| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч, Д.Б нарт холбогдох 2330000000232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг “....”-ийн .... тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Ч-ийн Ч
2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг ...тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Д-ийн Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Ч нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Э-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Э-ын нүүрэн тус газар хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид хэд нэг ээлжинд гардаг. Тэгээд ажлаа тараад тавуулаа сууж байгаад хамт пиво уусан. Тэгээд Э архи уугаад согтсон байсан. Архи уухаараа агсан юм шиг байсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “болио” гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад ирэхээр нь гараараа нэг удаа цохисон. Намайг цохиход хүмүүс салгасан. Тэгээд би босоод явсан. Ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Гэртээ ирээд байж байхад 21 цагийн үед мөрдөгч дуудаад надад хэлсэн. Тэгэхэд түүний хөмсөг язарсан байсан гэж хэлсэн.” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулсан. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр өдөр эхлээд Ч ах хохирогчийн зүүн хөмсгийг цохиод сэтэлсэн. Би дараа нь зодолдож байгаад сэтэрсэн хөмсгөн дээр нь өшиглөсөн тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд намайг аваад явсан. Э над руу гэнэт дайрсан. Би түлхээд нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн. Сэтэрсэн хөмсөгнөөс нь цус гарсан. Арагшаа унасан учир ард дагзнаас нь жаахан цус гарч байсан.” гэв.
Эрүүгийн 2330000000232 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “... Э-ын баруун талын хөмсөгний дээд талд бага зэрэг сэтэрсэн, цус гараад хатсан байсан. Би хараад “хөмсгөө яасан юм” гэхэд “Ч ахтай муудсан” гэсэн. Удалгүй Ч ах яваад өгсөн. Тэгээд үлдсэн хүмүүс пиво ууж байгаад би Э-тай гэрийн гадаа муудаж, маргалдсан. Би Э-ыг хавирч унагаад нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгсэн Н бид хоёрыг салгасан.” гэх /хх 53-54 дүгээр хуудас/
- Хохирогч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үедээ би Ч ахтай муудсан. Юунаас болж Ч ахтай муудаж маргалдсанаа мэдэхгүй байна. Муудах үедээ Ч ах миний нүүрэнд хөмсөг хэсэгт гараараа 1 удаа цохиж байсныг нь санаж байна. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Орой 20 цагийн үед эмнэлэгт ирсэн байсан. Тухайн үед би амралтын газар пиво их уусан байсан болохоор бараг тасарсан байсан. Эмнэлэгт ирсний дараагаар Ч ах, Б, Н, Г нар мөн манай эхнэр Батцэцэг ирсэн байсан. Тэр үед Н манай эхнэр Батцэцэгт “Б Э-ын нүүр лүү нь амралтын газар байхдаа 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Э бараг тасарсан байсан. Г бид 2 тэр хоёрыг салгасан” гэж хэлсэн гэсэн.” гэх /хх 5-7 дугаар хуудас/,
- Гэрч О.Г-ын “...намайг очиход Ч ах, Мэндбаяр, Э, Н нар гэр авсан, дотор нь пиво уугаад сууж байсан. Тэгээд би гэрт орж суугаад ганц, хоёр пиво уусан. 15 цагийн үед Э нэлээн согтсон, Ч ах руу агсраад, өмссөн хувцаснаас нь дайраад байсан. Тэр үед Э Ч ахтай газар унасан. Тэгэхэд нь би Мэндбаяр, Дугараа гэх залуу Э-ыг салгах гээд зууралдаад байж байхад үед Э Ч-ыг ахыг хөлөөрөө цээж рүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Тэгээд Э, Ч ах хоёрыг бараг зэрэг боссон. Ч ах Э-ын нүүрэнд нь баруун хөмсөгний дээд хэсэгт нь зүүн гараараа 1 удаа цохисон. Би Мэндбаярын хамт салгасан. Э-ын духанд 1 см хиртээ шалбарсан байсан. Бага зэрэг цус гарсан байсан. Дараа нь Мэндбаяр бид хоёр Э-ын гар дээр нь ус хийж, нүүрийг нь угаалгасан. Ч ах өөдөөс нь “чамд наад архи чинь зохихгүй юм байна. Ахыгаа цохисныг уучлаарай” гээд уучлалт гуйж байсан. Тэгээд Ч ах ажилтай гээд яваад өгсөн.
Тэгээд би 19 цагийн үед “Н” амралтын газарт буцаж очсон. Тэр үед гэрт ороход Э-ын баруун хөмсөгнийх нь дээд талд үүссэн шарх нь нэлээн том 2-3 см хиртээ болчихсон цус нь тогтохгүй байж байсан. Мөр тэр үед Бэхбат ирсэн байсан. Тэгээд би цусыг нь арилгаж өгөөд байж байхдаа “юу болсон талаар асуухад” Н надад “Э агсан тавиад Э өөрөө ямар ч ухаангүй тасарчихсан байсан. Б хэд хэд өшиглөчихсөн.” гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирсэн.” гэх /хх 11-12 дугаар хуудас/,
- Гэрч Г.Н-гийн “...Тэгээд намайг нэг сэрэхэд гэрийн гадаа Б Э хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би явж очиход Э-ын баруун хөмсгөн дээр нь цус гараад хатчихсан байсан. Тухайн үед би Э-аас “хөмсгөө яасан юм” гэж асуухад Э надад Ч ахтай муудаад ийм болгосон гэж хэлсэн. Гэтэл Э, Б нар хоорондоо зууралдаж эхэлсэн. Тэгээд би тэр хоёрыг болиулаад салгах гэж байхад Э арагшаа унасан. Тухайн үед Э-ыг газраас босож амжаагүй байхад Б нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх /хх 14-15 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 390 дугаартай “1. О.Э-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-26 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ч.Ч-ын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 55-58 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Д.Бийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 60-69 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.Бийн “Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, “Иргэнийн үнэмлэхийн лавлагаа”, “Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа” /хх 71-74 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ч.Ч-ын “Иргэнийн үнэмлэхийн лавлагаа”, “Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа”, “Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, /хх 75-77 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Э-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” амралтын газарт согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Э-ын нүүрэн тус газар хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч О.Э, гэрч О.Г, Г.Н, шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогч О.Эт үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №8483”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Ч, Д.Б, хохирогч О.Э нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, шүүгдэгч Ч.Ч нь хохирогч О.Э-ыг нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж,
Шүүгдэгч Д.Б нь хохирогч О.Э-ыг 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч О.Э-тай маргалдаж, ялимгүй зүйлээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэх бөгөөд шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь нэг өдөр, нэг газар хохирогч О.Эт хөнгөн хохирол учруулсан боловч гэмт хэрэг үйлдэхэд санаа, сэтгэлийн хувьд нэгдээгүй, учруулсан цаг хугацаа нь өөр, өөр, бие даасан байдлаар хохирогчид гэмтэл учруулсан байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2.4. Прокуророос шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:
3.2. Улсын яллагч “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч О.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд үүнийг эмчилсэн эмчилгээний төлбөр болох 1,394,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 697,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, шүүгдэгч нарыг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг гаргав.
3.3. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч “Надад гаргах гомдол, санал байхгүй” /хх 7/ гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч О.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
4.2. Хохирогч О.Э өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгийн байгууллагаас 1,394,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 1,394,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураан авсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч нь М овогт Ч-ийн Ч, Б овогт Д-ийн Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Ч, Д.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч, Д.Б нараас 1,394,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 697,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Хохирогч О.Э энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ