Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 22

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Хохирогч: А.Мөнх-Өлзий

   Шүүгдэгч: Г.Болдбаяр, түүний өмгөөлөгч Н.Сундуй сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Гомбосүрэнгийн Болдбаярт холбогдох 201616000263 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Болдбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Худалдааны төвийн орчимд иргэн А.Мөнх-Өлзийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хүндэвтэр  гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Г.Болдбаяр мэдүүлэхдээ.... “Надад сонсгож байгаа ялыг би ойлгосон. Би Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед би Мишээл караокений хойд талд дэлгүүрээс тамхи аваад гарч ирэхэд хойноос хоёр залуу хүрээд ирсэн. Нэг залуу нь тамхилчих гэсэн. Тэгэхээр би түүнд тамхилчихаад юм яриад зогсож байгаад би түүнээс таних уу, маних уу гэж асуусан. Тэгсэн нөгөө залуу танихгүй явлаа гэсэн. Мишээл караокений урдуур гарахаар араас нь дуудсан чинь эргэж харахгүй болохоор нь би араас хүрч очоод Мөнх-Өлзийгийн мөрөн дээрээс нь татахад нөгөө залуу өөдөөс зуураад авсан. Тэгээд бид хоёр хамтдаа газар унасан. Би босгох гэхэд нөгөө залуу босохгүй байсан. Тэр залуу хөл эвгүй болчихлоо гээд байсан. Тэгсэн араас Энхбилэг хүрээд ирсэн. Түүнийг босгох гэхэд босохгүй байхаар нь Энхбилэг бид хоёр такси ирье гэж хэлээд явсан. Буцаад машин аваад ирэхэд нөгөө хоёр байхгүй байсан. Тэгээд бид хоёр караоке руу орчихоод харьсан. Би Мишээл караокений гадаа тамхи авчихаад ганцаараа байсан. Караокед Ууганбаяр, Зоригоо, Энхбилэг гурав байсан. Би тухайн үед пиво уусан согтуурал гайгүй байсан. Уг хоёр залуу надтай хэрэлдэж маргаагүй. Би тухайн үед Энхбилэгтэй хамт явсан. Тэгээд такси авах гээд яваад буцаад 15 минутын дараа ирсэн. Би тэр залууг гэмтснийг 9 хоногийн дараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Мөнх-Өлзий мэдүүлэхдээ... “2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 21 цаг өнгөрч байхад би ажлаасаа гарахдаа хамт ажилладаг Чулуунхүүгийн хамт гарсан тэгээд садны өмнө талын Бат-Оргил дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи аваад эргээд саданд орж сууж  байгаад юм ярьж байгаад ууж дуусгасан. Тэгээд бид хоёр такси барих гээд Мишээлийн баруун талаар гараад худалдааны төв рүү орох гэж байхад Мишээлийн үүдэнд хоёр залуу тамхи татаад байсан. Тэгсэн нөгөө залуу миний дүүг таних уу, миний дүүг Отгоо гэдэг би түүний ах байна гэж хэлээд жаахан атаман загнаад байсан. Тэгэхээр нь бид хоёр танихгүй гэж хэлээд түүний гарнаас нь мултраад бид хоёр ямар нэг асуудалгүй ингээд  явлаа гэж хэлээд цаашаагаа явсан. Махны дэлгүүрийн зүүн талд ирж байхад араас Болдбаяр нь ирээд миний араас татахаар нь би эргэж харахад тэр миний нүүр лүү гараараа цохиод авсан. Би түүнийг тэврээд авахад тэр бас намайг тэврээд бид хоёр хамтдаа газар унасан. Би газар унаад босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгсэн нөгөө Болдбаяр боссон байсан. Хамт явж байсан Чулуунхүү намайг босгох гэхэд миний хөл даагдахгүй байсан. Тэгээд би буцаад хэвтсэн. Тэгээд нөгөө хоёрт миний хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь Болдбаяртай хамт байсан залуу нь хүрч ирээд би машинаа аваад ирье гэж хэлээд буцаад нөгөө хоёр хамтдаа яваад буцаж ирээгүй. Би тэнд хэвтэж байгаад хөл өвдөөд байхаар нь такси аваад шууд эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хөлний шилбэний яс хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн үед тэгтлээ согтоогүй байсан. Тодорхой хэмжээний архи уусан ч согтоогүй байсан. Болдбаяр нэлээд согтуу байсан. Харин хажууд байсан залуу нь гайгүй байсан. ..би Болдбаярыг цохиогүй, Болдбаяр надаас өөр хүнийг цохиж зодоогүй. Болдбаяр унахдаа миний дээрээс дараад унасан. Би газар унахдаа баруун хажуулдаж унасан. Тэр үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Намайг Болдбаяраас өөр хүн цохиж зодоогүй. Болдбаяр намайг тэвэрч унахдаа тэр намайг унагах гэж байсан байх тэгээд би түүнд татагдаад унахдаа эвгүй унаад хөлөө хугалсан. Болдбаяр намайг унагаагүй бол миний хөл хугарахгүй байсан. Миний баруун хөлний шилбэний хоёр яс хугарсан. Шөнө унтаж чадахгүй зовиуртай байдаг. Эмнэлэгт хадуулсан хоёр суга таягтай явж байгаа.Тэр болгон босож яваад байхгүй хэвтэж байгаа босох болоогүй гэж эмч хэлсэн. Надад одоогийн байдлаар 1400000 гаран мянган төгрөгний эмчилгээний зардал гараад байна. Энэ мөнгийг Болдбаяр одоогоор төлөөгүй байна. Гомдолтой байна...явж байхад араас ирээд уруулан тус газар цохьсон. Тэгээд би манарсан. Хөл эвгүй болчлоо босож болохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн Болдбаярын найз нь такси бариад ирье гэж хэлээд 30 минут болоход ирэхгүй байсан. Тэгээд би найзтайгаа такси бариад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод зургийг нь авхуулахад баруун талын шилбэний яс 2 хугарсан байсан. Одоогоор ажлаасаа 3 сарын болницын хуудас авсан. Өнгөрсөн 3 дахь өдөр болницын хугацаа дуусч хүчээр ажилдаа орсон. Болоогүй байхад нь хүчээр гишгэж эхэлж байна. Ажилгүй болох группэд оруулна гэсэн асуудал гарч байна. Болдбаяртай би 2 долоо хоногийн дараа уулзсан. Урд нь Болдбаярыг танихгүй тул хүмүүсээс сурч байж олж авсан. 3 сарын цалингийн хэмжээ болон ор хөнжилний мөнгө гэж 120000 төгрөг гарсан. Мөрдөн байцаалтанд байхад энэ мөнгийг гаргаад өгчихвөл асуудал байхгүй гэж хэлсэн. Миний хохирлыг барагдуувал асуудал байхгүй. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Чулуунхүү мэдүүлэхдээ... “Би ч хохироод байсан зүйл байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед ажил дээрээс Мөнх-Өлзийгийн хамт гарсан. Бид хоёр өмнө талын Бат-Оргил дэлгүүрээс 0.5 граммийн Соёрхол архи аваад сааданд орж уучихаад харих санаатай таксины зогсоол руу очих гээд Мишээл төвийн баруун талаар гараад алхаж байтал хаалганы өмнө талд хоёр залуу тамхи татаад зогсож байсан. Тэгсэн өндөрдүү халзан залуу нь Мөнх-Өлзий бид хоёрыг дуудахаар нь хүрээд очиход тэр намайг танихуу гэхээр нь танихгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр Чөрчөөк Отгоогийн ах нь байна. Чөрчөөк Отгоог таних уу гэхээр нь танихгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр та хоёр яахаараа таньдаггүй юм бэ манай дүү нас барчихлаа гэхээр нь бид хоёр бид хоёрт ямар хамаатай юм бэ гэхэд тэр Мөнх-Өлзийг заамдаад авсан. Таниулдаг болгоноо гэхээр нь бид хоёр ямар ч асуудал байхгүй. Одоо бид хоёр явлаа гэж хэлээд тэр хүнээс салаад явсан. Нөгөө залуу араас ирээд Мөнх-Өлзийтэй зууралдаад унасан. Мөнх-Өлзийгийн уруул руу нь 2 удаа гараараа цохьсон. Би очиж салгасан. Мөнх-Өлзий босож чадахгүй байсан. ...Мөнх-Өлзийг унагаасан дараа тэр залуу намайг заамдаж аваад чи надтай зодолд гэж хэлээд байсан. Гэхдээ намайг цохиогүй. Надад нэхэмжилж байгаа зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийнйн 21 дүгээр хуудас/Top of Form

Гэрч Э.Энхбилэг мэдүүлэхдээ... “2016 оны 11 дүгээр сарын 10-ны 21 цаг өнгөрч байхад Болдбаяр, Зоригоо, Ууганбаяр бид дөрөв Мишээл караокед орж дуулаад суусан. Бид хүний дөрөв, дөрвөн пиво уусан байх. Тамхи татах гээд гараад ирэхэд Болдбаярын дуу худалдааны төвийн дотор талд гарсан. Хүрээд очиход нэг залуу газар хэвтээд, Болдбаяр нэг залуутай юм яриад зогсож байсан. Газар хэвтэж байсан залуу хөл эвгүй болсон, хугарсан юм шиг байна гэсэн. Би унаа аваад ирье гэж хэлээд Болдбаярыг аваад Мишээл рүү орсон" гэх мэдүүлэг/хх-ийн 22 дугаар хуудас/  

Гэрч Д.Зоригтбаатар мэдүүлэхдээ... “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны 21 цагийн үед Болдбаяр, Ууганбаяр, Энхбилэг нартай хамт Мишээл караокед орсон. Бид нар дуулаад 1 хүний дөрөв дөрвөн пиво уусан....Болдбаяр эхлээд караокегоос тамхи татах гээд гарсан. Дараа нь Энхбилэг араас нь гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Д.Ууганбаяр мэдүүлэхдээ... “...тэр орой Зоригтбаатар, Энхбилэг, Болдбаяр бид 4 Мишээл төвийн караокед орж 1 хүний 4 пиво ууж дуулж суусан. Болдбаяр бид 2 гарч хойд талын дэлгүүрээс тамхи авсан. Болдбаяр тамхи татаад үлдсэн. Болдбаяр орж ирэхгүй байсан чинь Энхбилэг араас нь гарсан. Тэгээд тэр хоёрыг орж ирэхгүй байхаар нь Зоригтбаатар бид 2 тэндээс гараад явсан. ...Болдбаяр хоёр танихгүй залуутай зогсож байсан. Би Болдбаярт тамхи өгчихөөд караоке руу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

  • Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 604 дүгээр

1. А.Мөнх-Өлзийгийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, баруун шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн  14-16 дугаар хуудас/

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт “Г.Болдбаяр нь Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 17-02 тоотод, ам бүл 3-уул оршин суудаг  нь үнэн болохыг тодорхойлов” /хх-ийн 44 дүгээр хуудас/

Г.Болдбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/

Г.Болдбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкнуудын мэдээлэл /хх-ийн 49-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.Болдбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Худалдааны төвийн орчимд иргэн А.Мөнх-Өлзий, Ү.Чулуунхүү нарыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж хохирогч А.Мөнх-Өлзийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Болдбаярын гэм буруутай үйлдэл нь хохирогч А.Мөнх-Өлзийгийн “Махны дэлгүүрийн зүүн талд ирж байхад араас Болдбаяр нь ирээд миний араас татахаар нь би эргэж харахад тэр миний нүүр лүү гараараа цохиод авсан. Би түүнийг тэврээд авахад тэр бас намайг тэврээд бид хоёр хамтдаа газар унасан. Би газар унаад босох гэтэл босч чадахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Чулуунхүүгийн “Нөгөө залуу араас ирээд Мөнх-Өлзийтэй зууралдаад унасан. Мөнх-Өлзийгийн уруул руу нь 2 удаа гараараа цохьсон. Би очиж салгасан. Мөнх-Өлзий босож чадахгүй байсан. ...Мөнх-Өлзийг унагаасан дараа тэр залуу намайг заамдаж аваад чи надтай зодолд гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 604 дүгээр дүгнэлтийн “А.Мөнх-Өлзийгийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, баруун шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрч Э.Энхбилэгийн “Тамхи татах гээд гараад ирэхэд Болдбаярын дуу худалдааны төвийн дотор талд гарсан. Хүрээд очиход нэг залуу газар хэвтээд, Болдбаяр нэг залуутай юм яриад зогсож байсан. Газар хэвтэж байсан залуу хөл эвгүй болсон, хугарсан юм шиг байна гэсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Танхайрах гэмт хэрэг гэдэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямарч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдэл гаргахыг ойлгоно.

Догшин авирлаж гэдэг нь танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсаныг хэлнэ.

Иймд шүүгдэгч Г.Болдбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Болдбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Болдбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Болдбаярт оногдуулсан хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Мөнх-Өлзий хохиролд хагалгааны хадаас 600000 төгрөг, эмнэлэгт ор хоногийн 507950 төгрөг, эмийн 58950 төгрөг, такси болон бензиний 50000 төгрөг, 3 сарын цалин 1.710.000 төгрөг, нийт 2.926.910 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Болдбаяр 1200000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байна.

Хохирогч А.Мөнх-Өлзий хөдөлмөрийн чадвараа 3 сарын хугацаанд алдаж нийгмийн даатгалын сангаас сар бүр эмнэлэгийн хуудсаар тэтгэмж авсан гэх боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон эмнэлэгийн хуудсыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хохирогчийн бие бүрэн илааршаагүй эмчилгээ хийгдэж байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Чулуунхүү гомдол саналгүй, хохиролгүй гэсэн болно.

Шүүгдэгч Г.Болдбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.