| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
2023 12 25 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн ******* ургийн овогт З.А-т холбогдох эрүүгийн 2306 00000 3380 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “******” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********************* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ************ ургийн овгийн З.А /РД:************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй караокены урд талбайд хохирогч П.Угийн цээжин тус газарт өшиглөж, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдсан. Улмаар тархи доргилт, баруун хөмсөг, зүүн хацрын товгор, нөсөө, цээж, зүүн өвдөгт зулгаралттай, цээж зүүн өвдөгт цус хуралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй караокены урд талбайд хохирогч П.Угийн цээжин тус газарт өшиглөж, нүүрэн тус газарт гараараа цохиж биед халдсан. Улмаар тархи доргилт, баруун хөмсөг, зүүн хацрын товгор, нөсөө, цээж, зүүн өвдөгт зулгаралттай, цээж зүүн өвдөгт цус хуралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/-р тал,
Хохирогч П.Угийн өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Бямба гарагт 23 цагийн орчимд ажлынхантай mona нэртэй шөнийн цэнгээний газарт ороод караоке орж архи уусан. Нэлээн ууж байгаад дундаас нь тасарчихсан. Маргааш нь гэртээ сэрэхэд дагз, шилэн хүзүү хэсэг нэлээн хөндүүртэй, цээж хөндүүртэй, нүүрний зүүн хэсэг хүнд цохиулаад зулгарчихсан байсан. Тухайн гэмтлийг надад А учруулсан. А миний цээж рүү өшиглөж, өшилсний улмаас би арагш савж унасан. Ингэхдээ тархи доргиж, баруун хөмсөг, зүүн хацарт нөсөө үүссэн байсан. Мөн цээж зүүн өвдөгт, цус хуралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/-р тал,
Гэрч С.Б-ийн өгсөн “...Манай ********** ХХК-ны байгууллагын гар бөмбөгийн тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 147 дугаар сургуулийн зааланд болсон. Ингээд тэмцээн тараад байгууллагын ажилчдаараа караокед орохоор болсон. Манай байгууллагын зарим ажилчид гэртээ харилаа гээд явсан ба 10 гаран хүн нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “М” нэртэй караокед орсон. “М” нэртэй караокед орохдоо хоол, архи, пиво, ундааны багц захиалсан. Тэгтэл манай компанийн захирал З.Аын эхнэр Заяагийн биед нь У гэх манай компанийн шинэ ажилтан хүрээд А захирал У руу дайрахаар нь М бид хоёр салгаад аваад гарцгаасан. Тэгтэл Угийн цээж рүү А захирал нэг удаа өшиглөөд унагаасан М бид хоёр У болон А-аар захирал хоёрыг салгаад А захирал М аваад гарсан. Би У ахыг таксинд суулгаж өгөөд буцаад караоке руу орсон...П.Утай З.Ааас өөр маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/-р тал,
Гэрч Э.С-йн өгсөн “...Би ******* ХХК-иас гадна нөхрийнхөө үйл ажиллагаа явуулдаг ******** ХХК-д нягтлан бодогчоор давхар ажилладаг. 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагын гар бөмбөгийн тэмцээн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн зааланд болсон. Ингээд тэмцээн тараад манай байгууллагын 10 гаран ажилчид хамтдаа караокед орохоор болсон. Бөөнөөрөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй караокед орсон. Караокед ороод хоол болон архи ундаа уугаад хоолоо идээд дуулцгаасан. Миний хажууд манай компанид шинээр орсон У гэх залуу сууж байсан. У миний хажууд сууж байхдаа санаатайгаар дээрээс цээжээрээ дараад хөх болон бөгсөнд хүрсэн. Тэгэхээр нь би та настай хүн байж ямар хөгийн хүн бэ гээд босоод явсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би караокены өрөөний баруун буланд зогсож байхад У гаднаас орж ирэхдээ над руу дайраад цээжээрээ шахаад хөхнөөс барих гээд байхаар нь би уурлаад аятайхан байгаарай гээд холдоод явсан. Хэсэг хугацааны дараа би ажилчидтайгаа юм яриад буйдангийн хажууд зогсож байхад У миний ард талын буйдан дээр сууж байгаад босож ирээд миний бөгс рүү 2 удаа алгадсан. Тухайн үйл явдлыг манай нөхөр харчхаад уурлаад Уг заамдаж аваад дайрахад манай байгууллагын М, Б 2 салгаад У А 2-ыг аваад гарсан. Удалгүй М А 2 орж ирсэн. Араас нь Банзрагч, Уг таксинд суулгачихлаа гээд орж ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/-р тал,
Гэрч Э.Мн өгсөн “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо М нэртэй караокед 19 цагийн орчимд орохоор болцгоосон. М нэртэй караокены /1 дугаартай өрөө гэж санаж байна/ өрөөнд орцгоосон. Бид нар хоол, архи, ундаа нь багцаараа байсан. 300,000 гаран төгрөгийн багцыг хоёрыг захиалсан. Тэгтэл манай компанийн захирал А эхнэр З гэж дууддаг эмэгтэй манайх ажилчдын хундаганд архи аягалсан. Тэгээд У гэх манай компанийн шинэ ажилтны хундаганд архи аягалахад У нь З-ийн бөгсийг алгадаад байсан. Бид нар дотроо ахимаг настай нь У ах болохоор анх тэр үйлдлийг нь согтуудаа тэгж байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд байж байтал дахин Заяагийн бөгсөнд У гараараа хүрэхэд А мэдчихээд уурлаад У руу дайрахаар нь би салгаад манай компанийн ажилтан бид хоёр Уг таксинд суулгах гээд караокеноос аваад гарсан. Тэгээд таксинд суулгах гээд такси барих гээд зогсож байхад араас А гарч ирээд Угийн цээж хэсэг рүү нь жийхэд У хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би Аын аваад дотогш нь караокены өрөө рүү аваад орсон. Харин Банзрагч гадаа У ахыг таксинд суулгаж өгчхөөд ороод ирнэ гээд үлдсэн. Удалгүй араас Банзрагч Уг таксинд суулгачихлаа гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/-р тал,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/-р тал,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12518 дугаартай “....П.Угийн биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн хацрын товгор, нөсөө, цээж, зүүн өвдөгт зулгаралттай, цээж зүүн өвдөгт цус хуралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг үр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/-р тал зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч З.А нь хохирогч П.Уг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.
Шүүгдэгч З.Аын тухайд хохирогч П.Утай хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан шүүгдэгч З.Аын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч П.Угийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Аын хохирогчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар хохирогч П.Угийн биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч З.А нь хохирогч П.Угийн эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч З.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөг торгох ял оногдуулж, хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх саналыг гаргасан бол
Шүүгдэгч З.А нь эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Хохирогч П.У нь 4,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэнэ гэсэн байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд баримтаар нэхэмжилсэн хохиролд 308,800 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч З.А нь хохирогч П.Уд 350,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн баримтаар нотлогдож байна. Хохирол төлбөрт төлсөн 308,800 төгрөгийн зөрүү болох 41,200 төгрөгийг шүүгдэгч нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав: Бусад асуудлаар
Шүүгдэгч З.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ****** ургийн овогт З.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч З.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.У нь шүүгдэгч З.Ааас энэ гэмт хэргийн улмаар учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Атй авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН