Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 124/ШШ2018/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-д холбогдох,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.У би Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.А Завхан аймгийн Ургамал сумын 3 дугаар багийн иргэн Б.Ш-т Өндөрхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсаар 100000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт "Газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж хуульчилсны дагуу Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутагшилтын хуваарийг баталсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ, 67.2 дахь хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ" гэж заасан байна. Гэтэл Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай журам баталсан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй байна.

Учир нь Аймгийн прокурорын газраас Хууль зүй дотоод хэргийн яаманд Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай журам баталсан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлсэн эсэх лавлагааг ирүүлэх талаар албан тоот явуулсан ба 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3-2/66 дугаартай албан бичигт дээрх тогтоол нь улсын нэгдсэн санд бүртгэлгүй талаарх лавлагааг ирүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд билүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй" гэжээ.

Иймд Б.Ш-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172725 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын газрын Өндөрхангай сумын байгаль орчны улсын байцаагч Б.А-ын иргэн Б.Ш-т шийтгэл ногдуулсан 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А шүүхэд тайлбартаа: Прокуророос 2018 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 11 тоот дүгнэлтийг аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. Миний бие энэ дүгнэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

2018 оны 6-р сарын 8-ны өдөр нутагт түр орж ирсэн буусан Завхан аймгийн ургамал сумын 5-р багийн иргэн Б.Ш Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах арга хэмжээ авсныг хяналтын прокурор П.У хянаж үзээд хүчингүй болгох тухай 2018 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 13 тоот дүгнэлтэй танилцаад манай сумаас гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай журам баталсан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй байсан тул хяналтын прокурор П.У-ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч,хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, улсын байцаагч хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж шийтгэл ногдуулсан үндэслэлээр 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж оролцов.

Хариуцагчийн зүгээс Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэх тайлбарыг ирүүлсэн болно.

Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн 2018 оны 6 сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсаар Завхан аймгийн Ургамал сумын иргэн Б.Ш-ыг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны хуваарийг зөрчин бэлчээрт зөвшөөрөлгүйгээр бууж, Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/12 дугаартай тогтоолыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль,бусад хууль,захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт бэлчээрийг зохистой ашиглах эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутагшилтын хуваарь-ийг баталсан баталжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 6-р бүлгийн 59-72 дугаар зүйлүүдэд захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл зэргийг нарийвчлан тусгаж зохицуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3 дахь хэсэгт Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж тус тус зохицуулжээ.

Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Өвөлжөө,хаваржаа,зуслан,намаржааны нутагшилтын хуваарь-ийг хавсралтаар баталсан 2017 оны 4 сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт мөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан дээр дурдсан шаардлагуудыг хангаагүй болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 6 сарын 25-ны өдрийн 3-2/66 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны Өвөлжөө,хаваржаа,зуслан,намаржааны нутагшилтын хуваарь-ийг батлах тухай А/12 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй талаарх лавлагаагаар тогтоогдсон байна.

Иймд эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх зүйн үйчлэлгүй захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар иргэн Б.Ш-т шийтгэл оногдуулсан нь хууль бус байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын 2018 оны 7 сарын 2-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 0172726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ