| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0980/З |
| Дугаар | 221/МА2026/0593 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0593
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С
Нэхэмжлэлийн шаардлага: Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000116 дугаартай татварын “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нийт 3 963 723 874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318 509 654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242 945 218.05 төгрөг, нийт 561 454 872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 575 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Б.Ц
Хариуцагч Н.Мөнхдаваа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0980/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000116 дугаартай татварын “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нийт 3 963 723 874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318 509 654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242 945 218.05 төгрөг, нийт 561 454 872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Том татвар төлөгчийн газраас 2024 оны 09 сард манай компанид татварын шалгалт хийсэн бөгөөд 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М, Б.Б нар хийж гүйцэтгэсэн.
Уг шалгалтаар манай компанид 515 502 463.9 төгрөгийн нөхөн татвар, 1 264 856 605.15 төгрөгийн торгууль, 2 183 364 805.06 төгрөгийн алданги, нийт 3 963 723 874.11 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-21240000116 дугаартай татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
Манай компанийн хувьд уг татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:
Нэгдүгээрт. Манай компани нь Төв аймгийн З сумын И гэх газарт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ковид цар тахлаас хойш уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, банкны зээлийн өр төлбөр, харилцагч компаниудын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг, уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, мөн шатахуун, шатах тослох материалын зардал зэрэг зардлуудын улмаас сүүлийн жилүүдэд компани санхүүгийн тайлангаар алдагдалтай гарсан.
Мөн татварын байгууллагаас манай компанийн харилцдаг арилжааны банкны бүх данснуудыг битүүмжилсний улмаас бид олон мянган ажилчдынхаа цалин хөлсийг олгох чадалгүй байсаар ажилчдаа алдаж, уурхайн техник хэрэгсэл, шатахуун, бараа материал худалдан авч чадахгүй болсон зэргээр компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан.
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, тус яамны Геологи уул уурхайн хяналтын ахлах байцаагч Д.П, хяналтын улсын байцаагч Т.М, Г.Б нарын гарын үсэг бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/00-06/001-010 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт” үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг зогсоосон. Өнөөдрийг хүртэл манай компанийн үйл ажиллагаа зогссон байгаа.
Дээрх үйл баримт нь Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах үндэслэл юм.
Түүнчлэн 2023 оны 10 сарын 03-ны өдрөөс манай компани нь үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан нь төрийн байгууллагын шийдвэрээр буюу хөндлөнгийн хүчин зүйлийн улмаас үүдэлтэй учир энэ хугацаанаас хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318 509 654.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, татварын нөхөн ногдуулалтын актаас хасуулж, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан.
Хоёрдугаарт. Мөн татварын хяналт шалгалтаар манай компанид шинээр нөхөн татвар гэж 515 502 463.9 төгрөг ногдуулсан бөгөөд үүнээс 2023 оны нөхөн татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар 2024 ондоо залруулах боломжтой байсан гэж бид үзсэн.
Учир нь Татварын алба 2024 оны 09 сарын 05-ны өдөр татварын хяналт шалгалт хийх талаар манай компанид мэдэгдсэн. Гэтэл энэ үед манай компанийн 2023 оны татварын тайланг татварын алба хүлээж аваагүй байсан бөгөөд уг тайланг 2024 оны 09 сарын 10-ны өдөр хүлээн авсан гэх төлөв татварын цахим системээс харагддаг. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч мөн шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн.
Өөрөөр хэлбэл татварын алба Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасан татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх ажиллагаа хийгдээгүй байхад буюу татварын тайланг хүлээн аваагүй байхдаа татварын хяналт шалгалт хийх мэдэгдлийг манай компанид ирүүлсэн нь татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан эрхийг зөрчсөн. Учир нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж заасан байдаг.
Тодруулбал хариуцагч нь манай компанийн татварын тайланг хүлээн аваагүй, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасан тайлангийн боловсруулалт хийгээгүй байхад энэхүү процессыг алгасан шууд татварын хяналт шалгалт хийх ажиллагааг явуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Иймд хариуцагч 2023 оны нөхөн татвартай холбоотой тайланг 2024 ондоо багтаан залруулахыг зөвлөж, залруулга хийх нөхцөл боломжоор хангах байтал аж ахуйн нэгжийг их хэмжээний торгууль, алдангийн өр төлбөрт давхар оруулсныг бид эс зөвшөөрч, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242 945 218.05 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, татварын нөхөн ногдуулалтын актаас хасуулж, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан.
Төрөөс баримталж буй татварын бодлого нь аж ахуй нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, татвар төлөгчийг татвараа үнэн зөв тайлагнах, залруулга хийх нөхцөл боломжоор хангах, зөвлөх зарчмыг баримталдаг бөгөөд харин татвар төлөгчийг их хэмжээний алданги, торгуулиар дарамталж, дааж давшгүй өрөнд оруулах, хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулах, дампууруулах бодлого баримталдаггүй билээ.
Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, 06/00-06/001-010 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт” үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэдэг нь баримтаар нотлогдсоор байтал Том татвар төлөгчийн газрын зүгээс манай компанийн үйл ажиллагаа зогссон хугацаанд бидэнд хөнгөлөлт үзүүлэх байтал алданги, торгууль тооцож, их хэмжээний өрөнд оруулж байгаа нь төрийн баримталж буй татварын бодлого, зарчмыг илтэд зөрчсөн гэж бид үзэж байна.
Татварын ерөнхий хуулийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан. Хууль тогтоогч энэхүү заалтыг батлахдаа татварын тайланг залруулах хугацааг дараагийн жилд багтаан буюу нэг жилийн хугацаанд гэж тогтоосон байх бөгөөд хуулийн энэхүү заалтын зорилго нь татварыг үнэн зөв тайлагнах, залруулах, татварын бүрдүүлэлтийг бүрэн хангах, татвар төлөгчид боломж олгох, их хэмжээний алданги, торгуулийн өрөнд орохгүй нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, тэдний хэвийн үйл ажиллагааг зогсоохгүй, алдагдуулахгүй байх нөхцөл, боломжийг хангах гэх зэрэг хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг агуулж байна.
Гэтэд том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн зүгээс 2023 оны татварын тайланг хүлээ авч, боловсруулалт хийгээгүй байтал татвар төлөгчийн татварын залруулга хийх боломжийг хааж 2024 оны 09 сарын 05-ны өдөр татварын хяналт шалгалт хийх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 сарын 05-ны өдрийн 575 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000116 дугаартай татварын “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нийт 3 963 723 874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318 509 654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242 945 218.05 төгрөг, нийт 561 454 872.07 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М, Б.Б нар “Б” ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нийт 37 144 487 9321.08 төгрөгийн зөрчлийг илрүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000116 дугаар нөхөн ногдуулалтын актаар 515 502 463.9 төгрөгийн нөхөн татвар, 1 264 856 605.15 төгрөгийн торгууль, 2 183 364 805.06 төгрөгийн алданги, нийт 3 963 723 874.11 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2. Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000116 дугаар нөхөн ногдуулалтын актын “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцсон алданги 318 509 656.57 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги 242 945 218.05 төгрөг ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
2.3. Нэхэмжлэгч компанийн хувьд дээрх нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318 509 654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242 945 218.05 төгрөг, нийт 561 454 872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн байгууллагын шийдвэрээр буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, 06/00-06/001-010 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосны улмаас манай компани орлого олох боломжгүй болж, хэвийн үйл ажиллагаа алдагдсан, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч орлогогүй байсан тул компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг татварын байгууллагаас бодитоор судлан үзэж, дүгнэлт гаргах, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг тодруулсны үндсэн дээр энэ хугацаанд тооцсон алданги болон торгуулийг чөлөөлөх, багасгах боломжтой, ... Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн зүгээс 2020, 2021, 2022, 2023 онуудыг хамруулан татварын шалгалтыг 2024 оны 09 дүгээр сард хийсэн нь татвар төлөгч нь 2023 оны татварын тайланг дараагийн жилд багтаан буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан залруулах боломжийг хаасан буюу Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан зохицуулалтыг шууд зөрчсөн...” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь тайлан илгээсэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн татварын хяналт шалгалт хийхээр мэдэгдсэн 2024 оны 29 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл олон сарын хугацаанд татварын тайландаа залруулга хийх боломжтой байсан талаар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/00-06/001-010 дугаар “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акттай холбоотойгоор татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.5. Учир нь Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно”, 53.1.3-д “татвар төлөгч эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоосон” тохиолдолд татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан.
Нэхэмжлэгч компанийн хувьд Төв аймгийн З сумын Хайлаас * дугаар багийн нутаг “И” нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус ашиглалтын талбайд батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсантай нь холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хяналт шалгалт хийж, улмаар улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/00-06/001-010 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар тусгай зөвшөөрлийн тайлбай дахь үйл ажиллагааг зогсоож, баяжуулах төхөөрөмжүүдийг зөрчил арилгах хүртэлх хугацаагаар лацадсан нь нэхэмжлэгч компанийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан төдийгүй дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл, татварын алба татвар төлөх хугацааг заавал хойшлуулах үүрэггүй, “хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт”-ийг тухайн нөхцөл байдлыг судлан хойшлуулах эсэхийг шийдвэрлэхээр заажээ.
Нөгөөтээгүүр дээрх зохицуулалт нь татвар төлөх хугацааг хойшлуулахтай холбоотой зохицуулалт болохоос бус татвараас чөлөөлөх, ногдуулсан нөхөн ногдуулалтаас хасах агуулга бүхий зохицуулалт биш юм.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн хувьд тухайн үйл ажиллагаа зогссон байсан гэх цаг хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, уг хугацаанд төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлж, тайлагнасан энэ тохиолдолд хариуцагчаас төлбөл зохих татварыг нөхөн ногдуулж, алданги тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмуудад нийцсэн байна.
2.6. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны тайланг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээж авалгүйгээр татвар төлөгчийн тайлан залруулах хүсэлтийг шийдвэрлээгүй, залруулга хийх боломж олгоогүй гэж тайлбарлах боловч татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” гэж тус тус заасны дагуу батлагдсан загварын дагуу холбогдох анхан шатны баримтуудыг бүрдүүлэн тайлангаа үнэн зөв үйлдэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгч нь анхнаасаа татвар ногдох орлогыг үнэн зөв тодорхойлж, холбогдох хууль, журамд заасны дагуу тайлагнах ёстой. Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно” гэж хуульчилсан хэдий ч мөн зүйлийн 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” талаар нарийвчлан зохицуулсан нь маргаан бүхий энэ тохиолдолд хамаарахаар байна.
Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч нарын хувьд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2124802968 дугаар томилолтын дагуу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нэхэмжлэгч компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч компани нь татварын хяналт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэн буюу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө татварын тайланг залруулах талаар аливаа хүсэлт гаргаагүй байгаа энэ тохиолдолд татварын байгууллагыг татвар төлөгчид тайлан залруулах боломж олгоогүй гэж буруутгахааргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН