажиллуулж бичлэг хийх ёстой. Зохиомлоор энгэрийн камер эвдэрсэн гээд байгаа. Тэр камер нь одоо болтол ажиллаж байгаа юм байна. Эмэгтэй хүн учир шил бариад хүнийг давуулж цохино гэж байхгүй. Хэрэв цохисон гэж байгаа бол гэрчийн мэдүүлэг, цохисон шил болон хөтөлбөргүй баримтаар нотлох ёстой. Шилээр цохисон гэхэд түүнийг гэмтэл хөнгөн, хөхрөөгүй хавдаагүй байдаг. Хохирогч хэн цохисныг заагаад байгаа. Гэтэл хэн цохисныг нотлох баримтуудаар тогтоох ёстой. Гэрч А өөрийнхөө биеийг хамгаалаад нотлох баримт буюу шилийг аваад шидсэн гэж мэдүүлдэг. Гэтэл нотлох баримтыг авах ёстой хадгалах ёстой байсан. Тэр шил хаана байна. Мөн гэрч нар нотолж чадахгүй байна. Хэрэг болсон газар хохирогчоос гадна 6 хүн байгаагаас 4 нь чамайг цохисныг хараагүй. Яг  хажууд нь байсан Бямбадорж бүр хараагүй байсан. Харин А хоёр удаа мэдүүлэг өгсөн. Нэгдүгээрт “би машинаас буугаад харсан” гэдэг, хоёрдугаарт өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “явган явж байсан” гэж хэлж байна. Ингээд өөр өөр мэдүүлэг өгдөг. Чиний эсрэг нотлох баримт бүрдэж байна. Энэ хэрэг анхнаасаа цагдаа нарын буруутай үйлдлийг дарах гэж 5 сар чимээгүй байсан. Тэгээд Б бичлэгт “намайг нэг цагдаа цохичихлоо” гэж хэлэхэд “чи хүнээ таниарай” гээд байсан. Ингээд Г ч хэнд цохиулснаа мэдээгүй. Ямар ч байсан нэг хүн олж тогтооё гээд Ж.Г-ыг тулгасан. Хамгийн анх зөрчил үйлдсэн гэж очсон хүмүүс нь О, хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн. Гэтэл тэр хүмүүс зүв зүгээр явж байгаа. Энэ цагдаа нар хуулийн байгууллагын нэр хүндийг ашиглаж эдгээр хүмүүст дээрэнгүй хандсан байна. Ингээд энэ хэрэг шийдэхгүй байж байгаад мөрдөгчөө сольсон. Сосор мөрдөгч болсон. Сосор нь Ж.Г-ыг “та цохисон гээд хэлчих” гэж ятгасан. Хэрэгт нотлох баримтаа бүрдүүлж чадахгүй болохоор өөрөөр нь хийгээгүй хэрэг хүлээлгэх гээд байсан. Цагдаа нар өөрсдөө буруутай тул камерын бичлэгээ устгасан байна гэж би хардаж байгаа. Мөн Б-ыг цохисон бичлэг ч түүнд байсан байх гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Би ямар нэгэн цагдаагийн байгууллагын ажилтныг цохиогүй гэж. Иймд бичлэг байхгүй нотлох баримт байхгүй ганцхан хохирогчийн мэдүүлгээр гэмт хэрэг нотлогдохгүй. Энэ хэрэг улсын прокурор хүртэл явсан. Шүүгдэгч анхнаасаа цохиогүй тул энэ гэмт хэргийн цагаатгах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт болсон болох нь тогтоогдсон.

3. Гэхдээ дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Г үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзлээ.

        3.1 Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь нийтийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт үйлдэл хийсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд объектив талын шинж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илэрдгээрээ онцлогтой юм.

        3.2 Шүүгдэгч Ж.Г нь төрсөн өдрөө тэмдэглэж найзуудтайгаа “В” бааранд орж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй байна.

Тухайлбал: хэргийн хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 цаг 15 минутын үед “В” баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирсэн...Г гэх эмэгтэй хүний араар орчихоод хэл амаар доромжлоод байсан...Тэр үед Г нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисон”гэх /1-р хх 25-26/,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед явган эргүүл хийж байсан тул явган очиход баарны урд талд байх хөндлөн зам руу хэсэг хүмүүс аймаар дуу чимээтэй муудаад байгаа аятай хүрэн өнгийн шилтэй пиво барьсан алхаад явж байсан.... Яг тэр үед миний очих байсан дуудлагад Ш, А нар очиж зохицуулаад бид нарыг хараад ирж байгаад таарсан. Тэгээд А “энэ хүн пивоны шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Пивоны шилийг нь А хаяулсан байсан. Би гараараа цохисон гэж бодож байсан. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийг дуудсан. Миний нүүр хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Энэ үед би бичлэг хийж байхад энгэрийн камер хүнд болохоор доошоо унжаад байсан тул би гараараа бариад бичлэг хийсэн. Гэтэл Ж.Г цохиод шалбаагт унагаасан. Тэгээд тэр камераа С-т өгсөн. Түүнээс хойш С бичлэг хийсэн. Бас би утсаараа бичлэг хийсэн. Яг энэ үед хөгжлийн бэрхшээлтэй гэх хүн бидэнтэй зодолдох гээд дайрсан.” гэх,

гэрч Б.О-гийн: “2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын Ж.Г-ын төрсөн өдөр болсон учраас Ж.Г, О бид 3 төрсөн өдөр тэмдэглэх гээд “В” баар луу орой 22 цагийн үед орж хүн тус бүр хоёр хоёр ширхэг пиво уусан. ...баарнаас гарахад баарны гадаа хэдэн хүмүүс зодолдож байхыг харсан” гэх / 1-р хх 39-40/,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Бид 3 нэг нэг 0,5 граммтай лаазтай пиво уугаад дахин нэг нэгийг авсан. Тэгээд талыг нь уугаад баарнаас гарсан. Мөрдөгч нар гэрчийн мэдүүлэг авахдаа хууль сануулсан. Би худал мэдүүлэг өгөөгүй. Миний мэдүүлгээс зөрүүтэй байна. Би тэр мэдүүлгийг уншихгүй гарын үсэг зурсан юм. Учир нь гадаа машин хүлээлгэж байсан. Г цагдаа нарыг эсэргүүцээгүй. Мөрдөгч агуулгыг нь зөрүүтэй бичсэн байна. Г Г-ыг пивоны шилээр цохиж байхыг хараагүй. Г-ыг усанд унагаагаад бичлэг хийгээд илт дээрэлхэж байхыг би харсан. Г өөдөөс нь эсэргүүцэхгүй байхыг би өөрийн нүдээрээ харж байсан.”гэх,

гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Миний биед тухайн үед зүүн хөмсөг рүү хэн нэгэн цохих шиг болсон. Би гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Өглөө баруун гарын шуу хэсэг хөндүүрлэсэн, бага зэрэг хавдсан байсан. Харин бусад хүмүүсийг тухайн үед анзаараагүй. Намайг эмнэлэг дээр очиход Г гэх цагдаа зүүн хацар дээрээ боолт хийлгүүлсэн байсан. Миний хувьд намайг боосон шалтгаан нь өөрт нь учруулсан гэмтлийг намайг учруулсан гэж бодоод миний гарыг мушгиж, намайг боосон гэж би бодсон. Тэгээд миний хөмсөгний гэмтлийг Г гэх залуу үүсгэсэн гэж бодсон.” гэх/1-р хх 47-48/,

“... Ер нь бол тухайн үед миний санаж байгаагаар Б.Г нь Ж.Г-т цохиуллаа гээд яриад яваад байсан боловч хараагүй.” гэх /2-р хх 43-44 /,

гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би эргүүлийн цагдаа Г.Ш-ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад урд талын засмал зам дээр эргүүлийн цагдаа Б.Г, олон нийтийн цагдаа Б нар хэсэг хүмүүстэй муудаад маргалдаад байж байсан. Тэгээд яваад очиход зүс таних эмэгтэй эргүүлийн цагдаа Б.Г-ын нүүр лүү шилээр цохиж байсан. Яг тэр үед явж байсан машинаасаа бууж таарахдаа тэр эмэгтэйг шилээр цохихыг харсан. Тэгээд тэр эмэгтэйн гарнаас цохисон шилийг авч шидсэн .....гэж хэлсэн” гэх /1-р хх 58-59/

мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр эргүүлийн үүрэгтэй, Ш гэх цагдаатай хамт “В” гэх нэртэй бааранд “хүн агсам тавьсан” гэх дуудлагын дагуу очоод буцаад явж байсан. Очиход дэд ахлагч Г-ыг Г гэх эмэгтэй пивоны шилээр цохиж байсан. Тэгээд би пивоных нь шилийг авч хаясан. Би “та цагдаагийн биед халдлаа” гэж хэлэхэд тэр эмэгтэй “би ойлгож байна. Намайг уучлаарай” гэж хэлсэн.  Зүүн хацар хэсэгт цохисон. Би явган ирсэн.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар шинжлэн судлагдсан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хохирогч Б.Г-ын утсаар хийсэн бичлэг зэргээс харахад тухайн хэрэгт авагдсан хэргийн жинхэнэ байдлыг тогтооход ач холбогдол бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаагаас гадна, тухайн хэрэг болсон гэх “В” баарны гаднах орчинд хэргийн газрын үзлэг хийгээгүй, хохирогч, гэрч нар тухайн үед гартаа шилтэй пиво барьж явсан, пивоны шилээр цохисон, пивоны шилийг авч шидсэн гэж мэдүүлсээр байхад пивоны шил байсан эсэхийг тогтоох, байсан бол эд мөрийн баримтаар хураан авч, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

4. Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг ба объектив талын үндсэн шинж нь тодорхой гэмт хэрэгт заавал байх ёстой шинжүүд бөгөөд энэ шинжүүд байхгүй бол гэмт хэрэг үгүйсгэгдэхээр тодорхойлсон байдаг.

4.1 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн  хэргийн хувьд гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

Учир нь: шүүгдэгч Ж.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй бөгөөд хохирогч Б.Г-ын биед хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Ж.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл буюу дээрх үйл баримтын хооронд гэм буруугийн бодит хамаарал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

5.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-ыг “2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “В” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан Б.Г-ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдохгүй гэж үзэж, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6. Бусад:

Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “цулгай цагаан өнгийн 1 ширхэг CD диск”, “цагдаагийн алба хаагчийн хар өнгийн энгэрийн камер 1 ширхэг”-ийг хэргийн хамт Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Г нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасантай холбоотойгоор энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ж-ы Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Г-ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Прокуророос газраас шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “цулгай цагаан өнгийн 1 ширхэг CD диск”, “цагдаагийн алба хаагчийн хар өнгийн энгэрийн камер 1 ширхэг”-ийг хэргийн хамт Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                              

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАННАВЧ