| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
2023 12 26 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
Улсын яллагч Б.Цэцэгмаа,
Хохирогч Б.Т,
Шүүгдэгч О.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн ******* ургийн овогт О.Бд холбогдох эрүүгийн 2306 04886 3766 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ********************** тоотод оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******** ургийн овгийн О.Б /РД:**********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2023 оны 10 дүгээр сарын 08-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, *************** тоотод Б.Тыг шалтгаангүйгээр маргалдан, түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хацрын төвгөр, дагз, зүүн хөхлөг сэртэн, баруун шанаа, баруун шуу, сарвуу, цээжний зүүн дээд хэсэг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн хацрын төвгөр, дагзны хуйх, баруун чамархайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би О.Бтэй 10 гаруй жил найзалж нөхөрлөж байна. Манай найз омголон зантай, бусдад гар хүрчих гээд байдаг талтай. Би найзынхаа энэ мэт олон үйлдлийг уучилж өнгөрөөж байсан. Гэтэл найз минь намайг маш их гомдоосон. Би маш их гомдолтой байна. Би ээлжийн ажлаасаа ирээд 2-3 хонож байтал О.Б над руу залгаад “манай гэрт хүрээд ирээч” гэж хэлсэн. О.Б төрөөд удаагүй байсан учир би найзыгаа болон шинэ төрсөн хүүхдийг нь эргэх зорилгоор гэрт нь очсон. Тухайн үед надад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх бодол байгаагүй. Гэрт нь очиж ойр зуурын зүйл ярилцахад цаг орой болсон байсан ба би “одоо ингээд явлаа” гэж хэлэхэд Б надад “манай гэрт хоночих” гэж хэлсэн юм. Би гэр рүүгээ явна гэж бодсон байсан учир хүн дуудсан байсан тэр хүн маань Бгийн гэрийн гадаа нь ирсэн байсан. Би гарчхаад буцаж орсон. Тэгээд надад “хоёулаа дарс ууя” гэж хэлэхээр нь би “уухгүй” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа бид хоёр дэлгүүр орж архи согтууруулах ундааны зүйл худалдан авч хэмжээндээ тааруулж уусан. Цаг орой болсон үед Б шалтгаангүйгээр гэнэт миний нүүр хэсэгт алгадаж, цохиж эхэлсэн. Би Бгээс яагаад намайг цохиж зодож байгаа талаар асуухад “чамайг өмөөрөх хүн байхгүй” гэж хэлж гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Миний асуултад хариулахгүйгээр өөдөөс уурлаж цохиж байсан тул би тэдний гэрт нь очсондоо уучлалт гуйсан. Намайг шөнийн 23 цагаас 00 цаг хүртэл зодож дарамталж, миний гар утсыг шидэж эвдсэн. Би арай гэж тэр айлаас 00 цагт гарч явсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Б нь 2023 оны 10 дүгээр сарын 08-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, **************** тоотод Б.Тыг шалтгаангүйгээр маргалдан, түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хацрын төвгөр, дагз, зүүн хөхлөг сэртэн, баруун шанаа, баруун шуу, сарвуу, цээжний зүүн дээд хэсэг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн хацрын төвгөр, дагзны хуйх, баруун чамархайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/-р тал,
Хохирогч Б.Тын өгсөн “...Намайг 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай найз О.Б утсаар залгаад манай гэрт хүрээд ирээч гэж дуудсаны дагуу би 18 цаг 00 орчим цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн эцэс дээр байрлах Бгийн гэрт очсон. Б бид хоёр 1 ширхэг 0,75 граммын Экс нэртэй архи хувааж уусан ба дараа нь 19 цаг 00 орчим цагийн үед Б ямар нэгэн шалтгаангүйгээр агсарч эхэлсэн “чамайг яасан ч яадаг юм” гэх зэргээр хэлээд миний нүүр толгой хэсэгт олон удаа 10-20 удаа алгадаж, гараараа цохисон бас миний үснээс зулгааж намайг доош нь дарж миний хөл гуя хэсэг хөлөөрөө өшиглөсөн бас намайг газар унагааж байгаад миний цээж нүүр хэсэгт хөлөөрөө 1-2 удаа дэвсэлж өшиглөсөн. Би бол Бг цохиж зодсон зүйл байхгүй. Ийм шалтгааны улмаас би цагдаад хандсан юм. Б бид 2 бол 2 дугаар ангиасаа эхэлж найзалсан багын найзууд юм. Бид хоёрын дунд ямар нэгэн өр зээл хувийн өс хонзонгийн зүйл байхгүй ямар шалтгааны улмаас намайг зодох болсныг мэдэхгүй байна. Б бол архи уусан үедээ агсан зантай. Миний баруун гар гэмтэж хавдсан бас толгой нүүр хавдаж хөхөрсөн. Үс унаж хөл гуя хөрж хавдсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний биед учирсан гэмтлийг Б намайг цохиж үснээс зулгааж өшиглөх зэргээр учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд толгойн зураг авхуулсан. Төлбөр нь 150,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр нь 8,000 төгрөг, такси барьж эмнэлэг рүү явсан зардал 20,000 төгрөг нийт 178,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад зураг авхуулсан баримт байна. Тэрийг баримт гаргаж өгөх болно. Өөр баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12904 дугаартай “....Б.Тын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хацрын төвгөр, дагз, зүүн хөхлөг сэртэн, баруун шанаа, баруун шуу, сарвуу, цээжний зүүн дээд хэсэг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн хацрын төвгөр, дагзны хуйх, баруун чамархайн хуйх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 28/-р тал зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Тыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.
Шүүгдэгч О.Бгийн тухайд хохирогч Б.Ттай хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан шүүгдэгч О.Бгийн хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Бгийн хохирогчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Тын биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Тын эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч О.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч О.Б нь өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, хэрэв торгуулийн ял оногдуулбал 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэх саналыг гаргасан бол
Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлагын талаар “Маш их гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсэж байна” гэх хүсэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав эрүүгийн хариуцлагын талаар “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ танилцуулъя. Миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй. Өвлийн цагт хүүхдүүд нь ханиад хүрч эмнэлгийн тусламж шаардлага тулгарвал тохиолдолд зорчих эрх хязгаарлах ял шийтгэл нь миний үйлчлүүлэгчийн хувьд зохимжгүй юм болов уу гэж бодож байна. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон эсэхийг анхаарах нь зүйтэй байна. Тиймээс миний үйлчлүүлэгч О.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 600,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Хохирогч Б.Т нь шүүхэд баримтаар 178,000 төгрөгийн төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Б нь 180,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогчид төлсөн. Хохирол төлбөрт төлсөн 180,000 төгрөгийн зөрүү болох 2,000 төгрөгийг шүүгдэгч нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.Т нь ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилнэ гэх боловч шүүх хуралдаанд үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав: Бусад асуудлаар
Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ******** ургийн овогт О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Т нь шүүгдэгч О.Бгээс энэ гэмт хэргийн улмаар учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН